Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 97

 

2018 оны 5 сарын 30 өдөр                        2018/ШЦТ/97                   Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0118/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                     А.Уламбаяр

Улсын яллагч                                        Я.Сансар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цогзолмаа

Шүүгдэгч                     Б.Б 

Шүүгдэгч Т.Б 

Шүүгдэгч Т.Б. нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Т.Б, Б.Б нарт холбогдох 1839001940116 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Шарга морьтын тойргийн задгайд оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жиилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан, Т.Б /РД: /

Монгол улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг Шуус гэх газар оршин суух хаягтай, Дорнод аймаг Хэрлэн сумын эрүүгийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, Т.Б /РД: /

Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг Шуус гэх газар оршин суух хаягтай, 2000 оны 10 дугаар сарын 20- ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар, 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан, Б.Б /РД:/ 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.Б , Б.Б , Т.Б. нар нь хамтран 2016 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг, “Холбоогийн толгойн ар” гэх газраас иргэн Д.Алтансүхийн 8 тооны хонийг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Т.Б , Б.Б , Т.Б. нар нь хамтран 2016 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг, “Холбоогийн толгойн ар” гэх газраас иргэн Д.Алтансүхийн 8 тооны хонийг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хохирогч Д.Алтансүхийн: “...Би 2016 оны намар 10 дугаар сард Баянаа гэх залууг өөрийн туслах малчнаар авч малаа харуулсан бөгөөд би малын А дансандаа 1000 гаруй толгой малтай. Тухайн үед Баянаа манай малыг эхнэр Оюунтуяагийнхаа хамт 2017 оны хавар 3 дугаар сар хүртэл харсан. ...2018 оны 3 сарын 06-07-ны үед Баянаагийн эхнэр Оюунтуяа нь надруу утсаар залгаад надад хандан малаас чинь Батжаргал, Батдорж хоёр ирж аваад явж байхад та яагаад мэддэггүй юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюунтуяагаас хэзээ ийм асуудал болсон юм бэ гэхэд Баянаа бид хоёрыг танай хонийг харж байхад орой харанхуй болсон хойно Батжаргал, Батдорж хоёр малын хашаан дотор орж ирээд таны хониноос шилж байгаад 8 тооны бүдүүн эм хонийг чинь аваад машиндаа ачаад явсан. Тэгээд имийг нь Батжаргалын хүү болох Чулууны им болгож засна гэж ярьж байсан гэж хэлсэн. ...Тэгээд би 2018 оны 4 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн төвд Батжаргалтай таараад Батжаргалд хандан Батдорж та нар манай хонь малыг ачсан байна гэж хэлэхэд Батжаргал тиймээ би Баянаагаас авлагатай болоод авсан юм гэж хэлсэн. Тухайн үед Батжаргал бид хоёр хоёулаа ажилтай явцгааж байсан учир хоорондоо өөр зүйлс ярилцалгүй салцгаасан юм. Тэгээд саяхан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны үед би Хэнтий аймгийн төвд Батжаргалтай таарахад Батжаргал нь надад хандан би чамайг хохиролгүй болгоод өгье, төлөөр хөөгөөд би чамд 8 хургатай хонь, 8 төлөг, нийтдээ 24 тооны мал өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад өргөдөл өгчихсөн, хууль журмынх нь дагуу хохирлоо барагдуулж авна гэж хэлчихээд би явсан. ...Оюунтуяагийн төрсөн охин нь Батдорж гэх залуутай хамт амьдардаг бөгөөд Батдорж нь эхнэрээ зодож нүдсэний улмаас Оюунтуяа нь уурандаа Батжаргал, Батдорж нарын хулгай хийснийг нь надад хэлсэн болов уу гэж л би бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23 тал/

Гэрч У.Оюунтуяагийн: “...Би 2016 оны намар 9-10 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг "Холбоогийн толгойн ар” гэх газарт намаржиж байсан Алтансүх гэх хүний малыг нь өөрийн нөхөр Баянаагийн хамт харж эхэлсэн. Тэгээд Баянаа, бид хоёрыг Алтансүх гэх хүний малыг нь хараад нээх удаагүй байхад Алтансүхийн намаржаанаас холгүйхэн нутагладаг манай худ Батжаргал, хүргэн Батдорж нар нь харуй бүрий болж байхад Батжаргалын жижиг суудлын автомашинтай манайд ирээд манай нөхөр Баянаатай уулзаад малын хашаандаа хашчихсан байсан хониноос 8 тооны бүдүүн эм хонийг шилж сонгож байгаад Батжаргал, Батдорж нар нь унаж ирсэн жижиг суудлын автомашиныхаа багаж, хойд талын суудал дээр уг 8 тооны хонио ачаад хөдлөөд явсан. Тэгэхээр нь би Баянаагаас юу болсон талаар асууж тодруулахад Баянаа надад хандан Батжаргал, Батдорж нар машинтайгаа ирээд Алтансүхийн хониноос 8 тооны бүдүүн эм хонь аваад явчихлаа гэж хэлсэн. ... 2018 оны 02 дугаар сард яг хэдний өдөр болохыг нь хэлж мэдэхгүй байна, миний ганц охин Нансалмаа нь өөрийн нөхөр Батдоржтой маргалдаж муудалцсан гээд бид хоёр дээр хүрээд ирсэн. 2018 оны 3 дугаар сард яг хэдний өдрийг санахгүй байна, би уурандаа Алтансүх гэх хүн рүү утсаар залгаж яриад таны хониноос Батжаргал, Батдорж нар нь хулгай хийсэн гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

Гэрч Н.Нансалмаагийн: “...Батдорж надтай хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2016 оны намар 10 дугаар сард яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна өөрийн аав Батжаргалтай аймгийн төв рүү явчихаад буцаж ирэхдээ машиндаа 8 тооны бүдүүн эм хонь ачаад ирсэн. Батжаргал, Батдорж нар нь гэрт ирснийхээ дараа уг 8 тооны бүдүүн эм хонины имийг нь хайчилж өөрчлөн өөрсдийнхөө малын имтэй адилхан болгоод хониндоо нийлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

Алдагдсан малын үнэлгээ /хх-ийн 30 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Т.Б , Б.Б , Т.Б. нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Б , Б.Б , Т.Б. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Д.Алтансүхэд хохирлыг бүрэн барагдуулсан байх бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Б, Б.Б, Т.Б нарыг хамтран бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б , Б.Б , Т.Б. нарт Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус бүр 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичгүүд шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.МӨНХТУЛГА