2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10329

 

 

 

 

 

     2025             12                 01                                                 192/ШШ2025/10329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “Баян интерпрайз” ХХК (РД:6680119)-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Тайшир мандах” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан оролцов.

          Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян интерпрайз" ХХК нэхэмжлэлтэй, "Тайшир мандах" ХХК-иас 274,000 төгрөг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 197/32025/61250 тоот шүүгчийн захирамжаар "...хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, оршин байгаа газар нь тогтоогдохгүй байгаа тул "Тайшир мандах" ХХК-г эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирэхгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх...” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Тайшир мандах” ХХК нь Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 200-р байр, 2 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/61250 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх-4/

Иймд "Тайшир мандах" ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Тайшир мандах" ХХК (РД:6892817)-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Тайшир мандах" ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Г.ТӨРБОЛД