Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00187

 

“Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06123 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2003 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сугирт холбогдох,

68 952 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д.Сугир нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ0101140253 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД-11 дүгээр байрны 5 тоотын 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийг нэг сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн.Зээлдэгч Д.Сугиртай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй.Иймд зээлдэгч Д.Сугираас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүүнд 27 947 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 804 800 төгрөг, түүнчлэн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ0101140253 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6 200 000 төгрөг, нийт 68 952 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.Зээлийн 21 хоногийн хүүд 882 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 176 400 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 6 200 000 төгрөг, нийт 7 258 400 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна.Иймд зээлд 30 000 000 төгрөг, хүүнд 27 065 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 628 400 төгрөг, нийт 61 694 300 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Д.Сугир би 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 11-5 тоотод байрлах 43 м.кв байрыг барьцаалан 30 000 000 төгрөгийн зээлийг авч гэр бүлийн найзууд болох Уянга, Одончимэг нарт өгсөн. Одончимэг, Уянга нар надад хэлэхдээ шууд зээл гаргаад өгнө гээд хамт очоод зээл гаргуулж мөнгийг авсан юм.Гэвч 2014 оны 08 дугаар сараас Одончимэг, Уянга нар нь огт холбоо барилгүй ор сураггүй алга болсон. Би Уянга, Одончимэг нарыг олдох байх гэж итгээд өөрөө 2015 оны 06 дугаар сарыг хүртэл нийт 8 000 000 төгрөгийг төлж барагдуулсан боловч сүүлдээ миний санхүүгийн байдал дордож төлөх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг ч зээлдэгчид хэлж хүүг зогсоох эсхүл эрт шүүхэд хандахыг санал болгосон, гэрээг дуусгавар болгохыг хүссэн.Гэтэл нэхэмжлэгч зээлдэгчийн санхүүгийн чадавхигүйолсныг мэдсэн мөртлөө гэрээг цуцлалгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож намайг улам их өртэй болгож байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг Уянга, Одончимэг нар зайлшгүй хамтран хариуцах бөгөөд би төлөх үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаар 6 200 000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх зардлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа хүн нь өмгөөллийн хөлс гэж нэхэмжлэх эрхгүй.Манай эхний санал бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн. Тиймээс Б.Ганбаяр, Д.Сугир нарын гомдлоор үүссэн байгаа эрүүгийн хэргийг шийдэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Мөн нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг яаж гаргасан нь тодорхойгүй байна. Би зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Ийм учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06123 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сугираас 61 694 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Д.Сугирын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ХД-11 байр, 5 тоот хаягт байршилтай, Ү-2204027943 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 61 694 300 төгрөгийг гаргуулж “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 502 713 төгрөг 50 мөнгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сугираас 466 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2003 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Сугирын төлсөн 14 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Одончимэг, Уянга нар нь нэхэмжлэгч байгууллагаас бас зээл авсан болохоор тэднийг олох байх гэж бодож байсан. Сүүлдээ цагдаагийн газарт мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. З.Одончимэг, Уянга нарыг эрэн сурвалжилж байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн бөгөөд хэргийг хариуцагчаас Уянга, Одончимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбат хэргийн материалтай танилцах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангагдалгүй шууд шүүх хуралдаанд оролцсон.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсан, хүү болон нэмэгдүүлсэн хүүг яаж бодсон, зөв тооцоолсон эсэхэд эргэлзэж байгааг хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувийг талуудад олгож үлдэх хэсгийг шийдвэрлэлтийн байдлаас шалтгаалан хувиарладаг байхад хариуцагчаас 466 422 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 2003 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх нь хэргийг гомдлын хүрээнд хязгаарлагдахгүйгээр хянан үзэж шийдвэрлэх ёстой байхад давж заалдах шатны шүүх нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн үнийн дүнд тохируулан шийдвэрлэнэ хэмээн тайлбарлаж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд өөрийн гомдлын үндэслэлийг тайлбарлах боломж олгоогүй, зөвхөн нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн гомдлын үндэслэл болсон улсын тэмдэгтийн хураамжид төлүүлэх 466 422 төгрөгийг үндэслэлтэй эсэхийг хэрхэн дүгнэснээ тайлбарлаагүй орхисон байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2003 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэсэн байх тул уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хяналтын шатны шүүхэд байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэх зарчим нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчих үндэслэл болохгүй юм. Өөрөө хэлбэл, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар давж заалдах гомдлын агуулгаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй боловч давж заалдах гомдол гаргаагүй асуудлыг маргаангүй үйл баримтад хамааруулах эрхтэй болно.

Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Д.Сугираас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан, харин хариуцагч Д.Сугир нь зээлийг ашигласан Г.Уянга, З.Одончимэг нар хариуцна гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Талуудын хоорондох 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ0101140253 тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний оролцогч тал, гэрээний үүргийн биелэлт, зээлийн төлбөрийн хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар шүүх нотлох баримтад үндэслэсэн, хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг байна. Хариуцагч Д.Сугир  нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-иас өөрийн нэр дээр гэрээ байгуулан авсан зээлээ бусдад ашиглуулан, эгүүлэн авч чадахгүй байгаа нь зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хоёр шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байх ба тухайн зээлийн харилцааны оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2003 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН