2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/07574

 

 

 

 

  

    2025              09            25                                              192/ШШ2025/07574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, **** тоот хаягт байрлах “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **** тоот хаягт оршин суух, А ургийн овогт З овогтой Б холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 8,600,008 /найман сая зургаан зуун мянга найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Онар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар:

“Т” ХХК нь З.Б 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан *** дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг.

Хариуцагч манай компанид 3-аас дээш гэрээ байгуулан уртын тээвэрт машин явуулж байсан ба холбогдох жолооч нараас итгэмжлэл авсны дагуу төлбөр тооцооны асуудлыг хариуцаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь шатахуун түлш авахдаа өөрийнхөө гарын үсгийг зурдаг байсан. Гэрээ нь З.Б нэр дээр хийгдэж, бүх төлбөр тооцоо түүний данс руу ордог байсан тул төлбөрийг З.Б нэхэмжилж байна. Уртын тээврийн жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “***” ХХК-иас тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад, дараа нь тооцоо нийлэхдээ зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас өр төлбөрийн асуудал үүссэн. Үүссэн өрийн асуудлаар тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан Тээврийн хэлтсийн мэргэжилтнүүд, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч жолооч нартай холбогдож, тооцоо нийлэн илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусч, тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар асуудлаа шийдвэрлээд явж байсан. Харин тооцооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй жолооч нар ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байсны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж өр төлбөрөө нэхэмжилсэн. “Т” ХХК нь “***” ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлыг хариуцаж байсан. “***” ХХК-ийн нэг салбар манай компанийн дэргэд байгуулагдаж, түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч, өр төлбөртэй жолооч нартай холбогдож, өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан. Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй, холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж “***” ХХК нь Шатахуун нийлүүлэх гэрээний дагуу манай компанийг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Үүнтэй уялдуулж, өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж, дахин өр төлбөрийн тооцоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, заримынх нь утас холбогдох боломжгүй, мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ингэснээр “Т” ХХК-иас жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Иймд бид хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж байна. Гэрээний 3 дахь заалтаар шатахууны төлбөрийг өгсөн байтал “***” ХХК-иас зээлсэн шатахууны төлбөрөө төлөөгүй. Тодруулбал: Жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “***” ХХК-иас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад, дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж “***” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Т” ХХК нь жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. Тиймээс З.Б2019.10.24-ний өдөр 600л, 2019.07.30-ны өдөр 600л, 2019.07.28-ны өдөр 600.21л, 19л дизель түлш, 2019.08.01-ний өдөр 534.22л тус тус авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул нийт 8,600,008 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Шатахууны падаанууд огнооны хувьд “***” ХХК-ийн манай компани руу явуулсан өдрийн он сараар бичигдсэн, яг шатахуун авсан өдрөөр бичигдээгүй байгаа. “***” ХХК нь ганц З.Ббиш, нийт 95 жолоочид холбогдуулсан алдангитай нийлээд 330,088,050 төгрөг нэхэмжилж манайд тооцоо ирүүлснийг бид зөвшөөрөөгүй. Бидний хувьд жолооч нартай 2019-2020 онд гэрээгээ дуусгаад явуулсан байсан учир жолооч нараас авч өгөх боломжгүй гэж маргаан үүсгэсэн. Гэтэл эвийн журмаар шийдэж чадаагүгй учраас “***” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2 жил гаруй хугацааны дараа шийдвэр гарч, манай дээр ажиллаж байсан жолооч нар манай компанийн ажил үүргийг гүйцэтгэхдээ “***” ХХК-иас шатахуун авч хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон гэж дүгнээд “***” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Бид жолооч нараас алданги шаардаагүй, зөвхөн авч хэрэглэсэн шатахууны үнийг л шаардаж байгаа. “***” ХХК-иас жолооч нарын нэр дээр ирүүлж байгаа зарлагын баримтууд манай компанийн баримт биш учир жолооч нар тухайн үед яаж шатахуун авч, өгч байсан гэдгийг манай компани нотлох үүрэг хүлээхгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийн материалыг татан ирүүлж холбогдох баримтуудыг шүүхэд хавсаргасан. Үүний дагуу тухайн хэрэгт яаж тооцоо нийлсэн баримтууд байсныг зөв байна гэж тогтоож шийдвэр гаргасан бэ гэдэг нь харагдаж байгаа учраас үзлэг хийлгэж баримтжуулсан байгаа. Өөрөө аль машин дээр явж байсныг нь сайн мэдэхгүй байна. Хэргийн 32-142 дугаар хуудас хүртэл авагдсан баримтуудад одоо нэхэмжилж байгаа дүн ороогүй. 08 дугаар сард 12 удаа явснаас 9 удаа шатахуун суутгуулаад, үлдсэнд нь суутгуулаагүй. Нийт 20 удаа тээвэрт явсан. Үүнээс 13 удаа шатахуун суутгуулаад, 7 удаагийн шатахуун суутгуулаагүй байгаа. 103-243 дугаар хуудас дахь баримтуудад З.Б явсан ажлынх нь үр дүнд өгч байсан төлбөр мөнгөний баримтууд байгаа. Жолоочийн гаргасан хүсэлтэд бүрдүүлдэг баримтууд, төлбөр авдаг баримтууд харагдана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа хариуцагч тал нотлоогүй байна. Өөрсдөө шатахуунаа төлөөд явж байсан байж болно. Төлсөн, суутгуулах зэргийг ялгаж салгаж нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.

            2. Хариу тайлбар, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан тайлбар:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Т” ХХК нь гэрээний дагуу тухай бүрт нь түлшний тооцоог суутгаж авч байсан. Нэхэмжлэгчээс гаргаж байгаа баримтууд дээрх гарын үсэг нь З.Бгарын үсэг биш. 1 дүгээр хавтсын 47 дугаар хуудаст байгаа Өглөгийн дэлгэрэнгүй гэсэн баримт дээр бичигдсэн авлага өглөгийн кредит болон дебит дансаараа З.Б өглөг, авлагагүй гэж тэнцсэн дүнтэй байгаа. “Т” ХХК-тай анх бид 2,750,000 төгрөгийн гэрээ хийхдээ “...1,550,000 төгрөгийг түлшээр хангана, 1,200,000 төгрөг нь бусад зардал” гэсэн байдаг. Нийт хийсэн ажил нь 109,974,000 төгрөг байгаа. 37,426,000 төгрөгийг түлшний мөнгө гээд суутгаж авч үлдсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдсэн хэргийн материалаас хоёр тал хүлээн зөвшөөрсөн “Өглөгийн дэлгэрэнгүй журнал” дотор түлшний тооцоо бичигдсэн байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа 7 төлбөр нь он сараараа энэ жагсаалтад байхгүй байна. З.Б нийт 44 рейс хийсэн, үүний 39-ийг “Т” ХХК-иас авсан. “***” ХХК-иас ирүүлсэн түлшний баримтын өдөр, огноо, литртэй таардаг. Өглөгийн дэлгэрэнгүй дээр бичигдсэн дүнгээр ч таарсан байдаг. З.Бдансны хуулгаар колонкоос авсан баримт нь харагддаг. Тухайн өдрийнхөө дансны хуулгаар надаас З.Брүү мөнгө шилжүүлж, З.Бколонк дээр түлшний төлбөр төлж байсан болох нь тогтоогдоно. Хоёр талын сар тутамд нийлсэн тооцоо нийлсэн актууд дээр З.Ббичилцсэн огноотой авсан түлшний тооцоо өөрсдийнх нь өглөгийн дэлгэрэнгүй дээр суутгаж авч үлдсэн харагдаж байгаа. Авсан түлш нь З.Б дансны хуулгаар харагдана. Өглөгийн журнал дээр тавигдсан байгаанууд бүгд 06 дугаар сарын ажлууд нь юм. 07 дугаар сарын ажил хийгдэж дууссаны дараа тооцоогоо 08 дугаар сард хийдэг. 898-2 гэрээний 07 дугаар сарын төлбөр гээд байгаа дүнгүүд нь З.Б дансны хуулгаар нотлогдоно. Нотлох баримт гээд байгаа баримтууд нь бүгд өөр өөр гарын үсэгтэй баримтууд байгаа. Гэрч алдаагүй данс хөтлөгдсөн гэж мэдүүлэг өгсөн. Иймд энэ 7 баримт бол нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэлийн үндэслэл болохгүй.

            Хариуцагчийн өмгөөлөгч: Анх 4,992,395 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Улмаар нэхэмжлэлээ ихэсгэж 8,600,008 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлжээ. З.Б энэ мөнгийг гаргуулах гол нотлох баримтууд болох Зарлагын падаан гэх 7 хуудас падаан нь З.Бгарын үсэг биш гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж ирсэн. Падаануудад дурдсан хугацаануудад уг шатахууныг авч байгаагүй. *** УББ гэсэн автомашин дээр 600.21л түлш авсан гэх падааныг нотлох баримтаар өгсөн байна. Хариуцагчаас эдгээр баримтуудад гарын үсгийн шинжээч томилуулахыг хүсэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “З.Б гарын үсэг биш байж болно. Гол үндэслэл болгоод байгаа 7 падаан, үүний дагуу З.Б 8,600,008 төгрөгийн түлш авчихаад мөнгийг өгөхгүй байна гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч тал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоод, тэр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад байна. “***” ХХК нь “Т” ХХК-иас 220,000,000 төгрөгийн түлшний төлбөр өгөөгүй гэж шаардан, хугацаа хэтрүүлсэн алдангийг мөн шаардсан юм байна. Түүнээс биш З.Б8,600,008 төгрөг, н.Доржийн, н.Батын шатахуун авсан төлбөрийг Хамтран ажиллах гэрээний дагуу “Т” ХХК өгөх ёстой гэж шаардаагүй. Хэрэг дотор З.Б8,600,008 төгрөгийн түлш аваад мөнгөө төлөөгүй гэдэг баримт байхгүй. “Т” ХХК-ийн санхүүгийн хариуцлагагүй ажлаас болоод их хэмжээний өр төлбөр гараад ирэнгүүт 95 жолооч дээр төлбөр гаргаж ирж байна гэж хардахаар байна. “Т” ХХК нь 2,750,000 төгрөгийг нэг рейсэнд З.Бөгөхөөр гэрээ хийсэн. Ингэхдээ бензинээ аваарай гээд 2,750,000 төгрөгийг бүтнээр нь өгдөггүй. Түлшний мөнгийг суутгаж үлдээд, үлдэгдэл төлбөрийг З.Б данс руу шилжүүлдэг байсан. Өр авлагын тооцоо нийлсэн акт дээр **, ** хэдийг аваад, хэдийг дутаасан гэсэн тооцоо байхгүй байна. З.Б нь 8,600,008 төгрөгийн түлшийг “***” ХХК-иас аваад “Т” ХХК-д төлбөр учруулсан болох нь өөр баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-2, 26/, 2019.07.17-ны *** тоот Хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-3-4/, “***” ХХК-ийн Шатахуун тослох материалын зарлагын падаанууд /1-р хх-5-7/, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-8, 71/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-9, 70/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.11-ний өдрийн ** дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-10-12/, ** тоот 2019.06.11-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ болон хавсралт баримтуудын хуулбар /1-р хх-30-34/, 2019.06.11-ний өдрийн ** тоот Хамтран ажиллах гэрээ болон хавсралт баримтуудын хуулбар /1-р хх-35-40/, Өглөгийн дэлгэрэнгүй журнал /1-р хх-41-42/, З.Бгэрээний дагуу ажлын хөлс шилжүүлсэн гүйлгээний баримтууд /1-р хх-103-243/,

            4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-64/, З.БХаан банк дахь депозит дансны хуулга /1-р хх-83-102/, өмгөөлөгчтэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хх-3/

            5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.11-ний өдрийн 00208 дугаар шийдвэртэй, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хавтаст хэрэгт авагдсан “***” ХХК-ийн нэхэмжлэл /2-р хх-20-21/, алдангийн тооцоолол /2-р хх-22/, Борлуулсан түлшний тооцоо /2-р хх-23-24/, Шатахууны тооцооны жагсаалт /2-р хх-25-53/  зэрэг баримтуудад шүүхийн журмаар үзлэг хийн бэхжүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч З.Б холбогдуулан 8,600,008 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу Т ХХК-ийн нэрээр *** ХХК-иас авч хэрэглэсэн шатахууны төлбөрийг төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу З.Б өмнөөс төлж барагдуулсан учир уг төлбөрийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч З.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Т ХХК-д төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэлд хавсаргасан шатахууны падаануудад З.Б гарын үсэг зураагүй, баримт дээрх шатахууны авч хэрэглээгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. “Т” ХХК, З.Бнар 2019.06.11-ний өдөр **, ** тоот хамтран ажиллах гэрээнүүдийг 1 сарын хугацаатай байгуулж, З.Бнь **, ** улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслүүдээр Улаанбаатар хот-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэн хүргэх ажил хийж гүйцэтгэх, “Т” ХХК нь гэрээ буюу тээврийн хэрэгсэл тус бүрт 1 рейсийн зардал 2,750,000 төгрөг, үүний 1,550,000 төгрөг нь түлшний, 1,200,000 төгрөг нь тээвэрлэлт болон бусад зардалд тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг гэрээний дагуу тээвэрлэлт хийх ** дугаартай тээврийн хэрэгсэл “Ти ди би лизинг” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд тус компаниас З.Б гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байна.

            4.2. Талууд дээрх гэрээнүүдийг адил нөхцөлөөр сунгаж, 2019.07.17-ны өдөр ***, **-2 тоот хамтран ажиллах гэрээнүүдийг дахин тус бүр 3 сарын хугацаатай байгуулжээ.

            4.3. Хариуцагч З.Б Хаан банк ХК дахь депозит дансны хуулгаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэгтгэн тооцвол: *** тоот гэрээний дагуу нийт 20 удаагийн төлбөрөөр 32,119,260 төгрөг, **-2 тоот гэрээний дагуу нийт 20 удаагийн төлбөрөөр 29,663,492 төгрөг тус тус төлсөн байна.

            4.4. Гэрээний дагуу нэг сарын төлбөр 2,750,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба нэг машинд нийт 55,000,000 төгрөг төлөхөөр байх боловч 2,750,000 төгрөгийн 1,550,000 төгрөг нь түлшний төлбөр байхаар тохиролцсон. Зохигчдын тайлбарласнаар хэрэв жолооч өөр газраас шатахуун авч, өөрөө төлбөрийг төлж авсан бол “Т” ХХК нь З.Б гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Харин “***” ХХК-иас түлш авсан тохиолдолд тийнхүү авсан түлшний зардлыг “Т” ХХК суутгаж, үлдэх ажлын хөлсийг төлдөг байжээ.

            4.5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т” ХХК-ийн 2019.07.29-ний өдрөөс 2019.12.23-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийн даалгавар, пүүний баримт, Үйлдвэрийн бүсэд нүүрс тээвэрлэж ирсэн автомашины бүртгэлийн хуудас, “***” ХХК-ийн Шатахуун тослох материалын зарлагын падаан зэрэг баримтуудаар З.Бтөлсөн төлбөр нь 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан Өглөгийн дэлгэрэнгүй журналд бичигдсэн нийт төлөгдсөн мөнгөн дүнтэй таарч байна.

            4.6. Харин “Т” ХХК нь төлбөр төлөхдөө *** тоот гэрээний хувьд: 3, 4, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 18, 20 дугаар төлбөрүүд бүтэн төлөгдөөгүй, **-2 тоот гэрээний хувьд: 3-6, 8-19 дүгээр төлбөрүүд бүтэн төлөгдөөгүй байна. Хариуцагч З.Бдансны хуулгаар 2019.08.02-ны өдөр 1,844,055 төгрөгийн зарлагыг “***” ХХК-иас өөр шатахуун түгээх станцаас түлш авахад зарцуулсан гэж үзэх боломжтой. Мөн 2019.08.12-ны өдөр *** тоот гэрээний 5 дугаар төлбөрийг бүтэн төлсөн байна. Үүнээс өөрөөр бусад шатахуун түгээх станцад төлбөр төлсөн гэх байдал дансны хуулгаас харагдахгүй байна.

            4.7. Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл З.Бнь *** тоот гэрээнд 12 удаа, **-2 тоот гэрээнд 16 удаа тус тус шатахууныг “***” ХХК-иас зээлээр авч байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өглөгийн дэлгэрэнгүй журналаар шатахууны зардал тусдаа гарч, шатахууны зардалд нийт 18 удаа 20,619,934 төгрөг зарцуулжээ.

            4.8. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “***” ХХК-тай 2019.07.19-ний өдөр 04/04 тоот Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний үүрэгтэй холбоотойгоор нийлүүлэгч “***” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 331,086,056 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2023.01.11-ний өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            5. Талууд хоорондын байгуулсан хамтран ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон тухайн гэрээний хугацаа дуусаж, тооцоо нийлсэн, улмаар гэрээ дуусгавар болсон зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин З.Б нь нэхэмжлэлд дурдаж, үндэслэл болгосон 7 ширхэг баримтаар “***” ХХК-иас “Т” ХХК-ийн нэрээр түлш зээлээр авсан эсэх, тухайн баримтуудын нийлбэр төлбөрийг З.Бтөлөх үүрэг хүлээх эсэх талаар маргав.

5.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй шатахууны төлбөр гэх 7 ширхэг Шатахуун тослох материалын зарлагын падааныг хариуцагч талаас З.Б гарын үсэг биш учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.

            5.2. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн баримтууд дээр З.Б гарын үсэг зураагүй байхыг үгүйсгэхгүй ба гэрээг З.Б байгуулдаг учраас машиныг барьж байсан жолооч нар шатахуун авахдаа түүний нэрийг бичсэн байх боломжтой, мөн падааныг шатахуун авч буй тухайн өдрөө гаргадаггүй, дараа нь жолооч нар авах тохиолдол байдаг гэж тайлбарласан.

            6. Талуудын байгуулсан хамтран ажиллах буюу Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ нь хүчин төгөлдөр байх хэлбэрийн шаардлага хангасан байх бөгөөд гэрээний талууд 2019 оны 12 дугаар сард төлбөрийн үлдэгдлийг тооцож, гэрээ дуусгавар болсон байна.

            7. Гэвч тухайн гэрээний хугацаанд хариуцагч З.Б зээлээр авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэгч “Т” ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “***” ХХК-д төлж барагдуулсан учраас З.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, төлбөрийг гаргуулахаар шаардсан.

            7.1. Нэхэмжлэгчийн дээрх шаардах эрх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэх үндэслэлд хамаарч байна.

            8. Шатахууны зардал төлсөн талаарх Өглөгийн дэлгэрэнгүй журналыг шатахуун нийлүүлсэн падаануудтай харьцуулахад нэхэмжлэгч нь 2019.08.12, 2049.08.14, 2019.08.23, 2019.08.26, 2019.08.29, 2019.09.05, 2019.09.09, 2019.09.11, 2019.09.19, 2019.09.23-ны өдрүүдэд тус тус шатахууны зардал гаргасан байх боломжтой.

            8.1. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй падаануудын нэг нь гэрээт бус *** УББ гэх дугаартай тээврийн хэрэгслийн 2019.07.28-ны өдрийн 1,248,436 төгрөгийн баримт байгаа нь хэрэгт хамааралгүй гэж үзэхээр байна. /1-р хх-7/

            8.2. Харин **УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019.07.30-ны өдрийн 600л түлшний 1,248,000 төгрөг, 2019.07.28-ны өдрийн 600.19л түлшний 1,248,395 төгрөг, 2019.08.14-ний өдрийн 600л түлшний 1,248,000 төгрөг, 2019.08.01-ний өдрийн 534.22л түлшний 1,111,177 төгрөг, нийт 4,855,572 төгрөгийн баримтыг нэхэмжлэгч “Т” ХХК мэдээгүй байх боломжгүй, дээрх хугацаануудад нэхэмжлэгчээс хариуцагчид шатахууны зардал гаргаж байсан байна.

            8.3. Нэхэмжлэгч нь *** тоот гэрээнд 12 удаа, **-2 тоот гэрээнд 16 удаа тус тус дутуу төлөлт хийж, улмаар *** тоот гэрээнд 8 удаа, **-2 тоот гэрээнд 10 удаа шатахууны зардал гаргаж байжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч шатахууны зардалд 898-2 гэрээнд 12, 899-2 гэрээнд 16 удаа шатахууны төлбөр төлөх байсан боловч эдгээр төлбөрийг хэрхэн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

9. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу шатахууны зардлыг “***” ХХК-д бүрэн төлж байсан гэх байдал хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгож буй шатахууны падаан гэх 7 баримтаар хариуцагч З.Б“***” ХХК-иас түлш авсан болох нь хангалттай нотлогдохгүй, талууд хамтран ажиллах гэрээгээ харилцан тооцоо нийлж дуусгавар болгосноос хойш хэзээ, хэн авсан нь тодорхой бус баримтуудыг үндэслэж төлбөр шаардсан байх тул эдгээр үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,222 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Б8,600,008 /найман сая зургаан зуун мянга найман/ төгрөг гаргуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,222 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА