Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 57

 

“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв

аймгийн Жаргалант сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 575 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х

Хариуцагч Т.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.2.13, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.7, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 575 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэдэндамбын давж заалдах гомдлыг хангаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “М-А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Т.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Газрын тухай хуулийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль. Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, Газрын тухай хуулийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тус тус заасан. Энэ ч утгаараа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газар эзэмших, ашиглахад заавал тухайн орон нутгийн Засаг даргаас захирамж гаргаж шийдвэрлэдэг, мөн газар барьцаалахад заавал Засаг даргад мэдэгдэж, зөвшөөрөл авахаар зохицуулсан. Энэ нь ардчилсан, чөлөөт эдийн засгийн амин сүнс болсон өмчлөх эрхийг хамгаалсан ойлголт юм. Өөрөөр хэлбэл аливаа хөрөнгийг барьцаалах буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгоно гэдэг нь хэрвээ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тухайн барьцааны зүйл үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих нөхцөл бүрэлддэг. Ийм учраас газар эзэмших эрхийг барьцаалахаар бол заавал өмчлөгчөөс зөвшөөрөл авахаар хуулиар зохицуулсан. Энэ ч утгаараа барьцааг бүртгүүлэхийг газар эзэмшигчийн үндсэн хэдэн үүрэг гэж Газрын тухай хуулиар зохицуулж, тусгайлан зааж өгсөн байна.

4. Газрын тухай хуулийн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, 38.5-д ”газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ" гэж заасан. “М-А” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа бусдад барьцаалж зээл авсан болох нь хэргийн материал болон тус компанийн гүйцэтгэх захирлын анхан шатны шүүхэд гаргасан мэдүүлэг, давж заалдах шатны шүүхийн магадлал дахь шүүхийн дүгнэлтээр нотлогддог.

5. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “гэвч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдахад хүрээгүй буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрх шилжихэд хүргэсэн ноцтой үр дагаварт хүрээгүй байх" тул гэж алдаатай дүгнэлт хийжээ. Газрын гэрчилгээг барьцаалсан зээлээ төлөөгүй болох нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн бичгүүдээр нотлогддог. Мөн энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад огт маргаагүй. Хавтаст хэргийн 7, 99-р хуудаст байх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн албан бичгүүдийн дагуу “М-А” ХХК 2015 оны зээл болох 186,214,551 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нотлогддог.

6. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй гэж маргалдагч тухайн гэрээ нь. аж ахуйн нэгжийн хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд энэ талаар маргаан үүсээгүй, барьцааны заалт хүчин төгөлдөр бус гэсэн нотлох баримт байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал анхан шатны шүүх хуралдааны яг (Хавтаст хэргийн 168 дахь тал) “Үрийн буудай зээлээр олгох гэрээ хүчин төгөлдөр” гэж, мөн “Энэ гэрээ эсхүл гэрээний холбогдох заалттай холбоотой ямар нэгэн шүүхийн маргаан үүсгэсэн үү” гэхэд “Үүсгээгүй ээ" гэж шууд хариулснаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сан “зээлийнхээ барьцаанд газрын эзэмших эрхийг барьцаалсан гэж ойлгож, гэрээ байгуулсан, зээл олгосон” байхад үүрэг гүйцэтгэгч гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаад, иргэний хэргийн маргааны зүйлийг захиргааны хэргийн шүүх холбогдох эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг оролцуулахгүйгээр, харьяалалдаа хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчсөн шийдвэр болсон.

7. Шүүх хуулийг хууль тогтоогчийн тогтоосноос өөрөөр эсвэл нийтэд илэрхий процессын шинж чанартай зохицуулалтыг хуульд заасан утгыг өөрчлөн тайлбарлах эрхгүй юм. Газар эзэмшигч газраа бусдад шилжүүлэх, барьцаалах зэрэг харилцааг Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан сахих үүднээс өөрийн орны онцлогийг тусгасан тусгай дэг журам тогтоосон юм. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйл болон Газрын тухай хуулийн 35, 38 зүйлийн холбогдох заалтаар эргэлзэх утгагүй, нэг мөр зохицуулсан байна. Гэтэл шүүх энэ дэг журмыг хүлээн зөвшөөрсөн атлаа “ноцтой үр дагаварт хүрээгүй байх ” тул Газрын тухай хуулийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомжийг “удаа дараа’' буюу “ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй байна” гэж Газрын тухай хуулийн 38.5-д заасан “бүртгүүлэх”, “барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх” ажиллагааг хийлгээгүйг “үр дагаварт хүргээгүй" гэж хууль зөрчсөн этгээдийг илэрхий “өмөөрч”, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсныг зөвтгөлөө.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 537 дугаар магадлалгүй хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

9. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр “М-А” ХХК-д үр тарианы зориулалтаар “Агьтийн хөндий”-д эзэмшүүлсэн 147/76 га, 150/22 га, 153/36 га, 149/117 га, 152/85 га, 154/73 га, 143/423 га-аас 291 га-г нийт 7 хэсгийн 700 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн; нэхэмжлэгч “М-А” ХХК-иас уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, “... газар эзэмших эрхээ барьцаалаагүй, энэ талаар аливаа этгээдийн өмнө үүрэг хүлээгээгүй, ... газар эзэмших гэрээгээр 15 эрх, үүргийг тогтоосон, үүнийг зөрчөөгүй, ...Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гаргаагүй, ... ноцтой зөрчлийн тохиолдлыг гэрээнд нэрлэн заагаагүй, ... шүүхээр маргаантай байгаа газруудыг... дахин өөр үндэслэлээр цуцалсан, ...компанийн эрх ашигт ноцтой хохирол учрах эрсдэл үүсээд байна” гэх зэргээр маргажээ.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх нь “барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдахад хүрээгүй буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрх шилжихэд хүргэсэн ноцтой үр дагаварт хүрээгүй” гэж, хэргийн оролцогчдын маргаагүй, тухайн хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэж, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж үндэслэлгүй шийдвэрлэсэн, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлсон, үүнд 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, ... /-д/ бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасныг биелүүлэх үүрэгтэй.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “М-А” ХХК-ийн захирал Ц.Ц нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай “2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ”-г байгуулж, 29,600,000 төгрөгийг зээлдэж авахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2007 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 0109230 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр эзэмшсэн нэгж талбарын 181601296 дугаар бүхий 143/423, 146/345, 150/22, 151/36, 147/76, 149/117, 152/85, 153/22, 154/73, 148/105 га нийт 10 хэсэг, 1254 га газрын эрхийг барьцаалсан байх бөгөөд энэ тухайгаа газар эзэмшүүлэгчид мэдэгдэж, барьцаалуулсан тухай бүртгэл, холбогдох тэмдэглэгээг хийлгээгүй нь тогтоогджээ.

14. Түүнчлэн, 0109230 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан хадгалагдаж байгаа бөгөөд 2015 оны гэрээ хүчин төгөлдөр байгаа үйл баримт тогтоогдсон, гэрээний үүргийг барьцаагаар хангах, эс хангах эсэх нь энэ маргаанд хамааралгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байхад давж заалдах шатны шүүх “барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдахад хүрээгүй буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрх шилжихэд хүргэсэн ноцтой үр дагаварт хүрээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан, энэ тохиолдлын хувьд, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д заасан үүргээ биелүүлээгүйг хариуцагч хууль тогтоомжийг “ноцтой” зөрчсөнд тооцсоныг буруутгахгүй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

16. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь 2017 оны А/312, А/313, 2017 оны А/258, 2018 оны А/165 дугаар захирамжуудыг тус тус гаргаж, 0109230 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд хамаарах 10 хэсэг газраас, хэсэгчлэн хүчингүй болгож байсныг нэхэмжлэгчээс тухай бүр шүүхэд маргаан үүсгэж, шийдвэрлүүлж байсан, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээнээс хойш гарч байсан уг шийдвэрүүд нь одоо шийдвэрлэж буй 2019 оны А/98 дугаар захирамжид нөлөөлөл үзүүлэхгүй байхад давж заалдах шатны шүүх “... дуусгавар болсон 150/22 дугаартай хэсгийг дахин хүчингүй болгосон, ... зарим хэсэгт холбогдох маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, ... 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалд гомдол гаргах эсэх нь тодорхойгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь агуулгын алдаатай акт болсон” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг мөн хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нэг үндэслэл болгосон нь буруу.

17. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 575 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ