| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2023/05523/И |
| Дугаар | 192/ШШ2025/07012 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/07012
2025 09 09 192/ШШ2025/07012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, *** байрны *** тоот хаягт оршин суух Чонос овогт А.Ө /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах “Х” ХХК /РД:***/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, **тоот хаягт оршин суух, Тайж овогт Б.Х/РД:***/ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, *** байранд байрлах “Б” ХХК,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ***д байрлах “Ю” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж ** байрны **тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг А.Өгийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч А.Ө өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбарт:
Фейсбүүк байр зарна гэх зарын дагуу Б.Х гэх хүнтэй холбогдож уулзсан. Уулзаад байрыг судлахад “манайх Э ХХК байгаа, бид Б ХХК-тай гэрээлэн энэ барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, төлбөрийн урьдчилгаанд орон сууцуудыг бартерт авсан, гэрээгээ хийгээд төлбөрөө төлчихвөл гэрчилгээг гаргаад өгчихнө” гэж хэлсэн. Байрыг авахаар тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Э” ХХК-тай Баянзүрх дүүргийн **тоот дүгээр хорооны 128 айлын орон сууцны барилгын С блокийн 1 дүгээр орц 8 давхрын **тоот 70.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, нотариатаар орж баталгажуулсан.
Гэрээг нотариатаар баталгаажуулахад “Э” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Б” ХХК-тай байгуулсан ** дугаар ** тоот Ажил гүйцэтгэлийн гэрээний урьдчилгаа төлбөрт уг орон сууцыг “Э” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Б” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.А гэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрөл зэрэг баримт бичгийг гаргасан. Улмаар гэрээ байгуулсны дараа байрны түлхүүрийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл байрандаа амьдарч байгаа. Байрны төлбөр 119,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хувааж төлсөн. Б.Х тай холбогдож байрны гэрчилгээг гаргаж өгөхийг хүсдэг ч байнга элдэв шалтаг шалтгаан тоочиж, “Б” ХХК гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа, өмчлөх эрхийг Монголбанк хүлээн авсан гэсэн тайлбаруудыг өгөх болсон. А.Ө нь Иргэний хуулийн 243.1-т заасан үүргээ бүрэн биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад “Х” ХХК нь хуульд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байх тул энэ орон сууцны өмчлөгчөөр А.Ө г тогтоож өгнө үү.
Байрыг зарын дагуу очиж үзээд авахаар болсон. Дүнжингарав дахь нэг цэг дээр очиж гэрээгээ хийсэн. Э ХХК-д төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс төлж эхлээд бүрэн төлж дуусгасан. Манайх байранд орсон анхны айл, түүнээс хойш 7 дахь жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд ордероо асуусан ч гаргаж өгөхгүй миний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 29-нд манай гэрийн ордер Ю ХХК-д гарсан байдаг. Би Б.Х захиралтай 2019 онд гэрээ хийж, 2021 онд төлбөрөө дууссан байсан. Гэрээ контракт хийчихээд 2022 онд манай гэрийн ордер гарч ирж байгааг ойлгохгүй байна. Иймд би уг хөрөнгийн өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Хүний анхдагч хэрэгцээ бол орон гэр юм. Орон гэртэй болохын тулд би ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Би орон гэртэй болъё л гэж хүссэн. Дахиад ийм хэмжээний мөнгө олох ч боломж байхгүй. Би орон гэртэй болохын тулд маш их ажилласан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч “Х” ХХК, Б.Хнар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:
“Э” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн лифт, эксковатор, зоригчийн ган татлагагт болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс нэрээ өөрчилж “Х” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. “Э” ХХК нь А.Өтай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, 128 айлын орон сууцны С блок 1 дүгээр орц, 8 давхрын **тоот 70.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сард орон сууцыг А.Өд шилжүүлснээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч гэр бүлийн хамт орон сууцандаа амьдарч байгаа.
“Э” ХХК нь “Б” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан №** дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр манай компани БНХАУ-ын Шэн Ян хотын үйлдвэрийн гарал үүсэлтэй “**” MRL Elevator system бүхий Европын EN-81 лифтний үйлдвэрлэлийн стандарттай ISO 14001 олон улсын чанарын стандартын шаардлага хангасан зорчигчийн болон урсдаг шат нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний нийт үнэ 834,030 ам.доллар ба гэрээний 3.7-д тус гэрээний үнэ, нийлүүлэх цахилгаан шатны тоо, тус бүрийн үнийг тохиролцсон. “Э” ХХК, “Б” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууц шилжүүлэх тухай гэрээ байггуулж, бартерын орон сууцыг манай компанид хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 4 дүгээр улирал гэж тохиролцсон. “Б” ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бартерын орон сууц тус бүрийн үнийн саналыг манай компани ирүүлснийг бид хүлээн зөвшөөрснөөр гэрээг байгуулсан.
“Б” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.АГэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрөл”-ийг үндэслэн бартерын орон сууцаа худалдан борлуулахаар нэхэмжлэгч А.Өтай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ё блок 1 дүгээр орц, 8 давхрын **тоот 70.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Манай компани тус гэрээний бартер Бид гэрээний үүргээ бүрэн биелүүлж, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “Б” ХХК-д гэрээнд тохиролцсон лифтийг нийлүүлэх, улмаар Цахилгаан шат /лифт/ урсдаг шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урсдаг болон зорчих цахилгаан шат тус бүрийг стандартын шаардлага ханган угсрах ажлаа бүрэн гүйцэтгэснээр манай компанийн нийлүүлж суурилуулсан цахилгаан шат өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
Гэтэл “Б” ХХК нь гэрээний гүйцэтгэл 98 хувьтай байна гэсэн элдэв шалтаг шалтгаан тоочиж, гэрээний дагуу манайд бартераар шилжүүлэх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрснээс улбаалан нэхэмжлэгчийн орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлдөө авах эрх хөндөгдөж байгаа. “Б” ХХК-д гэрээний дагуу үүргээ биелүүлж, бартерын орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар амаар олон удаа хэлж, шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. “Б” ХХК нь урсдаг болон зорчих цахилгаан шатыг нийлүүлсэн Централ молл-ын үйл ажиллагааг “Централ молл” ХХК хариуцан явуулах болсон гэсэн байдлаар бартерын орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах асуудалд хандах болсон, үл ялих шалтгаанаар гэрээний үүргийн хэрэгжилтийг сунжруулж, зөвхөн нэхэмжлэгч А.Өтай бус бусад 8 иргэний орон сууцаа өмчлөх эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно. Иймд А.Өгийн манай компанитай байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу **тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бүх баримт бичиг “Б” ХХК-д байгаагаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байдалд хүрээд байна.
Анх гэрээ байгуулагдаж байх үед 2018-2019 онуудад бидэнд байр өгөх зөвшөөрөл олгосон учраас зарж борлуулсан. Манайх 2019 оны үед бүх ажлаа дуусгасан байсан ба манайхаас байр авсан 8 айл бүгд нэхдэг байсан учраас бид албан бичиг өгдөг байсан. 2020 онд улсын комисс орж хүлээж авсан. Бидэнд зөвшөөрөл олгосон гэдгийг захиалан бариулах гэрээнд “ажлаа эхлүүлсэн тохиолдолд холбогдох байрыг шилжүүлж өгч болох” талаар заасан байгаа. А.Өөмчлөгч нь байх ёстой гэдгийг илэрхийлж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас хамтран хариуцагчаар татагдсан гэж ойлгож байна. Гэрээн дээр гарын үсэг зурсан хүн нь “Б” ХХК-ийн захирал Г.Г гэдэг хүн байгаа. 2017 онд гэрээ байгуулж байхад Г.Гзахирал “бидний өмч хөрөнгө” гэж хэлээд зөвшөөрөл гаргаж өгсөн учраас бид худалдсан...гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу манайх бартерт 8 орон сууц буюу **тоот орон сууцыг шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн гэрээг 2018 онд байгуулсан. 2017 онд байгуулсан гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой, дутуу төлбөрийг гаргуулахаар манай компани “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 870,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байгаа. Нэхэмжлэгч А.Ө гийн хувьд “Х” ХХК-д төлсөн мөнгөө буцаан гаргуулж авах боломжтой. Талуудын байгуулсан гэрээний дагуу ** тоот гэрээ болон өөр 2 гэрээ байгуулагдсан байгаа. Энэ гэрээний дагуу орон сууцнууд бартерт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. “Б” ХХК-ийн зүгээс ямар нэг төрийн байгууллагад **тоот орон сууцыг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байсан зүйл байгаагүй. “**групп” ХХК бол энэ компанийн хувьцаа эзэмшигч юм. А.А буюу “Б” ХХК-ийн зөвшөөрөл энд хамааралгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг “Б” ХХК нь гаргаж өгөөгүй...гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ю” ХХК шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Кбанкийг албадан татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны журмын 5.2-т зааснаар банкны өр төлбөрт тооцож шилжүүлж авсан хуулийн этгээдийн удирдлагыг банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлдэг учир “Ю” ХХК оролцож байгаа. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Бүд, Кбанк нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож, Б.Бнь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Ю” ХХК-ийн эрхийг шилжүүлж, барьцаа хөрөнгийг “Ю” ХХК шилжүүлэхээр гэрээ хийгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, ** байр 0 тоот хаягт байрлах 5,733 м.кв талбай бүхий барилгыг Кбанкинд бэлэглэсэн. Энэ хөрөнгө нь Б.Бүд, Кбанкны хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээгээр барьцаалагдаад улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байсан. Кбанкны эрх хүлээн авагчийн А.Аод гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянагдаж шийдвэрлэгдсэн. Прокурорын тогтоолоор компанийн хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Эндээс 51 орон сууцыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт шилжүүлээд, дараагийн 59 орон сууц актив хөрөнгөд бүртгэлтэй байгаа. Гэрчилгээ анх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан байсан. 2019 оны 05 дугаар сарын 27-нд шилжилт хөдөлгөөн зогсоогдсон. 59 орон сууцыг салгаж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын өрөнд өгөхийн тулд бусад орон сууцны гэрчилгээ салж гарсан. Банкны эрх хүлээн авагчаас орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа хүмүүст мэдэгдэл өгсөн. Улсын комисс 2020 онд орон сууцыг ашиглалтанд авсан. Иймд “Ю” ХХК нь шударга өмчлөгч учир өмчлөх эрх хөндөгдөж байна. “Ю” ХХК-ийн нэр дээр анх өмчлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 12 дугаар сард гарсан байгаа. Гэрээ хийгээд байгаа этгээдүүд нь өөрийн биш, бусдын хөрөнгийг шилжүүлэх гэрээ хийсэн байна. Мөнгөө өгсөн, авсан талууд тодорхой байхад шударга өмчлөгч “Ю” ХХК-ийн өмчлөлийг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй юм. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөвд тооцно. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна...гэв.
5. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ** тоот Ажил гүйцэтгэлийн гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууц шилжүүлэх тухай “Б” ХХК, “Э” ХХК нарын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ИСТ-20/10 тоот гэрээний хуулбар, “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, “Э” ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар, “Э” ХХК, А.Өнарын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээний эх хувь, төлбөрийн баримтууд /11ш/, А.Өгийн “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ажлын албанд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийн эх хувь, “Х” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолт бүхий 2210/03 тоот албан бичгийн эх хувь, **тоот Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, “Кбанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны мэдэгдлийн хуулбар, А.Өд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц хүлээлгэн өгсөн актын эх хувь,
6. Хариуцагч талын нотлох баримтууд: “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Б” ХХК, “Э” ХХК нарын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ** тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар, мөн өдөртөө талуудын байгуулсан 04/11-17 тоот Цахилгаан шат /лифт/, урсдаг шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалуудын хуулбар, “Кбанк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, “Кбанк” ХХК, Б.Бнарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн төлбөр барагдуулах гэрээний хуулбар, Б.Бүдийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Кбанк” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, “Ю” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, Б.Бболон “Ю” ХХК нарын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, “Ю” ХХК, “Кбанк” ХХК нарын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Кбанкны ***тоот дотоодын дансны хуулга, “Б” ХХК-иас “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагчид 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С блокийн 51 ширхэг орон сууц хүлээлцсэн баримтын хуулбар, Б.Бболон “Кбанк” ХХК нарын 2013 оны 07 дугаар сарын 25, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээнүүд, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэлт барьцааны гэрээний хуулбарууд,
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Кбанк” ХХК болон “Б” ХХК, “Б” ХХК нарын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хэлцлийн хуулбар, “В” ХХК болон “Кбанк” ХХК, “Б” ХХК нарын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, “Б” ХХК болон “Б” ХХК нарын 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Объект болон хөрөнгө хүлээлцсэн актын хуулбар,
9. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас: Баянзүрх дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” ХХК-ийн захиалгатай 67 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 110 айлын орон сууцны барилгын хувийн хэргээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хот байгуулалт газрын кадастр мэдээллийн хэлтсийн хаягийн тодорхойлолт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар зэргийг,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас: Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж ** байрны **тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаартай орон сууцны лавлагаа, хувийн хэрэгт авагдсан баримтуудын хуулбарын хамт, мөн “Ю” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, “Б” ХХК, “Кбанк” ХХК, “Б” ХХК нарын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа,
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас: Нийслэлийн засаг даргын 2019 оны ** дугаар захирамжаар “В” ХХК-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, Намъянжугийн гудамж **байр хаягт байрлах газрын хувийн хэргийн хуулбар 97 хуудас баримтууд,
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс: Эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол, ** дугаартай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн нотлох баримтын хуулбар 115 хуудас баримтууд,
Улсын ерөнхий прокрорын газар, Эрүүгийн хэргийн тусгай архиваас: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 761 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 689 дугаар тогтоолын хуулбар 82 хуудас баримтууд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.Өгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч “Х” ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал Б.Хнарт холбогдуулан Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол, ** байрны **тоот дахь 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Нэхэмжлэгчээс шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж дуусган, өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа боловч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа учир өмчлөх эрх зөрчигдөж байна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “Х” ХХК, тус компанийн төлөөлөгч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч тус компани орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байгаа талаар тайлбарлаж байна.
4. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн хүсэлтээр оролцож буй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “Э” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон боловч үүрэг гүйцэтгэгч “Э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байсан гэж тайлбарласан.
5. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууц тус компанийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг худалдсан нь хууль зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.
6. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч А.Өнь “Э” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн баруун талд байрлах С блокийн **давхар, **тоот хаягт байршилтай 70.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авч, эрх шилжүүлэгч “Э” ХХК-д гэрээгээр тохирсон 119,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор 12 удаагийн гүйлгээрээр бүрэн төлж барагдуулан, орон сууцанд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр актаар хүлээн авч, өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байна. /1-р хх-15-28, 2-р хх-41/
6.2. Дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Ю” ХХК-д 68.41 м.кв талбайтайгаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэгдэж, **дугаар гэрчилгээ олгогджээ. /1-р хх-47/
6.3. Хариуцагч “Х” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Э” ХХК гэх нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаад 2023 онд нэрээ өөрчлөн “Х” ХХК болгосон байна.
6.4. “Э” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ** тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, мөн өдрийн 04/11-17 тоот Цахилгаан шат /лифт/, урсдаг шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг тус тус “Б” ХХК-тай байгуулж, захиалагч “Б” ХХК нь ** тоот гэрээний төлбөрт 834,030 ам.доллар, 04/11-17 тоот гэрээний төлбөрт 51,700 ам.доллар тус тус бэлэн болон бартерын нөхцөлөөр төлөх, гүйцэтгэгч “Э” ХХК нь лифт нийлүүлж, угсрах үүрэг хүлээжээ. /1-р хх-159-166/
6.5. Гэрээний талууд ** тоот гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууц шилжүүлэх тухай ** тоот гэрээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн **дүгээр хорооны нутагт баригдаж ашиглалтанд орох 128 айлын орон сууцны барилгын С блок, 8 давхрын **тоот 70.1 м.кв талбайтай байрыг 182,260,000 төгрөг тооцон, “Б” ХХК-ийг төлөөлж захирал Н.Б, “Э” ХХК-ийг төлөөлж Б.Хнар харилцан тохиролцож ** гэрээний дүнгээс хасаж тооцохоор гэрээний гол нөхцөлд тусгасан байна. /1-р хх-7-9/
6.6. Дээрх ** тоот гэрээг хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрлийг “Б” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.А олгож, гэрээг гүйцэтгэх Н.Б, гэрээг хянасан Б.Ж, С.Н, Б.Өнар болон гэрээг бүртгэсэн Н.Г, хянаж батлах Г.Г нар баталгаажуулан гарын үсэг зуржээ. /1-р хх-10/
Уг зөвшөөрөлд: 2018.06.18-ны ** тоот гэрээгээр “Э” ХХК-ийн **молл төслийн их дэлгүүрийн урсдаг шат, зорчигчийн лифтний ажил гүйцэтгэх ** тоот гэрээний дүнгээс 182,260,000 төгрөгөөр хасаж тооцохоор “Э” ХХК-д зөвшөөрөл олгосон байна.
6.7. Талуудын байгуулсан “** тоот гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууц шилжүүлэх тухай” ** дугаартай гэрээгээр “Б” ХХК-иас “Э” ХХК-д **тоот орон сууцыг 182,260,000 төгрөгөөр тооцож ** гэрээний дүнгээс хасахаар тохиролцсон ба уг гэрээний 2.2-т “...Ажил гүйцэтгэх гэрээний ажил эхэлсэн нөхцөлд гүйцэтгэсэн талын хүсэлтийг үндэслэн хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, 2.3-т “...уг гэрээ нь ** тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад, эсхүл гэрээт ажил явагдах боломжгүй болсон нөхцөлд үл хөдлөх хөрөнгийг хүлээн авагч нь үл маргах журмаар шилжүүлэгчид буцаан өгнө” гэж заажээ.
6.8. 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан “Б” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.А зөвшөөрлийн үндсэн дээр “Э” ХХК нь нэхэмжлэгч А.Ө тай “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тэдний байгуулсан гэрээ болон зөвшөөрөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-15/
6.9. Маргаан бүхий **тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж буй барилгын доорх газар анх “В” ХХК-ийн эзэмшилд 2010 онд бүртгэгдэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл 2013 оны 10 дугаар сарын 09-нд “В” ХХК-д олгогдож, тус компанийн захирал Д.Э ба үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч нь “Б” ХХК болох нь компанийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаар тогтоогдсон. /2-р хх-59-63, 67, 72/
6.10. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй орон сууц байрлах барилга нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол /13335/, Намъяанжугийн гудамж ** байр 0 тоот хаягт байршилтай 889.4 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зриулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө”-ийг “В” ХХК-ийн өмчлөлд Ү-**эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 000405396 тоот гэрчилгээ олгогдсон байна. /2-р хх-94/
Улмаар хөрөнгийн өмчлөгч “В” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч А.А, Б.У нарын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №31 тоот “Хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор “В” ХХК-ийн дээрх 889.4 м.кв талбай бүхий Ү-**эрхийн улсын бүртгэлийн дугаартай **байр 0 тоот барилгыг Б.Б шилжүүлэхийг зөвшөөрч, “Б” ХХК-ийн захирал А.Аоос 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №30 тоот итгэмжлэлээр төлөөлөгч И.Т ид дээрх 889.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Б шилжүүлэхтэй холбоотой “В” ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх бүх эрх, үүргийг итгэмжлэн олгон, итгэмжлэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т, иргэн Б.Бнар №** тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан уг 100,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг “В” ХХК-иас Б.Ббэлэглэснээр 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс Б.Б өмчлөгчөөр бүртгэгджээ. /2-р хх-96-97, 108, 111/
6.11. Ийнхүү иргэн Б.Ббарилгыг өмчлөлд авсны дараа 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар хөрөнгийн талбайн хэмжээ 5,733 м.кв болж өөрчлөгдсөн, гэрчилгээ шинээр олгогдсон байна. /2-р хх-115/
- Өмчлөгч Б.Бүдээс олгосон итгэмжлэлийн дагуу дээрх барилгыг итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №3082 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр 300,000,000 төгрөгөөр үнэлж, “Ю” ХХК-д хариу төлбөргүйгээр бэлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс “Ю” ХХК барилгын өмчлөгчөөр бүртгэгджээ. /2-р хх-129, 132-135/
- Харин Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1707 тоот прокурорын тогтоолоор уг барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж, тус шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай прокурорын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийн эрхэд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. /2-р хх-138-141, 153-163/
6.12. Гуравдагч этгээд “Ю” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 13-нд үүсгэн байгуулагдаж, анхны хувьцаа эзэмшигч Б.Б байсан ба 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс “Кбанк” ХХК тус компанийн 100% хувьцаа эзэмшигч болж, гүйцэтгэх удирдлагаар Б.Б2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан байна. /1-р хх-174/
6.13. “Ю” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Кбанк” ХХК-ийн хувьд 1998 оны 06 дугаар сарын 19-нд үүсгэн байгуулагдсан ба тус компанийн 99.98 хувийн хувьцааг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс “Б” ХХК, 0.02 хувийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс “Ч” ХХК тус тус эзэмшдэг байна. /2-р хх-51-52/
6.14. “Кбанк” ХХК-ийн 99.98 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК нь 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, иргэн Б.У 50 хувь, А.А50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон. /2-р хх-53-54/
6.15. Харин гуравдагч этгээд “Б” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “**групп” ХХК бүртгэлтэй байна. /2-р хх-49/
6.16. Маргааны зүйл болж буй орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “В” ХХК-д олгогдож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан байна. /1-р хх-97-98, 104-109/
7. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн, гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшилд акт үйлдэж шилжүүлсэн, тийнхүү гэрээ байгуулахыг барилгын захиалагч талаас зөвшөөрсөн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин гэрээний дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн эсэх талаар зохигчид маргаагүй боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн зүгээс эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардаж буй өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа талаар тус тусын үндэслэл заан тайлбарлаж оролцлоо.
8. А.Ө, “Э” ХХК нарын хооронд Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед маргаан бүхий орон сууц буй байрлах 7,533 м.кв талбай бүхий ** байр 0 тоот гэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Ю” ХХК байсан болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон ба тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.А-оос олгосон зөвшөөрлийн дагуу уг байрны **давхрын **тоот хаягт байрлах 70.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “Э” ХХК-д 182,260,000 төгрөгт тооцон, тус компанитай байгуулсан ** тоот гэрээний дүнгээс хасаж тооцохоор болж, улмаар “Э” ХХК нь А.Өд **тоот орон сууцыг шилжүүлсэн байна.
9. Гэвч маргааны зүйл болох **тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гэрээ байгуулагдсанаас хойш болон худалдан авагч тал төлбөрийг бүрэн төлж дууссан үед гараагүй буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмчлөлд 68.41 м.кв талбайтайгаар Ү-**дугаарт шинээр бүртгэгдэж, **тоот гэрчилгээ олгогдсон талаар зохигчид маргаагүй.
10. Хариуцагч “Х” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хөрөнгийн өмчлөгч эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу орон сууцны эрхийг шилжүүлсэн, мөн “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрт тооцон олгогдсон бөгөөд тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх агуулгаар тайлбарласан.
11. Харин хариуцагч “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Б” ХХК нь “Х” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй ажлын төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас бартерт өгсөн уг орон сууцыг бусдад шилжүүлэх үүрэг үүсээгүй гэж тайлбарлаж байна.
12. Маргаан бүхий **тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн “Ю” ХХК нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг бусдад шилжүүлэхээр тохиролцсон нь үндэслэлгүй, А.Өг өмчлөгчөөр тогтоосноор тус компанийн өмчлөх эрх зөрчигдөнө...гэх агуулгаар тайлбарласан.
13. Иргэний хуулийн 1**дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэгчид хамааруулан тайлбарлах боломжтой бөгөөд эрх шилжүүлэгч “Э” ХХК тухайн хөрөнгийн өмчлөгч биш байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.
14. Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд бүртгэгдсэнийг үнэн зөв гэж тооцох боловч талууд гэрээг байгуулан өмчлөх эрхийн гэрчилгээг “Э” ХХК-д шилжүүлэх эрхийг өмчлөгч “Ю” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу эрх бүхий этгээд зөвшөөрөл олгосны дагуу олж авсан. Ийнхүү олж авсан өмчлөх эрхээ А.Өд шилжүүлсэн талуудын гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
15. Түүнчлэн талуудын хооронд Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, худалдан авагч А.Өгэрээний зүйлийг эзэмшилдээ хүлээн авч, гэрээний дагуу төлбөр төлөх үед тухайн **тоот орон сууц “Ю” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргээр тогтоогдсон.
16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч А.Өгэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэрээний зүйл болох **тоот үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
17. Харин өмчлөх эрх шилжүүлэгч “Э” ХХК буюу “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хнь иргэний хувиар бие даан маргаан бүхий гэрээг байгуулаагүй, тус компанийг төлөөлөн нэхэмжлэгч А.Ө-тай гэрээг байгуулсан, нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг Б.Х-д бус “Э” ХХК-д шилжүүлж байсан болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон учир хариуцагч Б.Х нь уг нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэж дүгнэн, Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11**зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Өгийн “Х” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, А.Өг Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, **дүгээр хороолол, ** байрны **тоот дахь 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс хариуцагч Б.Хд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 752,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш **хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА