Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00265

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00265

 

 

 

Ж.Чулуунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Чулуунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Дангаасүрэнд холбогдох

Гарааш албадан буулгуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготов

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай

Хариуцагч Б.Дангаасүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтулга

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготов түүний өмгөөлөгч П.Баярмагнай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Чулуунчимэг нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 495 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, одоогоор 27-р хорооны нутаг дэвсгэрт 962 м.кв амины орон сууцны зориулалттай газар эзэмшдэг юм. Энэ газар нь Орчлон хорооллын 46-р байрны баруун талд байрлалтай. Уг газрыг 2007 оноос эхлэн 2012 оныг хүртэл "Орчлон констракшн ХХК барилгын материалын талбай, контор, ажилчдын байр зэрэгт ашиглаж байсан. Ж.Чулуунчимэг би өөрийн газар дээр 9х24 м.кв хэмжээтэй гарааш бүхий орон сууцны зураг хийлгүүлж Нийслэлийн газрын албаны удирдах зөвлөлийн хурлаар оруулан батлуулж авсан. Техникийн нөхцөлийг хөөцөлдөж зарим зүйлийг авсан. Энэ бүх зүйлийг амжуулж явсаар 2012 онд дахин хүсэлт гаргаж газар эзэмших гэрчилгээгээ 2013 оны 09 дүгээр сарын 05-ны А-829 тоот шийдвэрийг үндэслэн дугаар №000475419 бүхий гэрчилгээ авч дахин 5 жилээр сунгаж Нийслэлийн газрын албатай 5 жилийн гэрээ байгуулсан. Энэ бүх хугацаанд газрын төлбөрөө тухай бүрд нь төлж байсан болно. Гэтэл тус газрын хажууд 2012 онд гарааш барьж эхэлж байна гэсэн сургаар очиж барилгын ажилчдад энэ газар нь Ж.Чулуунчимэгийн газар, бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж болохгүй гэж мэдэгдсэн, бичиг баримтаа үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байдаг. ... Тус зөвшөөрөлгүй баригдсан гарааш ын эзэн хэн болохыг судалж эрэн сурвалжилсаар Б.Дангаасүрэн барьж зарсан болохыг олж мэдсэн. Уг гарааш уудын асуудлаар Нийслэлийн засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга болон газрын албанд өргөдөл гаргахад уг гарааш уудад хууль ёсны газар эзэмших эрх олгоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж албан тоот өгсөн. Энэ 23 ширхэг гарааш ийг Б.Дангаасүрэн барьсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг түүнд холбогдуулж гаргасан. Б.Дангаасүрэнгээс гарааш худалдаж авсан хүмүүс хохирсон тохиолдолд Б.Дангаасүрэнгээс хохирлоо нэхэмжлэх ёстой. Ж.Чулуунчимэгийн газар эзэмших эрхийг хэрхэн хөндөж байгаа вэ гэхээр би тухайн эзэмшил газартаа барилга барихаар төлөвлөж барилгын архитекторын даалгавар, зураг хийлгэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар орж батлуулсан бөгөөд тухайн барилгын орц, гарцыг дээрх 23 ширхэг гарааш шууд хааж байгаа. Мөн барилгын ажил эхлүүлэх ямар ч боломжгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл барилгын ажил эхэлсэн тохиолдолд хашаа нь тухайн гарааш уудад шууд тулахаар байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Дангаасүрэнгийн бариулсан 23 ширхэг гарааш ыг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Дангаасүрэн түүний өмгөөлөгч П.Баярмагнай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн гараашуудийг Б.Дангаасүрэн нь Орчлон хорооллын 46,48 дугаар байрны оршин суугчдын захиалга, хүсэлтийн дагуу барьж, оршин суугчдад худалдсан. Гараашийг 2012 оны 3 дугаар сард барьж эхэлсэн бөгөөд тухайн оны 12 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд барьсан. 23 ширхэг гараашийг 2012, 2013 онд оршин суугчдад худалдсан. Тухайн 23 ширхэг гарааш дотор Б.Дангаасүрэнгийн эзэмшлийн гарааш байхгүй. Гараашийг барих хугацаанд хэн ч миний эзэмшлийн газар гэж хэлж байгаагүй. Нэхэмжлэл гарснаас хойш гарааш хаана баригдсан, энэ хүний захирамжтай газар хаана байгааг бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг тогтоогоод нэхэмжлэгчийн газар, гарааш ийн хооронд ямар нэгэн давхцал байхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ж.Чулуунчимэгийн гэх газрыг тухайн үед Орчлон констракшн ХХК нь Орчлон хорооллыг барьж дуусгаад 46, 48 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай болгож, улсын комисст хүлээлгэж өгсөн. Тиймээс энэ хүний газар эзэмших эрхийг Орчлон констракшн ХХК зөрчсөн байх боломжтой гэж үзэж байна. Газар эзэмших эрхийг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын баруун талаар үерийн далан байдаг, нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас баруун тал руугаа орц, гарц байх боломжгүй. 23 ширхэг гарааш энэ үерийн далангийн дагуу зурвас газарт баригдсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Чулуунчимэгийн гаргасан хариуцагч Б.Дангаасүрэнд холбогдох 23 ширхэг гараашийг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготов давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлд дурдсан шаардлага хөршийн эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох эрх зүйн хэм хэмжээнд хамааралтай байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчсөн барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байхаар заасан. Нэхэмжлэгч нь тухайн гараашуудыг анх баригдаж эхэлсэн үеэс шаардлага гаргасан нь үгүйсгэгдэж байна гээд иймд өмчлөх эрхийн хязгаарлалтын дагуу нэхэмжлэгч нь тухайн гараашийг буулган зайлуулах талаар шаардах эрхгүй болсон байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан нь Иргэний хуулийн хөршийн эрхийн харилцааг зохицуулсан зохицуулалтад ямар нэг хамааралгүй асуудал. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төрийн эрх бүхий байгууллага буюу газар ашиглах, эзэмших эрх олгодог байгууллагын зөвшөөрөлгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьсан байдаг. Хууль ёсны эзэмшилгүй учир дээрх хөрөнгүүдийг хууль бусаар бий болгосон гэж үзэхээс өөр аргагүй. Хөршийн эрхийн харилцааны зохицуулалтад субъектүүд тухайн газрынхаа хууль ёсны эзэмшигч байхыг шаардана. Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт хил зөрчин барилга барьсан байхыг шаардаж байгаа. Б.Дангаасүрэн нь Ж.Чулуунчимэгийн эзэмшил газрын хил зөрчин барилга бариагүй. Харин нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилд тулган гарааш барьснаас үүдэн нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа. Шүүх Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн эрх бодитойгоор зөрчигдөж эхэлсэн нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрх ирээдүйд ямар байдлаар зөрчигдөж болохыг баримтаар нотолж чадсангүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газартаа барих орон сууцны барилгын зураг болон, архитектур төлөвлөлтийн батлагдсан даалгавар, тухайн газарт холбогдох зураг, сансрын зураг, шинжээчийн дүгнэлтээр тухайн гарааш ууд нэхэмжлэгчийн газартай хэр ойрхон байрлаж байгааг харуулсан хэмжилт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн газрын өргөн нь 25.588 м, урт нь 46.217 м байна. Тухайн газрын зүүн талд Орчлон хорооллын 46 дугаар байр байрлаж байгаа бөгөөд барилгын норм, дүрмийн дагуу шинээр баригдах барилга дор хаяж 8-10 метрийн зайтай байх ёстой. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны барилгаа газрынхаа баруун талд шахаж барихаас өөр арга байхгүй бөгөөд тухайн гараашуудтай 32 см 3 м хүртэлх зайнд байгааг шинжээч тогтоосон. Энэ нь барилга барих хашаа татах, барилгын суурь ухах, улмаар барилга баригдахад тухайн гарааш уудтай тулахаар байгааг нотлох баримтаар хангалттай нотолсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ямар нэг үйлдэл хийгээгүй байна гэж дүгнэсэн. Гараашуудыг хааж, хашаа татаж иргэд хоорондын зөрчилдөөн бий болсны дараа асуудлыг шүүх шийдэх ёстой гэж үзэж болохгүй. Бид өөрсдийн газар эзэмших эрхийг зориулалтын дагуу ашиглахад хариуцагчийн хууль бусаар барьсан гарааш ууд саад болж байгааг хангалттай нотолсон.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Дангаасүрэнг хариуцагчаар тодорхойлж түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь Орчлон хорооллын оршин суугчдад худалдан борлуулсны дагуу өөр этгээдүүдэд шилсэн, одоо миний эзэмшлийн гарааш байхгүй гэж тайлбарлан маргасан. Орчлон хорооллын оршин суугч иргэдийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр 23 ширхэг гарааш нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр баригдаж, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй боловч оршин суугчид шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байтаа үйл баримт тогтоогдож байна. Гэвч гарааш ууд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн гарааш ууд хариуцагч Б.Дангаасүрэнгийн эзэмшилд байгааг, цаашлаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Б.Дангаасүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын дэргэд Б.Дангаасүрэн 23 ширхэг гарааш барьсан талаар ямар нэг маргаан байхгүй. Хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тухайн гарааш уудыг эзэмшиж байгаа талаар тайлбар ирүүлсэн боловч тухайн гарааш ыг эзэмшдэг, өмчилдөг болохоо мөн Б.Дангаасүрэнгээс худалдан авсан гэдгээ нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Үнэхээр дээрх иргэд Б.Дангаасүрэнгээс гарааш худалдан авсан бол худалдах худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримт гарган өгөх боломжтой байсан.

Нэгэнт иргэд зөвшөөрөлгүй барьсан газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авсан бол хохиролоо Б.Дангаасүрэнгээс нэхэмжлээд авах боломжтой. Харин хариуцагч нь хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгө барьж бусдын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл гаргасан бол үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Чулуунчимэг нь хариуцагч Б.Дангаасүрэнд холбогдуулан гарааш албадан буулгуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаар Ж.Чулуунчимэг нь Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар нэгж талбарын 18635311215573 дугаар бүхий 962 м2/га газрыг 2007 оноос газар эзэмших эрхийн дагуу эзэмшиж эхэлсэн, эзэмшлийн газартаа 2 давхар мансардтай орон сууц барихаар 2009 онд барилга, архитектурын эскиз зураг гаргуулан батлуулсан боловч тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, тус газрын зэргэлдээ 2012 оноос автомашины гараашууд баригдаж Орчлон хорооллын 46, 48 дугаар байрны зарим оршин суугчид ашиглаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /1хх-ийн 7, 10-11, 22-24/

Ж.Чулуунчимэг нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоох шаардлагыг эрх зөрчигч этгээдэд холбогдуулж гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь өөрийн газар дээр баригдсан бус харин хөрш зэргэлдээ газарт баригдсан гараашийн барилгыг буулгуулах замаар эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар газраа эзэмшиж ашиглахад нь хариуцагчийн зүгээс саад болж буй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. гэж заасны дагуу хөрш залгаа газар эзэмшигчид шаардлагаа гаргах боломжтой боловч нөгөө талын барьсан барилга өөрийнх нь ашиг сонирхлыг ноцтой хохироож болзошгүй гэдгийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, барилга баригдаж эхлэх үеэс энэ талаарх шаардлагыг гаргах учиртай.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй гэх 23 ширхэг гараашийг 2012 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд барьж дуусгасан үйл баримтын талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч барилгын суурийн ажил хийгдэх үеэс шаардлага гаргасан гэж тайлбарласан боловч энэ байдал нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчээс 2014 онд гарааш зөвшөөрөлгүй баригдсан асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл гаргаж байсан талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5/5961 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны №50, №869 тоот албан бичиг, бүртгэл хяналтын карт зэрэг бичгийн баримтуудаар үгүйсгэгдсэн. Иймд нэхэмжлэгч нь тухайн гараашийг буулган зайлуулах талаар шаардах эрхгүй болсон байна. /1хх-ийн 15-16, 18-20 /

Хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2016-А/204 дугаартай дүгнэлтийн 2-т ... хариуцагч Б.Дангаасүрэнгийн барьсан гэх 23 авто гараашийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байх иргэн Ж.Чулуунчимэгийн эзэмшиж буй 962 м.кв талбайтай газартай давхцуулж үзэхэд байршлын хувьд давхцалгүй ... гэжээ. Энэ нөхцөл байдал буюу тухайн 23 ширхэг авто гарааш нь нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, үерийн далангийн дагуух зурвас газарт баригдсан нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт, гэрч З.Доржсүрэнгийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон. /1хх-ийн 177-184, 200/

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хашаа болон ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй, тухайн газрын хойд, урд хэсгээр оршин суугчдын автомашинууд дамжин орж, гарч байгаа нөхцөл байдлаас үзэхэд орц, гарц хаасан гэх, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс ямар нэгэн зүй бус нөлөөлөл үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүний эрх бодитойгоор зөрчигдөж эхэлсэн, нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрх ирээдүйд ямар байдлаар зөрчигдөж болохыг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ