| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04634/И |
| Дугаар | 192/ШШ2025/10251 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10251
2025 11 28 192/ШШ2025/10251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Т.Батсүх, Г.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 08 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-нд холбогдох,
Гэм хорын хохиролд 96,774,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэм хор 96,774,837 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 34-66 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, миний өмчлөлийн улсын дугаартай Toyota Land cruiser Prado 150 маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан. Улмаар “Бан хас” ХХК-аар хохирлыг үнэлүүлэхэд 95,977,241 төгрөг гэж тодорхойлсон.
1.2.Үнэлгээний хөлсөнд 5,160,000 төгрөгийг төлсөн. Мөн “Топ моторс” ХХК-нд автомашиныг үзүүлсэн ба үзлэгийн төлбөрт 2,150,000 төгрөг, автомашиныг хадгалсны төлбөрт 250,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь үнэлгээний төлбөрт 2,500,000 төгрөг, даатгалын байгууллагаас 4,262,404 төгрөг, нийт 6,762,404 төгрөг төлсөн.
1.3.Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зэрэгцээ нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Бодь даатгал” ХХК-нд холбогдуулан 95,977,241 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 59,329,257 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 59,329,257 төгрөгөөр багасгаж, 37,445,580 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирлын бодит дүнг 59 сая төгрөг гэж гарсан. Иймд 37 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирол давхар төлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, даатгалаас нөхөн төлбөрийг бүрэн авсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээр өнөөдрийн хэлэлцэж байгаа маргааныг шийдвэрлэсэн.
2.2.Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04106 дугаар шийдвэрээр “Бодь даатгал” ХК болон нарын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. даатгалаас нөхөн төлбөрөө барагдуулж авсан гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зав тээврийн осол дээр тогтоосон акт, эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, автомашины зээлийн гэрээ, үнэлгээний хөлс 5,160,000 төгрөг төлсөн баримт, “Бан хас” ХХК-ийн үнэлгээ, фидуцийн гэрээ, автомашины засвар, оношилгоотой холбоотой гарсан зардлын баримт,
Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/16325 дугаар захирамж, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02079 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01358 дугаар магадлалыг, Автотээврийн үндэсний төвөөс улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх лавлагааг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайхран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04106 дугаар захирамж, уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 37,445,580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 34-66 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, нийт 103,537,241 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс хариуцагч нь 6,762,404 төгрөг төлж, даатгалын компаниас 59,329,257 төгрөг гаргуулж авсан учир үлдэх 37,445,580 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бодит хохирлын хэмжээг 59,329,257 төгрөг гэж тогтоож, улмаар “Бодь даатгал” ХК-аас уг хохирлыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн хохирол арилсан гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 34-66 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоод замын хөдөлгөөнд оролцох үедээ хариуцагчийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан.
4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01358 дугаар магадлалаар тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлын хэмжээг 59,329,257 төгрөг гэж тогтоож, даатгалын компаниас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж, д олгож шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 119-123 дахь тал)
4.3.Хариуцагч нь хохиролд нийт 6,762,404 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.
5.Хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02079 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/0358 дугаар магадлалаас үзэхэд нэхэмжлэгч нь “Бан хас” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон хохирол гэх 95,977,241 төгрөгийг “Бодь даатгал” ХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч д бодитоор 59,329,257 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, улмаар “Бодь даатгал” ХК-аас 59,329,257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож шийдвэрлэжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус зааснаар нэгэнт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлыг тогтоосон байх тул энэ талаар шүүх бүрэлдэхүүн дахин үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээгүй юм.
7.Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд нийт 6,762,404 төгрөг авсан боловч уг төлбөрийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирол болох 95,977,241 төгрөгөөс суутгаагүй болох нь дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байх тул хариуцагчийг хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 5,160,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 641,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч д холбогдох 96,774,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 641,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Т.БАТСҮХ
Г.НАСАНЖАРГАЛ