| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2025/09759/И |
| Дугаар | 192/ШШ2025/09658 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/09658
2025 11 19 192/ШШ2025/09658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Бурхантын 1 гудамж, 1-4 тоот хаягт оршин суух, ....... овогт .......гийн ......./рд:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Удирдлагын академийн гудамж, Бизкон оффисын 2 давхарт байрлах, ....... ХХК /РД:....../-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг өмчлөгчид хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ньв:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х........нь ".......” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ".......” орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын .....-ны өдөр ...... дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, ....... хотхоны .......... блок, .....давхар, 603 тоот, 3 өрөө 72.18 м.кв орон сууцыг 1 м.кв нь 2,225,000 буюу нийт 160,600,500 төгрөгөөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ....... дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, ....... хотхоны ..........блок, ..... давхар, ..... тоот, 3 өрөө 71.30 м.кв орон сууцыг 1 м.кв нь 2,225,000 буюу нийт 158,642,500 төгрөгөөр захиалан бариулж, 2023 оны 1 болон 2 дугаар улиралд хүлээн авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн авч чадаагүй байна. Гэтэл ......." ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиалагч бүрд мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлээр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж, гэрээний хугацааг сунгах буюу 1 м.кв үнийг 4,000,000 төгрөг болгон өөрчилж, орон сууцыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах санал, тус нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх талаар мэдэгдэл ирүүлж, захиалагчийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Захиалагчдын зүгээс аливаа гэрээний үүргийн зөрчил үүсгээгүй байтал гүйцэтгэгчийн зүгээс гэрээ цуцлах санал ирүүлж, цаашлаад орон сууцны 1 м.кв-ыг 1,725,000-1,775,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн саналыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо хариу мэдэгдсэн боловч хариуцагч “.......” ХХК нь захиалагчийн хариуг хүлээн аваагүй болно.
Иймд “.......” ХХК нь захиалагчийн эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр гэрээ цуцалж, нэхэмжлэгчийн авах ёстой орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах нөхцөл байдал үүсээд байгаа учраас захиалагчийн зүгээс тус эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс “.......” ХХК-ийн гаргаад буй гэрээний үнэ өөрчлөх, гэрээ цуцлах саналыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсээр байтал, өөр ямар нэг гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байтал хариуцагч талаас гэрээ цуцлах санал гаргаж байгаа нь огт үндэслэлгүй нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 30 хувийг, үлдэгдэл 70 хувийг орон сууцыг ашиглалтад орсон тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор төлөх үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч нь ND-S-PH1-0098 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 48,180,150 төгрөгийг захиалагчийн Голомт банкны 8145.....1411 тоот дансанд 2021 оны 11 дүгээр .....-ны өдөр, дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 47,592,750 төгрөгийг захиалагчийн мөн дансанд 2021 оны 12 дугаар 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар 01-ний өдөр .....,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар 01-ний өдөр 7,500,000 төгрөгийг тус тус төлж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж, захиалгаа баталгаажуулан орон сууцыг барьж дуусгах мэдэгдлийг хүлээж байтал гэрээний нөгөө талаас гэрээ цуцлах санал гаргаад буйг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрдугаарт "Наадамж дэнж” ХХК нь Ковид-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд өртсөн тул гэрээний үнийг нэмэгдүүлэхээр байгаа гэж тайлбарладаг. Тус цар тахлын нөхцөл байдал нь анх гэрээ байгуулах үед хэдийнээ үүссэн байсан, ковидын хууль батлагдаад 1,5 жил болсон байсан, барилгын компани, хувь хүмүүс бүгд цар тахлын талаар мэдээлэлтэй байсан. Гэтэл гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнд нөхцөл байдалд орж гэрээний үнийг нэмэгдүүлэх талаар тайлбар ирүүлж байгааг Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй болно. Компани нь гэрээ байгуулах үед ковидтой холбоотой эрсдэлийг тооцсон байгаа, тооцох ёстой, тооцох ч боломжтой байсан. Гэтэл одоо 2025 онд буюу 4 жилийн дараа ковидын нөхцөл байдлаас болж хүнд байдалд орлоо гэж байгаа нь цаг хугацааны болоод боломжит байдлын хувьд тохирохгүй байна. Компани энэ 4 жилийн хугацаанд орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хангалттай боломж байсан. Харин ч орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 2 жилээр хугацаа хэтрүүлж байгаад нэхэмжлэгчийн зүгээс санал, гомдол гаргахгүйгээр тэвчээртэйгээр хүлээж ирсэн. Гэтэл “.......” ХХК-иас ийнхүү захиалагч нараа үл хүндэтгэн гэрээ цуцлах, гэрээний үнийг өөрчлөх зэргээр захиалагчийг аргагүй байдалд оруулж байгаа нь компанийн хариуцлагагүйн улмаас үүссэн нөхцөл байдал болно. Гуравдугаарт гэрээ байгуулах үед тохиролцсон орон сууцны үнийн дүн зах зээлийн дунджаас өндөр буюу ойролцоо хотхоны захиалгын үнэ 1,500,000-1,800,000 төгрөгийн хооронд байсан. Мөн байршлын хувьд ашигтай биш ч өндөр үнээр гэрээ байгуулсан шалтгаан нь тухайн гүйцэтгэгч компанид ажилладаг байсан учраас итгэлтэй, найдвартай гэдэг итгэл үнэмшилтэйгээр, байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлье гэдэг сэтгэлээр орон сууцны захиалга хийхээр шийдсэн. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед “.......” ХХК-ийн хамааралтай компани болох “...................компанид ажилладаг байсан. Компаниас орон сууцны төсөл эхлүүлж байгаа, ажилтнууддаа хөнгөлттэй үнээр санал болгож байна гэх зарын дагуу энэ төслийг сонирхоод, захиалга хийж, гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед буюу 2021 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт 33,000,000-48,000,000 төгрөг төлсөн. Одоогийн мөнгөний ханш, инфляци зэргээс шалтгаалан тухайн урьдчилгаа төлбөрийг буцаан авах нь захиалагчид илт хохиролтой байгаа. Ийнхүү нэхэмжлэгчийн компанидаа тууштай ажиллаж, тэвчээртэйгээр хүлээж ирсэн байтал хариуцагч “.......” ХХК-аас гэрээ цуцлах, гэрээний үнэ нэмэх санал ирүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн компанийн зүгээс гэрээ байгуулах үед шаардлагатай бараа, материалаа захиалсан, хугацаанд нь ашиглалтад оруулна, төслийн эрсдэлийг Мандал Даатгал ХК-д даатгуулсан зэрэг мэдээллийг захиалагч нарт танилцуулж байсан. Гэтэл одоо энэ амлалтдаа хүрээгүй нь хариуцагч “.......” ХХК-ийн хариуцлагын асуудал болно. Дөрөвдүгээрт хариуцагч “.......” ХХК-иас гэрээ цуцлах, үнэ өөрчлөх санал гаргаж байгаа нь талууд анхнаасаа тохиролцоогүй нөхцөл болно. Тухайлбал, бидний хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 7.1 дүгээр зүйлд гэрээ цуцлах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний төлбөрийг төлөөгүй, хугацаа хожимдуулсан, эсхүл орон сууцанд зураг төсөл гаргагчийн зөвшөөрөлгүйгээр томоохон өөрчлөлт оруулсан гэх мэт захиалагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй, харин хариуцагч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байдаг. Гэтэл гэрээний үүргээ зөрчсөн тал өөрөө гэрээг цуцлах санал гаргаад байгаа нь логик уялдаа холбоогүй, үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч ".......” ХХК-ийн үзэж байгаагаар хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзлээ ч орон сууц захиалгын гэрээний 4......-т зааснаар энэ нөхцөл байдлын улмаас хэн аль нь хариуцлага хүлээхгүй байхаар талууд анхнаасаа тохиролцсон. Тодруулбал, гэрээний 4......-т “Талууд гэрээ байгуулснаас хойш ...халдварт өвчин, олон нийтийг хамарсан хөл хорио...гадаад, дотоод материалын нийлүүлэлт саатсан, тасарсан, худалдааны аливаа хориг, үндсэн цахилгаан, дулааны холболт саатсан гэх мэт давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүргээ бүрэн буюу зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд талууд хариуцлага хүлээхгүй" гэж, мөн гэрээний 4.11-т “Гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлын улмаас энэхүү гэрээтэй холбогдон үүсэх аливаа асуудлыг талууд ажлын ..... хоногийн дотор харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэнэ" гэж заасны дагуу одоо үүсээд байгаа нөхцөл байдалд захиалагч би хариуцлага хүлээх үндэслэлгүй буюу гэрээний үнэ нэмж төлөх үндэслэлгүй болно. Мөн “.......” ХХК-иас 2022 оны 11 сар, 2023 оны 04, 06 сард тус тус орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдож байгаа талаар мэдэгдэл ирүүлснийг захиалагч ойлгож, тэвчээртэйгээр хүлээж ирсэн. Гэтэл хариуцагч “.......” ХХК нь захиалагчаас хариуцлага нэхэж байгааг ойлгохгүй байна. Түүнчлэн орон сууц захиалгын гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 1 болон 2 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгнө" гэж заасан боловч хариуцагч “.......” ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 4 жилийн дараа орон сууцыг ашиглалтад оруулаагүй, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна. Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцаа тохиролцсон үнээр хүлээн авах эрхтэй бөгөөд хариуцагч “......." ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд, ....... хотхон .......... блок, .....давхар, 603 тоот, 3 өрөө 72.18 м.кв болон ..........блок, ..... давхар, ..... тоот, 3 өрөө 71.30 м.кв орон сууцны өмчлөгчөөр Х.Нямдоржийг тогтоож, орон сууцыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч "Наадамж Дэнж" ХХК-д даалгаж өгнө үү. Мөн үнэ өссөн гэдгийг хангалттай тодорхой нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үнэ хэдэн төгрөгөөр, хэрхэн яаж, ямар шалтгаанаар өсөөд байгаа гэдэг тодорхой ойлгоогүй, тэр талаар тодорхой бичсэн тоо баримт хавтаст хэрэгт байхгүй, авагдаагүй учраас нэхэмжлэгчийн зүгээс үнийн өсөлт дээр хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын .....-ны өдрийн ................. тоот орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № тоот орон сууц захиалгын гэрээг тус тус үргэлжлүүлэх боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн ба Х........нь гэрээнүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг байгуулсан үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөн санхүүгийн хүнд байдалд орсон учир захиалагчид бодит нөхцөл байдлыг ойлгуулан мэдэгдэж, холбогдох баримтуудыг танилцуулсан боловч харилцан ойлголцолд хүрээгүй. Тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан ................. тоот гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 48,180,150 төгрөгийг, № тоот гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 47,592,750 төгрөгийг тус тус түүний Голомт банкны 3205.....4122 тоот данс руу буцаан шилжүүлсэн. Талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан гэдгийг дурдаад байна. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын .....-ны өдөр, 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх харилцаа буюу орон сууц захиалгаар бариулах гэрээний хэлцэл хийгдсэн байна. Гэрээгээ байгуулаад тухайн гэрээний дагуу 2.3-д заасан эхний төлөлтийг захиалагчийн зүгээс төлсөн байна. Гэрээ байгуулснаас хойш давагдашгүй хүчин зүйл буюу ковид цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн, хүнд нөхцөл байдлын үйл баримтууд тогтоогдсон учраас Монгол Улсын Худалдаа Аж үйлдвэрлэлийн танхимаас хүнд нөхцөл байдлын гэрчилгээ 2022 оны 09 дүгээр сард авсан. Түүнээс өмнө удаа дараа захиалагч нарт нөхцөл байдлыг гүйцэтгэгчийн зүгээс бол байнга танилцуулж, бодит байдлыг нотлох баримттайгаар хавсаргаад удаа дараа мэдэгдэх үүргээ биелүүлээд мэдэгдэл хүргүүлж байсан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэй боловч гэрээний 2.3-д заасан төлбөр бүрэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, өнөөдрийг хүрсэн нөхцөл байдал хавтаст хэрэгтэй танилцахад байсан. Тэгэхээр нэгэнт гэрээ маань бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас бусдыг хохироох үр дагавар үүсгэхээс сэргийлж, гэрээнээс татгалзах талаар хариуцагч талаас удаа дараа мэдэгдэж буюу гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлж, төлбөрийг буцааж нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхээсээ өмнө хариуцагч тал албан бичгээрээ мэдэгдлээ хүргүүлсэн. Манайх бол хуулийн этгээд учраас давагдашгүй хүчин зүйл буюу санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын түүхий эд болох бетон зуурмаг, бусад түүхий эдийн үнэ өссөн учраас 1 м.кв үнэ нэмэгдэхээс өөр аргагүй байна гээд энэ байдлаар эвлэрэх саналыг тавьсан. Харин нэхэмжлэгч тал хүлээж аваагүй учраас талуудын гэрээ үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, гэрээнээс татгалзах үүргээ биелүүлсэн. Мөн нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа бол төлбөрөө бүрэн төлсөн буюу тухайн үед орон сууц захиалах үед улсын бүртгэлд тодорхой хэмжээний бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай. Мөн дээрээс нь энэ барилга маань зөвхөн ....... компани өөрийнх нь барилга биш, цаана нь захиалагч компани, ерөнхий захиалагч компани гэж бас байгаа. Хариуцагч компани нь 1-2 дугаар блокийг барих үүрэгтэй, хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч барьж чадаагүй үйл баримт байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгох, түүнтэй холбоотой улсын бүртгэлтэй бүртгэлийн эрхийн баримтуудыг гаргахыг даалгах гэдэг шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзсан талаар мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан нь харагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс 9 дүгээр сард нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг бүрэн буцааж өөрт нь олгосон байна. Түүнээс хойш гэрээг үргэлжлүүлэх, ямар нэгэн төлбөр тооцоо хийж, албан ёсоор хандсан үйлдэл гаргаагүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 11 сарын .....-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 12 сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл, Голомт банк ХК-ийн мемориалын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Цемент шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын мэдэгдэл, Мак цемент ХХК-ийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, захиалагч нарт хүргүүлсэн мэдэгдлүүд, хавсралтын хамт, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч Х........нь хариуцагч “.......” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнүүдийн дагуу захиалан бариулж буй орон сууцнууд болох ....... хотхоны .......... байрны 603 тоот 72.18 м.кв орон сууц, ..........байрны ..... тоот 71.30 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг өмчлөгчид хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...захиалгын гэрээний дагуу орон сууцыг 2023 оны 1 болон 2 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэж өгнө гэсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл буюу 4 жилийн хугацаанд ашиглалтад оруулаагүй, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна, нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцаа тохиролцсон үнээр нь авах эрхтэй, гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хариуцагч талаас гэрээ цуцлах санал гаргаж байгаа нь огт үндэслэлгүй, харин хариуцагч нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
6.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлаа манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг байгуулсан үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөн захиалагчид бодит байдлыг мэдэгдэж холбогдох баримтуудыг танилцуулсан боловч харилцан ойлголцолд хүрээгүй, тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
7.Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х........нь хариуцагч ....... ХХК-тай 2021 оны 11 сарын .....-ны өдөр ................. дугаартай орон сууцны захиалгын гэрээг байгуулж, ....... хотхоны .......... блок, 6 давхрын 603 тоот хаят байрлах 72.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,225,000 төгрөгөөр тооцож, нийт 160,600,500 төгрөгөөр захиалан бариулахаар, мөн талууд 2021 оны 12 сарын 02-ны өдөр № дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, ....... хотхоны ..........блокын 5 давхрын ..... тоот хаягт байрлах, 71.30 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,225,000 төгрөгөөр тооцож, нийт 158,642,500 төгрөгөөр захиалан бариулахаар тус тус тохиролцжээ.
Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Х........нь ................. гэрээний урьдчилгаа төлбөрт 48,180,150 төгрөг, № гэрээний урьдчилгаа төлбөрт 47,592,750 төгрөгийг хариуцагч компанийн Голомт банк дахь 8145.....1411 тоот дансанд төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.
Дээрх хуульд заасныг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээгээр хариуцагч “.......” ХХК нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ....... хотхоны .....5, ..........блокт нэхэмжлэгчийн захиалсан 72.18, 71.30 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнуудыг өөрийн материалаар барьж, нэхэмжлэгч Х.Нямдоржид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь захиалсан орон сууцнуудын төлбөрийг тогтсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.
9.Орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
......Хариуцагч нь ................. дугаартай гэрээний дагуу баригдах 72.18 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд, № дугаартай гэрээний дагуу баригдах 71.30 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан зураг төслийн дагуу техникийн шаардлагыг бүрэн хангасан материалаар Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын дагуу барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр талууд хугацаагаа тохиролцжээ.
11.Талууд Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно...” гэж заасны дагуу ажлын үр дүн болох орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх хугацааг 2023 оны 1 болон 2-р улиралд гэж тохиролцсон боловч хариуцагч “.......” ХХК нь дээрх хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна.
12.Улмаар гэрээний 4......-т заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, нэмэлт хугацаа шаардлагатай болсон талаараа хариуцагч нь 2022 оны 11 сарын 29, 2023 оны 6 сарын 30-ны өдрүүдэд нэхэмжлэгч болон бусад захиалагч нарт мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлдээ гүйцэтгэгч компани болох “Говь инфрастрактер партнерс” ХХК-ийн хүнд нөхцөл байдлын гэрчилгээ болон нийлүүлэгч компаниудын холбогдох баримтуудыг хавсаргаж, орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг 2024 оны 2-3 дугаар улирал болгож хойшлуулсан байна. Мөн гэрээний дагуу төлөгдөх төлбөр төлөх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болгон хойшлуулжээ. /хэргийн 50-5.....тал/
13.Орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг ингэж хойшлуулсанд нэхэмжлэгчийн зүгээс аливаа байдлаар шаардлага гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2025 оны 5 сарын 22-ны өдөр ND-L-25-073 тоот албан бичгээр орон сууц захиалгын гэрээг цуцлах, эсхүл орон сууцны захиалгын гэрээний үнийг өөрчилж гэрээг сунгах 2 нөхцөлийг санал болгож, тус 2 саналын аль нэгийг сонгон холбогдох шийдвэрээ 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэх талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. /хэргийн 57-59-р тал/
14.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “...аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ...”, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “...Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно...”, 221.2 дахь хэсэгт “...Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээ цуцлах, эсхүл орон сууцны төлбөрийг өөрчилж гэрээний хугацааг сунгах эсэх хариугаа өгөөгүй байх тул хариуцагч нь дээр дурдсан үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан ................. гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчийн шилжүүлсэн 48,180,150 төгрөг, № гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 47,592,750 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид 2025 оны 9 сарын 26-ны өдөр буцаан шилжүүлснээр талуудын үүргийн харилцаа дуусгавар болжээ.
15.Гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тохиролцсон хугацаанд биелүүлэх боломжгүй байгаа талаараа хариуцагч нь тухай бүр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, үүнтэй холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон холбогдох баримтуудыг нэхэмжлэгчид хүргүүлж байсан, мөн гэрээнээс татгалзах талаараа мэдэгдэж холбогдох төлбөрийг буцаан шилжүүлж үүргийн харилцааг дуусгавар болгосон нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь тус гэрээнд үндэслэн захиалсан орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэж хариуцагч нь орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлсний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан тохиролцооны дагуу нэхэмжлэгчид шилжихээр байгаа бөгөөд шаардах эрхийн үндэслэл болж буй орон сууц захиалгын гэрээнээс хариуцагч тал татгалзаж үүргийн харилцааг дуусгавар болгосон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна.
16.Түүнчлэн, хариуцагч нь орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь орон сууцыг захиалан бариулах хөлс төлөхөөр тохиролцсон талуудын үүргийн харилцаа дуусгавар болсон тул улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
17.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,122,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нямдоржийн хариуцагч “.......” ХХК-д холбогдуулан гаргасан ....... хотхоны .......... байрны 603 тоот 72.18 м.кв орон сууц, ..........байрны ..... тоот 71.30 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг өмчлөлд хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулан өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,122,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БИЛГҮҮН