Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 38

 

     2018 оны 03 сарын  06 өдөр                      2018/ШЦТ/38                          Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс:180/2018/0049/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                     А.Уламбаяр

 

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа

 

Шүүгдэгч                                              Ж.А нарыг оролцуулан

     

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А холбогдох 1839000640035 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1977 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн,  41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн богц” ХХК-ны захирал ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 03-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Д.Э нүүр болон биед нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Э-н өгсөн мэдүүлэг: “ ... Би А-г Мөрөнгийнх гэж мэднэ. Өөр бусдаар бол танихгүй. Намайг яаж зодсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд л Алтансүх урд боогоод юм уу зуураад цохиж байсан. ... 2 хоногийн өмнө А надтай ирж уулзсан. Уулзахдаа Дашжамцын шургаанаас болж би таныг зодчихлоо. Би согтуу таныг зодсон гэж хэлсэн. ...миний зүүн гарын яс хугарсан, баруун хөмсөг задарсан, хоолойд хөхөрсөн. Гар бөөр энд тэндгүй хөхөрч няцарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

 

Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018.01.23-ны өдрийн 18 цагийн орчим гэртээ байж байтал А, Э 2 манай гэрт нилээд согтуу орж ирсэн. Ирэхдээ Э-н баруун хөмсөг орчим нь ярагдсан байдалтай нүүр энгэр заам нь бөөн цус болсон байсан. тэгээд А авчирсан архиа задлаад уух гэтэл Э нилээд согтсон ууж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Ж.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхөр Энхтөр бид 2 Ноёны 6-10 тоотод Гантөмөрийн хашаанд очиход А ах байхгүй Сийлаа Э-ыг өргөж дийлэхгүй, энэ хөлдөж үхэх нь энд таньж мэддэг айл байдаг болов уу гээд зогсож байсан. Эмнэлэг рүү оруулахад нүүр нь цус шороотой холилдсон байсан би сайн харж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Ж.Дашжамцын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр өдөр А, Э хоёртой хамт А дэлгүүрийн гадаа өөрийн 81-02 УНЧ кровн-171 маркийн  авто машинд 0.5 литрийн хэмжээтэй соёрхлыг хувааж уусан. Би 12,30 гээд салаад хүүхдээ хүргэж өгөх гээд явсан. Гадуур ажлаа амжуулж яваад 16 цагийн орчим гэр лүүгээ явж байхад эмнэлэгийн баруун талд байрлах жорлонгийн хажууд шороон дээр А, Э 2 хоорондоо зодолдсон бололтой Э-н баруун талын дух орчмоос цус гарчихсан, Алтансүх нь 1 архи барьчихсан сууж байсан. тэгэхээр нь цонхоороо та нар одоо болиочээ гэж хашгирчихаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Шинжээчийн 2018.02.02-ны өдрийн 048 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. О.Э-н биед баруун хөмсөгний язарсан шарх, хацар, баруун гарын бугалга, хэвлийн зүүн доод хэсэг баруун нүдний зөөлөн эдийн няцрал, 2 чихний арьсны зулгарсан шарх, зүүн гарын шуу ясны хоёрлосон бяцарсан далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх баруун хөмсөгний язарсан шарх, хацар, баруун гарын бугалга, хэвлийн зүүн доод хэсэг баруун нүдний зөөлөн эдийн няцрал, 2 чихний арьсны зулгарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн гарын шуу ясны хоёрлосон бяцарсан далд хугарал бүхий гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 6. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна . /хх-ийн 25 тал/,  

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Ж.Ань согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Д.Э-н нүүр болон биед нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Э, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.  

 

            Хохирогч Д.Э нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ань торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА