Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 111

 

2018 оны 6 сарын 18 өдөр                       2018/ШЦТ/111                             Хэрлэн сум

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0138/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                         М.Сайнболд,

Улсын яллагч                                                  Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                          Ж.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олонхууд овогт  Жамрсангийн Бд холбогдох 1839001300115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 7, эхнэр, ээж, хүүхдүүдийнх амт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг, “Уртын баян мод” гэх газар оршин суух хаягтай, хувиараа мал малладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Олонхууд овогт  Жамрсангийн Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Уртын гол” гэх газар иргэн Ч.Хатанбаатарын толгойн дагз, зүүн хөхний доод хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Уртын гол” гэх газар иргэн Ч.Хатанбаатарын толгой, зүүн хөхний доод хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хонио хариулаад Жаргалтхаан сумын 4 дүгээр баг Урт гэх газар явж байтал манай нутгийн Б гэх залуу мотоцикльтой ирсэн. Би хонь руугаа явж байтал Б манай хонийг мотоцикльтой элдээд байсан......тэгээд цаашаа явж адуугаа хараад буцаад иртэл дахиад хонийг маань хөөж байсан. Тэгээд яагаад хонь хөөгөөд байгаа талаар асуух санаатай очоод яагаад хаврын цагт хонь хөөгөөд байгаа юм бэ гэтэл хуц пязда минь ална шүү та нь давраад байгаа шүү. Чамайг алаад шороонд булна шүү гээд хэл амаар доромжлоод дайраад эхэлсэн.....Тэгээд би яагаад хонь элдэж хөөгөөд байгаа юм бэ гэтэл хонь нийлэх гээд байна гэсэн. Тухайн үед хонь нийлэхээргүй 100 гаран метр байх шиг байсан. Тэгээд мотоциклоосоо бууж ирээд намайг заамдаж аваад нүүр лүү гараараа 2-3 цохьсон. Тэгээд намайг хоолойг маань боогоод доош дарж байгаад миний толгойны ар луу чулуу гартаа атгаж байгаад 1 удаа цохьсон. Тэгээд яаж байгаа юм хүн аллаа шүү дээ гээд босоод иртэл....доогуур хөхний доод хэсэгт чулуугаар нэг удаа цохьсон... Би Б гэх хүнийг мөргөсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11 тал/

Гэрч Ч.Зоригтын: “...Манай дүү Хатанбаатар ээж рүү залгаад хүнд зодуулсан тухай хэлсэн. Тухайн үед манай ээж болон бид хэд Жаргалтхаан сумын төв дээр байсан юм. Тэгээд хүнд зодууллаа гэхээр нь цагдаа дээр очоод сумын цагдаа Отгонбаярыг аваад хөдөө гэрт ирсэн... Хатанбаатар тухайн үед зүүн талын цээжний орчимд гараараа дараад байсан. Мөн толгойн ар хэсэг дагзан дээрээ цохиулсан гэж байсан. Тухайн үед юунаас болсон бэ гэхэд манай нутгийн Б гэх залуу намайг зодсон гэсэн....Тухайн үед Хатанбаатарыг чулуугаар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Гэрч С.Отгонбаярын: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны 12 цаг өнгөрөөгөөд Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн иргэн Жаргалмаа гэх эмэгтэй ирээд манай хүү Хатанбаатарыг хөдөө хонио хариулаад явж байхад нь бэлчээр дээр нь Б гэх хүн зодчихлоо гэж ирсэн. Тэгээд Жаргалмаа болон Зоригт нарын хамт Хатанбаатарыг зодуулсан гэх газар очиход хонио хариулаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад малын бэлчээрээс болоод намайг зодчихлоо гэсэн. Хатанбаатар тухайн үед толгойны ар хэсгээс бага зэрэг цус шүүрсэн, зүүн талын хөхний доод хэсэгт хөхөрсөн байсан....Тэгээд Хатанбаатарыг аваад Бгийн гэрт очиж Бг авахад Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан амнаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт... “Ч.Хатанбаатарын биед дагзанд шарх, зүүн хөхний доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 33  тал/

Яллагдагч Ж.Бгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсө: ...Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи, сортууруулах ундааны зүйл хэрэглэсэн хөдөө хонин дээрээ байж байхад саахалт айлын Хатанбаатарын хонь манай хоньтой нийлэх гээд байхаар нь Хатанбаатарын хонийг өөрийнхөө хониноос холдуулж туусан чинь Хатанбаатар над дээр ирээд надад хандан та яагаад манай малыг туугаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Хатанбаатартай хэрүүл маргаан үүсгэж зодож цохьсон....Хатанбаатар намайг зодож цохьсон асуудал байхгүй. Тухайн үед цагдаа сэргийлэх болохоор нь би айгаад Хатанбаатартай харилцан зодолдсон Хатанбаатар миний ам хэсэгт мөргөж шүдийг маань хөдөлгөсөн гэж мэдүүлсэн.....миний шүд хуучин хөдөлсөн байсан юм. Хатанбаатар намайг цохиж миний шүдийг хөдөлгөсөн асуудал байхгүй...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Хатанбаатарт хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олонхууд овогт  Жамрсангийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ