Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 39

 

     2018 оны 03 сарын 13 өдөр                       2018/ШЦТ/39          Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс:180/2018/0051/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                      Н.Энхзул

Улсын яллагч                                        Я.Сансар

Шүүгдэгч                                                М.М нарыг оролцуулан

     

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох 1839000870046 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймаг Хэрлэн сум 5 дугаар баг Дулааны 20-04 тоотод оршин суух, урьд 2014.08.25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан гэх, хэрэг хариуцах чадвартай,  М.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 20-04 тоотод эхнэр Э.Ш маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Хохирогч Э.Ш мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018.02.05-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 20-04 тоотод эмээ Наранцэцэгийн гэрт байсан юм. Тэгсэн чинь орой 19 цагийн үед нөхөр М гаднаас согтуу орж ирэхээр нь хүүхэд чинь ханиад хүрээд байхад архи ууж явлаа гээд би жоохон уурласан. Тэгсэн чинь найзуудтайгаа жоохон уусан юм гэхээр нь ингэж архи уугаад байх юм бол яаж амьдрах юм чи зүгээр зайлж үз гээд зүүн орон дээр зэрэгцээд сууж байснаа гэнэт хажуу талаас гараараа нүүр лүү цохиод татаж газар унагаад толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед эмээ маань орж ирээд салгаж авсан. Тэгээд цагдаа эмнэлэгт өөрөө дуудлага өгөөд сууж байснаа гараад явсан” гэсэн мэдүүлэг . /хх-ийн 9-10 тал/ 

 

2018.02.07-ны өдрийн №59 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ  1. Э.Ш биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор ба гадна хэсгийн хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор ба гадна хэсгийн цус хуралт үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16 тал/,  

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 тал/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-46 тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 

         Шүүгдэгч М.М нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 20-04 тоотод эхнэр Э.Ш маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ш мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.  

 

         Хохирогч Э.Ш нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч М.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА