| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0107/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.8.2., 17.8.3.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Б.У, Ч.Н,
Улсын өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 3.1, 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ын М-т холбогдох эрүүгийн 1835001000107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, регистрийн дугаар ОС93110214, Б овгийн П-ын М.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдснээр/ Шүүгдэгч П.М нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт төрсөн эгч П.Б-ийн байшинг шатгаах зорилгоор олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар буюу гал тавьсаны улмаас хохирогч П.Б-д 12.673.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Н-ийн 17.304.500 төгрөгний, хохирогч П.Д-д 15.062.980 төгрөгний, хохирогч Б.У-т 21.710.133 төгрөгний, хохирогч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 992.400 төгрөгний нийт 67.743.013 төгрөгний хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан, 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Шинэцэцэгийг хүчиндэхийг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
- Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд:
Шүүгдэгч П.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой согтуугаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг дэвсгэр, Байшинт хороололд байрлалтай 4 айлын нийтийн сууцанд гал тавьсан, үүний улмаас хохирогч Б.У-т 21.710.133 төгрөгний, Ч.Нт 17.304.500 төгрөгний, П.Д-д 15.062.980 төгрөгний, П.Б-д 12.673.000 төгрөгний, хохирогч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 992.400 төгрөгний хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч Б.У-ийн хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх хөдөө мал маллаж амьдардаг боловч сумын төвд өөрийн гэсэн хашаа байшинтай болохоор шийдээд 2017 оны 8 дугаар сард Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат Г.Н гэдэг хүнээс бэлэн 7 сая төгрөгөөр хашаа байшин худалдаж авсан. Манай худалдаж авсан хашаа байшин нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын ар булаг багийн нутаг байшинт хороололд байрлалтай, 4 тал руугаа харсан 4 айлтай нийтийн орон сууц байсан. ...2018 оны 03 сарын 17-ны өглөө Цагаанхайрхан сумын төвөөс Н гэдэг хүн ирээд өнгөрсөн шөнө сумын төвд гал түймэр гарсан. Танай байшин шатсан гэж хэлсэн. Би тэр дороо Цагаанхайрхан сумын төвд ирэхэд манай байшин болон дотор нь байсан бүх өмч хөрөнгө маань шатсан байсан. Анх байшин худалдаж авах үед Н хэлэхдээ байшингийн гэрчилгээ банкинд байгаа банкнаас авч өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл авч өгөөгүй. ...Энэ хэргийн улмаас манай гэрт байсан эд зүйл бүгд шатаж устсан. Тийм болохоор би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс үнэлгээний компанийн тогтоож өгсөн хохирлыг нэхэмжлэнэ. Мөн дээрээс нь оёдлын машин, мөнгөн тоногтой хазаар, баяд эмээл, мөнгөн аяга бичиг баримт дахин авахад гарах зардал мөнгийг нэхэмжлэнэ.” /1-р хавтас хэргийн 27-31 тал/ гэх мэдүүлэг,
хохирогч Ч.Н-ийн хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”...Би 2011 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Э гэдэг хүнээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг байшинт хороололд байх 2 өрөө орон сууцыг 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, Би 2017 оны 7 дугаар сард өөрийнхөө байшинд 5 сая төгрөгний урсгал завсар хийсэн тэр хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Би байшиндаа ганцаараа амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой өөрийн зээ хүү Д.Амартүвшингийн /12 настай/ хамт хонож байтал оройн 22 цагийн орчим Д.А утаа үнэртээд байна гэж хэлэхээр нь би “хүн битгий айлгаад бай, хаанаас утаа үнэртэх юм” гэж хэлчихээд гутлаа өмсөх гээд доошоо донгойх үед шалны завсараар утаа гарч эхэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд Д.А-г дагуулаад хаалгаар гарах гэтэл манай үүдний өрөө шатаж байсан. Би буцаад А-г дагуулаад байшингийнхаа цонхыг нээх гэтэл нээгдэхгүй байсан учраас модон шкабны татуургыг сугалж аваад цонхоо хагалсан. Тэгээд би зээ хүүгээ дагуулаад цонхоор гэрээсээ гарсан. Би цонхоор гэрээсээ гарсанаа мэдэж байгаа боловч цаашид юу болсныг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан их олон хүн ирчихсэн гал унтраах гэж оролдож байсан боловч унтрааж чадаагүй, тэр их гал дотор би гэрээсээ юу ч авч гарч чадаагүй, зөвхөн өмссөн хувцастайгаа л хоцорсон. Тэр гал түймэрээс болоод манай байшин бүхэлдээ шатаж дууссан... Энэ хэргийн улмаас манай гэрт байсан эд зүйл бүгд шатаж устсан. Тийм болохоор би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс үнэлгээний компанийн тогтоож өгсөн хохирлыг нэхэмжлэнэ. Мөн дээрээс нь оёдлын машин, мөнгөн тоногтой хазаар, гаанс, бичиг баримт дахин авахад гарах зардал мөнгийг нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 33-36 тал/,
хохирогч П.Д-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би Байшинт хороололын 9-11 тоот хашаанд хувийн байшинтай байсан. Манай байшин нь зочны өрөө, гал тогооний өрөө, 2 коридор, эд зүйл хадгалах зориулалт бүхий таамбарын өрөө гэсэн бүтэцтэй, 40 метр квадрат хэмжээтэй байшин байсан. Манай байшин нь 4 талаасаа 4 айл амьдардаг нийтийн орон сууц бөгөөд би байшингаа 1992 оны үед 60 хонь, 6 үхэрээр худалдаж авч байсан. Манай байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр байдаг. Би тэр гэрчилгээг өөрийн хүү Г.Б-ын гэрт хадгалуулсан байсан учраас гал түймэрт шатаж, усталгүй үлдсэн. Би 2016 оны 10 дугаар сард байшиндаа иж бүрэн засвар хийсэн. Би байшингийнхаа дээврийг шинээр төмөрлөсөн, мөн гадна талын хананд нь хөөсөнцөр, шилэн хөвөн тавьж байгаад төмөрлөсөн. Бас дотор талын хана, шал, таазанд урсгал засвар хийсэн. Тухайн үед би байшиндаа нийт 8.000.000 /найман сая/ төгрөгний засвар хийсэн юм. ...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой би гэртээ ганцаараа байж байгаад 21:00 цагийн орчимд унтахаар хэвтсэн. Би гэртээ ганцаараа унтаж байтал миний хүү Г.Б манайд орж ирээд, намайг дуудаж сэрээсэн. Г.Б намайг дуудаад “Танай байшин шатаж байна. Хурдан гараарай” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хүү Г.Б-ыг дагаад гэрээс гарахад манай байшин П.Б-ийн байшингийн таамбар, үүдний коридор хэсгээсээ шатаж эхэлсэн байсан. Манай байшин нь П.Б, Б.У, Ч.Н нарын байшинтай залгаа байдаг, нийтийн орон сууц юм. Тэгээд би өөрийн хүү Г.Б болон сумын иргэдтэй хамтарч гал түймрийг унтраах гэж ус, цас, шороо цацсан боловч галыг унтрааж чадаагүй бөгөөд П.Б, Б.У, Ч.Н бид нарын байшин бүхэлдээ шатаж дууссан. Гал түймэр унтрааж байхад тэнд байсан хүмүүс “П.М архи уучихаад, гэрийнхэнтэйгээ маргалдаад, энэ гал түймрийг тавьсан байна” гэж ярьж байсан. ...Энэ хэргийн улмаас манай гэрт байсан эд зүйл бүгд шатаж устсан тул үнэлгээний компанийн тогтоож өгсөн хохирлыг нэхэмжлэнэ. Мөн дээрээс нь оёдлын машины хохирлын мөнгө болох 550.000 төгрөгийг мөнгийг нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 38-41 тал/,
хохирогч П.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би байшингаа 2017 оны хавар өөрийн найз Алтандуулгаас 7.5 сая төгрөгөөр худалдан авсан юм. Хашаа байшингийн үнийг бүрэн төлөөгүй, одоо 1 сая төгрөг А-д өгөхөөр тохиролцсон байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь А-д байх ёстой. Газрын гэрчилгээ шилжүүлж аваагүй юм. ...Би тухайн үед Улаанбаатар хотод байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын дундуур миний ээж Д надруу утсаар яриад М хэд хоног архи уугаад агсан согтуу тавиад байшин шатаана гэхээр нь аргалж байж явууллаа. Дээд байшинг шатаана гэж хэлээд гараад явчихлаа гэж хэлсэн. Удалгүй ээж дахин утасдаж ойрхон юм шатаж байна гэж хэлсэн юм. Тэгтэл манай байшинг шатаасан байсан. М согтуу ирж ээжийн байшинг шатаана хэмээн үүдэнд бензин асгахаар нь арай шатаалгахгүй шүдэнзийг нь булааж аваад хориглоход гүйгээд явчихсан байсан. Би энэ бүхнийг ээжээсээ сонссон юм” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 43-45 тал/,
хохирогч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Намайг амарч байх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан суманд гал түймэр гарч, манай компанид хохирол учирсан байсан. Тухайн үед манай компаний ерөнхий инженер С.Г, техник хяналтын инженер Б.Б нар Увс аймгийн Цагаанхайрхан суманд ажлаад Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 1365000 /нэг сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгний хохирол учирсан гэж акт тогтоосон байсан. Техникийн комиссын актанд дурьдсанаар 3*35-ын голчтой, 210 метр СИП кабель, 6 ширхэг кабелийн зажем, 3 ширхэг кабель баригч шатаж, устсан байсан. Мэргэжлийн үнэлгээний компанийн үнэлгээгээр манай компанид 992400 /есөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгний хохирол учирсан байна. Би тухайн гал түймрийг тавьсан буруутай этгээдээс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний хохиролд 992400 /есөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 50-52 тал/,
гэрч В.Д-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед миний хүү М гэртээ архи уучихсан орж ирээд охин дүүгээ ална барина гээд орилж чарлаад болохгүй болохоор Мын дүүг гэрээс гаргаж ээжийндээ оруулсан. Гэтэл М дүүгээ ална гээд гарахаар нь араас нь гараад ээжийнд ороход ээжийн гэрт М багш байсан ба Мягмагбаярыг дүүгээ ална гээд хөөгөөд байхаар М дагуулаад манай гэрт оруулсан юм. Тэгээд би өөрийн зээ хүү У луу залгаж М агсам тавиад байна ирээд амраагаад өгөөч гэж гуйсан. У ээжийнд орж ирээд М гэрээ шатаана гээд даавуу шатахаар нь би шүдэнзийг нь авчихлаа, гэтэл М дээшээ эгчийнхээ байшинг шатаана гээд явлаа гэж хэлэхэд М багш тухайн шатаана гээд явсан байшингийн нөгөө талд амьдардаг Магнайбаярын охин руу утсаар залгаад М байшин шатаана гээд согтуу явлаа юмыг яаж мэдэх вэ гараад хараарай гэж хэлсэн. П.М-ыг явсаны дараа Ууганбаяр “М буцаад хүрээд ирэх байлгүй. Би шүдэнзийг нь булаагаад авчихлаа” гэж хэлсэн. П.М өөрөө “би та нарыг ална. Тэр байшинг чинь шатаана шүү. Та нарыг өрөнд оруулна” гэж орилоод байсан. Би П.М-ыг арай тийм зүйл хийхгүй байх гэж бодсон. Би өөрийн хүү П.М-ыг тийм зүйл хийнэ гэж огт бодоогүй. М нь өнөөдөр 4 айл өрхийг орох оронгүй болгочихсон байгаад үнэхээр их харамсаж явдаг. Хэдий миний төрсөн үр боловч маш их хэрцгий догшин хүн болсонд эхийн хувьд харамсаж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-65 тал/,
гэрч Г.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд би гэртээ байж байгаад бие засахаар гарахад манай ээж Д-гийн байшин шатаж байсан. Тэр байшин 4 талдаа айл амьдардаг, нийтийн орон сууц бөгөөд намайг анх харахад тухайн байшин баруун хойд талын өнцөг талаасаа буюу П.Б-ийн байшингийн үүдний таамбар талаас шатаж эхэлж байсан. Би тэр дороо гүйгээд өөрийн ээж Д-гийнд орж байшин шатаж байгааг хэлчихээд түймэрийг унтраахаар оролдож эхэлсэн. Тухайн гал түймэрийг унтараахаар би хамгийн түрүүнд очсон бөгөөд байшин хуурай модоор хийгдсэн, галын тархалд ихэссэн байсан учраас гал түймэрийг гараар, ус цацаж унтраах боломжгүй байсан. Намайг очсоны дараа нутгийн хүмүүс ирсэн бөгөөд бид нар бүгдээрээ нийлээд гал түймэрийг унтраах гэсэн боловч чадаагүй. Харин бид нар гал түймэрийн тархалтыг ихэсгэхгүйн тулд ойр орчины хашаа, амбаар зэргийг нурааж гал түймэр гарч байгаа байшингаас холдуулсан. Бид нар гал түймэрийг унтраах арга хэмжээ тасралтгүй авсан боловч гал түймэр нь унтрахгүй, байшин бүхэлдээ шатаж дууссан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-67 тал/,
гэрч Д.Э-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын орчим би гэртээ өөрийн хүү Н.Ө-ын хамт байж байтал Цагаанхайрхан сумын харъяат М гэгч нь манай хаалгыг цохисон. Тэгээд миний хүү Ө хаалгыг тайлж өгөхөд М зогсож байсан бөгөөд М нь “байшин руугаа орох гэсэн юм гэрэл байна уу шүдэнз байвал өгчих” гэхээр нь миний хүү нэг хайрцаг шүдэнз авч өгсөн. М манайд орж ирэлгүй үүдэн дээрээс шүдэнз аваад цаашаа эргээд явсан. Тэрнээс хойш 10-20 минутын дараа би бие засахаар гарахад манай урд талын байшин шатаж байсан. Намайг харахад Б-ийн байшингийн тамбарын хэсгээс гал түймэр шатаж эхэлж байсан ба бусад байшингууд мөн шатаж эхэлж байсан. Тэр байшинд Д, М, Н, Б нарын айлууд байдаг, 4 айлын байшин бүхэлдээ шатаад дууссан. Миний ойлгосноор М манайхаас шүдэнз авч гараад удалгүй ийм асуудал болсон учраас М-ыг гал түймэр тавьсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 70-71 тал/,
насанд хүрээгүй гэрч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байтал нэг хүн хаалга цохихоор нь явж очоод хэн бэ гэж асуухад М ах нь байна, гэсэн тэгээд яах гэсэн юм бэ гэхэд гэрлүүгээ орох гэсэн юм гэрэл байвал өгөөч гэхэд би гэрээсээ нэг шүдэнз өгч явуулсан. Тэгээд удалгүй зурагтаа үзээд сууж байтал манай дүү гэрээсээ гараад ирээд манай урд талын айл шатаж байна гэхэд гарахад манай урд талын айл шатаж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 72-73 тал/
гэрч Ц.М-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “...би эхлээд Мыг Ц эгчийнхээс дагуулж гараад өөрийнх нь гэрт оруулсан. Тэгээд би буцаад өөрийнхөө гэрт ороод байж байтал М манайд орж ирээд Н хаана байна гэж асуучихаад гарсан. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа буюу 22 цаг болох гэж байхад гадаа гудамжинд Мын дуу гараад байшинг чинь шатаана гээд орилоод байхаар нь би Ц эгчийн гэрт ороход Д эгч М байшин шатаана гээд дээшээ гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Би Мыг арай тийм зүйл хийхгүй байх гэж бодоод араас нь яваагүй. М нь архи уусан байсан боловч тэгж их ухаанаа алдтал согтоогүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 74-77 тал/,
насанд хүрээгүй гэрч Д.А-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн”... 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн үед би эмээтэйгээ хамт эмээгийн байшинд байж байтал гэнэт утаа үнэртсэн. Тэгэхээр нь би эмээдээ утаа үнэртэж байна гэхэд эмээ битий хүн айлгаад бай гэж хэлсэн. Тэгтэл эмээгийн байшингийн завсараас утаа гарч эхэлсэн. Тэгээд эмээ бид хоёр өмссөн хувцастайгаа хаалга руу гүйж очоод хаалгаа онгойлгоход эмээгийн байшингийн үүдний хэсэг шатаж байсан учраас хаалгаар гарах боломжгүй байсан. Гэтэл манай эмээ хоёулаа цонхоор гаръя гээд цонхыг гараа цохисон боловч цонх хагарахгүй байсан, манай эмээ Н нь хоолны модон шкабны татуурга салгаж гаргаж ирээд цонх хагалсан. Тэгээд эмээ бид хоёр цонхоор гарсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 79 тал/,
гэрч П.У-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “ Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат П.Мыг сайн танина. П.М бид хоёр эгч дүү нарын хүүхдүүд юм. П.М нь миний нагац ах болох хүн юм. П.М бид хоёрын хооронд өр авлага, өш хонзон байхгүй. 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 19.00-20.00 цагийн орчим Д эгч нар руу утсаар залгаад “чи манай гэрт хүрээд ирээч П.М архи ууж ирчихээд агсам тавиад байна” гэхээр нь өөрийн эхнэр Оюунтуяагийн хамт Д эгчийн гэрт очиход П.М архи уусан байдалтай согтуу байсан. П.М өөрөө би байшинг чинь шатаана гэж хэлж орилоод гэрээс гараад явсан. Би М-ыг арай хүний байшин шатаахгүй байх гэж бодоод араас нь яваагүй. М нь архи уусан байсан боловч тэгж их ухаанаа алдтал согтоогүй байсан. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М байшин шатаана гэж хэлээд гарахад нагац эгч Д, эмээ Ц, манай эхнэр О, багш М бид нар байсан. П.М эхлээд гэрээ шатаана гээд байхаар нь би Маас шүдэнзийг нь булаагаад авчихсан. М гэрээс гарч явахдаа ямар нэгэн гал, шүдэнзгүй явсан. Харин сүүлд манай нутгийн хүмүүс хэлэхдээ П.М нь Н.Ө гэдэг хүүхдээс шүдэнз авч гал түймэр тавьсан гэж ярьж байхыг сонссон” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 83-84 тал/,
гэрч М.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 21:00 цаг өнгөрч байх үед Цагаанхайрхан сумын харъяат М гэдэг хүн над руу утсаар залгаад “М гэрээ шатаана гэж байгаад дээшээ явчихлаа. Ээж, дүү нар луугаа уурлаж байгаад байшингаа шатаана гээд явчихсан шүү. Чи болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. М-ын эгч Б-ийн байшин нь манай байшинтай залгаа байдаг учраас М эгч над руу утсаар ярьсан байх. Би М эгчийг утсаар ярьсанаас хойш ойролцоогоор 5 минут орчимын дараа гэрээсээ гарахад манай байшингийн залгаа байшин болох М-ын эгч П.Б-ийн байшин үүдний таамбар талаасаа шатаж эхэлсэн байсан. Намайг гэрээс гарах үед гал түймэр гараад эхэлчихсэн байсан учраас би айгаад, байшин руугаа орж ямар нэгэн эд зүйл авч гарч чадаагүй. Мөн намайг гэрээс гарах үед гал түймэр гараад эхэлчихсэн байсан учраас хэн гал түймэр тавьсан болохыг би мэдээгүй. М багш над руу утсаар ярих үед би гэртээ ганцаараа байсан. Би байшингаасаа ямар ч эд зүйл авч гараагүй учраас манай байшинд байсан бүх эд хөрөнгө устаж, шатсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 103-104 тал/,
шүүгдэгч П.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг гэрт очиход манай ээж Д, дүү Н нар байсан бөгөөд миний ээж Д “чи муу хулгайч хаачаад ирэв, муу гуйлгачин чинь архи уугаад яваад байх юм” гэж намайг уурлаж, загнасан. Мөн миний дүү Н “чи муу хулгайч гутлаа тайлаач” гэж уурласан. Тэгэхээр би Нд хандаж “чи намайг ингэж хэлдэг юм уу” гэхэд миний ээж Д “чи гарч зайлаач” гэж намайг хөөсөн. Тэгэхээр нь би “тэгвэл та нар надад гэр бариад өгчих. Би эхнэр авч тусдаа амьдарна” гэж хэлэхэд миний ээж Д “Чамд гэрний хэрэг байхгүй. Гэр барьж өгөхгүй. Чи хуйлгайгаа хийгээд гэрээ барьж авахгүй юу” гэж уурлаж загнасан. Би өөрийн ээж Д-д маш их гомдож, уурласан учраас “тэгвэл та нар дээд талын хашааг надад өг” гэж хэлэхэд миний ээж Д “чамд тэр хашааг өгөхгүй, чиний мэдлийн юм юу ч байхгүй” гэж уурласан. Би “Та нар надад гэр барьж өгөхгүй бол би та нарын гэрийг шатаана” гэж уурлаад хашаан дотор байсан аавын мотоциклийн банкнаас бензин авахаар гэрээс гарсан. Би хашаан дотор өөрийн аав П-ын эзэмшлийн 55-46 УВЗ улсын дугаартай, ногоон өнгөтэй мустанг-5 маркийн мотоциклийн банкнаас бензин авах гээд банкны шланкийг нь татаж сугалах гэтэл шланк нь суграхгүй байсан учраас бензин авч чадаагүй. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод түлээний саванд байсан нарийн цуулсан моднуудыг аваад, гэрийн үүдний орчимд бөөгнүүлж байгаад шүдэнз зураад шатаах гэтэл манай найз У гаднаас орж ирээд миний шүдэнзийг булааж авсан. Тэгтэл манай ээж Д, дүү Н нар гэрээс гараад явчихсан. Би хэсэг хугацаанд Ууганбаярын хамт гэртээ байж байгаад гэрээсээ гараад өөрийн эмээ Ц-ын гэрт ороход тэнд манай эмээ Ц, ээж Д, дүү Н нар болон манай зэргэлдээ хашаанд байдаг М гэдэг хүмүүс байсан. ...Би өөрийнхөө хашаанд орсоны дараа “та нар ингэж байгаа бол би дээшээ очиж эгчийн байшинг шатаана” гэж орилсон. Тэр үед манай ээж , дүү нар хаана байсныг мэдэхгүй байна. Тэгээд би өөрийнхөө хашаанаас гараад шууд төрсөн эгч Бийн байшин руу явсан. Б эгчийн байшин Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт Цахилгаан түгээх байрны ойролцоо байдаг. ...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Б эгчийн байшинд очоод цоожийг нь гараараа татаж онгойлгосон. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан бөгөөд би Б эгчийн байшинд ороод үүдний өрөөнд байсан модны үрдэс, хогийг бөөгнүүлж байгаад шатаах гэхэд шүдэнз байгаагүй. Би Б эгчийн байшингийн зэргэлдээ хашаанд байдаг Нямаа гэдэг айлын хаалга цохиход нэг эрэгтэй хүүхэд хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би ахдаа шүдэнз байвал өгч байгаач, би гэрлүүгээ орох гэхэд гэрэл гаргах юм байхгүй байна” гэж гуйхад тэр хүүхэд надад 1 хайрцаг шүдэнз авч өгсөн. Би шүдэнз аваад Б эгчийн байшинд буцаж ороод үүдний өрөөнд бөөгнүүлсэн модны үрдэс хогийг шатаах гэтэл асахгүй байсан учраас үүдний өрөөнд байсан кардон цаас болон ундааны савыг урж байгаад тэр кардон цаас ундааны савыг эхэлж асаагаад модны үрдэс хогонд гал өгсөн. Тэгээд миний асаасан гал шатаж эхэлсэн бөгөөд гал шатаад эхлэнгүүт нь би Б эгчийн байшингаас гараад, хаалгыг нь гадна талаас нь хаачихаад буцаад гэр лүүгээ явсан. Би буцаж яваад өөрийнхөө гэрийн гадна ирээд эгчийн байшингийн зүгт харахад эгчийн байшингаас маш их утаа гарч байсан. Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй учраас хохирол төлбөр төлж барагдуулж чадахгүй байгаа юм. Гэхдээ би цаашид дээрх хүмүүст учирсан хохирлыг өөрийнхөө чадлаар төлж барагдуулна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Гал түймэр гарсан тухай” 10 тоот акт, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн УВ/01/332 тоот хохирогч Цахилгаан сүлжээ ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлын зах зээлийн үнийн тодорхойлолт, тоот тодорхойлолт, хохирогч Ч.Н, Б.У, П.Д, П.Б нарын эзэмшлийн байшин болон бусад эд хөрөнгө шатсантай холбоотой эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВ/01/345, УВ/01/346, УВ/01/354, УВ/01/355 тоот тодорхойлолтууд, /1-р хавтас хэргийн 18-21, 234-235, 135, 144, 157, 169, 179 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, агсам тавьж, гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэсэн, улмаар төрсөн эгч П.Б-ийн тус сумын байшинт хороололд байрлах байшинг шатаах зорилготойгоор санаатайгаар бусдын эд хөрөнгө шатаах үйлдэл гаргасан нь нотлогджээ.
Шүүгдэгч П.М-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.У, Ч.Н, П.Д, П.Б нарын 4 айл өрх гэр оронгүй болж, амьжиргааны эх үүсвэрээс салсан, мөн хэрэг учрал болдог өдөр гал түймэрт шатаж үгүй болсон байшинд хохирогч Ч.Н өөрийн ач хүү Д.А-гийн хамт байж байгаад цонхоо хагалж гарсан, хохирогч П.Дг гэртээ ганцаараа унтаж байхад нь түүний хүү Г.Батбаатар ирж гаргаж авсан, хохирогч нарт 67.743.013 төгрөгний хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд прокуророос П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2-д зааснаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч П.М-ыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд:
Шүүгдэгч П.М нь 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Ш-ийг хүчиндэхийг завдсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч П.М-ын мөрдөн байцаалт шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б бид хоёр Андууд вааранд орж сууя гэж бодсон боловч мөнгө төгрөг байхгүй учраас Андууд ваарны үүдэнд зогсоод тамхи татаж байтал замын эсрэг талаар Улаансарнай рестораны урдуур нэг эмэгтэй хүн дээрээс доошоо уруудаад явж байсан. Тухайн үед би Б-ын цүнхтэй хувцасыг үүрсэн байсан бөгөөд би Бод цүнхтэй хувцасыг нь өгчихөөд найз нь яваад тэр охинтой танилцчихаад ирьё гэж хэлээд нөгөө охины араас явсан. Харин Б нь Андууд баарны үүдэнд миний араас хараад хоцорсон. Тэр үед би архи, пивондоо нэлээд согтсон байсан. Би нөгөө эмэгтэй рүү очиход тэр эмэгтэй нь надаас өндөр нуруутай, хар өнгийн савхин хүрэмтэй хүн байсан бөгөөд би “хоёулаа танилцья” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй хүн юу ч дугарахгүй яваад байсан. Тэр үед би уусан архи пивондоо согтож, ухаан алдсан учраас тэрнээс хойш болсон үйл явдлыг огт санахгүй байна. Би нэг ухаан ороход Улаангом сумын 3 дугаар багт байрлах Бөхийн өргөөний ойролцоо Б-той хамт явж байсан. Би ухаан ороод Б-д би гэртээ харьж амарлаа гэж хэлчихээд шууд байдаг айл руугаа явсан. Би тэр эмэгтэйг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон эсэх, бэлгийн харьцаанд орохоор завдсан талаар огт санахгүй байна. Ямар ч байсан тэр эмэгтэй хүнтэй уулзахаар очиж байснаа тодорхой санаж байна. Би хохирогч З.Шинэцэцэгт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг,
хохирогч З.Ш-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би 2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 21 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад өөрийн найз О, С нартай уулзаад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Житз нэртэй караокед орсон. Тэгээд тэднээс салаад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Андууд нэртэй баарын урдуур гэрлүүгээ чиглээд явж байтал замын нөгөө талд гудамжинд нэг эрэгтэй хүн ганцаараа зогсож байсан. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй танихгүй хүн байсан бөгөөд цоохор өнгийн куртиктай, куртик нь юүдэнтэй малгайтай, доогуураа түрийтэй гуталтай хүн байсан. Би тэр хүний хажуугаар зөрөөд гэрлүүгээ явж байтал нөгөө хүн зам хөндлөн гараад над руу чиглээд ирсэн. Тэр хүн над руу ирээд хоёулаа танилцая гэж хэлэхээр нь би юу ч хэлэхгүйгээр тэр хүний хажуугаар зөрөөд гэрлүүгээ явсан. Гэтэл нөгөө хүн миний араас дагаад байхаар нь би Улаангом сумын 3 дугаар багт байрлах Бапитист сүмийн ойролцоо зам дээр зогсоод утсаа гаргаж ирээд зогсоход тэр хүн миний хажуугаар зөрөөд доошоо явсан. Тэгэхээр нь би сүмийн урд талаар явдаг шороон замаар гэрлүүгээ чиглээд явсан ба Улаангом сумын 3 дугаар багт байрлах 55 айлын орон сууцны ойролцоо очиж явтал өмнө нь намайг танилцъя гэж хэлсэн хүн миний араас гүйж ирсэн. Тэр хүн гүйж ирэнгүүтээ миний араас тэвэрч аваад хоолойг гараараа боогоод металл эдээр хийсэн зүйл миний хоолойд тулгаад чамайг орилох юм бол чамайг ална шүү гэхээр нь би надад туслаарай гэж орилсон. Тэгээд би за за хоёулаа танилцая гэж хэлэхэд нөгөө хүн миний уруул дээр үнссэн. Тэгэхээр нь би дахин надад туслаарай гэж орилоход нөгөө хүн миний хоолойг боогоод миний амыг гараараа дарсан. Тэр үед би ухаан санаа балартаад өвдөгөө нугалаад газарт суух үед нөгөө хүн чи муу гийчий янхан гэж уурлаад миний үснээс чирээд байрны доод талд байсан автомашины гараж руу чирсэн. Намайг чирээд явж байхдаа би чамайг ийшээ оруулж байгаад хүчиндэнэ гэж хэлээд гараж руу чирээд байхаар нь би айгаад нөгөө хүнээс хоёулаа эвтэй танилцая ийм газар болохгүй шүү дээ, хоёулаа манайд оръя манай гэрт хүн байхгүй гэж худал хэлж гуйхад нөгөө хүн танай гэрт хүн байгааг мэдэж байна гээд намайг тавихгүй, үс, хувцаснаас татаж чирээд байсан. Тухайн үед тэр хүн намайг татаж чангааж байгаад миний дээгүүр өмссөн байсан савхин хүрэмийг тайлчихаад миний дээгүүр өмссөн цамцны гаднаас миний хөхийг гараараа барьж илсэн. Намайг гаражын үүдэнд дээр чирч очоод газарт дарж унагаасан. Би газарт унахдаа доошоо харж унасан бөгөөд тэр хүн миний дээрээс дарж хэвтсэн. Тэр хүн миний хувцас, өмдийг бүрэн тайлаагүй, өөрийнхөө хувцас өмдийг тайлаагүй боловч миний дээрээс дарж хэвтчихээд бөгсөө хөдөлгөөд байсан бөгөөд энэ үед өмдний цаанаас тэр хүний эрхтэн миний бөгсний хэсэгт хүрч байгаа нь мэдэгдсэн. Тэр хүн миний дээрээс дарж хэвтчихээд миний амыг дарж хүн ирж байна чимээгүй байгаарай гэж хэлэхээр нь би тэр хүний гарыг амнаасаа татаж холдуулаад надад туслаарай гэж орилсон. Энэ үед 15-16 насны эрэгтэй хүүхэд бид хоёрын ойролцоо ирээд хөөе яаж байна гэж орилоход миний дээрээс дарсан хүн босоод зугтаж гүйсэн. Тэгээд би босч ирэхэд надад тусалсан эрэгтэй хүүхдийн ээж нь гэх нэг эмэгтэй хүн миний хажууд ирсэн. Тэр хүн ойролцоогоор 160-165 см орчим өндөр нуруутай, туранхайвтар, бор өнгийн царайтай хүн байсан. Би тэр хүнийг одоо харвал царайны төрх, биеийн ерөнхий байдал зэргээр нь сайн танина. Энэ хэргийн улмаас надад ямар нэгэн мөнгө төгрөгний хохирол учраагүй, харин сэтгэл санааны хувьд маш их цочиролд орсон, намайг хүчиндэхийг завдсан хүнээс би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, харин тэр хүнд маш их гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 54-56 тал/
насанд хүрээгүй гэрч Д.Э-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн “...манай гэр Увс аймаг Улаангом сумын 3 дугаар багт байрлах Бадрахын 25 айлын орон сууцны 18 дугаар байрны 1-13 тоотод байдаг. 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн орчим би том өрөөндөө зурагт үзээд цай уугаад сууж байтал манай байрны гадна нэг эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тухайн үед эмэгтэй хүн яг юу гэж орилсоныг сонсоогүй бөгөөд ууж байсан цайгаа ширээн дээр тавьчихаад цонхон дээр гарсан. Намайг тагтан дээр гарч харах үед манай байрны зүүн талд байрлах саравчны цаана нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн тэврэлдчихсэн байх шиг харагдсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан бөгөөд тэр хоёр хүн хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл эмэгтэй хүн амь авараарай, надад туслаарай гэж орилсон. Тэрнээс хойш тэр эгч дахин дуугараагүй бөгөөд миний ойлгосоноор эрэгтэй хүн нь тэр эгчийн амыг гараараа тагласан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би цонхны тагтан дээрээс хөөе боль доо наад хүнээ тавь л даа гэж орилсон боловч нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнээ тавихгүй, чирч явж байгаад манай байрны гаражийн ойролцоо байх саравчны хажууд нөгөө эмэгтэй хүнийг дарж газарт унасан. Тэгээд би буцаж гэрт ороод ээждээ гадаа нэг эмэгтэй хүнийг зодож байна гэж хэлчихээд гадуур хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд байрны хажуугаар тойроод нөгөө хоёр хүний наанаас нь чиглээд очих үед эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээ газарт дараад авчихсан дээр нь хэвтэж байсан бөгөөд тэр эмэгтэй хүн надад туслаарай миний дүү гэж орилсон. Тэгэхээр нь би хөөе бос л доо гэж хэлэхэд тэр эгчийг дээрээс нь дараад хэвтэж байсан эрэгтэй хүн босоод цаашаа эргээд байр тойроод зугтсан. Би тэр хүний араас хөөх гэсэн боловч тэр эгч надад туслаарай миний дүү гэж дуудаад байхаар нь тэр эгч рүү очоод хувцаснаас нь татаж босгосон. Намайг татаж босгох үед тэр эгчийн хувцас нэлэнхүйдээ шороогоор бохирлогдсон байсан ба гадуур хувцас нь газарт унасан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 113-114 тал/,
гэрч Ц.Б-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...манай хүү Энхсайхан орж ирээд гадаа нэг эмэгтэй хүнийг нэг эрэгтэй хүн чирээд зодоод байна гэж хэлчихээд гараад явсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд араас нь гарсан. 55 айлын орон сууцны урд талд байдаг дэлгүүрийн гадна очиход миний хүү Э нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Тэр охины хувцас нь нилэнхийдээ шороогоор бохирлогдсон байсан. Бас тэр охин маш их айж сандарсан байдалтай, зогсолтгүй уйлж байсан. Би тэр хоёр луу очоод юу болсон талаар асуухад нөгөө эмэгтэй хүн юу ч хэлэхгүй, уйлаад чичрээд байсан. Харин миний хүү Д.Энхсайхан хэлэхдээ “энэ эгчийг нэг танихгүй хүн чирээд хоолойг нь боогоод газарт дарж унагасан. Тэгээд би тусалсан. Тэр эрэгтэй хүн зугтаад явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 115-116 тал/,
гэрч О.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн “...П.М бид хоёрт мөнгө байгаагүй, баар хааж байсан учраас Андууд баарнаас буцаж гараад үүдэнд нь зогсож байтал замын эсрэг талаар, Улаансарнай рестораны урдуур нэг эмэгтэй хүн дээрээс доошоо уруудаад явж байсан. Гэтэл П.М би тэр охинтой танилцана гэж хэлээд тэр охины араас дагаад явсан. М нь нөгөө эмэгтэй рүү очсон боловч тэр эмэгтэй Мыг тоохгүй яваад байсан ба би тэр хоёрыг холоос дагаад явсан. Тэгтэл Мын дагаж явсан эмэгтэй гэр хорооллын харанхуй гудамж руу орсон. М тэр эмэгтэйг дагаад тэр гудамж руу орсон. Би тэр хоёрыг дагаж гудамж руу орохгүйгээр буцаад андууд баарны үүдэнд очоод сууж байтал хэсэг хугацааны дараа М буцаж ирсэн. М буцаж ирээд би саяны эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох гэтэл зөвшөөрсөнгүй, хүн гарч ирээд шавар хаачихлаа. Уг нь яг янзлах байсан юм гэж хэлсэн. Тэр эмэгтэй нь өндөр нуруутай 20-25 орчим настай, хар өнгийн савхин хүрэмтэй эмэгтэй хүн байсан” /1-р хавтас хэргийн 117-118 тал/ гэх мэдүүлэг, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хавтаст хэргийн 22-25 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд хамаарна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.М нь хохирогч Б.Ш-ийг 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 багийн нутагт гудамжинд явж байхад нь араас тэвэрч аваад хоолойг нь боож, чамайг орилох юм бол ална шүү гэж айлган, амыг гараараа дараад, гараж руу оруулж хүчиндэнэ гэж үснээс чирч явсан үйлдэл тогтоогдож байна.
Шүүгдэгч П.М-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ш-ийн биед баруун гарын тохой, мөрний орчим, зүүн гарын бугалганы орчимд өнгөц хөхөрсөн, зөөлөн эдийн няцралт үүссэн болох нь шинжээч эмчийн 250 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 187 тал/-ээр нотлогдсон.
Энэ нь шүүгдэгч П.М-ыг хохирогч Б.Ш-ийн бэлгийн эрх чөлөөнд халдахаар хүч хэрэглэснийг нотолж байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг шаарддаг.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.М-ын хохирогчтой бэлгийн харьцаанд орох гэсэн хууль бус үйлдэл түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй буюу гэрч Д.Э шаардлагаар таслан зогсоогдож, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан тул хохирогч Б.Ш-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орох гэсэн шүүгдэгч П.М-ын дээрх үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.М-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдснийхээ дараа 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Ш-ийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг эрүүгийн хэргүүдийг Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 5/15 дугаартай тогтоолоор нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд нийцсэн байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч П.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.М-ын бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н-т байшин, дотор нь байсан эд хөрөнгөнд 14.876.500 төгрөгийн хохирол учирсныг Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 сарын 10-ны өдрийн УВ/01/345
тоот үнэлгээгээр тогтоосон, мөн гэрт нь байсан Д.Д, Б.П, Д.Д, Ч.Н, Д.А, Д.Б, Д.С, П.С-ийн нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, эмчлүүлэгчийн карт, төрийн банкны хадгаламжийн дэвтэр, алдарт эхийн 2 дугаар одонгийн мөнгөний дэвтэр зэрэг 178000 төгрөгний үнэ бүхий бичиг баримт шатсан, үнэлгээний компанийн үнэлгээнд ороогүй хохирогчийн орос улсад үйлдвэрлэсэн хуучин оёдлын машин /550.000 төгрөг/, хуучны хийцтэй үе уламжлагдан ирсэн мөнгөн тоногтой хазаар /1.500.000 төгрөг/, нөхрөөс үлдсэн гаанс /200.000 төгрөг/ зэрэг эд хөрөнгө устаж үгүй болж, нийт 17.304.500 төгрөгийн хохирол учирсан /1-р хх-ийн 144-147, 2-р хх-ийн 55-56 тал/,
Хохирогч Б.У-т байшин, бусад эд хөрөнгө шатаж 16.581.933 төгрөгийн хохирол учирсан нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВ/01/346 тоот үнэлгээгээр тогтоогдсноос гадна үнэлгээний компанийн үнэлгээнд ороогүй 550.000 үнэтэй оёдлын машин, 2.500.000 төгрөгийн үнэтэй давхар ястай мөнгөн тоногтой баяд эмээл, 1.500.000 төгрөгийн үнэтэй мөнгөн тоногтой хазаар, 400.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, 178.200 төгрөгийн үнэ бүхий Т.М, Б.У, Х.А, М.Б, М.Д нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримт бичиг, эд хөрөнгө шатаж устан, нийт 21.710.133 төгрөгийн хохирол учирсан /1-р хх-ийн 157-160, 2-р хх-ийн 53 тал/,
Хохирогч П.Д-д түүний эзэмшлийн байшин болон бусад эд хөрөнгө шатаж 14.512.980 төгрөгийн хохирол учирсан нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВ/01/354 тоот үнэлгээгээр тогтоогдсон, мөн орос улсад үйлдвэрлэсэн 550.000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин шатаж, нийт 15.062.980 төгрөгийн хохирол учирсан /1-р хх-ийн 169-170, 2-р хх-ийн 57 тал/,
Хохирогч П.Б-д түүний эзэмшлийн байшин, эд хөрөнгө шатаж 12.673.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВ/01/355 тоот үнэлгээгээр /1-р хх-ийн 179-180, 2-р хх-ийн 58 тал/,
Хохирогч Увс аймаг, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 945.000 төгрөгийн үнэлгээтэй 3*35-ын голчтой, 210 метр СИП кабель, 33.000 төгрөгийн үнэлгээтэй 6 ширхэг кабелийн зажем, 14400 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг кабель баригч шатаж, нийт 992400 төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн УВ/01/332 тоот үнэлгээний тайлангаар /1-р хх-ийн 135, 2-р хх-ийн 59 тал/ тус тус тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч П.М-аас эд хөрөнгө, устгах гэмтээх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 67.743.013 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.У-т 21.710.133 төгрөг, Ч.Нт 17.304.500 төгрөг, П.Д-д 15.062.980 төгрөг, П.Б-д 12.673.000 төгрөг, хохирогч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 992.400 төгрөг тус тус олгох эрх зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Ш нь шүүгдэгч П.М-аас хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн /хх-ийн 1-р хх-ийн 56 тал/ байх тул хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас дээр дурдсан хохирлоос гадна бусад зардал гарсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч П.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон хэргийн 65, 68, 70, 72-73, 75, 101, 130-131, 198-199 талд авагдсан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаар тодорхойлолт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 263 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 1/526 дугаар тодорхойлолт, Автотээврийн төвийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаар албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээч эмчийн 16 дугаартай акт, гэрч В.Д, Ч.П, В.Б нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч П.М нь Цагаахайрхан багийн Ар булаг багт аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт оршин суудаг, амжиргааны түвшингээс доогуур өрх айлд хамрагддаг, хувьдаа өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон бөгөөд сэтгэцийн хувь эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Мөн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудаар /2-р хх-ийн 79-123 тал/ шүүгдэгч П.М нь урьд 2012, 2016 онуудад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилгаагүй байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт эдлэх хорих ялыг 5 жил 8 сар хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугааар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт П-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2-д заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан Хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б ургийн овогт П-ын М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2 дах хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2-д зааснаар оногдуулсан 4 жил 8 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.М-т оногдуулсан 5 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ургийн овогт П-ын М-аас хохирогч Б.У-т 21.710.133 /хорин нэгэн сая долоон зуун арван мянга нэг зуун гучин гурав/ төгрөг, хохирогч Ч.Н-т 17.304.500 /арван долоон сая гурван зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг, хохирогч П.Д-д 15.062.980 /арван таван сая жаран хоёр мянга есөн зуун ная/ төгрөг, хохирогч П.Б-д 12.673.000 /арван хоёр сая зургаан зуун далан гурван мянга/ төгрөг, хохирогч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 992.400 /есөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулан олгосугай.
6. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас бусад зардал гарсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА