| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2322001500193 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор *******,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* /цахим/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга О.Нинжбадгар нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч ын гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2322001500193 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.*******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймгийн сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, (РД: );
Шүүгдэгч: овогт ын , Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой худалдагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 нөхрийн хамтаар Улаанбаатар хот дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, (РД: );
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Төгсийн хонхор” гэх газарт Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлийн улсын чанартай асфальтан зам дээр 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Кровн маркийн 64-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд явах замдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.20 буюу "«Гүйцэж түрүүлэх хориотой» удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж 78-67 УЕК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Төгсийн хонхор гэх газарт Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлийн улсын чанартай асфальтан зам дээр 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 78-67 УЕК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд явах замдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-р заалт буюу "Жолооч үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчиж Тоёота Кровн маркийн 64-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 15000 төгрөгийг хасаж, 585,000 /таван зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо харилцан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөн учирсан хохирлоо шүүгдэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүгдэгч *******гийн хувьд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа авто замын эвдрэлтэй хэсгийг тойрон гарах үйлдэл хийгээд буцаж эгнээ байраа эзлэх мөчид ******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр мөргөж хоёул замын хажуу тал руу онхолдсон байдаг. Гэвч шүүхээс зөвхөн шинжээчийн дүгнэлт гэх мэргэжлийн бус этгээдүүдийн гаргасан баримтад үндэслэн *******г эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.
Учир нь шинжээчийн дүгнэлт гэх баримтыг гаргасан эрх бүхий этгээдүүд нь сургуулийн багш нар бөгөөд дүгнэлт гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй этгээд гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар Дундговь авто зам XXК-ийг татан оролцуулсан. Учир нь шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт гэх баримтаар “зам тээврийн осолд замын эвдрэл нөлөөлсөн байна” гэж дүгнэсэн. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдлийг шинжээчийн дүгнэлт гэх баримтыг үндэслэн шийдвэрлэсэн атал иргэний хариуцагчид холбогдох хэсгийг төрийн байгууллагын хяналт шалгалтын акт авагдаагүй гэх үндэслэлээр хохирлыг гаргуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь ялгамжтай байдлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж дүрмээр тогтоосноос илүү хурдаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлсэн нь уг зам тээврийн осол болох үндсэн шалтгаан гэж үзэхийн сацуу *******гийн хувьд аливаа байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байхын сацуу шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлыг ямар үндэслэлээр шийдвэрлэлгүй орхигдуулсан талаар шийтгэх тогтоолд огт дүгнэлт өгөөгүй ба хэрэгт авагдсан баримтаар хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд *******гийн хувьд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн үйл бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн ******* миний бие Дундговь аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шуудангаас хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Дараах үндэслэлүүдээр Дундговь аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй хууль бус гэж үзэж байна. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүгдэгч ******* намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тодруулбал:
1. Шийтгэх тогтоолын 8-р талд шүүх "... Шүүгдэгч ******* нүх тойрон гарах үйлдэл хийх үедээ дохио өгсөн, арын машинаа толиндоо харсан гэх боловч түүний дээрх мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй ба шүүгдэгч *******гийн мэдүүлэгт “гүйцэж түрүүлэх агшинд гэнэт дохио өгөлгүй зүүн гар тийш дарж орж ирсэн...” гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж, *******гийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх илт нэг талыг баримталж хэргийн бодит байдалд нийцээгүй хууль бус дүгнэсэн.
Учир нь Шинжээч гийн дүгнэлтэд уг осол нь байгалийн гэрэлд бүрхэг нөхцөлд гарсан байх энэ нь жолоочийн хувьд харанхуй болон үзэгдэлд хязгаарлагдах боломжгүй юм. ... Тухайн нөхцөлд дээрх жолооч нар нь аюул осол бий болж байгааг таньж мэдээд зогсоох арга хэмжээ авахуйц, хангалттай хугацаа байгаагүй нь уг ослын нөхцөл байдлаас харагдаж байна. Иймд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэлтэд тусгаагүй. Жишээ нь автомашин жолоодож яваа жолооч эхлээд аюулыг харна, дараа нь аюул үүслээ гэдгийг таньж мэдэхэд зогсоох арга хэмжээ авч эхэлдэг. Энэ хугацааг 0,8 секунд гэж нормчилдог. Энэ 0,8 секунд гэдэг нь тодорхой хурдтай явж байгаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хэтэрхий удаан хугацаа юм. Иймээс МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12,3 дахь хэсэг дээр “мэдсэн үед” гэж томьёолсон байдаг. ... ******* нарын МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-ийн б,в,г заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэг авагдсан материалаар тогтоогдохгүй байна. ...”
Хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй үнэн зөв тогтоох нь цагдаа, прокурорын үүрэг байдаг. Хэрэв үнэн зөвөөр тогтоож чадахгүй бол хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай гэж ойлгодог. Гэтэл шүүгдэгч миний үнэн зөвөөр өгсөн “нүх тойрон гарах үйлдэл хийх үедээ дохио өгсөн, арын машинаа толиндоо харсан гэх” гэх мэдүүлгийн үнэн зөвийг тогтоогоогүй байж намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Гүйцэж түрүүлэх ёсгүй газар дүрэм зөрчиж гүйцэж түрүүлсэн, мөн хурд хэтрүүлж араас хүчтэй мөргөж осол гаргасан *******гийн худлаа мэдүүлсэн “гүйцэж түрүүлэх агшинд гэнэт дохио өгөлгүй зүүн гар тийш дарж орж ирсэн...” гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж, *******гийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэж дүгнэхдээ хавтаст хэргийн ямар ямар баримтуудтай нийцсэнийг анхан шатны шүүх огт дурдаагүй нь тухайн дүгнэлт хууль бус, хэт нэг талыг барьж хийсэн дүгнэлт гэдэг нь тодорхой байна.
Шүүгдэгч ******* миний өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал ямар баримтаар тогтоогдчихсон болоод *******гийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж шүүх дүгнэв гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий 2 мэдүүлгийг шударга бусаар, зөрүүтэй байдлаар хандаж дүгнэсэн байна. Миний мэдүүлгийг өөр баримтаар нотлогдоогүй тул худлаа гэж дүгнэх нь хууль ёсны юу? өөр баримтаар нотлогдоогүй гэх шалгуур шаардлага байх ёсгүй баймаар юм. Эсрэгээрээ мөрдөгч миний мэдүүлгийг толинд хараагүй, дохио өгөөгүй гэдгийг нотлоогүй. Миний сонссоноор хэргээ хүлээсэн хүний мэдүүлгийг өөр баримтаар давхар нотолж байж яллах үндэслэл болдог гэж ойлгосон. Гэтэл шүүгч хуулийн энэ зарчимтай хольж хутгаж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүх мөн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Шинжээчийн дүгнэлтэд туссан шиг *******г Замын хөдөлгөөний дүрмийн 2.20 дахь хэсэгт заасан “Гүйцэж түрүүлэх хориотой ...” заалтыг зөрчсөн гэдэг нь илэрхий. Мөн ******* нь хурдыг хэтрүүлж маш хурдан явж байсан нь осолд орсон 2 машины эвдрэлээс тодорхой харагдаж байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна.
Мөн би замын эвдрэлийг хараад богино хугацаанд саадыг тойрч гарахдаа дохиогоо өгч, толиндоо харах үйлдлийг хийснээ тодорхой мэдүүлдэг. Гэтэл миний энэ мэдүүлгийн үнэн зөвийг ямар баримтаар үгүйсгэж байгааг тодорхой дүгнээгүй байж намайг буруутайд буюу Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч ... хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Би замын эвдрэлийг хармагц Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хурдаа хасч, зүүн гар тийш эргэх дохиог өгөн, арын машиныг толинд харж замын эвдрэлийг тойрох үйлдлийг хийсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах.” Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгах ёстой байдаг. Гэвч шүүх шийдвэртээ хуулийн энэхүү заалтыг биелүүлээгүй байна.
2. Мөн тухайн осол шинжээчийн дүгнэлтээр "... замын эвдрэл гэмтэл осол гарахад нөлөөлсөн” гэж дүгнэсэн байхад тухайн ослын улмаас учирсан хохирлын асуудалд иргэний хариуцагчийн асуудлыг тодорхой дүгнээгүй хохирол барагдуулах эсэхийг орхигдуулсан байгаад гомдолтой байна.
Гурав. Шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх хуулийн хугацааг хэтрүүлсэн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэсэн байна. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэж шүүхийн шийдвэрийг сонсгосноос хойш 81 хоногийн дараа гардуулж байгаад харамсаж байна. Энэ нь миний гомдол гаргах эрх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулах эрхэнд халдсан гэж үзэж байгаа болно.
Иймд Дундговь аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль бус тул өөрчлөлт оруулж шүүгдэгч ******* намайг цагаатгаж, ослын улмаас учирсан хохирлыг *******, иргэний хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
5. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч *******гийн зүгээс гомдол гаргаагүй боловч гомдлын агуулгад хязгаарлагдахгүйгээр давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэнэ. Тиймээс өөрийн үйлчлүүлэгч болон *******гийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд орсон байр сууриа илэрхийлж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үздэг. Улсын яллагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар үндэслэлтэй. Шүүгдэгч *******гийн мэдүүлэгт урд нүх гарч ирэхэд *******гийн машиныг толиндоо харсан, харангуутаа дохио өгсөн гэсэн мэдүүлэг хэргийн бусад баримтуудаар тогтоогддоггүй. Харин дохио өгөлгүй саадыг тойрон эсрэг урсгал руу орсон болох нь хх-ийн 176-р хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, тээврийн хэрэгслийн мөр, мөн *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Шүүгдэгч *******гийн хурд хассан, дохио өгсөн зэрэг нь тогтоогдохгүй байгаа. Үүнийг шүүх зөв дүгнэсэн мөртлөө шүүгдэгч *******г буруутай гэж үзсэн буюу гүйцэж түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон. Шүүгдэгч *******г гүйцэж түрүүлэхийг хориглосон зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн биш гэдэг жолооч урсгал сөрж орж ирсний улмаас энэ зам тээврийн осол гарсан. Хэрэв ******* аюул саадыг тойрох биш чигээрээ гарах үйлдлийг гүйцэтгээд явсан бол энэ осол гарахгүй байх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс хардаг. Шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг үндэслэх үүрэг байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Тэгэхээр миний үйлчлүүлэгч *******г гүйцэж түрүүлэхийг хориглосон зам дээр гүйцэт түрүүлсэн гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй. Гүйцэт түрүүлэхийг хориглосон тэмдгийн үйлчлэх хязгаарын хүрээнд эргэлзээ төрдөг. Мөн осол гарсан зураг, хэргийн газрын үзлэг хийсэн зургийг харьцуулан харахад осол гарсан газар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрсөн буюу тасархай цагаан зураастай газар осол болсон байдаг. *******г гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг гэж яриад байгаа боловч хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зураг, нөхөн үзлэг хийхэд уг тэмдэг алга болчихсон нөхцөл байдал байдаг. Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Гэмт хэргийг бүх талаас нь судлаад эргэлзээ төрж байгаа бол сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой. Шүүх зам тээврийн осол болоход *******гийн нүх тойрон гарч урсгал сөрсөн үйлдлээс болсон байна гэж зөв дүгнэсэн мөртлөө *******гийн гүйцэж түрүүлэх үйлдэл буруу байсан гэж дүгнэсэн нь 2 агуулгатай буюу нэг нэгнээ үгүйсгэсэн агуулгатай болсон. Ийм анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******г цагаатгаж өгнө үү. Хохирол төлбөрийг дүгнэхдээ шинжээчийг дүгнэлтийг үндэслэж байгаа бол зарим заалтыг аваад зарим заалтыг авахгүй байна гэдэг өрөөсгөл. Замын нөхцөл байдал нөлөөлсөн байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн мөртлөө иргэний хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулахгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа. Замын засварын компани үүргээ биелүүлээгүйгээс болоод энэ осол гарахад нөлөөсөн байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг үндэслэсэн мөртлөө иргэний хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулахгүй байж шийдвэрлэсэн нь шинжээчийн дүгнэлт болоод хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь ганц эрүүгийн хууль зөрчсөн биш замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, замын тухай хууль зөрчсөн, түүнтэй холбогдуулаад гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдол энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа. Замын тухай хуульд зааснаар нэгэнт иргэний хариуцагч тухайн замыг засах, эвдрэл хэмхрэлийг арилгах үүрэгтэй хуулийн этгээд байгаа. Тийм учраас иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
6. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд Дундговь автозам биш. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, бусад захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байгаа тохиолдолд хүлээлгэдэг хариуцлага. Одоогоор авто замын хууль болон бусад хуулиар Дундговь автозам нь замыг засварлаагүй, нүхийг нөхөөгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн акт, шинжээчийн дүгнэлт байхгүй. Энд буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй байгаа. Бидний хувьд тухайн замыг засварлах үүрэгтэй, гэхдээ бид авто замын хууль болон хүлээсэн үүргийнхээ хувьд үүргээ биелүүлээгүйгээс ямар нэгэн байдлаар бусдад хариуцлага алдсан хохирол нөхөн төлөх акт болон бусад хяналт шалгалтын баримтуудаар тогтоогдоогүй. Дундговь автозамыг яагаад татаж орж ирсэн бэ гэвэл 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт дээр, 3 дахь асуултад нь зам тээврийн осолд замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн байж болох уу л гэдэг асуултад зөвхөн нөлөөлсөн гэдэг байдлаар л орж ирсэн. Түүнээс энэ авто замын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсвэл Дундговь авто зам нь хуулийг биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн зүйл байхгүй. Авто замын тухай хуулийн дагуу бол хоёр жолоочийн хариуцлагатай үйлдэл үү гэвэл үйлдэл, авто замын тухай хуулийн дагуу нэг нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хууль зөрчсөн, нөгөөдөх нь замын эвдрэл гэмтэл буюу саадыг тойрон гаргах үйлдэл хийсэн гэсэн ийм хариуцлага байгаа. Иргэний хариуцагчаар Дундговь авто замыг тэр нүх гарсан эвдрэлтэй холбоотойгоор яриад байгаа боловч энэ чинь өөрөө тайлбарлахдаа зөвхөн нүх биш бусад амьтан хүн мал байвал яах вэ гэдэг хууль зүйн утгаас нь тайлбарлаж байгаа асуудал. Тэгэхээр хүн, эсвэл мал байсан гээд дайраад өнгөрөх биш заавал тэр саадыг зогсож тойрох үйлдлээ хийх ёстой. Ингэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу тойрох, үйлдлээ хийх ёстой. Өнөөдрийн нөхцөлд нүх байсан гэж байгаа боловч энэ чинь замын хөдөлгөөнийхөө дүрмээр, Авто замын тухай хуулиар явах ёстой. Зорчигч тээврийн хэрэгсэл жолоодохдоо аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримталж явах ёстой. Ийм учраас хоёр шүүгдэгчийн хувьд хоёулаа шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийг зөрчсөн учраас Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Дундговь авто зам ХХК-ны хувьд хэрэгт авагдсан баримтаас Дундговь авто замыг буруутгасан баримт хэрэгт байхгүй учраас анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Гомдолд дурдсан асуудлуудыг шалгаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай нийцсэн, үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 32-р талд *******гийн өгсөн мэдүүлэгт дохиогоо өгөөд нүхийг тойрох гэтэл машин ирээд мөргөчихсөн гэдэг. Машины толиндоо харсан эсэх нь эхний мэдүүлэг дээр байхгүй байсан. Мөн *******гийн өгсөн хх-ийн 36-р хуудсан дахь мэдүүлэгт приус 30 машиныг гүйцэт түрүүлэх гээд миний машин тэр машины ар хэсэгт ирж байхад гэнэт зүүн гар тал руу дараад би тормоз гишгээд приус 30 машиныг мөргөсөн гэдэг. Гомдолд *******гийн мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэсэн байна. *******гийн мэдүүлэг хх-ийн 176-р хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдоно. Уг гэрэл зургийн үзүүлэлт дээр нүхний яг хажуу талд тормозны мөр авагдсан байгаа. Энэ тормозны мөр, нүх хоёрын зайнд толиндоо хараад дохиогоо өгөх зай харагдахгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “шүүгдэгч ******* нүх тойрон гарах үйлдэл хийх үедээ дохио өгсөн, арын машинаа толиндоо харсан гэх боловч түүний дээрх мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй ба шүүгдэгч *******гийн мэдүүлэгт “гүйцэж түрүүлэх агшинд гэнэт дохио өгөлгүй зүүн гар тийш дарж орж ирсэн...” гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж, *******гийн уг мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар хэн аль нь буруутай учраас хохирлын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн хувьд шинжээчийн дүгнэлтээр замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэсэн байгаа. Осол гарах шалтгаан бол хоёр жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж гарсан. Осол гарахад нөлөөлсөн гэхэд учир дутагдалтай. Замын осол 3 хүчин зүйлээс болж гардаг гэж үздэг. Жолооч, тээврийн хэрэгсэл, замын байгууламжаас болж осол гардаг гэж үздэг. Энэ тохиолдолд жолооч нар замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй зөрчсөн гэж үзсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна. Ийм учраас шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Прокуророос шүүгдэгч *******г 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Кровн маркийн 64-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Төгсийн хонхор” гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.20 дахь заалтыг зөрчиж 78-67 УЕК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан,
Шүүгдэгч *******г 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 78-67 УЕК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Төгсийн хонхор гэх Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-р заалтыг зөрчиж Тоёота Кровн маркийн 64-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 15000 төгрөгийг хасаж, 585,000 /таван зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо харилцан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөн учирсан хохирлоо шүүгдэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “*******гийн гэм буруу нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн үйл бодит байдалтай нийцээгүй, хохирол хор уршгийг шийдвэрлээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
4. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайлбал:
Мөрдөгч нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Төгсийн хонхор” гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Кровн маркийн 64-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 78-67 УЕК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор ШУТИС-ийн механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсон тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.
5. Үүний дагуу ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч дэд профессор , ахлах багш , нарын бүрэлдэхүүнтэйгээр 06/57 дугаартай дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна.
6. Прокуророос шинжээчийн 06/57 дугаартай дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтдээ дурдсан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэлээ болгожээ.
7. Шинжээчийн 06/57 дугаартай дүгнэлтийг ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн багш нар гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ” гэсэн заалтад нийцсэн боловч мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шинжээчээр томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэсэн журмыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл мөрдөгч нь ШУТИС-ийн механик тээврийн сургуулийг шинжээчээр томилохдоо хуульд заасан урьдчилан тодруулах ажиллагаануудыг хийлгүйгээр дүгнэлт гаргуулсан байх тул шинжээчийн 06/57 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
8. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон байх тул шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
9. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бусад баримтаар хэрхэн нотлогдож, үгүйсгэгдэж байгааг харьцуулан судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлтэй байна.
10. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэлээ.
Мөн гомдол гаргагч нараас иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдлын үндэслэлдээ дурдсан боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2322001500193 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.МӨНХБАТ