Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

М.Буянхишигт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Н.Энхтулга

Шүүгдэгч М.Буянхишиг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн

Хохирогч Х.Мөнхжаргал

Нарийн бичгийн дарга О.Нинжбадгар нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор шүүгдэгч М.Буянхишигт холбогдох эрүүгийн 2422000000055 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Малчин овогт Мөнхбатын Буянхишиг, Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр баг “Дөрвөлжин” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, (РД: 3M01291513);

Шүүгдэгч М.Буянхишиг нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг “Ширээ цав гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс хохирогч Б.Хадбаатарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн мотоциклын мотор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн мотоциклын обуд олгойтой дугуй 1 ширхэг, усны тэрэгний обуд олгойтой дугуй 2 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Чансаа маркийн мотоциклын амортизатор 2 ширхэг, усны помпны мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн эзэмшлийн “Кросс” маркийн мотоциклыг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг “Ширээ цав” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс хохирогч Б.Хадбаатарын эзэмшлийн “Тоуота Ноа” маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг тохойгоороо цохиж хагалан нэвтэрч дотор нь байсан аккумляторыг өөрийн эзэмшлийн “Кросс” маркийн мотоциклыг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 08-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг “Баянхошуу” гэх газраас хохирогч Х.Мөнхжаргалын эзэмшлийн сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай хязаалан эр хонь 3, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 1, нийт 6 хонийг Ж.Мөнхбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн малын хашаанд тууж оруулан хулгайлж бусдад 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч М.Буянхишигийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.Буянхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхээр завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Буянхишигт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 2 жил 01 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт мөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 2 дахь хэсгийг журамлан нэмж нэгтгэн, нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт оногдуулсан 4 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Хадбаатарт, 1,330,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Мөнхжаргалд тус тус олгож, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Кросс /Жалам хар/ маркийн мотоциклыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч М.Буянхишигт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч М.Буянхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Хохирол төлбөрийн хувьд би Х.Мөнхжаргалд 6 хонийг нь хониор нь төлж барагдуулсан ба хохирогчийн хохирол хүлээн авсан талаарх бичгийн баримтыг шүүх үнэлж үзэлгүй, хохирол төлбөрийг барагдуулаагүй гэж үзсэн юм. Харин хохирогч Б.Хадбаатарт төлөх 1,000,000 төгрөгийн хохирлыг би давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. Иймд дээрх нөхцөл байдлыг болон миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлж барагдуулж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нь хохирогч нарт хохирлоо бүрэн барагдуулсан гэсэн баримт гарч ирж байгаа тул анхан шатны шүүхээс 4 жил 1 сараар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хоёрны 1-ээс доош татаж 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд  хохирогч Х.Мөнхжаргал нь хохирлоо хэрхэн хүлээж авч тооцсон, шүүгдэгчийн аав ээж нь хохирогчийн малыг малласан, цалин хөлсөнд нь суутгаж хохирлыг бүрэн барагдуулсан талаараа мэдүүлсэн, хохирогч  Б.Хадбаатарт төлөх 1,300,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг шүүх хуралд ирүүлсэн байгаа. Шүүгдэгч Д.Буянхишигийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2-8 жилийн хорих ялтай хэргүүд байгаа. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх гол асуудлыг зааж өгсөн. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “Учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялын доод хэмжээ 2 жил, дээд тал нь 8 жил байгаа. Энэ хэрэг дээр хамгийн доод хэмжээ буюу 2/1-ээс багагүй ялаар шийтгэж, хөнгөрүүлэх үндэслэл байгаа. Улсын яллагч тайлбартаа өмнө нь ял шийтгэгдэж байсан, гомдлыг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй гэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал болгож авч хэрэглэхийг хориглосон зохицуулалтай. Иймд давж заалдах шатны эрх хэмжээ, мөн хуулийн энэрэнгүй байх зарчим, М.Буянхишиг нь гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байгаагаа мэдүүлэгтээ дурдсан, мөн хохирогч нарын учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2/1 болгож ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

6. Хохирогч Х.Мөнхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Буянхишигийн аав, ээжээр нь өөрийнхөө малыг маллуулаад хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй гэв.

7. Прокурор Н.Энхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлгүй. Тухайн зүйл хэсэгт заасан хэргүүд нь 2-8 жилийн хорих ялтай хэргүүд байна. Хулгайлах хэрэгт 2 жил 1 сар, мал хулгайлах хэрэгт 2 жилийн ял оногдуулж, нэмж нэгтгэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Ямар үндэслэлээр хөнгөрүүлье гэж байгаа юм. Энэ нь өөрөө  хөнгөрүүлэх хамгийн доод хэмжээ гэж үзэж байна. Шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэх үндэслэл болохгүй байна. Гаргаж өгсөн баримт нь анхан шатны шийтгэл тогтоолоор ял оногдуулах үед төлөөгүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

     Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Прокуророос шүүгдэгч М.Буянхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Буянхишигт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.Буянхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхээр завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Буянхишигт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 2 жил 01 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 2 дахь хэсгийг журамлан нэмж нэгтгэн, нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт оногдуулсан 4 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.Хадбаатарт, 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Мөнхжаргал тус тус олгож, шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Буянхишиг “Х.Мөнхжаргалын хохирлыг төлсөн байхад төлөөгүй гэж дүгнэсэн, хохирогч Б.Хадбаатарын хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлнө. Иймд миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлж барагдуулж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч М.Буянхишиг нь тээврийн хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 6 тооны хонийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:                                     

хохирогч Б.Хадбаатарын “2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бууцаа эргэтэл бууцанд байсан мотоциклын урд дугуй, урд 2 амортизатор, мотор, усны тэрэгний 2 дугуй, машины багажид байсан мотоциклын мотор, усны помпны мотор зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар 31-ний өдөр бууцан дээрээ иртэл тэнд байсан миний өөрийн эзэмшлийн 89-09 УНР улсын дугаартай Тоёота Ноаh маркийн тээврийн хэрэгслийн ард талын багажны шилийг хагалж дотор нь байсан том аккумуляторыг гаргаад тавьсан, хажууд нь байсан машины дугуйг задлаад үл таних 20 гаран насны 1 залуу сууж байсан. Тэгээд тэр залууг би “чи яах гэж байгаа юм бэ, яагаад миний эд зүйлийг эвдээд, задлаад сууж байгаа юм бэ” гээд асуусан чинь юу ч дуугарахгүй байсан. Манай сумын Мөнхбат гэх хүний хүүхэд Буянхишиг гэдэг залуу байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

          хохирогч Х.Мөнхжаргалын “Манайх 2024 оны 09 сарын 06-нд хүүхдийн үс үргээчхээд 09 сарын 08-ны өдөр малаа тоолоход манайхаас 5-6 хонь дутсан байхаар ойр хавийн айлуудаар нэлээд хоног эрж хайж явсан. Хэд хоногийн дараа Ж.Мөнхбатын "Дөрвөлжин" гэх бууцны зүүн хойд жалганд манай малын арьс гэдэс нь булаатай, зарим нь ил байсан. Тэгээд Ж.Мөнхбат, Ж.Отгончимэд нарт үзүүлээд энэ бол тодорхой юм боллоо гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/

          Гэрч О.Мөнхзулын "...2024 оны 09 сарын 10-ны үеэр гэртээ хүүхдээ хараад байж байтал М. Буянхишиг орж ирснээ “аймаг яваад өгчих” гэхээр нь “за тэгье, ирж очихын 80,000 төгрөгөөр явна шүү” гээд тэдний баруун хашааны амбаар дотроос хонины гулууз 5, 6 ширхгийг ачаад аймаг явсан. Аймаг дээр Отгонцэцэг гэдэг ченж дээр очсон чинь үнэр орсон байна гээд аваагүй, дараа нь зах руу очиж махны хэдэн ченжид үзүүлтэл муудсан байна гээд аваагүй. Захын ченж нараас утасны нэг дугаар авч яриад Өндөр ээж үйлчилгээний газраас баруун урагш засмал замын урд блокон хашаан дотор 1 хүнд үзүүлтэл бас голж байснаа килограммыг нь 4000 төгрөгөөр авбал авъя гэхээр нь өгсөн. Буянхишиг надад 1 гулуузыг нь зардалд өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 173-174-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

           Гэвч анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Тухайлбал: анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Буянхишигт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар уг зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь шийтгэх тогтоол, хууль ёсны, эргэлзээ төрүүлэхээргүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Буянхишигийн бусдын машины цонхыг хагалж эд зүйл авсан нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хэрэгсэхгүй болгох, хөнгөрүүлэн өөрчлөх хоёрдмол агуулга бүхий шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг “Ширээ цав гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс хохирогч Б.Хадбаатарын эзэмшлийн эд зүйлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хулгайлахыг завдсан үйлдлийг прокурор үргэлжилсэн үйлдэл, завдалт гэж үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

           Өөрөөр хэлбэл үргэлжилсэн үйлдэл нь 2 ба түүнээс дээш удаа байхыг шаардах бөгөөд шүүгдэгчийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд хамааруулан зүйлчилсэн атлаа давхардуулан завдалтаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгч М.Буянхишиг нь хохирогч Б.Хадбаатарт 1 сая төгрөг, хохирогч Х.Мөнхжаргалд 1,330,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна нийгэмшүүлэх зорилгыг агуулдаг бөгөөд шүүгдэгч нь 23 настай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт холбогдуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчилсүгэй” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь  “Шүүгдэгч Малчин овгийн Мөнхбатын Буянхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

4 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Малчин овгийн Мөнхбатын Буянхишигт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй гэж,

5 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Буянхишигт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

6 дахь заалтыг бүхэлд нь "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

7 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсний дараа “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын 1, 8, 9  дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Буянхишигийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хассугай.

3. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Буянхишигт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Г.МӨНХБАТ