2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/07550

 

 

 

 

  

    2025              09            25                                              192/ШШ2025/07550

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэмандал сум, **** хаягт оршин суух, Боржигон ургийн овогт Д овогтой Х /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, **** хаягт байрлах “Г” ХХК /РД:***/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалж төлбөрт төлсөн 144,900,000 /нэг зуун дөчин дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Х төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Х нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Г” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, **апартмент хотхоны Б блок, 1 дүгээр орц, **давхар, 56.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,699,208 төгрөгт тооцож нийт 96,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний хавсралтад заасны дагуу 48,600,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх төлбөрт бартераар Приус-20 маркийн автомашиныг 23,000,000 төгрөгт тооцож, нийт 4 удаагийн гүйлгээгээр **тоот дансанд 40,000,000 төгрөг, Т Х маркийн автомашиныг 29,600,000 төгрөгт тооцож, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 96,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Барилгыг хариуцагч нь 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээний 2.2-т заасны дагуу үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл барилга баригдаж бүрэн ашиглалтанд ороогүй, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 734 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 96,600,000 төгрөг, гэрээний 8.2-т заасны дагуу 0.2 хувийн алданги тооцвол 141,808,800 төгрөг болж байх боловч хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 48,300,000 төгрөгийн алдангийн хамт, нийт 144,900,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

 Төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалж, төлсөн төлбөрөө алдангийн хамт шаардаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагаас дуудаагүй, гэрчийн болон хохирогчийн тайлбар аваагүй. Хариу тайлбарт дурдсан цагдаад шалгагдаж байгаа гэх зүйл нь Орон сууц захиалах гэрээний үүрэгтэй хамааралгүй байна. Алдангийн талаар хариуцагч тал тайлбар өгөөгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар хариу тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2. Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч В.Сансар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Манай компанийн “**апартмент” хотхонд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Х нь орон сууц захиалгын Б-9-56,85/4 тоот гэрээ байгуулсан. Д.Х нь гэрээний төлбөрт дансаар 44,000,000 төгрөг, бартерт Приус-20 /2007-2017/ онтой тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгт, ** тээврийн хэрэгслийг 29,600,000 төгрөгт тус тус тооцуулан, нийт 96,600,000 төгрөг төлсөн. Бид 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Д” ХХК-ийг төлөөлж С.М Оросын холбооны улсаас арматур болон катанги төмөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөрт дээрх орон сууцнаас орж ирсэн төлбөрийг шилжүүлж өгсөн. “Д” ХХК-д гэрээний төлбөр тооцоог хийсэн боловч арматур төмөр өнөөдрийг хүртэл нийлүүлээгүйгээс болж барилгын төслийн ажил явуулахад бэрхшээл тулгарч, уг асуудлаас улбаалан захиалагч нар бухимдаж орон сууц захиалгын гэрээг ихээр цуцлахад хүрсэн.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн залилах гэмт хэрэгт тэмцэх газарт Самдан овогтой Мталаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Д.Х нь “М” ХХК-ийн дансаар нийт 44,000,000 төгрөгийг хийсэн. Уг мөнгийг С.М хүү М.О**тоот Хаан банкны дансанд шилжүүлж өгсөн. Дээрх тээврийн хэрэгслүүдийг “Г” ХХК нь бүртгэн авч ажлын гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлж өгсөн. Мөн “М” ХХК, “Г” ХХК нь иргэдээс ирсэн гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Ххолбоотой нэхэмжлэл нь мөн давхар шалгагдаж байгаа. Мөрдөн байцаагчийн тогтоолоор эдийн засгийн шинжээч дүгнэлт гаргаж байгаа болно...гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Г” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний эх хувь, гэрээний эргэн төлөлтийн хуваарь, “Г” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №11 тоот Тооцоо нийлэх хуудасны эх хувь, төлөөлөгчид олгосон итгэмжлэл,

4. Хариуцагч талаас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар, “Д” ХХК, “Г” ХХК нарын байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч В.Сансарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан, тус компанитай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 96,600,000 төгрөг, алданги 48,300,000 төгрөг, нийт 144,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2.1. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөөгүй 734 хоногийн хугацаа хэтрүүлсэн учраас гэрээг цуцалж, төлсөн төлбөрөө алдангийн хамт шаардсан. Хариу тайлбарт дурдсан цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг нь энэ гэрээтэй хамааралгүй” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргахдаа гэрээний дагуу төлбөрт дансаар 44,000,000 төгрөг, бартер хэлбэрээр ТПриус-20 маркийн тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгт, ТХмаркийн тээврийн хэрэгслийг 29,600,000 төгрөгт тус тус тооцож, нийт 96,600,000 төгрөг хүлээн авсан, мөн гэрээний дагуу орон сууцыг ашиглалтанд оруулаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Д.Хүнбишээс хүлээн авсан төлбөрийг бусдад шилжүүлсэн, бусад этгээдийн буруугаас шалтгаалан гэрээ биелэгдээгүй ба тухайн этгээдэд холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар тайлбарласан байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудаас гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            4.1. Талууд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Г” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, **апартмент Б блок, 1 дүгээр орц, **дүгээр давхарт 56.85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагч Д.Х 2023 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид орон сууцны үнэ 1 м.кв талбайг 1,699,208 төгрөгөөр тооцож, нийт 96,600,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэг тус тус хүлээх, гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувиар алданги тооцох зэргээр ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан байна. /хх-4-9/

            4.2. Гэрээний талууд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №11 тоот тооцоо нийлэх хуудас үйлдэж, уг баримтаар Д.Хнь төлбөр төлөх үүргээс 92,600,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заан, тухайн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон /хх-10/

            4.3. Хариуцагч “Г” ХХК нь “Д” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлэгч “Д” ХХК нь 632,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг “Г” ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-31-34/

            4.4. “Г” ХХК нь Д.Х байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

            5. Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй талаар маргаагүй. Мөн хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргаагүй байна.

            6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр 96,600,000 төгрөгийг төлсөн бол хариуцагч тал орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчиж, биелүүлээгүй болох нь тогтоогдсон ба гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрт төлсөн, мөн тухайн хуулийн этгээдийн үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа нь Д.Х гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

8. Иймд нэхэмжлэгч Д.Х Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул хариуцагч “Г” ХХК-иас төлбөрт төлсөн 96,600,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

9. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз тооцохоор гэрээнд тусгаж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

9.1. Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 734 хоногийн хугацаа хэтэрч, энэ өдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Х алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 96,600,000 төгрөгөөс хоног тутамд 0,2 хувийн алданги тооцоход 141,808,800 төгрөг гарсан байна.

9.2. Гэрээний дагуу тооцогдсон дээрх алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарсан байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гэрээний үнийн дүн болох 96,600,000 төгрөгийн 50 хувь 48,300,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 882,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК /РД:****/-иас 144,900,000 /нэг зуун дөчин дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х/РД:***/-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 882,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САРАНТУЯА