| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04303/И |
| Дугаар | 192/ШШ2025/07762 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/07762
2025 09 05 192/ШШ2025/07762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, ***-2 хотхон, ***дугаар байрны **тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг Найрамдал зуслангийн ойролцоо амьдарч буй, х ургийн овогт Д овогтой С /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, ***-2 хотхон, ***дугаар байрны **тоот хаягт оршин суух, Сартуул ургийн овогт С овогтой Г /РД:**/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, *** хотхон, ***дугаар байрны **тоот 2 өрөө орон сууцанд амьдруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.Гнар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 онд Баянгол дүүргийн 28 дугаар хороонд байрлах ***-2 хотхоны ***дугаар байрны **тоот 44 м.кв 2 өрөө байрыг анх барьсан компаниас нь шинээр ашиглалтад ороход нь 68,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч миний төрсөн охин С.Гнь уг орон сууцанд амьдарч байгаад сүүлд гэрчилгээ гарахад өөрийн нэр дээр гаргуулан авсан байдаг. 2017 оны эхээр хөдөөнөөс Улаанбаатар хотод орж ирээд, “М” ХХК-д манаачаар гэрээрээ бууж байрлан ажиллаж байгаад үргэлжлүүлэн “Т” ХХК-д 2023 оны 06 дугаар сараас эхлэн манааны байранд амьдран манаачаар ажиллаж байна. “Т” ХХК-иас сарын өмнө 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс намайг нас өндөр болсон, ажиллаж чадахгүй байна гээд ажлаас гарахыг хүсэж, ажлын байраа чөлөөл гэж мэдэгдсэн байгаа. Ингээд би охин С.Г ажлаас гар гэсэн, аав ээж нь байрандаа орж амьдаръя гэж хэлсэн. Харин охин маань байрандаа оруулахгүй гэсэн. Одоогийн байдлаар охин С.Г нь хүнтэй сууж, Төв аймгийн Баянцогт суманд нөхөр хүүгийн хамт амьдран суудаг ба тухайн байранд миний зээ охин Г.Э харж хандах хүнгүй ганцаараа амьдарч байна. Миний бие тус орон сууцыг өөрийн мөнгөөр худалдаж авч байсан учраас энэ байрандаа оршин сууж амьдрах хүсэлтэй байна. Эсвэл би энэ нэхэмжлэлээ болиод мөнгөө авъя гэж бодож байна...гэв.
2. Хариуцагч С.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Д.С гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн өөрөө байртай. Нэг эгч маань аав, ээж хоёрыг байрандаа бай, Г шүүхээр явж хэрэггүй гэж хэлсэн байсан. Нэг нь бүр гэр рүүгээ нүүлгээд оруулсан байсан ч заавал надтай шүүхээр явна гээд шүүхэд хандсан. Тухайн байрыг аав 2014 онд 60,000,000 төгрөгөөр барилгын компаниас худалдаж авсан. Би хөдөө орон нутгийн хаягтай байсан бөгөөд *** хотхоны ***дугаар байрны **тоот хаягт шилжиж амьдарсан. Энэ хугацаанаас 1 жилийн дараа байрны ордер гарсан. Гэтэл одоо Баянгол дүүргийнхэнтэй хуйвалдаж байрыг өөр дээр шилжүүлж авсан гэх зэргээр харааж, ажлын байр дээр хүртэл ирдэг. Намайг жирэмсэн 8 сартай байхад “дикритний мөнгөө надтай хуваалцсангүй” гэж зодож ч байсан. Охин бид хоёр ааваас айгаад байраа нэг жил ямар ч хүнгүй цоожлоод явсан. Одоо бол би охин, 9 сартай хүүтэйгээ гурвуулаа энэ байрандаа амьдарч байгаа. Энэ хүн эхлээд байранд орно гэж шүүхэд хандсан боловч одоо байрыг хуваана гэж ярьж байна. Миний хувьд хүүхэд наснаасаа эхлэн хонь хариулж, үнээ сааж, Д.С гийн дарангуйлалд амьдарч, 40 жилийн турш “үхээсэй” гэж хараалгуулсан. Одоо би цалингийн доод хэмжээгээр ярьж Д.С гээс цалин авна. Одоо бол намайг дандаа зүхэж, харааж байдгаас айж байна. Жирэмсэн болсноос хойш л дарамталж байгаа. Би байрандаа тухтай, тайван амьдармаар байна. Өөрөө биш юмаа гэхэд охиноо байрандаа тайван амьдруулах хүсэлтэй байна. 40 жил би зүдэрлээ, үнээ саагаад ирэхдээ хөлдөө байгаа шиврээ ядаж угаагаад байрандаа амьдармаар байна. Би өөрийн цалингаараа байраа тохижуулж байсан. Д.С ажил хийж байх үед байнга ирж мөнгө нэхэж, гуйж, уурлаж, 1,000,000-3,000,000 төгрөг авдаг. Миний хадгаламжинд 10,000,000 төгрөг байсныг Д.С аваад дууссан. Ээжийг хүртэл эрээн алаг болтол нь зодож, эрүүл ч бай, согтуу ч бай хөөгөөд явуулдаг. Тэр үед нь би гэртээ оруулж ирээд цоожилчихдог. Тэгэхээр тэр гэрт Б.Догоо /ээж/ орно гээд тэр байр руу зүтгээд байгаа гэж бодож байна. Хариуцагч өөрийн байр гээд байгаа боловч гэрчилгээн дээр нэр нь байхгүй. Энэ бол миний байр. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Баянгол дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Д.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, И-Монголиа Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн эх хувь, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
4. Хариуцагч талын нотлох баримтууд: С.Гиргэний үнэмлэхийн хуулбар,
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Догоог гэрчээр асууж, хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Д.Сгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Гхолбогдуулан өөрийн худалдаж авсан орон сууцанд амьдруулахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “Тухайн байрыг худалдаж авсан учраас миний байр бөгөөд би амьдрах эрхтэй. Иймд өөрийн өмчлөлийн хөрөнгөдөө амьдрах хүсэлтэй байна...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Тухайн орон сууцыг нэхэмжлэгч надад авч өгсөн, миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд өмчлөх эрх надад байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Маргаан бүхий Баянгол дүүргийн 28 дугаар хороо, *** хотхон /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***дугаар байрны **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаартай 2 өрөө орон сууцыг анх 2014 онд худалдан авч, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Г өмчлөлд бүртгэгдэж, тэрээр өнөөдрийг хүртэл өмчлөн амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.
4.2. Тухайн орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдаж авахад нэхэмжлэгч Д.С төлбөрийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
5. Зохигчид маргаан бүхий орон сууц хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болон тухайн орон сууцыг нэхэмжлэгч эхнэрийн хамт худалдан авч өгсөн, үүнээс хойш амьдарч байгаа зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин өмчлөх эрхийн талаар болон бусад хоорондын хөрөнгийн тооцооллын талаар маргаж байна.
6. Нэхэмжлэгч Д.Сг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэвч маргаан бүхий орон сууцыг Д.С өмчилж, эзэмшиж байгаагүй бөгөөд анх улсын бүртгэлд бүртгэгдэхдээ хариуцагч С.Гөмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.
8. Хэдийгээр маргаан бүхий орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгч Д.С төлбөрийг төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч тэрээр тухайн орон сууцны өмчлөгчөөр 2014 онд бүртгэгдсэн, тухайн орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар Д.С, С.Г нар хамтран өмчлөөгүй, нэхэмжлэгч ийнхүү хамтран өмчлөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр Д.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Харин тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 28 дугаар хороо, ***-2 хотхон, ***дугаар байрны **тоот орон сууцанд амьдруулахыг С.Г даалгах тухай Д.С гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА