| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/01871/И |
| Дугаар | 192/ШШ2025/07346 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07346
2025 09 18 192/ШШ2025/07346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, *** хаягт байрлах “**банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, *** тоот хаягт оршин суух, А ургийн овогт Э овогтой Г /РД:****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 734,050,878.92 /долоон зуун гучин дөрвөн сая тавин мянга найман зуун далан найман төгрөг, ерэн хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмэгсувд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Э.Г нь “**банк” ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ** тоот зээлийн гэрээ байгуулж 480,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “**банк” ХК-ийн ТҮАГазартай №**тоот кредит картын зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын хүү жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, платинум картын зээлийн эрх нээлгэж тус тус зээл авсан. ** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Э.Г өмчлөлийн Ү-**дугаартай Чингэлтэй дүүргийн **дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 дүгээр хэсэг гудамж **тоот хаягт байрлалтай **м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-**дугаартай Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, ** 16-**тоот хаягт байршилтай, нэгж талбарын **дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ** тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж бараа материал, тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалуулсан.
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,208 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,714,831 төгрөг, нийт 16,720,038 төгрөг төлж, №**тоот кредит картын зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,795 төгрөг тус тус төлсөн байна. Ийнхүү зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Э.Гэс ** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 479,994,792.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 207,560,951.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,377,563.89 төгрөг, нотариатын зардал 69,000 төгрөг, нийт 701,002,307.67 төгрөгийг, мөн №**тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 19,994,204.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,799,958.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,254,407.71 төгрөг, нийт 33,048,571.25 төгрөг буюу бүгд 734,050,878.92 төгрөг гаргуулахаар шаардаж байна. ** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Э.Г 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр банкинд хандаж “зээлээ төлж чадахгүй бол хууль шүүхийн байгууллагад шилжүүлье” гэсэн хүсэлтийг үндэслэж, тухайн үеэс зээлийн гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байна. Гэвч уг хүсэлтээрээ гэрээнээс татгалзъя гэдэг тайлбар гаргаагүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмын зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байна. Иймд Э.Г энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас гэрээнээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү. Зээлийн гэрээний хугацаа дууссанаар тухайн зээлдэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээнээс татгалзсан эсэхээс үл хамаараад зээлдэгч нь тухайн зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлнө. Тийм учраас банкны хувьд Кредит картын гэрээний хугацаа дууссан гэдгээрээ хүүгээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар банкийг гэрээ дуусгавар болгох, цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний уг заалт зээлдүүлэгчийн эрхийн асуудал. Эрх, үүрэг хоёрыг хооронд нь ингэж буруу зөрүү тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүрэг бол заавал биелүүлэх шинжтэй, харин эрх бол хууль болон гэрээнд заасан эрх мэдлээ, эрх хэмжээгээ хэдийд ч хэрэгжүүлж болно, хэрэгжүүлэхгүй ч байж болох хуулийн зохицуулалт юм. Тийм учраас гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаараад нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй...гэв.
2. Хариуцагч Э.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээ цуцлагдаагүй байхад зээлийн төлбөрийн нийт хэмжээнд үү бодсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Кредит картын зээлийн гэрээний хувьд 60 сарын хугацаатай зээл авсан бөгөөд уг гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон байхад хүү бодож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Зээлийн гэрээний хугацааг дуусгавар болгох талаар Э.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “**банк” ХК-д хандаж хүсэлт гаргаж өгсөн байдаг. Зээлийн төлбөрөө 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгавар болгоод, тус асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлээд зээлээ төлж барагдуулъя гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Энэ хугацаагаараа 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээгээ дуусгавар болгож болох байтал “**банк” ХК нь дуусгавар болгоогүй бөгөөд уг Зээлийн гэрээнийхээ дагуу хүү, алданги тооцоод яваад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн кредит картын Зээлийн гэрээний хувьд 60 сарын хугацаатай зээл авсан байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Ийнхүү гэрээний хугацаа дуусгавар болсон байтал нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хүү, алданги тооцоод нэхэмжлээд байгааг нь мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг дуусгавар болох талаар зохицуулсан байгаа. Гэтэл зээлдэгчээс хүсэлт өгсөөр байтал “**банк” ХК нь Зээлийн гэрээг дуусгавар болгоогүй байж 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Кредит картын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, аль аль талууд гэрээг сунгаагүй, сунгах хүсэлт гаргаагүй байхад кредит картын хүү, алдангийг 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар бодсон нь үндэслэлгүй байна. Харин 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хүү, алдангийг төлнө...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: “**банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын төлбөр төлсөн баримт, Зээлийн гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Бараа материалын үлдэгдлийн жагсаалтын хуулбар, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Зээлийн хүсэлтийн хуулбар, Э.Г үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар, Бүртгэгдсэн барьцааны мэдэгдлийн дэлгэрэнгүй, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтын хуулбар, Э.Г иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолтын хуулбар, Кредит картын гэрээний хуулбар, Кредит картын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Кредит картын хүсэлтийн маягтын хуулбар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын эзэн хороо хошууны Монголоороо байгаасай жуулчлалын хязгаарт компани, төлөөлөн менежер ДЧ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь “Ш” ХХК-ийн захирал Э.Г нарын 20**оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, “**банк” ХК-иас зээлдэгч Э.Гд хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 08, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээл төлөх мэдэгдлүүдийн хуулбар, Мэдэгдэл хүргүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн баримтын хуулбар,
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Э.Гэс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “**банк” ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвд гаргасан хүсэлтийн эх хувь,
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. “**банк” ХК-ийн Э.Гд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч “**банк” ХК шаардах эрхийн үндэслэлээ “хууль болон гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй, гэрээ цуцлагдаагүй, хариуцагч гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх үүсээгүй, Зээлийн гэрээний 6.1-д заасан гэрээ цуцлах эрхээ банк хэрэгжүүлээгүй нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс Э.Г чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхойлон, түүнээс Зээлийн болон Кредит картын зээлийн гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 734,050,878.92 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаарджээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас Зээлийн болон Кредит картын зээлийн үндсэн үлдэгдэл төлбөрүүдийг хүлээн зөвшөөрч, ** тоот зээлийн гэрээний 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү, Кредит картын зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тус эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “зээлдүүлэгч нь Зээлийн гэрээний 6.1-д заасны дагуу гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн байхад цуцлаагүй, Кредит картын зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
4.1. Талууд анх 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №**тоот Кредит картын гэрээ байгуулж, зээлдэгч Э.Г нь 20,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий Платинум картын эрхийг 60 сарын хугацаатай нээлгэж, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын хүү жилийн 24 хувь байхаар тохиролцсон байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусаж, Э.Г кредит картыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ашиглаж, нийт 20,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 19,994,204.87 төгрөг, зээлийн хүү 10,799,958.67 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй ба “**банк” ХК нь үндсэн зээл болон хүүгийн төлбөр дээр нэмэгдүүлсэн хүү 2,254,407.71 төгрөг шаардсан байна. /хх-33-55/
4.2. Э.Г 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 480,000,000 төгрөг зээлэх тухай хүсэлтийг “**банк” ХК хүлээн авч, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр талууд ** тоот зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч Э.Гд эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 480,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх-12-18, 25/
4.3. Уг зээлийн гэрээг баталгаажуулах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Э.Г өмчлөлийн 513,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Ү-**улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн **дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 дүгээр хэсэг гудамж **тоот хаягт байршилтай **м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-**улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, **, **тоот хаягт байршилтай 689 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг, мөн өдрийн ** тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 154,653,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 118,960,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан байна. /хх-19-22/
4.4. Зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээний дагуу 480,000,000 төгрөгийг дансаар олгож, зээлдэгч Э.Г нь гэрээ байгуулснаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 5,208 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,714,831 төгрөг, нийт 16,720,038 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 479,994,792.34 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 207,560,951.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,377,563.89 төгрөг, нийт 700,933,307.67 төгрөг төлөөгүй гэж тайлбарлан зээлдүүлэгч нь шаардаж байна. /хх-24/
4.5. “**банк” ХК-иас Э.Гд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлснийг зээлдэгч хүлээн авч, тухайн өдөртөө зээлдүүлэгчид хандан хүсэлт гаргаж, “...зээл болон зээлийн хүүг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах ба энэ хугацааны дотор төлж барагдуулахгүй бол зээлийн асуудлыг хууль шүүхийн байгууллагад шилжүүлэн өөрийн эд хөрөнгө болон ажлын тоног төхөөрөмж барьцаа хөрөнгө, машин тэрэг, бараа материал бүх зүйлээрээ төлж барагдуулах болно” гэжээ. /хх-60, 99-100/
4.6. Зээлдүүлэгч тал зээлдэгч Э.Гд дахин 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахыг мэдэгдэн, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гэрээ болон хууль, тогтоомжид заасан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй болохыг анхааруулсан байна. /хх-62/
5. Зохигчид зээлийн болон кредит картын зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин ** тоот зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан эсэх буюу нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх, мөн №**тоот Кредит картын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх талаар маргаж мэтгэлцлээ.
6. Талуудын байгуулсан зээлийн болон кредит картын зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулагдан, гэрээний дагуу “**банк” ХК-иас Э.Гд зээлийн мөнгө 480,000,000 төгрөгийг шилжүүлж, кредит картын зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн зээлжих эрхийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Э.Г ашигласан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
7. Маргаан бүхий ** тоот зээлийн гэрээний мөнгийг буцаан төлөх үүргээс хариуцагч Э.Г нь үндсэн зээл 5,208 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,714,831 төгрөг, нийт 16,720,038 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэргээр тогтоогдов.
8. Хариуцагч уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 479,994,792.34 төгрөг шаардсан нэхэмжлэлийн талаар маргаагүй боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, “**банк” ХК-д бичгээр гаргасан хүсэлтээ нотлох баримтаар гаргаж, энэ хугацаанаас эхлэн гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байна.
8.1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсгүүдэд зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэж, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоох ба энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдахаар хуульчилжээ.
8.2. Гэвч Э.Г 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “**банк” ХК-д бичгээр гаргасан хүсэлтийг хуулийн дээрх зохицуулалтад хамаарах гэрээнээс татгалзах мэдэгдэл гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн хүсэлтэд Э.Г нь зээлийн мөнгийг эргэлтийн хөрөнгөд бүрэн зарцуулсан талаар дурдаж, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх хугацаа заан, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд шилжүүлэх талаар дурдсан байгааг гэрээнээс татгалзах мэдэгдэл гэж үзэхгүй.
8.3. Иймд ** тоот зээлийн гэрээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлагдсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 5,207.66 төгрөг төлсөн байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талыг зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй учир хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.
9.1. Талууд зээлийн гэрээний 6.1, 6.1.1 дэх хэсэгт “зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэж тусган тохиролцсон байна.
9.2. Тийнхүү зээлдүүлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тодруулбал: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу “**банк” ХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул ** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 479,994,792.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 207,560,951.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,377,563.89 төгрөг Э.Гэс шаардсаныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргахад “**банк” ХК-иас нотариатын үйлчилгээнд 69,000 төгрөг зарцуулсан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч уг зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.
11. ** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан Чингэлтэй дүүргийн **дугаар хороо, чингэлтэй /15032/ 1 дүгээр хэсэг гудамж, **тоот хаягт байршилтай, **м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-**улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, **, **тоот хаягт байршилтай 689 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг нь зээлдэгч Э.Г өмчлөл, эзэмшлийн хөрөнгө мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
11.1. Дээрх хөрөнгүүд болон Э.Г эзэмшлийн бараа материал, тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан ** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, ** тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
11.2. Иймд хариуцагч Э.Г ** тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “**банк” ХК-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
12. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох №**тоот Кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 19,994,204.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,799,958.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,254,407.71 төгрөг, нийт 33,048,571.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 19,994,204.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.
12.1. Маргаан бүхий уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн ашигласан зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон зээлийн хүүгийн төлбөрийн хамт, буцаан төлөх хүртэл хугацаанд тооцон шаардах эрхтэй.
12.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг тухайн гэрээний хугацаа дууссан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Э.Г төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн тайлбарыг үгүйсгэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу шаардаж байгаа учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэх агуулгаар тайлбарлан тус тус маргав.
12.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна.
12.4. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
12.5. Маргаан бүхий Кредит картын зээлийн гэрээнд дээрх хуулиудад заасны дагуу талууд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож тусгаагүй байхад зээлдэгчээс гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардсан 2,254,407.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
12.6. Харин хариуцагч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заасны дагуу Кредит картын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцогдсон зээлийн хүүгийн төлбөр 10,799,958.67 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,899,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “**банк” ХК-д хариуцагч Э.Гэс гаргуулахаар шийдвэрлэсэн 731,796,471.21 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 3,887,132 төгрөгийг хариуцагч Э.Гэс гаргуулан нэхэмжлэгч “**банк” ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гэс 731,796,471.21 /долоон зуун гучин нэгэн сая долоон зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг, хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,254,407.71 /хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун долоон төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Г нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Э.Г өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **дугаар хороо, чингэлтэй /15032/ 1 дүгээр хэсэг гудамж, **тоот хаягт байршилтай, **м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э.Г эзэмшлийн Э-**улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, **, **тоот хаягт байршилтай 689 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ** тоот Барьцааны гэрээний дагуу барьцаалсан 15 нэр төрлийн бараа материал, тоног төхөөрөмж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,899,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гэс 3,887,132 /гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**банк” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА