| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329003010106 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
Р.Доржпаламд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/
Цагаатгагдсан этгээд Р.Доржпалам,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Дугармаа, О.Буянтөр,
Хохирогч Э.******* /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү /цахимаар/
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Р.Доржпаламд холбогдох 2329003010106 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.Доржпалам нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 40 минутын орчимд Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайгаас урагш Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 4.2 дахь километрт Нордбенз маркийн *******-******* ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан У.*******гийн жолоодож явсан *******-******* УБЦ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, У.*******, Б.*******, С.******* нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Р.Доржпаламын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Доржпаламд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Доржпаламыг цагаатгаж,
Энэ хэрэгт шүүгдэгч Р.Доржпалам нь цагдан хоригдсон 15 хоногтой, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсарган үлдээж, 18449 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Доржпаламд буцаан олгож,
Хохирогч Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Р.Доржпалам нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заавал заах, харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.
Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Нямрагчаагийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд У.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч Р.Доржпаламын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг дүгнээгүй.
Мөн хэрэв уг дүгнэлтэд эргэлзээ, зөрүү байгаа бол заавал дахин дүгнэлт гаргуулж, тухайн зөрүүтэй байдлыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой судлаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн баримтуудыг тус бүрд нь, хооронд нь харьцуулж үнэлээгүй, яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн талаар шийдвэртээ хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шинжээчийн дүгнэлтээс нас барсан хүнийг буруутгасан хэсгийг авч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.
Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон бол хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах байтал энэ талаар шийдвэртээ заагаагүй нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг зөрчсөн, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт эргэлзээ гарсан гэж дүгнэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэж бичсэн атлаа шийдвэрийн удиртгал болгосон хэсэг, тогтоох хэсгүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг бичээгүй орхисон зэрэг нь шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүх хэргийн үйл баримтыг хэсэгчлэн дутуу дүгнэж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, шүүх гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлсноос шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзсэн, “шүүгдэгчид ашигтайгаар” гэж дүгнэж шийдвэрлэснээр илтэд үндэслэлгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Р.Доржпалам нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 40 минутын орчим Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2 эгнээ замын зорчих хэсгийг бүрэн таглан зогсож өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолоочтой уулзсан. Замын хөдөлгөөний дүрмийн 14-р бүлгийн 14.8-ийн И-д заасан “бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт зогсохыг хориглоно” гэснийг зөрчсөн, жолооч ослын дохионы гэрлээ асаасан гэх боловч энэ үйлдэл нь эргэлзээтэй байдаг. Нэгэнт зорчих хэсгийг бүр мөсөн бүрэн хааж зогссон үед, тээврийн хэрэгслээ орхиж явсан үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасны дагуу аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгийг хандуулан тээврийн хэрэгслээс 30 метрээс багагүй зайд ослын тэмдгийг тавьж байрлуулсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой.
Эдгээр үйлдлийг жолооч Р.Доржпалам хийгээгүй нь үйл баримтаар тогтоогдсон байхад эдгээр үйлдэлд нь зохих дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Дугармаа прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Энэ хэрэг замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчилтэй холбоотой хэрэг. Тэгэхээр дүрэм журмын зөрчилтэй холбоотой хэрэг дээр бид нар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг авахгүйгээр үйл баримтуудыг нотолсон нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр энэ хэрэг дээр маргаад байх шаардлагагүй. Ганцхан шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй холбогдуулаад хэргийн оролцогч нараас хэн аль нь зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах талаар хэн ч хүсэлт гаргаагүй.
Энэ дүгнэлтийг харахад тухайн приус маркийн машины жолооч У.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3.7-г зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж гарсан. Замын хөдөлгөөний дүрэм нь хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Тэгээд зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг гурван заалтыг приус маркийн машины жолооч зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэдэг дүгнэлт гарсан байхад энэ хэрэг дээр анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй, үндэслэлгүй байсан.
Анхан шатны шүүх энэ байдлыг олж хараад энэ хэрэгт хэн буруутай вэ гэдгийг тогтоосон ганц гол нотлох баримт нь үйлдэл болоод хор уршиг, хохирол, хоорондын шалтгаант холбоо байхгүй гэж дүгнээд хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үнэн зөв, шударга шийдвэр болсон гэж дүгнэж байна. Шүүхээс шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт хийгээд өгчихсөн байхад бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт гэм буруутай гэдгийг нотолсон биш, тухайн осол болсон гэдгийг нотолсон, нотлох баримтууд байгаа учраас нотлох баримт болгоныг тусгайлан няцаах шаардлагагүй байсан.
Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд тухайн шинжээч дүгнэлтээр тогтоогдоогүй түр зогсолт хийсэн гэдэг асуудлыг яриад байдаг. Өнөөдөр бид нар тусгай мэдлэгийн шинжээчийн гаргасан дүгнэлт дээр тулгуурлаж ярина уу гэхээс бид нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг талаар дүгнэлт гаргах эрх хэмжээтэй хүмүүс биш. Тийм учраас энэ хэрэгт нотлогдоогүй асуудал ярих нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Прокурорын эсэргүүцлийн тухайд прокурор сая тайлбартаа хүнд гэмтэл авсан хохирогчийн хохирлыг хэн хариуцах юм бэ? хохирлыг нь хариуцах хүн байхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Гол хариуцах ёстой хүн нь нас барчихсан учраас энэ хэргийг хариуцах хүн байхгүй гээд энэ хүнд хэрэг үүрүүлж болох уу? шинжээчийн дүгнэлтээр тогтоосон буруутай хүн нь нас барчихсан гэдэг утгаар Р.Доржпаламд хэрэг үүрүүлэх асуудал удаа дараа яригдаад явж байгаа. Энэ хэргийг үүрэх ёстой хүн нь У.******* байсан. Гэтэл энэ хэргийг хариуцах хүн байхгүй гэдэг шалтгаанаар Р.Доржпаламыг энэ хэрэгт татаад явж байгаа нь үнэхээр харамсалтай.
Схем зураг дээрээс харахад Р.Доржпаламын толгой хэсэг нь эсрэг урсгал руу орсон байдаг болохоос хамгийн ард талын чиргүүл хэсэг нь зорчих хэсэг буюу үндсэн эгнээндээ байсан. Магадгүй эсрэг урсгал руу орсон байсан толгойг гүйцэд түрүүлэх гэж байгаад приус маркийн машин очоод мөргөсөн бол эсвэл өмнөөс нь өөрийнхөө зорчих эгнээнд явж байсан машин ирээд мөргөсөн бол бид нар өнөөдөр ийм зүйл ярихгүй байсан. Хэрвээ тухайн зам дээр Р.Доржпаламын машин байхгүй байсан бол тухайн цуваанд зогсож байсан машинуудын араас нь приус маркийн машин ирж мөргөхгүй байсан юм уу гэдэг асуудал дахин тавигдана. Тийм учраас давж заалдах гомдол болоод дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэв.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан байгаа нотлох баримтууд буюу гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Э.Нямрагчаагийн дүгнэлт гэх зэрэг хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэж, няцааж байгаа гэдгийгээ огт дурдаж үндэслэл болгоогүй шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх аль ч нотлох баримтыг дурдахгүйгээр зам тээврийн осол гаргасан шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу замын хөдөлгөөний дүрмийг шууд зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлээгүй гэж үзэх үндэслэл болсон.
Мөн цагаатгах тогтоолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж дүгнээд, нөгөө талд нь гэмт хэргийн шинжгүй гэж хоёр янзаар дүгнэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигтайгаар гэдэг заалтыг огт баримтлахгүйгээр цагаатгах тогтоолоо гаргасан байна. Мөн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан заалтыг зөрчсөн.
Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн Э.Нямрагчаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх юм бол дахиад дүгнэлт гаргуулах уу? үгүй юу? гэдэг асуудлыг цагаатгаж байгаа тохиолдолд нэг бүрчлэн үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэж би үзэж байна. Гэтэл үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шууд цагаатгаад байгаа нь үндэслэлгүй.
Хэрвээ цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болбол шударга шүүхээр шийдвэрлүүлж байгаа хүмүүсийн эрх нь яах вэ гэдэг нөхцөл байдал үүснэ. Нөгөө талдаа Э.******* гэдэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд хэн нэгэн буруутай юм уу? үгүй юм уу? гэдгийг шүүхээр шийдүүлж байгаа хүний хувьд ямар ч үнэлэлт, дүгнэлтгүй хоцорчих гээд байна. Гурван хүн нас барчихлаа. Дээрх үйлдэлд хэн буруутай юм. Огт буруугүй юм уу? гэдэг нөхцөл байдалтайгаар цагаатгах тогтоол гарсан гэж дүгнэж үзээд эсэргүүцэл бичсэн гэв.
Цагаатгагдсан этгээд Р.Доржпалам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогч нарт их харамсаж байна. Би энэ хэргээс болоод 2 жил гаран шүүхээр явж байна. Шүүх үнэн, зөв шийдэж өгсөнд баярлаж байна. Одоо би 60 настай. Авгай хүүхэдтэйгээ байдаг. Би тэтгэвэрт гараагүй. 2 жил гаран цагдаа, шүүх гээд явж байна. Яагаад миний буруу гэж үзээд байгаа вэ гэхээр намайг эсрэг урсгал руу орчихсон гэдэг. Би яагаад эсрэг урсгал руу орсон бэ гэхээр манай их уурхайд дундын бүс гэж байдаг. Тэгээд дундын бүс рүү ороход бид нар дундын бүсээрээ хайрцаг гэж байдаг. Тийшээ орохгүйгээр терминалын тэрэгний хажуугаар нь гүйцэж түрүүлээд шууд явдаг. Цувааны хажуу талаар нь урдаас тэрэг байхгүй байсан. Өдөр учраас гэгээтэй. Замын гэрэл аягүй тод байсан. Тэгээд орсон чинь урдаас ачаатай тэрэг ороод ирсэн. Тэгээд би зогссон. Тэгээд байж байсан чинь машины араас түлхээд ороод ирсэн. Би хамгийн сүүлд зогссон байсан. Тэгээд дундын бүс дээр замынхаа хажуу талд бүтэн маршрутаар шороон болон засмал зам дээрээ цуваад зогсчихсон. Бид нар хажуугаар нь гүйцэж түрүүлээд уурхай руу явдаг. Тэгээд гүйцэж түрүүлээд ороод ирсэн чинь урдаас ачаатай тэрэг ороод ирсэн. Би зогсоход миний урд талын нэг дугуй эсрэг урсгалд орсон байсан. Миний хоёрдугаар чиргүүл, нэгдүгээр чиргүүл цагаан шугам дотроо байсан. Намайг гүйцэж түрүүллээ гээд байгаа. Би явж байхад нь гүйцэж түрүүлээгүй. Зам болон замын хажуу тал дээр цуваад болоод битүү зогсчихсон байсан. Үүнийг яаж батлах вэ гээд байгаа. Тэнд байсан бүх жолооч нар мэдэж байгаа. Шороон дээр цуваад зогссон. Мөн засмал зам дээр цуваа зогссон. Бид нар гүйцэж түрүүлээд явдаг. Тэгээд орсон чинь урдаас ачаатай тэрэг уруудаад ороод ирсэн учраас би зогссон. Бид нар хоёр баганынхаа дундуур ороод нөгөө урсгалынхаа шороон дээр гараад зогсчихдог. Би тэгье гэж бодоод нөгөө жолоочдоо хэлчхээд машиндаа суух гэсэн чинь ийм хэрэг болсон гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Буянтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн өнөөдөр гаргаж байгаа тайлбар, анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар хоёр нь эрс зөрүүтэй. Тэнгэр, газар шиг тайлбаруудыг хэлж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч Р.Доржпаламыг гэм буруутайд тооцох үндэслэл байна. Энэ хэрэгт авагдсан бүх баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулагдсан. Тийм учраас энэ хүнийг л яллаад өг. Энэ хүнийг л гэм буруутайд тооцоод өг гэдэг байр суурьтай орж байсан. Гэтэл тухайн шүүх хуралдааны явцад шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүн болгонд таалагдах албагүй.
Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулаад хэлэхэд сая В.Төгсбаяр прокурор шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна гэдэг зүйл яриад байна. Шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж байгааг өмгөөлөгчийн хувьд шударга ёс тогтож байна гэж ойлгоод байна. Яллагдагчаар татах бүрэн үндэслэл тогтоогдоогүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гурав, дөрвөн удаа яллагдагчаар татах саналтай ороход прокурорууд нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэдэг байдлаар мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлт рүү нь буцааж шийдвэрлэж байсан. Гэтэл ажиллагаанууд нь бүрэн дүүрэн хийгдээгүй дахин, дахин саналтай орсоор байтал нэмэлт ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад яллагдагчаар татсан.
Ялагдагчаар татсаны дараа хоёр, гурван ч удаа шүүх рүү шилжүүлэх саналтай орж ирсэн. Энэ дээр мөн адил нэмэлтээр буцаасан ажиллагаа хийгдээгүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын байгууллага нь үндсэн хуулийн байгууллага, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч хууль ёсны байгууллагын хамгийн гол хоёр субъектийн нэг. Прокурорын байгууллагын эсэргүүцэл нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна гэдэг байдлаар ирж байгааг би хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд маш их гайхаж байна.
Хэргийн үйл баримтын тухайд миний үйлчлүүлэгч Р.Доржпалам нь хамгийн сүүлд зогсож байснаараа буруудаад байгаа. Б.Дугармаа өмгөөлөгч хэлж байна. Сүүлийн эгнээндээ байсан чиргүүлийг хойноос нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн этгээд орж ирж зам тээврийн осол гарсны улмаас энэ хэрэг үйлдэгдсэн. Энэ үйл баримттай хэн ч маргахгүй. Шинжээчийн дүгнэлт нь тэгж л гарсан. Эсрэг урсгал руу толгойн хэсгийн эхний дугуй орсны төлөө миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа.
Эсрэг урсгалаас орж ирээд цагаан шугам давсан хэсгийг мөргөөд зам тээврийн осол гарсан бол бид нар өнөөдөр миний үйлчлүүлэгч буруутай гэдэг нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ийм ийм хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг байдлаар шүүх хуралдаанд оролцох ёстой байсан. Гэтэл хөдөлбөргүй тогтоосон зүйл байхгүй. Хэрэгт шаардлагатай, ач холбогдолтой бүхий л баримтыг шалгасан боловч шүүхийн цагаатгах тогтоол дээр дурдагдсан шалтгаант холбоо нь Р.Доржпаламын үйлдэлтэй ямар ч шалтгаант холбоогүй байна гэдэг байдлаар цагаатгах тогтоол гарсан учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд прокурор болон өмгөөлөгч нарын эсэргүүцэлтэй санал нэг байна. Р.Доржпалам гэдэг хүн зогсохгүй газар зогсоод өөр хүнтэй очиж уулзсан гэчхээд би зогсоогүй гээд байгаад үнэхээр гомдолтой байна. Энэ цагаатгах тогтоолыг хүчингүй болгохыг хүсэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын гаргаж байгаа эсэргүүцлийг миний хувьд дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шинжилгээний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гаргуулаагүй байсан учраас шинжээчийн дүгнэлтийг баримтлах шаардлага байхгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүйгээр хэрэг гарсан шалтгаан, хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл эдгээр зүйлээс харахад Р.Доржпаламын үйлдэл нь үйл баримтаараа тогтоогдсон гэж үзэж байна.
Яагаад гэвэл ослын шалтгааныг тогтоодог хамгийн чухал нотлох баримт хэргийн газрын схем зураг байдаг. Энэ схем зургаас харахад Р.Доржпаламын жолоодож явсан тээврийн хэрэгсэл өөрийнхөө эгнээндээ цуваад зогсчихсон байхад нь араас нь мөргөсөн бол өөр байх. Гэтэл эсрэг урсгалд орчихсон, ар талаас ирж байгаа тээврийн хэрэгсэл саадыг тойрон гарах боломж байхгүй хаагаад зогсчихсон. Тэгсэн мөртлөө өөрөө машинаа орхиод өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг би гарчихъя чи цаашаагаа болоодох гэсэн маягтайгаар түр буюу удаан зогсолт хийдэг.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 5 минутаас бага зогсож байгаа зогсолтыг түр зогсолт гэж хэлнэ. Эсрэг урсгалд орж замын зорчих хэсгийг хааж зогсож болохгүй. Энэ тохиолдолд осол гарах шалтгаан үндсэн нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн. Ослын зогсолтын тэмдэг тавиагүй. Тийм учраас үйл баримтаараа Р.Доржпаламын үйлдэл шалтгаант холбоо болохоос өөр арга байхгүй. Тээврийн хэрэгсэл явж байх ёстой зорчих хэсгийг бүрэн хаагаад зогссон тохиолдолд ар талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүд яаж хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм бэ? ийм боломжгүй.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гараагүй ч гэсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь үйл баримтаараа тогтоогдож байна гэдэг асуудлыг би ярьсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2 дээр сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээгээр тогтооно гэсэн заалт байдаг. Тэгэхээр хуулиас дээгүүр гарсан шүүхийн тогтоол, захирамж, шийдвэр байж болохгүй.
Хоёр сарын өмнө Дээд Шүүхийн тогтоол гараад, сэтгэцэд учирсан хохирлыг заавал шинжилгээгээр тогтооно гэсэн практик хэрэгжиж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоох үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас эдгээр хуульд нийцүүлсэн арга хэмжээг аваагүй учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эдгээр зүйлүүдийг хийж байж, тухайн хэрэг үнэн, зөв бодитой шийдэгдэнэ гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Р.Доржпаламын тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан У.*******гийн жолоодож явсан *******-******* УБЦ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, У.*******, Б.*******, С.******* нарын амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Доржпаламыг цагаатгаж шийдвэрлэснийг дээд шатны прокурор Б.Дэлгэрдалай, хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү нар эс зөвшөөрч цагаатгах тогтоолыг хүчингүй болгох агуулгаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийн “Хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэхдээ улсын яллагчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй” гэх үндэслэл болон хохирогчийн өмгөөлөгчийн “Өмнөговь аймгийн цагдаагийн газар гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Э.Нямрагчаагийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №03 дүгнэлтийг шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтаар үнэлсэн боловч Р.Доржпаламыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь зохих дүгнэлтийг хийгээгүй. Хохирогч Э.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүх шийдээгүй орхигдуулсан” гэх давж заалдах гомдлын агуулгын үндэслэлүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 11-р тал),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-48-р тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 1*******-2*******-р тал),
Гэрч Б.******* (1-р хавтаст хэргийн 118-119-р тал), Б. (1-р хавтаст хэргийн 122-123-р тал), Д. (1-р хавтаст хэргийн 1*******-127-р тал), Д. (1-р хавтаст хэргийн 130-131-р тал), Ц. (1-р хавтаст хэргийн 133-р тал), С. (1-р хавтаст хэргийн 135-р тал), Р. (1-р хавтаст хэргийн 136-137-р тал) нарын мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №146, №147, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №148 шинжээч эмчийн дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 181-199-р, 149-1*******-р, 210-2*******-р талууд),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №13003 шинжээч эмчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 238-240-р тал),
Өмнөговь аймгийн цагдаагийн газар гэрээт цагдаагийн хэлтсийн Цагдаагийн дэслэгч Э.Нямрагчаагийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №03 замын ослын дүгнэлт (2-р хавтаст хэргийн 18-19-р тал),
“Хөрөнгө эстимэйнт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №175557 үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 34-р тал) зэргийг үндэслэн шүүгдэгч Р.Доржпаламын жолоодож явсан Нордбенз маркийн *******-******* ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгой хэсэг нь эсрэг урсгалд орсон байх боловч хэргийн үйл баримтаар түүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тухайн гэмт хэргийн улмаас 3 хүний амь насыг хохироосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” гэж заасныг зөрчсөнөөс гадна цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон талаар тайлбарлаж хууль зүйн дүгнэлт хийсэн байх боловч цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт энэхүү үндэслэлээ баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ: энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; 40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэснээс дүгнэхэд тусгай мэдлэг, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн этгээдийг иргэний хариуцагчаар татсан боловч хохирогч Э.*******д зам тээврийн ослын улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүх шийдээгүй, хохирогч Э.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ажиллагааг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Доржпаламд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгч Р.Доржпаламд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Р.Доржпаламд холбогдох 2329003010106 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Р.Доржпаламд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР