| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/02646/И |
| Дугаар | 192/ШШ2025/09637 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/09637
2025 11 19 192/ШШ2025/09637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***** тоот хаягт оршин суух Б овогт Дын Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоот хаягт оршин суух Х овогт Жийн Ц /РД:/-д холбогдох,
178,337,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Ц д холбогдуулан 178,337,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Ж.Ц нар харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "Эрх худалдах худалдан авах гэрээ"-г байгуулж тус гэрээгээр ХУД, *******-2 хотхоны 1- р ээлж, 6-р блок 1 орц 1 давхрын F айл 47,77 мкв 2 өрөө орон сууцны бартерийн тооцоогоор авсан захиалгын гэрээний эрхийг Ж.Ц гээс Д. Цд шилжүүлэн өгөх, Д.Ц эрх шилжүүлэн авсны төлбөрт 105,000,000 төгрөгийг төлөх эрх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч Д.Ц нь гэрээний үүргээ биелүүлж, 2021.09.08-ний өдөр Ж.Ц гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 105,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус орон сууц 2022 оны 05 дугаар сард ашиглалтанд орсон. Нэхэмжлэгч Д.Ц орон сууц захиалгын гэрээний дагуу байрандаа орохыг хүсэхэд барилгын гүйцэтгэгч компани "А " ХХК-аас татгалзаж, Ж.Ц бартерийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажил үүргийг бүрэн биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан бартерийн гэрээний орон сууц олгох боломжгүй гэсэн хариуг өгч байсан ба улмаар тус орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан. Нэхэмжлэгч Д.Ц 2023.09.19-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс-т хандан орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг төлсөн тул тус орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.10.04-ний өдрийн албан бичгээр түүний хүсэлтээс татгалзаж, хууль хяналтын байгууллагад хандана уу гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш332023/11296 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Ж.Ц нь барилгын гүйцэтгэгч компани А ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ" 20/037/А тоот гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 3.2-т хэсэгт "Бартерт Арцат апартмент 2" хотхоны А6-р блокны 16 давхар барилгын Вакум цонх, Тагтны хаалт, вакум хаалганы ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагч Ж.Ц энэхүү гэрээний үүргийг биелүүлээгүй, ажил үүргийг гүйцэтгээгүйгээс түүнтэй байгуулсан бартерийн нөхцөлтэй орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Ц эрх үүргийн доголдолгүй орон сууц захиалгын гэрээний эрх үүргийг шилжээгүй байтлаа нэхэмжлэгч Д.Цгаас 105,000,000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэгч Д.Цгийн зүгээс Ж.Ц тэй байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эрх худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205.1-т хэсэгт зааснаар түүнд шилжүүлсэн төлбөр 105,000,000 төгрөгийг Ж.Ц гээс нэхэмжилж байна. Эрх шилжүүлэх гэрээний 3.4-т заасан "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэсний дагуу гэрээний үүргийг зөрчсөн алдангийг хариуцагч Ж.Ц гээс нэхэмжилнэ. Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн үндэслэлийг баримталж 105,000,000 төгрөгийн 50 хувь 52,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Цтай Эрх худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Миний бие эрх шилжүүлэх гэрээнд дурдсан орон сууцны төлбөрийг А ХХК-д цонхны ажил гүйцэтгэж, ажлын хөлсний төлбөрт бартерийн журмаар тооцож авсан. Д.Цгаас Эрх шилжүүлэх гэрээний төлбөрт 105,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд миний бие үүргээ биелүүлж захиалагчийн эрхээ шилжүүлсэн. Улмаар Д.Ц нь Эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны төслийг хэрэгжүүлэгч А ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг байгуулан, орон сууцаа хүлээн авах ёстой байсан. Гэвч А ХХК нь "Ц тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан, гэрээний төлбөрт орон сууц олгохгүй" талаар тайлбарыг гаргасан учир Д.Цд хүндрэл учруулахгүй байхыг хүсч түүнийг хохиролгүй болгох зорилгоор Эрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 105,000,000 төгрөгөө буцаан авах шаардлагыг зөвшөөрч байна. Харин А ХХК-тай үүсч байгаа Ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаанаа өөрөө тусд нь шийдвэрлэхээр шийдэж байна. Харин алданги 52,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Ц нь үүргээ биелүүлээгүй буюу эрхээ шилжүүлэхгүй гэж Цд саад учруулсан зүйл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.Ц нь Ц гийн буруугаас байрандаа орж чадаагүй гэж үзэхгүй байна. Түүнд байрыг нь хүлээлгэн өгөхийн тулд А ХХК-н захиралтай уулзах гэж хичээсэн боловч чадаагүй. Байрыг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх этгээд нь А ХХК байсан. А ХХК-н бизнесийн ёс зүйгүй үйлдлийн хариуцлагыг миний бие хүлээж алданги төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эрх худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн хуулбар, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн албан тоот, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1332 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 183/ШЗ2023/13785 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03427 дугаар шийдвэр.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20/002/A тоот Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар болон 1430 дугаар блок байрны оршин суугчдаас ирүүлсэн гомдлууд.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй
байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Ц д холбогдуулан 157,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын 105,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 52,500,000 төгрөгийг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Д.Ц нь хариуцагч Ж.Ц тэй 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******2 хотхоны 1 дүгээр ээлж 6 дугаар болк, 1 дүгээр орц, 1 давхрын F айлын 47.77 м.кв 2 өрөө орон сууцыг эрх шилжүүлэгч талаас 105,000,000 төгрөгөөр эрх шилжүүлэн авагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцны үнэ болох 105,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Ц гийн ХААН банкны ******* тоот дансанд бүрэн төлж барагдуулсан. Гэвч хариуцагч Ж.Ц гийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд Хан-Уул дүүргийн*******2 хотхоны 1 дүгээр ээлж 6 дугаар болк, 1 дүгээр орц, 1 давхрын F айлын 47.77 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Цд шилжүүлж өгөөгүй байна. Иймд орон сууцны төлбөрт төлсөн 105,000,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан алдангид Иргэний хуулийн 232.4-т зааснаар 52,500,000 төгрөг нийт 157,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Ц гээс гаргуулж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа, түүний өмгөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн 105,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин гэрээний алданги 52,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Ц тэй 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Эрх худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /хх-6х/
Уг гэрээгээр хариуцагч Ж.Ц гээс нэхэмжлэгч Д.Ц нь Хан-Уул дүүргийн*******2 хотхоны 1 дүгээр ээлж 6 дугаар болк, 1 дүгээр орц, 1 давхрын F айлын 47.77 м.кв 2 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцожээ.
4.2. Нэхэмжлэгч Д.Цгаас ХААН банкны 5027463496 тоот данснаас хариуцагч Ж.Ц гийн ХААН банкны ******* тоот дансанд 105,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримаар тогтоогдожээ. /хх-7х/
4.3. А ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 25/01-191 дугаартай албан бичгээр...тус компанис 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20/0002/А дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Б ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний дагуу Арцат аппартмент-2 А6 дугаар блокийн вакум цонх, тагтны хаалт, вакум хаалганы ажлыг хийж гүйцэтгэхээр 100 бартерийн нөхцөлтэй, нийт 305,94 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Б ХХК нь гэрээнд заасан үүргээ дутуу биелүүлж, оршин суугчдаас вакум цонхны зөрчилтэй асуудлаар гомдол ихээр ирсэн бөгөөд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц тэй дутуу хийсэн ажлын талаар холбогдох гэсэн боловч ажлаа дуусгаагүй тул 20/002/А дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээний дутуу ажлуудыг А ХХК-аар гүйцэтгүүлж дуусган 1430 дугаар блок 1-р орц 47.7 м.кв орон сууцыг А ХХК руу ажлын хөлсөнд шилжүүлсэн. Албан бичигт хавсралтаар Б ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон оршин суугчдаас ирүүлсэн гомдлын хуулбарыг хүргүүлэв...гэж дурьдсан байна. /хх-87-127х/
Уг албан бичиг болон гэрээний хавсралт ажил гүйцэтгэх гэрээ, оршин суугчдаа ирүүлсэн гомдлоос үзэхэд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц нь А ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20/0002/А дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн тул ажлын төлбөрт авах байсан 1430 дугаар блок 1-р орц 47.7 м.кв орон сууцыг гэрээний үүргийн дагуу Б ХХК-нд шилжүүлэх боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Ц гээс худалдах-худалдан авах гэрээний дагуу 1430 дугаар блок 1-р орц 47.7 м.кв орон сууцыг шилжүүлэн авахаар 105,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн боловч энэхүү худалдан авах орон сууц нь нэхэмжлэгчид шилжин ирэх боломжгүй болоод байна.
Энэ нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1332 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-41х/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Эрх худалдах-худалдан авах гэрээ нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ц нь гэрээнд заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат апартмент-2 хотхоны 1430 дугаар блок 1-р орц 47.7 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Цд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй асуудлаар нэхэмжлэгчтэй маргаагүй бөгөөд Д.Цгаас хүлээн авсан 105,000,000 төгрөгийг төлнө гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарыг хариуцагч талаас гаргадаг.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж зааснаар зохигчид гэрээнд заасан орон сууцыг биет байдлаар хүлээлгэн өгөх боломжгүй бол мөнгөн хөрөнгөөр үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ц гээс 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгохоор шийдвэрлэв.
8. Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Эрх худалдах-худалдан авах гэрээний 3.4-т зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан нийцсэн байна.
Гэрээний 3.3-т зааснаар гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх хугацаа: Ашиглалтад ороогүй байгаа болно гэж тодорхойлсон бөгөөд орон сууцыг ашиглалтад ороход нэхэмжлэгчид орон сууцыг хариуцагчаас шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд орон сууц ашиглалтад орсон боловч нэхэмжлэгчид орон сууц шилжин ирэх боломжгүй болсон талаар дээрх хэсэгт дурдсан болно.
Тэгвэл гэрээний 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2021.09.08-ны өдөр хариуцагчид 105,000,000 төгрөгийг төлсөн байна. Төлбөр төлсөн өдрөөс хойш гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 105,000,000 төгрөгийн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн мөнгөн дүн гарахаар байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний алдангид хариуцагчаас 52,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийг буцаан гаргуулах төлбөрт 105,000,000 төгрөг, гэрээний алдангид 52,500,000 төгрөг нийт 157,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,049,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц гээс 945,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ц гээс 157,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,049,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц гээс 945,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД