| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/10389/И |
| Дугаар | 192/ШШ2025/10327 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10327
2025 оны 12 сарын 01 өдөр 192/ШШ2025/10327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******, 10 тоот хаягт оршин суух Монгол овогт Данзанжамцын Дарьсүрэн (РД:ЖН71122063)-ийн хүсэлттэй,
Иргэний үнэмлэх болон бусад нийгмийн харилцаанд оролцдог бичиг баримтыг буруу бичсэнийг зөвтгөх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Гэрч *******,*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүн боловч иргэний үнэмлэхийг маань олгохдоо 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрснийг 03 дугаар сарын 19-ний өдөр бүртгэв гээд биччихсэн байгаа. Тухайн үед төрснөөс нэг сарын дараа гэрчилгээг нь авдаг байсан. Би үүнийгээ тоохгүй яваад байсан боловч тэтгэвэрт гарах дөхсөн тул үүнийгээ тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч *******,******* нараас мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч *******гийн иргэний үнэмлэх болон бусад нийгмийн харилцаанд оролцдог бичиг баримтыг буруу бичсэнийг зөвтгөхийг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1.*******г 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Магадсүмийн Данзанжамц, Раднаагийн Лхамсүрэн нарын дундаас төрсөн болохыг 1971 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүртгэжээ. (Хавтаст хэргийн 4 дэх тал)
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, 10 тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өндөр настны тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор төрсөн огноог зөвтгүүлэх шаардлагатай болсон учир шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
5.1.Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаанд “Төрсөн он, сар, өдөр: 1971-12-20, Бүртгэсэн он, сар, өдөр: 1971-03-02” гэж дурдсан, гэрч ******* “...Миний төрсөн дүү Мажигийн Цэцэгсүрэн нь 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Манай ээж одоо 94 настай хөгшин байдаг. Миний дүү болон нэхэмжлэгч нар 2 цагийн зайтай төрсөн гэдэг…”,******* “…Бид айл, аймаг байсан. *******г гарч байхад би 7, 8 настай байсан болохоор мэднэ л дээ. Нэхэмжлэгч над руу залгаад, би гэрчилгээ авахдаа төрсөн өдрөө 12 дугаар сарын 20-ны өдрөөр бүртгүүлсэн байдаг гэсэн. Мажиг гуайн Цэцэгээ энэ хоёр чинь 02 дугаар сарын 20-ны өдөр цуг төрсөн гэдгийг бид нар мэддэг…” гэж тус тус мэдүүлснийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч *******гийн төрсөн огноог 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж бүртгэсэн нь алдаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж зааснаар нэхэмжлэгч *******г 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Монгол овогт Данзанжамцын Дарьсүрэн (РД:ЖН71122063)-ийг 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД