| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2303001530284 |
| Дугаар | 2025/ДШМ/494 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/494
2025 04 30 2025/ДШМ/494
Х.З, Ц.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, О.Буянтөр,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор Х.З, Ц.Б нарт холбогдох 2303001530284 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х.З, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, 00 инженер мэргэжилтэй, “00” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,
2. Ц.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, 00 мэргэжилтэй, “00” ТББ-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/
Шүүгдэгч Х.З нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Цэц-Урлан" ТББ-ын захирал Ц.Б-тай “Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө “00” ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,
шүүгдэгч Ц.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19,946,500 төгрөгийн үнэ бүхий ажил үйлчилгээний” гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр “00” ХХК-тай Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Х.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.З-д “нийтийн албанд томилогдох” эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-т “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д оногдуулсан “нийтийн албанд томилогдох” эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Х.Згоос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд....Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.З, Ц.Б, мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.Т, гэрч Г.Э, гэрч Ц.М, гэрч Ц.О, гэрч Б.Ю, гэрч Д.М, гэрч Б.А, гэрч Г.С нарын өгсөн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажил, үйлчилгээний гэрээ, гэрээ дүгнэсэн акт, УБТЗ-ын зорчигчийн вагон депогийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн даргын А/09 дугаартын тушаал, Цэц урлан ТББ-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь Х.З-г Хахууль авах гэмт хэргийг шууд нотолсон, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээт нотлох баримтууд биш гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт....Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад....Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгийг үндэслэж Х.З, Ц.Б нарыг тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна.
Шийтгэх тогтоолын 14 дүгээр талд....Түүнчлэн Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн байх тул түүний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэжээ.
Хэрэв анхан шатны шүүх шүүгдэгч Х.З, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгийг үнэлсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалттай хэрхэн зөрчилдөхгүй талаар огт дүгнэлт хийсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг....Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт....Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна, 2.5 дахь заалтад....Өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах.
Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт....Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн оролцож байгаа ажиллагааны бусад оролцогчид асуулт тавьж, хариулт авах эрхтэй гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед байлцаж оролцогчид асуулт тавих, хариулт авах эрхтэй гэж заасан байхад анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн өөрийнх нь оролцсон мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа үйлчлүүлэгчийг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн үйл ажиллагааг бусдыг гэмт буруутайд тооцох баталгаа болгосонд гомдолтой байна.
Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр улсын яллагчийн эсэргүүцлээр хянан хэлэлцээд Магадлалд....Гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг прокуророос хөдөлбөргүй тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байна гэж үзэж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг тогтоохоос гадна гэмт хэргийг хаана, яаж үйлдсэнийг нотлох учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж заасан.
Гэтэл хэрэг прокурорт буцсанаас хойших хугацаанд явуулсан мөрдөн байцаалтын ажиллагааны явцад магадлалд заасан Ц.Б нь Х.З-д Хахууль өгөх гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн талаар тогтоох ажиллагааг огт явуулаагүй.
Мөрдөн байцаалтын явцад Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Хермес худалдааны төв нь тус дүүргийн хэддүгээр хороонд байрладаг, газар зүйн байршлын талаар хэд хэдэн лавлагаа авсан байсан.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Ц.Б нь Х.З-д Хахууль өгөх гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн талаар тогтоох талаар заасан болохоос Хермес худалдааны төв нь Баянгол дүүргийн хэддүгээр хороонд байрладаг болохыг тогтоох талаар заагаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, мөн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээртэй тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тогтоол тус тус гарч дагаж мөрдөж байна. 16 дугаар тогтоолын 5.1.6-д заасан Мэдүүлэг гэсэн ойлголтод Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрх, зарчим хэрэгжинэ.
Тайлбарлах хэсгийн 1.4-т Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээртэй тогтоолын 1.1-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
1.2-т "... гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол. хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ.
1.4-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ. ”... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын заалтуудыг огт анхаарч үзсэнгүй.
Иймд шүүгдэгч X Х.З, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч О.Буянтөр “Т.Эрдэнэбат өмгөөлөгчтэй санал нэг байна. “ гэв.
Шүүгдэгч Х.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгууллагын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт орсон. 2023 оны 01 дүгээр сард байгууллагын санхүүд төлөвлөгөөт шалгалт орсон. Ерөнхий инженер барилга, засвар, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцдаг. Төлөвлөгөөт шалгалтын хариу гараагүй байхад миний материалыг Төмөр замын Цагдаагийн газарт өгсөн. Манайд ажилладаг хүн ерөнхий инженерийн ажлыг авна, оронд нь очно гэдэг зорилго агуулж, Төмөр замын Цагдаагийн газарт шалгаж өгнө үү гэх агуулгатай өргөдөл гаргасан. Аудитын шалгалтын дүн гараагүй байхад Төмөр замын Цагдаагийн газар 2020-2022 оны 3 жилийн ерөнхий инженертэй холбоотой их барилга, их зүйл, хөрөнгө оруулалттай холбоотой бүх ажлуудыг шалгасан. Ингэж шалгахдаа гэрээ хийсэн 20 гаруй компанийн захирлыг Төмөр замын Цагдаагийн газар дуудаж, Х.З-д мөнгө бэлнээр өгсөн үү гэж асууж, дарамталсан. Үүний дотроос 60 жилийн ойн медаль, медалион хийсэн Ц.Б захирлыг 4 цаг 30 минут гаран шалгаж, дарамталж, үг алдуулж, ингэж хэлүүлсэн. Би энэ хүнтэй холбоогүй, 800.000 төгрөг аваагүй. 60 жилийн ойн медаль, медалион, энгэрийн тэмдэг хийхийг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй комисс шийдвэрлэсэн. Солонгосчуудтай уулзаад ороход комисс шийдвэр гаргасан байсан. Комиссын шийдвэрийг дагаж, комиссын даргын хувьд Ц.Б захиралтай гэрээ хийж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ойн медаль, медалион, энгэрийн тэмдгээр олон хүнийг баярлуулсан. Төмөр замын Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, прокуророос хэргийг шалгаж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээс намайг болон Ц.Быг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгасан. Прокурор эсэргүүцэл бичиж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал гарч, 2 зүйлийг тодруул гэж буцаасан. 8-9 сар гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 30, 31-ний өдөр гэдэг 2 тоо байсныг сольж, тогтоол гаргасан. 800.000 төгрөгийг хаана, хэдэн цаг, хэдэн минутад авсан болохыг тогтоо гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зүйлийг тогтоож, биелүүлээгүй. 800.000 төгрөгийг аваагүй. Ц.Б яагаад тийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй, дараа нь 800.000 төгрөг өгөөгүй, өөр зүйлд ашигласан гэж мэдүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б болон намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төмөр замын Цагдаагийн газарт Ц.Б 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хоёр удаа мэдүүлэг авахад “намайг цохиж, зодоогүй. Гэхдээ маш удаан цагдаагийн газарт байлгаж, мэдүүлэг авсан” гэж шүүгдэгч хэлдэг. Авлигатай тэмцэх газарт өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргаж, би очиж, өмгөөлөгчтэй мэдүүлэг гаргасан. Ц.Б-аас яагаад хахууль өгсөн гэж мэдүүлсэн талаар асуухад “Төмөр замын Цагдаагийн газарт ингэж мэдүүлэг өгсөн учраас дараа нь 900.000 төгрөгийн хахууль өгсөн” гэж мэдүүлсэн талаараа хэлж байсан. Өмгөөлөгчийн зүгээс “ингэж мэдүүлэг өг” гэж тайлбарлах боломж олдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан. Хахууль өгсөн, авсантай холбоотойгоор ойн медаль, медалион хийж, ойн байр зохион байгуулсантай холбоотой баримтыг хавтаст хэрэгт авагдсан. Гэрээ хийсэнтэй холбоотой баримтууд мөн авагдсан. Үүнтэй маргаагүй. Эдгээр нь хахууль авсан, өгсөн нотлох баримт болж чадахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотолно” гэж зохицуулсан. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 32 минутад Ц.Б 763 дугаар АТМ-с 900.000 төгрөгийн зарлага гаргасантай холбогдуулан хахууль өгсөн, авсан цаг хугацааг тогтоосон. Ц.Б энэ мөнгөө ахуйн хэрэглээнд зарцуулсан гэж мэдүүлсэн. “Хермес төвийн урьд талын машин зам дагуу өгсөн” гэх мэдүүлгээр хахууль өгсөн газрыг тогтоосон нь нотолбол зохих байдлыг тогтоогдоогүй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар, мөрдөгч замын камерын бичлэгээр хахууль өгснийг баталгаажуулж, тогтоосон бол хахууль өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч, уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй. Шүүгдэгч Х.З, Ц.Б нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэх өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх урьд нь энэ хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх биелүүлэх императив хэм хэмжээний хүрээнд хэргийг буцаасан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс нэмэлт мөрдөн байцаах ажиллагааг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс явуулсан. Өмгөөлөгчид “давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, ажиллагаа хийгээгүй, ганцхан “Хермес” худалдааны төв Баянгол дүүргийн хэддүгээр хороонд байдаг болохыг тогтоосон” гэж байна. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, баримтууд нь 3-4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан. Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депод албан бичиг хүргүүлж, 60 жилийн ой хэзээ болсон, Х.З-гийн гэмт хэрэг гарах үеийн цаг бүртгэлийг авсан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер н.Б-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1677 дугаартай албан бичиг авагдсан. 60 жилийн ойн баяр 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12-18 цагийн хооронд болсон. 2022 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Х.З-гийн ажилдаа ирсэн, явсан цагийг тодорхойлсон. Гэрч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа ойн баяраас хойш болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан мэдүүлгүүд үнэн, бодит уу, ойн баяр хэзээ болсон, баяраас хойших цаг хугацаагаар тодорхойлогдоно гэсний дагуу энэ тодорхойлолтуудыг авсан. 3 дугаар хавтаст хэргийн 209-216 дугаар талд Ц.Б-ын 2 удаагийн мэдүүлэг байгаа. Эхний удаад “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гээд мэдүүлгийг дуусгасан. 2 дахь мэдүүлэгт “миний өмнө нь өгч байсан мэдүүлгүүд худлаа, 2022 оны 10 дугаар сард гэртээ ажиллаж байсан. Энэ мөнгөөрөө гэртээ хүнс авсан” гэж мэдүүлсэн. Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын албан бичгээр гэмт хэрэг үйлдсэн газрын тодорхойлсон. Энэ 3 нотлох баримт, урьд мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн Х.З, Ц.Б нарын утасны лавлагаа зэрэг нотлох баримтуудыг харьцуулсан үзлэгийг хийсэн. Өмгөөлөгчийн дурдсанаар энэ хоёр хүнийг хахууль өгч, авч байхад харсан гэрч байхгүй, камерын бичлэггүй учраас бусад нотлох баримтаар хэрхэн нотлох бэ гэдэг хүрээнд харьцуулсан үзлэгийг хийсэн. Харьцуулсан үзлэгээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд энэ хүмүүсийн хооронд хэрхэн харилцаа үүссэн бэ гэдэг агуулгыг гаргасан. Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депо ерөнхий инженер н.Б-ийн ирүүлсэн албан бичигт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ерөнхий инженер Х.З нь 18 цаг 17 минутад ажлаасаа гарсан. Ажлаасаа гарснаас хойш 18 цаг 28 минутад Х.З Ц.Б-тай холбогдсон. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг энэ хүрээнд тогтоох боломжтой гэж үзэж байна. Бэлнээр 800.000 төгрөг гаргуулж авсан нь банкны дансны хуулгаар тогтоогдоно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг 28 дугаар конвенцид заасны дагуу авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн, сэдэл, зорилгыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтаар тогтоох боломжтой гэж үзэж байна. Авлигын гэмт хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг учраас шууд нотлох баримт гэхээсээ илүүтэйгээр бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэх замаар гэмт хэргийн сэдэл, санаа, зорилго, гэмт хэргийн үйл баримтыг тогтоох бүрэн боломжтой талаар конвенцид тусгасан. Энэ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоосон. Мөн давж заалдах гомдолд Улсын Дээд шүүхийн 2 тайлбартай холбоотойгоор яллагдагчийн мэдүүлгийн дангаар үнэлж, Х.З, Ц.Б нарын гэм буруутайд тооцсон гэж байна. Шийтгэх тогтоолын 13-16 дугаар талд дүгнэлтүүдийг дурдсан. Яллагдагч Ц.Б-ын мэдүүлэг нь дансны үзлэг хийсэн баримт, гэрч н.М, Ц.О, Б.Ю, Д.М, Б.А нарын мэдүүлэг, дээр дурдсан нэмэлт мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Криминологийн онолын хувьд яллагдагчийн анхны өгсөн мэдүүлэг харьцангуй давуу буюу мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад нөлөөллөөс шалтгаалан мэдүүлэг өөрчлөгдөх боломжтой. Тиймээс криминологийн онолоор хөдөлж, өөрчлөгдөх боломжтой нотлох баримтуудын эхнийхийг үнэлэх нь зүйтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд нотлох баримт гэж үзнэ. Тиймээс яллагдагчийн мэдүүлгийг огт нотлох баримт гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тайлбар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан ашигтай байдлын талаар гомдолдоо дурдсан байсан. Энэ ашигтай байдал өнөөдрийн шүүх хуралдаанд яригдах боломжгүй. Цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт эргэлзээ төрүүлэх баримт авагдаагүй, өмгөөлөгч гомдолдоо аль баримтыг эргэлзээтэй гэж үзэж байгаагаа дурдаагүй учраас энэ асуудлыг ярих шаардлагагүй гэж үзэж байна. 3 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар талд Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг авагдсан. Энэ мэдүүлгийг эрүүдэн шүүж, Авлигатай тэмцэх газарт удаан хугацаагаар байлгаж авсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ мэдүүлгийг харахад 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 07 минутад яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, 4 минутын дараа буюу 16 цаг 11 минутад эрх, үүргийг тайлбарлаж, 9 минутын дараа буюу 16 цаг 20 минутаас мэдүүлэг авч эхлэн 17 цаг 09 минутад дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлд “насанд хүрсэн хүний нэг удаагийн мэдүүлэг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол 1 цагийн завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас илүүгүй байна” гэж заасан. Ц.Б-ын өгсөн мэдүүлгийн хугацаа 1 цаг ч хүрэхгүй байна. Шийтгэх тогтоолд энэ мэдүүлгийг өмгөөлөгч оролцсон гэж үнэлж, дурдсан. Гэтэл өмгөөлөгч мэдүүлэг өгөхөд оролцсон гэдгээрээ туйлын үнэн гэдэг дүгнэлт хийсэн гэж гомдолдоо бичсэн. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч заавал оролцох уу, мэдүүлэг өгөх процесс хуульд заасны дагуу явагдсан уу гэдэг дээр шүүх дүгнэлт хийж, ямар нэг байдлаар эрхийн болон процессын зөрчил гараагүй байна гэж үзсэн. Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэц, мөн тус хуулийн 36.6 дугаар зүйлээс 36.8 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
1. Шүүгдэгч Х.З нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Цэц-Урлан" ТББ-ын захирал Ц.Бтай “Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,
2. Шүүгдэгч Ц.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19,946,500 төгрөгийн үнэ бүхий ажил үйлчилгээний” гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр “Хас Гоёл” ХХК-тай Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 11/40-381 албан бичгээр хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр Төмөр замын цагдаагийн газраас/ томилон ирүүлэх гэсэн албан бичиг ирүүлсний дагуу 10/807 дугаартай Хууль зүйн албаны хуулийн зөвлөх Б.Т-г томилон ирлүүлсэн. Цаашид байгууллагаа төлөөлөн хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно. Хууль зүйн алба нь УБТЗ-ын хэмжээнд хийгдэж байгаа гэрээг хянадаг бөгөөд Замын даргаас батлан гаргасан А-220 "Журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай", 2022 оны 04 дүгээр сард худалдан авах ажиллагаа журам шинэчлэн батлагдсан А359 тушаал батлагдсан...Зорчигчийн вагон депо нь уг журмын дагуу худалдан авах ажиллагааны болон ажил үйлчилгээний гэрээг хийж хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн алба тодорхой төрлийн гэрээнд хяналт тавихдаа гэрээний драфт, гэрээний хавсралт, сонгон шалгаруулсан материал зэргийг үндэслэн гэрээнд хяналт тавьдаг. Тухайн гэрээг гэрээлэгч салбар нэгж нь сонгон шалгаруулах үйл ажиллагааны хурлын тэмдэглэл, холбогдох санхүүгийн анхан шатны бичиг баримтыг өөрсдөө хариуцан ажилладаг. Худалдан авах ажил үйлчилгээний гэрээ байгуулахдаа иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хэнтэй ч гэрээ байгуулж болно. Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа худалдан авах ажиллагааны журамд зааснаар салбар нэгжүүд 10 сая төгрөг хүртэлх худалдан авах ажиллагаанд салбар нэгжийн хурлын комиссын шийдвэрийг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулна...Гэрээнд хяналт тавихдаа тухайн гэрээний бүрдлийг бүрэн эсэх, хавсралт материалд хяналт тавьдаг. Харин сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл байгаа эсэхэд нь хяналт тавьдаг болохоос үнэн бодитой эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байдаг. Харин журамд заасан сонгон шалгаруулалт зохион байгуулах түүний үнэн зөв эсэхийг тухайн байгууллага хариуцна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын эрх ашиг зөрчигдөж байгууллагад хохирол учирсан тохиолдол нэхэмжпэх болно...” гэх мэдүүлэг /1хх 11-13/,
гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие нь Зорчигчийн вагон депогийн бүхий л худалдан авах үйл ажиллагааг хариуцаж явдаг. Миний бие Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баяртай холбогдуулж тэмдэг худалдан авахаар аж ахуйн нэгжид судалгаа хийгээгүй. Ажпын байрны тодорхойлолт болон дүрэм журмаараа миний бие хийх ёстой. Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга ерөнхий инженер Х.З, нарийн бичгийн дарга Б.Мн, гишүүд хүний нөөцийн тасгийн ахлах мэргэжилтэн н.С, орлогч нягтлан бодогч н.Г, гэрээний мэргэжилтэн Ц.М, засвар хариуцсан орлогч дарга н.Б, завсар хариуцсан инженер Б.С, ашиглалт хариуцсан дарга Ч.М, үйлчилгээ хариуцсан инженер Д, худалдан авалт борлуулалтын мэргэжилтэн Г.Э миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй. Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга ерөнхий инженер Х.З, нарийн бичгийн дарга Б.М, гишүүд гэрээний мэргэжилтэн Ц.М нар сонгон шалгаруулалт явуулах эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Ч, ерөнхий нягтлан бодогч Ц.О нар нь бараа материал худалдан авахад сонгон шалгаруулалт явуулдаггүй. Бараа материал худалдан авах үйл ажиллагааг хийхдээ зорчигчийн вагон депогийн дотоод үнийн комиссын сонгон шалгаруулалтын гишүүд явуулах ёстой байдаг. Замын даргаас гаргасан тушаал болон журам, гэрээ байгуулах журам дээр заасан байдаг. Зорчигчийн вагон депо нь бараа материал худалдан авахдаа Төрийн бус байгууллагаас худалдан авалт хийж болохгүй. Тухайн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлж байгаа зүйл өөр учраас болохгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 95-97/,
гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие зорчигчийн вагон депо бараа материал худалдан авах гэрээний төслийг боловсруулж албажуулж дугаар авч ажилладаг. Улаанбаатар төмөр замын зоригчийн вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлэхэд аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. Зоригчийн вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-гоор ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу Цэц урлан ТББ-тай гэрээ байгуулах гэрэзний төслийг боловсруулж Зорчигчийн вагон депогийн дарга Б.Ю даргын гарын үсэг, тухайн аж ахуйн нэгжийн захирлын гарын үсгийг зуруулаад Төлөвлөлт эдийн засгийн албаны дарга Э, Хуулийн албаны дарга , хуульч Н нараас гэрээ байгуулах зөвшөөрлийг авч гэрээний дугаарыг “Абль” системээр над руу явуулдаг. Зоригчийн вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-гоор ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу “Цэц урлан ТББ”-тай гэрээг Зорчигчийн вагон депогийн дарга Б.Ю байгуулж гарын үсэг зурсан. Зоригчийн вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдгийг “Цэц урлан ТББ”-гаар хийлгүүлж худалдан авахдаа хэчнээн аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалт явуулж “Цэц урлан ТББ”-г сонгосныг мэдэхгүй байна. Хурлын шийдвэр гарсны дагуу гэрээг байгуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх 100-102/,
гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.З над руу утсаар залгаад өрөөнд ороод ирээч гэсэн. Тэгээд миний бие Х.З-гийн өрөөнд ороход ерөнхий нягтлан бодогч О, эдийн засагч М, гаднын нэг хүн сууж байсан. 60 жилийн медаль, энгэрийн тэмдэг, медалион зэргийн зураг тавиад сууж байсан. Намайг “саналаа хэлээч” гэж Х.З хэлсэн. Үүний дагуу саналаа /Түүх 60 жил ойн баяр болж байгаа учраас 20 жилээс дээш ажиллаж байгаа ажилчдадаа медаль, бүх ажилчдадаа энгэрийн тэмдэг, хүндтэй ажилчин, зочдодоо медалион тус тус өгвөл ямар бэ гэсэн. Энэ хийгдэх тэмдгүүд том байна. Үнэ өндөр байна гэж хэлсэн. Тэгсэн Х.З надаас танд ямар байвал боломжтой вэ гэсэн. Медалийг өшөө жижгэрүүлмээр байна гэж хэлсэн. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулсан зүйл байхгүй. Таны харуулж байгаа хурлын тэмдэглэл болон сонгон шалгаруулалт явуулж байгаа 3 аж ахуйн нэгжийн “Одон медаль үйлдвэр ХХК”, “Shenzhen Ming Feng Xing Art Craft Products XXK”, Цэц урлан ТТБ нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үзүүлээгүй. Хэчнээн төгрөгийн төсөв гарах гэж байгаа талаар хэлж яриагүй. Зүгээр зураг үзүүлээд санал байна уу л гэсэн. Гадны нэг хүн нь Цэц урлан ТББ-гийн захирал байсан. Тэгээд маргааш буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий инженер Х.З нь 21-ний өдөр байсан гадны /Цэц урлан ТББ-н/ хүнтэй хамт суугаад одоо болж байна уу гэж зураг харуулж байсан. Хурлын тэмдэглэл дээр намайг үг хэлсэн мэтээр зохиож бичсэн байна. Тухайн үед ямар нэгэн хурал хийж байгаа талаар тэмдэглэл хөтлөөгүй...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М ерөнхий инженер Х.З-гийн өрөөнд байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 115-117/,
гэрч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ерөнхий инженер Х.З нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өрөөндөө намайг дуудаад зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баярын тэмдэг хийлгүүлэх гэж байна гээд өрөөнд нь яваад ороход эдийн засагч н.М, ҮЭХ дарга н.Ч, “Цэц урлан ТББ”-ын захирал нь гээд сахалтай залуу байсан. Эдийн засагч н.М сонгон шалгаруулалтаар 3 аж ахуйн нэгжийг танилцуулаад “Цэц урлан”-гаас өөр 2 аж ахуйн нэгж урлан ТББ-гийг сонгосон нь боломжгүй гэж ярьсан. Тэгээд “Цэц” одон медаль үйлдвэр ХХК”, “Shenzhen Ming Feng Xing Art Craft Products” XXK нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг тухайн хуралд үзүүлээгүй. Тус хуралд “Цэц урлан ТББ”-гийн захирал гээд сууж байсан. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний үед миний бие зорчигчийн вагон депогийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комисст байгаагүй. Зорчигчийн вагон депогийн үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий инженер Х.З-гийн өрөөнд байгаагүй. Зорчигчийн вагон депо нь худалдан авалт хийхдээ санхүүжилт байгаа тохиолдол л хийнэ...Цэц урлан ТББ-тай тэмдэг хийлгүүлэх албан ёсны гэрээг Зорчигчийн вагон депогийн дарга Б.Ю нь байгуулж мөнгийг шилжүүл гэж нэхэмжлэх дээр гарын үсэг зурсны дагуу миний бие дээрх ТББ-д мөнгийг шилжүүлсэн. Цэц урлан ТББ-н Хас банкны 00000000 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 19,946,500 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 120-122/,
гэрч Б.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зорчигчийн вагон депогийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэж ажил үүрэг дээр тодорхойлсон байдаг. Шууд худалдан авах бараа материал буюу 3.0 сая төгрөг доторх, 10.0 сая төгрөг доторх бараа материалыг дотоод үнийн комиссын хурлаар ороод шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээг байгуулдаг. 10,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа материалыг Улаанбаатар төмөр замын Худалдан авалтын хурлаар орж шийдвэрлэгддэг. Сүүлийн 3 жил хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн. 2022 онд cap, өдрөө мэдэхгүй байна. Цэц урлан ТББ-ын дарга Ц.Б гэдэг хүнтэй медаль, энгэрийн тэмдэг, медалион, хайрцаг зэргийн загваруудыг гаргуулахаар уулзаж байсан. Зорчигчийн вагон депод бараа, материал худалдан авах үйл ажиллагаанд үнийн комиссын гишүүдийн хурлын шийдвэрээр гарын үсэг зурж гэрээг байгуулж санхүүжилтийг олгох нэгдүгээр гарын үсгийг зурдаг...” гэх мэдүүлэг /1хх 125-126/,
гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ худалдан авалттай холбоотой намайг нарийн бичгээр томилсон байсан. Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баярын цаг нь тулсан байсан учир дотоод сонгон шалгаруулалтын дарга ерөнхий инженер Х.З нь надад “Цэц-Урлан” ТББ-ын нэхэмжлэх, загвар зургийг өгч цахимаар энэ загвар зурагтай адилхан судалгааг яаралтай хийгээд дотоод сонгон шалгаруулалтын комисст яаралтай танилцуул гэсэн. Үүний дагуу би судалгааг интернэтээс хайхад ойн баярын медал үйлдвэрлэх 2 газар байсан. Тэр газрууд руу залгаж үзэхэд ерөнхийдөө манайхтай ойролцоо хэмжээтэй медалийг захиалгаар хийхээр байсан. Интернэтээс харахад “Цэц-Урлан ТББ” гэж байхгүй байсан. Сонгон шалгаруулалтын өмнө нь Х.З надад "Цэц-Урлан ТББ-ын дизайн өнгө дүрс нь аятайхан юм байна" гэсэн. Харьцуулан судалгаа хийж 3 аж ахуйн нэгжүүдийг дотоод сонгон шалгаруулалтын хуралд танилцуулсан. Одон медалийн үйлдвэр гэх компани нь хугацаа их шаардахаар байсан. Нэг нь Хятадын аж ахуйн нэгж байсан. Тухайн үед хил хаалттай байсан тул карго удаан ирэхээр байсан. Цэц-Урлан ТББ-ыг бол ойн баярын комиссын дарга Х.З олсон байсан. Медалийн загвар болон бичиг баримт нь бүрэн буюу сонгон шалгарахаар байсан. Тийм учраас энэ төрийн бус байгууллагыг сонгосон. 10,000,000 төгрөгөөс доош худалдан авалтыг дотоод сонгон шалгаруулалтын комисс шийддэг. Комиссын хурал дээр медиал авах аа 1 гэрээ байгуулаад, медалион болон хайрцаг авах аа 1 худалдан авалт буюу тусад нь гэрээ байгуулахаар шийдсэн. Нэр төрлийн хувьд өөр байсан учир тусад нь худалдан авалт хийсэн...” гэх мэдүүлэг /1хх 171/,
гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр боловсруулсан. Тус бичгийг боловсруулаад Одон медалийн үйлдвэр... “Зоос гоёл” ХХК хийхгүй гэсэн. Би Одон медалийн үйлдвэр, Зоос гоёл ХХК-д явуулах албан тоотыг шууданд хийгээгүй ба “Цэц-Урлан ТББ”-ын албан тоотыг ерөнхий инженерт өөрт нь өгөөд орхисон. Ажилчиддаа ойтой холбогдуулаад дурсгалын медаль тэмдэг хийе ээ гэж ерөнхий инженер Х.З үүрэг өгсөн. Тэрний дагуу үнийн судалгаа хийх буюу энэхүү албан тоотуудыг боловсруулсан... Манай төмөр зам чинь босоо удирдлагатай ба ерөнхий инженер нь техник технологи, инженерүүд зэргүүдийг шууд удирддаг...” гэх мэдүүлэг /1хх 182/,
шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тийм ээ 800,000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа “Хермес” төвийн урд талын машин зам дагуу өгсөн. ...3үгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. Хаа газар л тийм зүйл байдаг шүү дээ. ...” гэх мэдүүлэг /3хх 07-08/,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажил, үйлчилгээний гэрээ, гэрээ дүгнэсэн акт /1хх 103-107/, УБТЗ зорчигчийн вагон депогийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэглэл /1хх 111-112 /, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1хх 21-23/, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын А/383 дугаартай тушаал /1хх 30/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн даргын А-09 дугаартай даргын тушаал /1хх 31-38/, “Цэц Урлан” ТББ, Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 185/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Згийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б-ыг “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно.”, гэж 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
3. Шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат: “...Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь Х.З-г хахууль авах гэмт хэргийг шууд нотолсон, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээт нотлох баримтууд биш гэж үзэж байна. ...Анхан шатны шүүх хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэх гомдлын хувьд;
3.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан боловч шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлэг нь дангаараа бус бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Б-ын хувьд Х.З-д 800,000 төгрөгийг бэлнээр өгч хахууль өгсөн, авсан үйл баримт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Б-ын “...800.000 төгрөгийг 60 жилийн ойн баяр болсны дараа “Хермес” төвийн урд талын машин зам дагуу өгсөн. ..Зүгээр ажил дуусаад тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх 07-08/ нь шүүгдэгч Ц.Б-ын үйл ажиллагааг хариуцан явуулдаг “Цэц-Урлан” төрийн бус байгууллага болон Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 800,000 төгрөг бэлнээр авсан, гэмт хэрэг гарсан тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х.З нь 18 цаг 17 минутад ажлаасаа гарсан гэх Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Т.Б-ийн 2024.08.30-ны өдрийн 30/1677 дугаартай албан бичиг /3хх 203/, 2022.10.31-ний өдөр Х.З Ц.Б нар 18 цаг 28 минутад хоорондоо утсаар ярьсан талаарх үүрэг телефоны компаниас гаргуулан авсан лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 183-184/, гэрч Ц.М-ийнн мэдүүлэг /1хх 100-102/, гэрч Ц.О-ийн мэдүүлэг /1хх 120-122/, гэрч Б.Ю-ийн мэдүүлэг /1хх 125-126/, гэрч Д.М-ын мэдүүлэг /1хх 171/, гэрч Д.А-ын мэдүүлэг /1хх 176/ зэргээр шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлгийг давхар нотолж буй эх сурвалжтай байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэд нь нэг нэгнээ нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
3.2 Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа өгсөн мэдүүлэгтээ: “...Х.З-д 800,000 төгрөгийг “Хермес” худалдааны төвийн зам дагуу өгсөн гэж тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б нь “хахууль өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн” гэж маргаж оролцжээ.
Криминологийн онолд яллагдагчийн хамгийн анхны мэдүүлэг нь харьцангуй давуу үнэн зөв гэж үздэг бөгөөд хэргийн оролцогчдын мэдүүлэг нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх цаашдын явцад мартах, эсхүл хэргийн талаар бусад нөлөөллөөс шалтгаалан эхний өгсөн мэдүүлгээсээ буцах, зөрүүтэй байдлаар мэдүүлэх тохиолдол байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлгийг үнэн гэж үздэг тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, үгүйсгэх, эргэлзээ төрөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ц.Б нь Х.З-д 800,000 төгрөг өгөөгүй, тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нотлох баримт авагдаагүй, няцаах баримт тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Быг хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдаж байгаа үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
3.3 Түүнчлэн Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “... 28 дугаар зүйл. Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь: ...Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно. ..” гэж заасан.
Өөрөөр хэлбэл авлигын эсрэг гэмт хэрэг нь дийлэнхдээ нуугдмал далд аргаар үйлдэгддэг бөгөөд тухайн гэмт хэргийг шууд нотолсон баримт гэхээс илүүтэйгээр хавтаст хэрэгт авагдсан бусад шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг хооронд нь уялдаа холбоотойгоор дүгнэн цэгнэж, харьцуулан шалгасны эцэст тухайн гэмт буруутай этгээдийн сэдэлт санаа зорилгыг тогтоох боломжтой юм.
3.4 Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай нараас: “...Ц.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн, удаан цаг хугацаагаар мэдүүлэг авсан гэх тайлбарын хувьд;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан “мэдүүлэг” гэсэн ойлголтод Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан дараах үндсэн эрх, зарчмууд хэрэгждэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж, 14-т “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.
Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Долдугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. …”, Арвандөрөв дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй.” 2 дахь хэсгийн (е) “өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах, (g) “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” гэж мэдүүлэг авах ажиллагааны зорилго, хүрээ хязгаар, нотолгооны онцлог, мэдүүлгийг шалгах, үнэлэхэд баримтлах зарчмуудыг энэхүү пактад тусгасан.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Мэдүүлгийг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол 1 цагийн завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас илүүгүй байна.” гэж хуулиар зохицуулсан.
Шүүгдэгч Ц.Б-т 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг түүний өмгөөлөгч Б.Мандхайг байлцуулан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 07 минутад танилцуулж, эрх үүргийг 16 цаг 19 минутад танилцуулж, мэдүүлгийг 16 цаг 20 минутад эхлүүлж,17 цаг 09 минутад мэдүүлэг авах ажиллагааг дуусгаж түүнд гарын үсэг зуруулсан байна. /3хх 01-08/
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, мэдүүлэг авахад эрүүдэн шүүсэн, удаан цагаар мэдүүлэг авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон боломж тул үүрэг, хариуцлага бус эрхийн хэрэгжилт болохыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 5.3, 7.3, 7.4, 7.5, 7.6, 16.3, 25.1, 25.2, 25.3, 31.8, 31.11, 35.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авсан байна.
3.5 Түүнчлэн “Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг хамааруулан ойлгодог.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд Х.З-гийн хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-1-71 дугаартай тушаалаар Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер буюу ахлах албан тушаалтнаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан субъект мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл бөгөөд хуулиар хамгаалагдсан төрийн албаны хэвийн болоод зүй ёсны үйл ажиллагааг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийг хуульчилж, 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, мөн хуулийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэх гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байдаг.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хөнгөн ялыг буюу торгох ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хөнгөн ялыг буюу торгох ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед буюу гэмт хэргийн замаар олсон 800.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Згоос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” талаар гаргасан шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ