Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

            Хохирогч: Г.Г,

            Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт П-ийн А-т холбогдох 1835001660112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Хилчин хотхоны 30 айлын 10 тоотод оршин суудаг, регистрийн дугаар КЮ77091365, Х ургийн овогт П-ийн А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч П.А нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт хохирогч Г.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч П.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.А нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутаг дэвсгэр, Хилчин хотхоны 20 айлын орон сууцны гадна талбайд хохирогч Г.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 4 сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын үед гэртээ байж байтал манай том хүү Т гаднаас уйлчихсан орж ирэхээр нь юу болов гэхэд Хангалын ээж намайг хүмүүжилгүй балай юмнууд наад тоглоом дээрээсээ буу гээд элдвээр хэлээд тоглуулахгүй байна гэсэн. Тухайн үед би зурагтын суваг солиод байж байсан болохоор удирдлага барьсан чигээрээ хүүхдээ дагуулж гараад харахад А эгч хүүхдийн тоглоомын хажууд байж байсан. Тэгээд би та яахаараа хүүхэд уйлуулчихдаг юм гэхэд битгий хуц чи хүмүүжилгүй хүүхдээ татаж ав гэж хэлсэн. Урьд нь бас хүүхдээс болж маргалдаж намайг үснээс зулгааж цохиж байсан болохоор би та битгий давраад байгаарай, урьдны чинь асуудал дээр би дуугай өнгөрсөн шүү гэхэд чам шиг юм байтугай бусад нь надтай юм яриагүй шүү гээд хүлээж аваагүй. Тэгээд миний хувцас болон үснээс зулгаахаар нь эргэж харахад над руу маажих гээд дайрахаар нь удирдлага барьж байсан гараараа гарыг нь хажуу тийш холдуултал миний зүүн нүдний дээд хэсгээс халуун бүлээн юм дагаж урсахаар нь гараараа хүрэхэд цус байсан. Намайг үсдэж доош дарж газар унагаад эхэлж баруун талын гуя руу өшиглөөд дараа нь зүүн гуя руу өшиглөсөн. Тухайн үед би А эгчийн өөдөөс ямар ч хариу үйлдэл хийгээгүй байтал миний хэвлийн хэсэг рүү 2 удаа өшиглөхөд их өвдсөн бөгөөд хэсэг хугацаанд ямар ч хариу үйлдэл хийлгүй ёолж хэвтэхэд А эгч миний үснээс үсдсэн байсан гараа тавьсан юм. Миний уур хүрээд босч ирэхэд дахин над руу үсдэх гэж дайрахаар нь би өөрийгөө хамгаалах гэж урдаас нь самардаж байгаад үснээс үсдэж авсан. Бид бие биенийхээ үснээс үсдээд хоорондоо хэрэлдэж байтал цэргийн ангид ажилладаг ахмад А гэх ах ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс А, Б, Ү нар манайд ирээд нөхцөл байдлыг хараад явсан. Мөн С гэх сувилагч ирж миний духан дээр шалбарсан шархыг цэвэрлэж бинт наагаад эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэж хэлээд явцгаасан” /хх-ийн 25-27 тал/ гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” “Манайх Баруунтуруун суманд 2017 оны 11 сард ирсэн, одоо 6 сар болж байна. Би үсчингийн мэргэжилтэй. П.А эгч өмнө нь намайг гуйж хүүхдийнхээ үсийг засуулчихаад дараа нь хүүхдийн үс халзлаад хаячихсан байна гээд намайг элдвээр доромжилоод ...үсдэж аваад нуруу, гар луу 2-3 удаа цохиж байсан удаатай. Энэ хэргээс болж би сэтгэл санаа, бие махбодоороо хохирч байна. Энэ хүн өөрийн буруугаа ойлгохгүй, гадуур намайг элдвээр хэлээд өөр хүнтэй явдаг гэж хүртэл гүтгээд явж байна. Манай нөхөр хүртэл хоолноос салах дээрээ тулаад байна. Үр хүүхэд минь энэ хүнээс айгаад гадаа тоглож чадахгүй хохирч байна. Би хохиролд өмгөөлөгчийн зардал 300,000 төгрөг, эм тарианы зардал 35228 төгрөг, шинжилгээ хийлгэсний төлбөр 8000 төгрөг, зураг угаалгасны 5000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, нүдний уг дурандуулсны 10000 төгрөг, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсний 20000 төгрөг, унааны зардал 120000 төгрөг, нийт 501,228 төгрөг нэхэмжилнэ. Мөн өөр бусад хохирлын баримтаа бүрдүүлж чадаагүй тул иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,  

гэрч Э.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2-р тасгийн дарга хошууч Ю-гийн гэрийн гадна 2 хүн бие биетэйгээ татаж, түлхэлцээд байсан, дөхөж ирээд харахад А эгч, Г нар байсан ба бие биетэйгээ түлхэлцэж хэрэлдээд байсан. Намайг болиулахаар очих хооронд бие биенийхээ үснээс үсдээд тонгойчихсон байхаар нь та 2 ингэж болохгүй тавьцгаа гэхэд тэр хоёр нэг нэгээ чи эхэлж гараа тавь гээд тавилцахгүй хоорондоо хүүхдийн талаар хэлж, чи хүний гаргадаггүй юм гаргачихсан юм уу гээд хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгах гэж 2-3 минут орчим оролдож та хоёр намайг 1-3 хүртэл тоолоход гараа зэрэг тавиараа гэж аль алинд нь хэлж байж 1-3 хүртэл 2 удаа тоолж 2 дахь дээр салгасан. Тэгээд тэр хоёрыг салгаж өндийлгөхөд Г-гийн нүүрний хаанаас нь гарсан нь мэдэхгүй нүүр нь цус болчихсон байсан” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2018 оны 4 сарын 22-ны өдөр үдээс хойш ажил дээрээ байж байтал цэргийн сургалт сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга хошууч Ю миний өрөөнд орж ирж манай эхнэр, штабын даргын эхнэр 2 хоорондоо зодолдсон байна. Та ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүмүүстэй очоод газар дээр нь үзээд ирээч гэж хэлсэн. Би эмэгтэйчүүдийн зөвлөлийн Ч.Б, М.Ү нарын хамт Хилчин хотхоны 20 айлын орон сууцны 12 тоотод оршин суух хошууч Ю-гийн гэрт очиход гэрийн хаалга нь онгорхой байсан бөгөөд ороход эхнэр Г.Г нь уйлаад сууж байсан. Бидэнд штабын дарга М-н эхнэр бид хоёр хүүхдийн асуудлаас болж хоорондоо маргалдаад намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед Г-гийн дух нь зүүн нүдний дээд хэсэгт шалбарч цус гарч хатсан байгаа харагдсан...” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тухайн үед бид нарт П.А эгч намайг хэвлийн доод хэсэг рүү өшиглөсөн хөндүүрлэж байна гэж хэлэхээр нь бид нарыг очоод байж байтал ангиас ирсэн сувилагч С-г би Г.Г-г дагуулж хөшигний араар ороод биед үзлэг хийчих гэхэд С хөшигний араар оруулж үзлэг хийж гарч ирээд хэвлийн доод цавь хэсэгтээ хавдартай байна гэж хэлж байсан” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Ү-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Г-гийн дух нь зүүн нүдний дээд хэсэгт шалбарч цус гарч хатсан, баруун хацар улайж бага зэрэг хавдсан байгаа нь харагдаж байсан бөгөөд өөрөө А эгч над руу чулуу шидээд толгой хагалчихлаа гэж хэлж байсан юм. Мөн Г.Г бид нарт босохоор цавь руу өвдөөд байна гэж хэлж байсан ”/хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.С-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Биеийн ерөнхий үзлэгээр духны зүүн хэсэгт хөмсөгний дээр 0,8-1 см хэмжээтэй өнгөц зүсэгдсэн шархтай байсан ба өөрөө миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн болохоор өвдөөд эмзэглэлтэй байна гэхээр нүцгэн биений үзлэг хийхэд баруун умдагны ясанд овойж бага зэрэг газар хавдсан, аль гар нь гэдгийг санахгүй байна бугалга хэсэгтээ жижиг жижиг газар шалбарсан шарх байсан. Намайг Г.Ггийн гэрт ороод биед нь үзлэг хийж байхад Г надад А намайг хүүхдээс болж маргалдаад газар унагаад өшиглөж дэвссэн гэж хэлж байсан”/хх-ийн 38-39 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид тухайн өдөр хүүхдүүдээ өмөөрч зодолдсон. Г-гийн хүүхэд нь манай хүүхдийг байнга элдвээр хэлдэг. Би олон удаа тэвчиж байгаад нэг удаа манай хүүхдийг ална шүү гээд байхаар нь чи яасан хүмүүжилгүй хүүхэд вэ, дандаа хүүхэд элдвээр хэлж байх юм гэж хэлчихээд гэр лүү явж байтал Г ард “ална шүү гээд” байж байсан. Үүнээс болоод ийм асуудал болсон. Гэхдээ би Г-г зодоогүй. Намайг үсдэхээр нь зөрүүлээд үсдсэн. Хохирогчийн мэдүүлэгт үндэслэлгүй зүйл маш их байна. Би Г-г бодвол жижиг биетэй, 10 гаруй насаар эгч хүн. Г намайг бодвол залуу бяртай, тэнхээтэй хүн байгаа юм. Хилчин хотхоны ойролцоо тийм том чулуу огт байхгүй, чулуу шидэж толгой хагалсан гэж байгаа нь үндэслэлгүй, өөрөө удирдлагаараа цохичихсон. Анх манай нөхөр бид хоёр Булган аймгийн Түшиг суманд ажиллаж байхад Г.Г нөхөртэйгээ шилжиж ирээд 3 сар гаруй хамт ажиллаж байсан. Тэгээд манай нөхөр Г.Г-гийн нөхрийг Баруунтуруунд авч ажилуулсан. Манай нөхөр намайг эхнэрт нь тусалж дэмжиж байгаарай гэхээр нь зөндөө тусалж дэмждэг байсан. Г.Г-г эмнэлэгт хэвтчихсэн эргэх хүнгүй байхад эргэж, 2 хүүхдийг нь хүртэл харж өгдөг байсан. Г надаас мөнгө зээлээд би зээлдсэн мөнгөө авъя гэхэд манайх руу оруулаад шидэж байсан удаатай. Бас энэ хавар шөнө нилээд орой болчихсон байтал надаар маникюр хийлгэнэ гээд, би шөнө маникюр хийдэггүй юм маргааш болъё гэхэд гуйсаар байгаад шөнө 4 цаг хүртэл хийж өгсөн. Гэтэл удалгүй нөгөө хийлгэж авсан хумс нь уначихлаа гэхээр мөнгө авалгүй өөр шинэ хумс хийж өгч байсан. Тэгээд дараа нь би манайд орж ирээд хүүхдийн үс засаад өг гэхэд гэж гуйгаад засуултал манай хүүхдийн үсийг урд, ард талаас нь ухаад хаячихсан байхаар нь би Гд чи яагаад хүүхдийн үсийг урд, ард талаас нь ухаад хаячихаж байгаа юм чи урьд нь гэмгүй л засдаг байсан биз дээ гэж хэлэхэд сүртэй шүү дээ ямар ургадаггүй үс биш  гэж хэлсэн. Өөрөө зан араншингийн хувьд бусадтай таарч тохирдоггүй, байнга хэл ам хийж явдаг. Би өөрөө хагалгаанд орох гэж байгаа тул санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Баримтаар тогтоогдсон хохирлыг нь төлнө. Би Г.Г-той эвлэрлэх гэж их хичээсэн.” гэх мэдүүлэг, баримтуудаар 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч, хохирогч нар өөрсдийн амьдардаг Хилчин хотхоны гадна талбайд хүүхдийн асуудлаас /хүүхэд гадаа тоглуулахгүй уйлуулчихсан байна гэх/ болж маргалдаж эхэлсэн байх ба улмаар үл ойлголцон шүүгдэгч П.А нь хохирогч Г.Г-г үсдэж доошоо газар унагаад баруун, зүүн талын гуя руу, дараа нь хэвлийн доод хэсэг рүү өшиглөж зодсон үйл баримт нотлогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.Г, шүүгдэгч П.А нар хүүхэд гадаа тоглуулсангүй гэж маргалдснаас гадна тэдгээрийн хооронд урьд өмнө маникюр дутуу хийснээс гарын хумс уначихлаа, хүүхдийн үс онцгүй заслаа гэх маргаан гарч байсан буюу хувийн таарамжгүй харилцаа даамжирсан явдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч П.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Г-гийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, зүүн нүдний дээ зовхи, хуйх, баруун тохой, умдаг, баруун гуя, өвдөг, баруун шилбэнд цус хуралт , зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ард цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 тал/-ээр тогтоогдсон.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шинжээчийн 318 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

      2. Шүүгдэгч П.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч нар нь “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эм тарианы зардал 35228 төгрөг, шинжилгээ хийлгэсний төлбөр 8000 төгрөг, зураг угаалгасны 5000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, нүдний уг дурандуулсны 10000 төгрөг, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсний 20000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 300.000 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 120000 төгрөг, нийт 501.228 төгрөг нэхэмжилнэ. Баруунтуруун сумаас ирж буцсаны зардлын баримтыг бүрдүүлж амжаагүй байгаа тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувиллуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүх баримтаар тогтоогдсон зайлшгүй зардал болох эм тариа авсан зардал 25.228 төгрөг, шинжилгээний төлбөр 8000 төгрөг, зураг угаалгасны 5000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, нүдний уг дурандуулсны 10000 төгрөг, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн 20000 төгрөг, нийт 71.228 төгрөгийг шүүгдэгч П.А-аас гаргуулж, хохирогч Г.Г-д олгох эрх зүйн үндэслэлтэй байна.

Мөн хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор Увс аймгийн Баруунтуруун сумаас Улаангомд ирсэн, Улаангомоос Баруунтуруун сум руу буцсантай холбоотой тээврийн зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зардал гэж нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 300.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Б, Д.С, Л.Л нарын мэдүүлэг, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, авто тээврийн үндэсний төв 2018 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн лавлагаа, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд /хх-ийн 42-44 тал, 58/–аар шүүгдэгч П.А нь 64-95 УНХ улсын дугаартай Тоуота Ipsum загварын авто тээврийн хэрэгсэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дугаар багийн Усжуулах хилийн хороололд, ам бүл-3, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан шүүгдэгч П.А-т хуулинд заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.А-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн, хураагдан ирсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овгийн П-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ургийн овгийн П-ийн А-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

4. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн, хураагдан ирсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 71.228 төгрөгийг шүүгдэгч П.А-аас гаргуулж хохирогч Г.Г-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар П.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА