| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/08489/И |
| Дугаар | 192/ШШ2025/10323 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10323
2025 12 01 192/ШШ2025/10323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “Федеральная грузовая компания” ХК (РД:620026)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” (РД:210535)-нд холбогдох,
,,,, 40/5-2 тоот хаягт байрлах “Үндэсний тээврийн корпораци” ХХК (РД:6211593)-ийг оролцуулсан,
“Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “Федеральная грузовая компания” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “Федеральная грузовая компания” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай компани 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 500 хүртэлх төмөр замын тавцант вагоныг “Үндэсний тээврийн корпораци” ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэхээр ФГК-1393-13 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.2-т “…вагоныг ямар нэгэн байдлаар байрьцаалах, өмчлөхгүй байх үүрэг хүлээнэ….” гэж заасан. Гэтэл “Улаанбаатар төмөр зам” ХНН нь дээр дурдсан түрээсийн гэрээнд заасан “ФГК” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барьцаалж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Манай байгууллага “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас зам ашиглалтын болон ачаа хадгалалтын төлбөрт 2,878,780,000 төгрөг гаргуулахаар шаардахад төлбөрийг төлөхийг бүрэн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр тавцант 50 вагоныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаална, зам ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсны дараа тавцант 50 вагоныг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар тохиролцсон. Гэтэл уг тавцант 50 вагон нь “ФГК”-ийн өмчлөлийн вагон болох нь тогтоогдсон учир эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаатай маргахгүй. Иймд уг гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1.Манай компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр тавцант 50 вагоныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаална, зам ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсны дараа тавцант 50 вагоныг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар тохиролцсон. Уг эвлэрлийн гэрээний зөвхөн 50 тавцант вагонтой холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэж шаардсаныг зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Улаанбаатар төмөр замын хуулийн албаны ахлах хуульч н.Баясгалан гэдэг хүнд би анхааруулж хэлж байсан. “Федеральная грузовая компания” ХК-д мэдэгдэх ёстой, танайх энийг барьцаанд авч болох юм уу гэсэн чинь “үгүй, чамд ашигтай заалт оруулж өгөх гээд байхад, 150 вагоны чинь 100 вагоныг Орос руу явуулчхаад байхад яагаад Улаанбаатар төмөр зам болон танай компани адилхан эрх ашгаа хангуулж болдоггүй юм” гэж ятгасан. Манай зүгээс Улаанбаатар төмөр замаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоё, шүүх дээр 2 талаасаа бүх бичиг баримтуудтайгаа уулзаад шүүхээр оръё гэдэг саналаа хүргүүлдэг. Хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр н.Хэрлэн даргад явуулж байсан хүсэлт байж байгаа. Энэ хүсэлтэд нэг бол шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоод шүүх дээр хамт уулзъя, вагоныг Орос руу буцаая, үгүй гэж байгаа бол шүүгчийн захирамжийг биелүүл гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа гэв.
4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэлийг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хариу тайлбарыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Зохигч талуудаас гаргаж өгсөн хуулбар баримтуудыг үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “Федеральная грузовая компания” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар шаардаж, үндэслэлээ шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр манай компанийн өмчлөлийн тавцант вагоныг барьцаалахаар тохиролцсон байх бөгөө уг гэрээ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас зам ашиглалтын болон ачаа хадгалалтын зардалд 2,878,780,000 төгрөг авахаар шаардсаныг тус компани зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 ширхэг тавцант вагон барьцаалсан боловч уг вагонууд нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн вагон болох нь тогтоогдсон. Иймд эвлэрлийн гэрээний уг 50 ширхэг тавцант вагонтой хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ эвлэрлийн гэрээнээс барьцаанд авагдсан 50 вагоныг хэсэгчилж цуцлахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцоохыг зөвшөөрнө гэж тайлбарлав.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хооронд 2,878,780,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 479,796,666 төгрөгийг төлөх, үлдэх 479,796,670 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөх, уг төлбөрийг төлөх хүртэл хугацаанд тавцант 50 вагоныг барьцаалуулахаар эвлэрлийн гэрээ байгуулагдсан, тус эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар баталсан үйл баримтын талаар зохигч, гуравдагч этгээдүүдийн хооронд маргаангүй.
5.2.Дээрх эвлэрлийн гэрээнд дурдсан 50 ширхэг тавцант вагон нь нэхэмжлэгч “Федеральная груковая компания”-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох талаар зохигч, гуравдагч этгээдүүдийн хооронд маргаангүй.
6.Зохигч талууд болон гуравдагч этгээдүүдийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хооронд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан бөгөөд уг захирамж хүчинтэй хэвээр байгаа талаар маргаангүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7 дахь хэсэгт “Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-т заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана” гэж заасны дагуу “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан эвлэрлийг гэрээг шүүгч хүлээн авч хянаад “Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй” гэж дүгнэн захирамж гарган баталгаажуулсан байхад өөр шүүх, өөр шүүгч, өөр бүрэлдэхүүн тухайн эвлэрлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасанд нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэл муутай эсэх талаар зөвхөн тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч дүгнэлт хийх эрх хэмжээтэй.
7.1.Иймд маргаан бүхий эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “…шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй юм.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагад холбогдох “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “Федеральная грузовая компания” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д холбогдох “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “Федеральная грузовая компания” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “Федеральная грузовая компания” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Федеральная грузовая компания” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД