Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 54

 

2018 оны 03 сарын 30 өдөр                 2018/ШЦТ/54                   Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0064/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                     А.Уламбаяр

Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан

Шүүгдэгч                     Ж.Н.

Шүүгдэгч П.Т.

Шүүгдэгч А.Э.

Шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н., Жанчив овогт Ц.Б., Гонжив овогт П.Т., Тайж овогт А.Э. нарт холбогдох 1839000580037 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнадгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Ж.Н. 

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сум 6-р баг, Будаг 5-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Жанчив овогт Ц.Б.

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сум, 4-р баг “Хар толгой” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гонжив овогт П.Т.

Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Батноров сум, 4-р баг “Нарангийн хар толгой” гэх газар оршин суух хаягтай, урьд 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ял оногдуулсныг  2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Тайж овогт А.Э., 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

П.Т. нь А.Э.тай хамтран 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р багийн нутаг “Нарангийн ар” гэх газраас иргэн Б.Баянбатын 1 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан, 

Ц.Б. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р баг “Баян-Уул” гэх газраас иргэн Б.Баянбатын 1 тооны адууг хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан, 

П.Т. 2017 оны 11 сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутаг “Талын хөндлөн” гэх газраас иргэн Л.Ваанжилсүрэнгийн  2 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Н. нь 2017 оны 11 сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2-р баг “Салхитын ах” гэх газраас иргэн Н.Алтанхуягийн 1 тооны гүүг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан, 

П.Т., Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Холбоо” гэх газраас иргэн Б.Баянмөнхийн 1 тооны адуу, Г.Ганбаярын 1 тооны адууг хулгайлж нийт 2000000 төгрөгийн хохирол учруулсан, 

Ц.Б., Ж.Н. нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р баг “Хар толгой” гэх газраас  иргэн Т.Цогнэмэхийн 1 тооны үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулсан, 

Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Салхитын ар” гэх газраас иргэн Н.Алтанхуягийн шарга зүсмийн гүү, халиун зүсмийн даагыг хулгайлж 1400000 төгрөгийн хохирол учруулсан, 

Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 08 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Бага сүүл” гэх газраас улаан эрээн зүсмийн нэг тооны эр бяруу хулгайлж иргэн Т.Цоггэрэлд 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баянбатын  мэдүүлэг, хохирогч Н.Алтанхуягийн мэдүүлэг, хохирогч Л.Ваанжилсүрэнгийн мэдүүлэг, хохирогч Б.Баянмөнх, Г.Ганбаяр нарын мэдүүлэг, хохирогч Т.Цогнэмэхийн мэдүүлэг, хохирогч Т.Цоггэрэлийн мэдүүлэг, гэрч Ш.Хүрэлбаатар, Ж.Тунгалаг, Ж.Нямбаяр, Ц.Одмандах, Ш.Батсүх, Х.Цэрэндэжид, Д.Галбямба, Ж.Батбаатар, П.Ариунбаатар, Д.Батмөнх нарын мэдүүлгүүд, хохирогч нарын алдагдсан малын үнэлгээ, шүүгдэгч Ж.Н., А.Э., П.Т., Ц.Б. нарын яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

1. Шүүгдэгч П.Т. нь А.Э.тай хамтран 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р багийн нутаг “Нарангийн ар” гэх газраас иргэн Б.Баянбатын 1 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Б.Баянбатын “...2017 оны 09 сард Батноров сумын төвд нүүж ирсэн. 2017 оны 11 сард миний сартай ухаа зүсмийн үрээ, хүрэн шүдлэн үрээ, саарал шүдлэн үрээнүүд адуунаасаа салаад Батноров сумын 4-р баг Баян-Уул гэх газар байсан. Би алдагдсан 2 тооны адуугаар 4 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх 58 тал/

Гэрч А.Э.ын “....П.Т. ах манай адуунд нэг буруу гарын шарга зүсмийн үрээ байгаа түүнийг нядалж мөнгө болгох хэрэгтэй байна, ахын дүү сумын төврүү  зараад ахдаа мөнгө болгоод өгчих гэж  хэлэхээр нь би  дараа нь баригдаж янз бүрийн юм болвол яах юм бэ гэж хэлэхэд П.Т. ах, би арыг нь өөрөө даана, чамайг чирэхгүй гэж хэлсэн учир бид хоёр тэдний гэрээс би өөрийн унаж явсан халтар зүсмийн, зүүн гуяндаа давхар онгин тамгатай азаргаа унаж, П.Т. ах дэлтэй халиун зүсмийн соёолон насны үрээгээ унаж, хээр зүсмийн морь хөтөлж яваад гэрээс нь зүүн урд зүгт 1 километр гаруй орчим зайд “Замилак” нүхний хажуу талд хужир дээр байсан П.Т. ахын өөрийнх нь шарга зүсмийн азаргатай адуун дээр очиж П.Т. ах адуунаасаа уургийн сартай хонгор морио барьж унаад уг адуунд нь нийлсэн байсан зүүн гуяндаа дээшээ харсан давхар саран тамгатай, баруун талын чих араасаа ганзага имтэй, шарга зүсмийн шүдлэн насны үрээг уургалаж би суран ногтоор оосорлож аваад П.Т. ахын хөтөлж явсан хээр зүсмийн мориныхоо хүзүүнд холбож хөтлөөд бид хоёр эргэж П.Т. ахын гэрлүү явж очиход харанхуй болж байсан учир бид хоёр тэр үрээг гэрийнх нь гадна талд нядалж байх явцдаа Ц.Б. гэдэг ахыг П.Т. ах хүрээд ир гэж дуудсан.... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 122 тал/

Гэрч Ц.Б.гийн  “....П.Т. адууны мах  Батноров сумын төв хүргээд өгчих  гэж гуйсан тэгээд би П.Т.ын гэрт очсон. П.Т.ын гэрт А.Э. байсан. Намайг очиход адуу нядалчихсан   махыг 4 хэсэг болгосон байсан би адууны махыг ачаад П.Т. А.Э. нарын хамт Батноров сум  төв явсан. Замаараа Батноров сумын зүүн урд талд байх хогын цэг дээр зогсож шуудайтай адууны арьс толгойг  хаясан. Батноров сумын төвд Хүрэлээ гэх хүний  байшинд хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115 тал/

 Гэрч Ш.Хүрэлбаатарын   “.....2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гэртэй байж байхад 16 цагийн орчим манайд А.Э. орж ирсэн. А.Э. танай байшинд мах хийж хонуулаад маргааш өглөө авах гэсэн юм. Манай дүүгийнд мах хийх газар байдаггүй гэж хэлсэн.  А.Э.ын төрсөн дүү нь манай зүүн талын хашаанд байдаг  гэрт амьдардаг юм. А.Э.ын дүүгийн хашаанд  мах хийчихээр амбаар сав байхгүй гэдгийг би өөрөө мэдэж байсан болохоор би зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /1хх –ийн 127 тал/

Гэрч Ж.Тунгалагийн “.... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртэй  байж байхад   манай гэрт А.Э. гэх залуу махаа авъя  гэж орж ирсэн.  Би тэгэхээр нь юун мах билээ гэсэн чинь өчигдөр танай байшинд мах хийсэн юм гэж  надад хэлсэн. А.Э. адууны махыг манай байшингаас зөөгөөд  машинд ачсан тэгээд А.Э.ын манай байшинд хийсэн адууны мах арьс толгойгүй  их муухай нядалсан шороо цус болчихсон их яаруу нядалсан бололтой  адууны мах байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 130 тал/ 

Гэрч Ж.Нямбаярын “... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.Э. утсаар адууны мах ирж ав гэж хэлсэн учраас тэр өдөртөө Батноров сумын төвд танихгүй айлын хашаанаас А.Э.аас арьс толгой байхгүй туранхай адууны мах авсан. А.Э.аас адууны махыг 400000 төгрөгөөр худалдаж авсан ....” гэх мэдүүлэг /1хх-ийн 158 тал/ 

П.Т.ын “....2017 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна би Батноров сумын 4 дүгээр багт гэртэй байсан. А.Э. манай гэрт ирсэн. А.Э.   адуу хэрэгтэй байна гэсэн тэгээд А.Э. бид хоёр нар  жаргах үеэр  морьтой Батноров сумын 4 дүгээр баг “Нарангийн ар” гэх газруу явсан. Нарангийн ар гэх газар очиход   манай адууны захд нэг тооны шарга зүсмийн адуу байсан. Энэ адууг би  морьтой уургалж бариж авсан. Шарга адууны махыг А.Э. Батноров сум авч явсан. Хэд хоногийн дараа А.Э. шарга адууны махыг зарсан гэж надад  бэлнээр 200000 төгрөг өгсөн.  Би хохирогч Б.Баянбатд   даага, шүдлэн насны  үрээ, гүү нийт 3 тооны адуу  өгч хохирол барагдуулсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 224 тал/ 

А.Э.ын “...2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр би Батноров сумын 4 дүгээр баг гэртэй байсан. П.Т. ах адуу барилцаад өгөөч гэж  утсаар дуудсан. П.Т. ахтай хамт Холбоогын ар гэх газраас   адуун дотороос шарга зүсмийн хязаалан насны үрээ  П.Т.  уургаар уургалж  барьсан би   суран ногтоор ногтолсон.  Тэгээд хулгайлсан шарга адуугаа Төмөрбаатын  ахын гадаа нядалсан. П.Т. ах  Батноров  сумаас унаа дуудсан . Ц.Б.  гэдэг ах машинтай ирсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 25-нд Батноров сум дүүгийнхээ гэрт очсон.  П.Т. ах шарга адууны махыг зараад  өгчих гэсэн Батноров сумын хойд талд байдаг жоншны уурхайд ажилдаг хүнд адууны махыг 400000 төгрөгөөр  зарсан. Би 200000 төгрөгийг авсан П.Т. ах 200000 төгрөгийг авсан. Би хохирогч Баянбатад 1 тооны адуу өгч хохиролгүй  болгосон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 228 тал/

Малын үнэлгээ /1хх-ийн 186 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

2. Шүүгдэгч Ц.Б. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р баг “Баян-Уул” гэх газраас иргэн Б.Баянбатын 1 тооны адууг хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Баянбатын “...Мөнхийн Амгалан гэх хүнээс манай ах Баянбадрал миний тооны шүдлэн  насны адууг “Баян-Уул”-нд байна гэж асуусан чинь сартай ухаа үрээ, хүрэн шүдлэн хоёр байна саарал шүдлэн үрээ  нь  байхгүй байна гэж хэлсэн байсан.  Би алдагдсан саарал зүсмийн шүдлэн үрээг 2000000 сая төгрөгөөр  үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 тал/

Гэрч П.Т.ын “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шиг санаж байна, хонь малаа хотлуулчихаад гэртээ байж байхад Ц.Б. ах утсаар өвлийн идэш хиймээр байна цуг мал нядлаад өгөөч гэж гуйсан. Би өөрийнхөө зүүн гуяндаа галтай онгин тамгатай халтар хээр зүсмийн морьтойгоо гэгээ тасрахын өмнөхөн очиход Ц.Б. ах гэрийнхээ гадаа зүүн гуяндаа цагаан үстэй чандмань тамгатай саарал зүсмийн шүдлэн насны болов уу гэмээр үрээг унагаачихаад цусалж байсан учир би нөгөө адууг нь хамт нядалж өгсөн. Ц.Б. ахын идшинд хэрэглэсэн саарал үрээнийх нь эвхэж хуйлаад шуудайн хийсэн байсан арьсыг гэрээс нь авч замдаа хогийн цэг дээр хаясан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 120 тал/

Гэрч Ц.Одмандахын”....2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянбатын  шарга зүсмийн шүдлэн үрээ алдагдсан. Би адуундаа өдөр болгон  явдаг. Баянбат 150 гаран тооны адуутай би бүгдийг нь хардаг юм. 2017 оны 12  дүгээр сарын 26-ны өдөр   адуун дээрээ очиход шарга зүсмийн шүдлэн үрээ Нарангийн энгэр гэх газар байсан. Шарга үрээ 4 тооны морьдтой цуг явдаг байсан. 2017 оны 12 дугаар  сарын 28 -ны өдөр адуун дээрээ очиход  шарга зүсмийн шүдлэн үрээ  байхгүй байсан ...”гэх мэдүүлэг /1хх-ийн 149 тал/

Яллагдагч Ц.Б.гийн “....Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр  би адуундаа явж байхад  манай адуу Холбоогын  энгэр гэх газар манай адуу байсан. Би адуугаа туугаад гэрлүүгээ явсан.  Манай адуун дотор Баянбатын саарал зүсмийн   шүдлэн үрээ байсан. Би адуугаа хониныхоо хашаанд хашиж байгаад Баянбатын саарал зүсмийн үрээг бариж авсан. Би Баянбатад 2 тооны адуу өгч хохирлыг барагдуулсан...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 233 тал/

Малын үнэлгээ /1хх-ийн 187 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

3. Шүүгдэгч П.Т. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутаг “Талын хөндлөн” гэх газраас иргэн Л.Ваанжилсүрэнгийн  2 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Л.Ваанжилсүрэнгийн “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр12 тооны адуугаа  хайж Баян-Овоо сумын нутгаар  морьтой явсан. Баян-Овоо сумаас хойд зүгт  Цагаан-Өндөр гэх газар миний алдсан 12 тооны адууны 8 тооны адуу айлын адууны захад байсан. Би 8 тооны адуугаа тууж гэртэй ирж адуундаа нийлүүлсэн. Үлдсэн 4 тооны адуугаа олоогүй. Хээр алаг  хязаалан морь сартай зээрд т морины холбоотой явсан...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 77 тал/

Гэрч Ц.Б.гийн “.... 2017 оны 11 дүгээр  сард шиг санаж байна би гэртэй байж байхад  орой 22 цагийн орчим байх П.Т. манай гэрт 2 адуу хөтөлж ирсэн. П.Т. 2 адуу авчирлаа та хүрэн зүсмийн адууг нь ав гэж хэлсэн.П.Т. хүрэн зүсмийн адуу, хээр алаг зүсмийн адуу авч ирсэн байсан. Маргааш өглөө нь нар гарахын үед манай гадаа хоёр  адуугаа нядалсан. Би хээр алаг адууны махыг  өөрийнхөө эзэмшлийн 59-02 ХЭҮ улсын дугаартай машинаар П.Т.ын гэрт хүргэж өгсөн. Би хүрэн зүсмийн адууны махыг  Батсүх гэдэг хүнд 350000 төгрөгөөр зарсан. Арьс толгойг нь П.Т. надтай цуг Батноров сум явахдаа хогын цэг  дээр хаясан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 103 тал/

Гэрч Ш.Батсүхийн “..... Ц.Б.  манайд   бүтэн адууны мах авчирж өгсөн. Би 2017 оны 05 дугаар сард Ц.Б.тэй хамт Батноров сумын 2 дугаар багт Батмөнх гэдэг хүний хонийг төллүүлж байсан. Тэр үед Ц.Б. та надаас нэг идэшний адуу  өвөл авна биз гэж байсан юм. Би Ц.Б.гээс 350000 төгрөгөөр нэг тооны адуу авахаар болсон. Би Ц.Б.д 350000 төгрөгийг 3 хувааж бэлнээр өгсөн. Хүрэн зүсмийн адуу байсан. Ц.Б. надад адууны махыг 4 хэсэг болгоод өгсөн би жижиглэж эвдэж өвлийн хүнсэнд хэрэглэсэн. Адууны арьс,  толгойг Ц.Б. надад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 136 тал/

Гэрч Х.Цэрэндэжидийн “....Манай нөхөр Ц.Б. нь Батсүх гэдэг хүнд идэшний  адуу зарсан. 350000 гаран  мянган төгрөгөөр зарсан. Би зарсан адууны зүс им тамгыг нь хараагүй. Ц.Б. гэрийн гадаа адуу нядлаад Батноров сумын төвд Батсүх гэдэг хүнд зарсан. Би Батноров сумын төв нөхөр Ц.Б.тэй хамт явж адууны махыг Батсүх гэдэг хүнд өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138 тал/

Яллагдагч П.Т.ын “....Би 2017 оны 11 дүгээр сард  өдрийг санахгүй байна. Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт гэртэй байсан.  Орой  гадаа харанхуй  болсон байсан  адуундаа явж байхад  Баян-Овоо сумын сумын нутаг талын хөндлөн гэх газар холбоотой хүрэн зүсмийн морь, хээр алаг зүсмийн морь байсан. Би энэ хоёр морины холбоосыг салгаж хөтлөөд Батноров сумын  4 дүгээр багт байх Ц.Б.  ахын гэрт очсон. Ц.Б. ахын  гэрийн гадаа уяаж хонуулаад маргааш өглөө нь Ц.Б.тэй хамт нядалсан. Би хээр алаг зүсмийн адууны махын өвлийн хүнсэндээ хэрэглэсэн. Хүрэн морины махыг Ц.Б.д өгсөн. Би Ц.Б.гээс ямар нэг зүйл аваагүй. Хулгайлж авчирсан хоёр адууны арьс толгойг  хогийн цэг дээр нүхэнд хаясан. Би хохирогч  Л.Ваанжилсүрэнд  700000 төгрөг  бэлнээр  өгч хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 238 тал/ 

Малын үнэлгээ /1хх-ийн 190 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

4. Шүүгдэгч Ж.Н. нь 2017 оны 11 сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2-р баг “Салхитын ах” гэх газраас иргэн Н.Алтанхуягийн 1 тооны гүүг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Н.Алтанхуягийн “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны  өдөр манай адуу  баруун салхит гэх газар  уруудаад ирсэн байсан. Ухаа  халзан азаргатай адуун дотроос сартай хамар цагаан зүсмийн  сувиа гүү алга  байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 64 тал/ 

Гэрч Ж.Н.ийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна орой нар жаргаж байх үед манай гэрийн хойд талд байдаг “Баруун салхит” уулын зүүн хойд талд малдаа явж байхад уг газарт бэлчээрт байсан Н.Алтанхуяг гэдэг хүний хонгор халзан зүсмийн азаргатай адуунаас өтгөндүү урт дэлтэй, Монгол бичгийн БИ үсгэн тамгатай, духандаа сартай, хамар цагаан зээрд зүсмийн бүдүүн гүүг өөрийнхөө унаж явсан тамгагүй, халиун зүсмийн морьтойгоо 19 цагийн орчимд уургалаж хулгайлж аваад хөтлөөд гэртээ ирж гэрийнхээ гадаа баруун хойд талдаа энэ гүүгээ ганцаараа нядалсан, ...Батноров сумын төв дээр байсан эхнэтээ өгч Хэнтий аймгийн Хэрлэн сумруу Галбямба гэдэг хүний машинаар явуулж Хэрлэн сумын 1 дүгээр багт Хийдийн сууринд байдаг махны ченж Баатарзоригын эхнэр Ганчимэг гэдэг хүүхэнд өгүүлсэн. ...толгойг нь гэртээ хадгалаж байгаад сүүлд хулгайлсан шарга гүү, халиун даага хоёрын арьс, толгой, шийртэй нь хамт хаяуулах гэж явуулахдаа хамт өгч явуулсан... гэх мэдүүлэг ...” /1хх-ийн 97,98 тал/    

Гэрч П.Т.ын “...Ц.Б. ахын утас нь дуугарч тэр өөрөө утсаа авч ярьсныхаа дараа намайг сумын төв явъя гэж хэлсэн. Мөн эхнэрийгээ сум явах уу гэж асуухад Цэрэн эгч явъя гэж хэлээд Ц.Б. ах, Цэрэн эгч, бид гурав түүний амжиргаа цагаан гэх бага оворын ачааны авто машинд нь сууж Батноров сумын төврүү явсан. Сумын төв дээр орой 20 цагийн орчимд ирээд Ц.Б. ах та хоёр буугаад үлдчих, би гялс айлруу оччихоод ирье гэж хэлэж Цэрэн эгч бид хоёрыг Батноров сумын төвд хүргэн Улаанаагынхаа гэрт нь буулгачихаад өөрөө машинтайгаа яваад шөнө 00 цагийн орчимд эргэж ирж бид хоёрыг аваад хөдөө гэрлүүгээ эргэж буцаж явсан. Хөдөөх гэрлүүгээ явж байх замдаа сумын төвийн зүүн урд талын хогийн цэг дээр очиж хашааруу нь орж машинаа зогсоогоод миний дүү машины тэвшин дээр байгаа адууны арьс, толгойнуудыг буулгачих гэж надад хэлэхээр нь би машинаас нь бууж дэвшин дээр нь гарахад унжмал дэлтэй улаан шарга зүсмийн адууны арьс, толгой, унжмал дэлтэй халиун зүсмийн адууны арьс, толгой, унжмал дэлтэй хамар цагаан сартай зээрд зүсмийн адууны толгой зэргийг хогийн цэгийн хашаан дотор зүүн хойд талд нь байдаг нүхэнд баруун урд талаас нь шидэж хийсэн юм. Мөн адууны 12 ширхэг шийрийг хаясан. Энэ үед эдгээр адуунуудын арьс, толгой, шийрнүүд нь хөлдөөгүй нойтон байсан.....” гэх  мэдүүлэг /1хх-ийн 117 тал/

Гэрч Д.Галбямбын “... Мөнгөнцэцэг гэх хүн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Батноров сумаас Хэнтий аймаг явсан. Н. бол яваагүй 2017 оны 11 дүгээр сарын 18-ны би  Батноров сумын төвд хашаандаа байж байхад Н. цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай манай гэрийн гадаа ирээд нэг адууны мах   Хэнтий аймаг явуулна гэсэн  тэгээд би машиндаа ачсан. Н. эхнэрээ надтай хамт Хэнтий аймаг явуулсан. Н.ийн эхнэр махаа  Өгөөмөр бойнд зарж борлуулсан.... гэх  мэдүүлэг. /1хх-ийн 144 тал/

Яллагдагч Ж.Н.ийн “...2017 оны  11  дүгээр сарын  дунд үеэр шиг санаж байна. Би малдаа явж байхад Батноров сумын 2 дугаар баг Баруун салхитын ар гэх газар явж байхад Алтанхуягын  адуу байсан. Тухайн үед нар шингэж байсан. Би Алтанхуягын адуун дотроос хамар цагаан хүрэн зүсмийн нэг тооны гүүг    морьтой уургалж    бариж авч хулгайлсан. Би өөрийнхөө халиун зүсмийн морьтой  ганцаараа  явсан.  Адуу хулгайлсан оройноо гэрийнхээ гадаа нядлаад маргааш өдөр  Галбямба  гэдэг хүний машинд ачаад Хэнтий аймаг зарахаар явуулсан. Манай эхнэр Мөнгөнцэцэг тухайн үед  Батноров сумын төвд байсан. Манай эхнэр Галбямба  гэдэг хүнтэй хамт  Хэнтий аймаг явсан.    Хамар цагаан хүрэн гүүний махыг зараад 500000 гаран  төгрөг болсон. Мөнгөөр малын тэжээл худалдаж авсан.  Хамар цагаан хүрэн зүсмийн гүү Монгол бичгийн Би  үсгэн тамгатай  байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 220 тал/

Малын үнэлгээ /1хх-ийн 176 тал/ зэрэг нотлох баримтуудаар; 

 

5.Яллагдагч П.Т., Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Холбоо” гэх газраас иргэн Б.Баянмөнхийн 1 тооны адуу, Г.Ганбаярын 1 тооны адууг хулгайлж нийт 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Б.Баянмөнхийн “...2017 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь яг тодорхой санахгүй байна хамар цагаан ухаа зүсмийн азаргатай адуунаас ногоон зүсмийн гүү алдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74 тал/

Хохирогч Г.Ганбаярын “... Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд 1 тооны хүрэн зүсмийн сувиа гүү адуунаасаа алдсан.  Би алдсан хүрэн зүсмийн гүүгээ 1000000  төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 71 тал/

Гэрчээр Ж.Н.ийн “....Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банканд малчны зээлэнд 1,500,000 төгрөгийг төлөх ажилтай байсан учир 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээсээ Ц.Б. ахруу утсаар залгаж дүүд нь банкны зээл төлөх ажил гарсан тул ганц сувиа гүүний хэрэг байна, сувиа гүү байвал та надад өгөхгүй юу гэж хэлэхэд Ц.Б. ах өөртөө сувиа гүү байхгүй дээ, гэхдээ маргааш оройхон хүрээд ирэхгүй юу даа, болон биз дээ гэж хэлсэн тул би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн орчимд өөрийнхөө эзэмшилд байдаг 68-67 ХЭА улсын дугаартай, хөх өнгийн, Портер маркийн машинтайгаа ганцаараа Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Баруун салхит” гэх газарт нутаглах гэрээсээ ганцаараа явж Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан өндөр” гэх газарт өвөлжиж байсан Ц.Б. ахын гэрт нь очих гэж явж байх замдаа түүнрүү утасдаж та хаана байна, би очиж явна шүү гэж асуухад Ц.Б. ах би гэрийнхээ урдхан талд 200 метр орчим зайд байна гэж хэлсэн учир би тэр газарт нь очиход Ц.Б. ах мориныхоо аргамжаан дээр өөрийнхөө унаж байсан борлог зүсмийн эмээлтэй мориныхоо хүзүүнд огтордуу сүүлтэй, зүүн гуяндаа 5 тоо тамгатай, ахраас арай уртдуу дэлтэй хар ногоон зүсмийн гүүг холбож энэ гүүнийхээ хүзүүнээс унжмал дэлтэй гуяндаа чойнжин тамгатай хүрэн зүсмийн гүүг холбосон зогсож байсныг бид хоёр хамжиж миний машин дээр амьдаар нь ачсан юм. ...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө үүрээр 05 цагийн орчимд босож гэрийнхээ гадаа хоёр гүүг ганцаараа нядлаад гэдсийг нь өөрөө шувтарч арилгаад 10 цагийн орчимд дуусаад гэдэс толгойг нь гэртээ үлдээгээд, махыг нь машиндаа ачиж сумын төврүү явж нядалсан хоёр гүүнийхээ арьсны зургийг нь гэрэл зурагчин Гунгаагаар авахуулж угаалгаад багийн Засаг дарга нараас мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг авах гэсэн боловч бүх дарга нар сумын төвөөс урд зүгт “Тасархайн үзүүр” гэх газарт болж байсан “Талын түмэн адууны баяр”-т  оролцох гээд явчихсан байсан учир тэр газарт нь очиж 6 дугаар багийн Засаг дарга өөрийн төрсөн дүү Ж.Батбаатараас мал, махны гэрчилгээг бичүүлж авсан. ...Ц.Б. ах надад 2 тооны сувиа гүүг зүгээр май гээд өгөх хүн биш л дээ. Би энэ хоёр гүүг авах гэж очихдоо хулгайн гүү байна гэдгийг шууд л мэдсэн. Өөрөө ч надад хар ногоон зүсмийн гүү нь Б.Баянмөнх гэдэг хүнийх, хүрэн зүсмийн гүү нь Г.Ганбаярын чиглэлийн адуу байж магадгүй... гэсэн  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87, 88 тал/ 

Гэрч Ц.Б.гийн “.... 2017 оны 11 дүгээр сард  өдрийг нь санахгүй байна. Намайг гэртэй байж  байхад  Н. хоёр адууны хэрэг байна гэж хэлсэн би бэлэн болгоод ярья гэж хэлсэн. Би тэгээд П.Т.ын гэрт очиж хоёр адууны хэрэг байна гэж хэлсэн П.Т. за гэж хэлсэн, ... П.Т. манай гэрт 21 цагийн  орчим ирсэн байх гадаа харанхуй  байсан. П.Т. бид хоёр манай гэрээс зүүн урд зүгт холбоо гэх газар явсан, ...Холбоогийн ард байсан алаг азаргатай адуун дотороос хүрэн зүсмийн гүү бариж чөдөрлөсөн. Хонгор азаргатай адуун дотороос огтор сүүлтэй ногоон зүсмийн гүү бариж авч хазаарлаад хүрэн гүүний үзүүнд холбож хөтлөөд манай гэрт ирсэн. ...тэгээд би  Н.ид хоёр адуу бэлэн боллоо хүрээд ир гэж   утсаар  дуудсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 111 тал/,

Гэрч Ж.Батбаатарын  “....2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр манай ах Н.  2 тооны адуу нядлаж надаас малын гарал үүслийн гэрчилгээ авсан.  Энэ өдөр Батноров суманд талын түмэн адууны баяр болж байсан. Тухайн үед  ажил ихтэй байсан хүрэн, хар зүсмийн хоёр адууны арьс шир байсан. Н. 2 адууны арьс толгойны зургийг авахуулсан байсан. Би  хоёр адууны  арьс толгойны зургийг харж байгаад гарал үүслийн гэрчилгээ олгосон. Би хоёр адууны им тамга, хайчин тэмдгийг  яг тулгаж хараагүй малчин хүний хэлснээр нь  гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн. Малчид малын зүсийг  өөр  хэлдэг тул малын зүсийг  Н.ийн өөрийнх нь хэлсэн зүсээр бичсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 160 тал/

Яллагдагч П.Т.ын “....2017 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна  би Батноров сумын 4 дүгээр багт гэртэй байсан. Ц.Б. ах манайд ирсэн. Ц.Б. ах манай баруун доор айлын адуу байна  ахдаа  хоёр адуу бариад өгөөч гэсэн. Би  тэгэхээр нь зөвшөөрсөн...,. Холбоогын ард байсан хоёр азрага адуун дотроос би уургаар  хүрэн зүсмийн гүүг, ногоон зүсмийн гүүг бариж авсан. Ц.Б. ах ногтолж авсан.  Ц.Б. ах  хоёр адуугаа бариад гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 35 тал/

Яллагдагч Ц.Б. “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Н.  надруу гар утсаар яриад банкны зээл төлөх гэсэн   унагатай гүүгээр солих сувиа адуу байна уу гэж хэлсэн. Би тэгэхээр нь хариу хэлье гэж хэлсэн. Хэд хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би П.Т.  адууны  хэрэгтэй байна орой адуу   бариад өгчих гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 03- ны орой П.Т. манай гэрт ирсэн. ... П.Т. бид хоёр морь унаад гэрээсээ зүүн урд зүгт Баян-Овоо сумын нутаг  “холбоо” гэх газраас  хоёр азрагатай адуун дотороос ногоон зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү хулгайлж бариж авсан. Би гэрийнхээ урд талд хулгайлж авчирсан гүүгээ аргамжсан. Тэгээд Н.ийг ирж  адуугаа ирж ав гэж хэлсэн. Н. удалгүй машинтай  ирж хоёр гүүг ачаад явсан. Н.ийг ирэхэд П.Т. гэрлүүгээ явчихсан байсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 248 тал/ 

Ялллагдагч Ж.Н.ийн “....2017 оны 11 дүгээр сард Ц.Б. ахтай утсаар  солих адуу байна уу гэж асуусан.  Ц.Б.   хариу хэлнэ гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Ц.Б. надруу залгаад адуу  байна чи ирж ав гэж надад хэлсэн....  Ц.Б.гийн гэрийн ойролцоо явж байтал Ц.Б. надруу дахиж залгаад манай гэрээр  оролгүй гэрийн урд талд аргамжаатай морин дээр хүрээд ир гэж хэлсэн. Би Ц.Б.гийн хэлсэн аргамжаатай морин дээр очиход Ц.Б. байсан. Унаж байсан мориныхон хүзүүнд хоёр адуу холбоотой байсан. Би хоёр тооны адууг  машиндаа ачсан.  Хар ногоон зүстэй гүү, хүрэн гүү байсан. ...Би бусдын малыг хулгайлж  хохирол учруулсандаа гэмшиж байна. Баянмөнхөд  даагатай гүү  өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 2 тал/

Малын үнэлгээ /1хх-ийн 183,193 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

6. Шүүгдэгч Ц.Б., Ж.Н. нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4-р баг “Хар толгой” гэх газраас  иргэн Т.Цогнэмэхийн 1 тооны үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулсныг нотлож байгаа байдал Хохирогч Т.Цоннэмэхийн “... Би 2018 оны 01дүгээр   сарын 11-ний өдөр  би үхрээ очиж бүртгэхэд  улаан халзан зүсмийн  шүдлэн эр үхэр  байхгүй байсан. Манай хаваржааны орчим машины мөр байсан би мөрөөр нь явж байгаад саравчин дээр очиход манай саравчны хаалгыг онгойлгож үхэр хашсан мөр байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84 тал/,

Гэрч П.Ариунбаатарын “... Цогнэмэхийн 1 тооны үхэр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр алдагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр  Цогнэмэхийн улаан халзан зүсмийн шүдлэн үхэр саравчныхаа  хажууд байсан..” гэх мэдүүлэг /1хх-ийн 142 тал/,

Гэрч Ц.Б.гийн “... 2018 оны 01 дүгээр сарын 10-нд гэртэй байж байхад орой Н.  манай гэрийн утасруу залгасан. Н. 1 тооны үхрийн хэрэг байна олж өг гэж хэлсэн би тэгэхээр  Н.ид Батноров сум 4 дүгээр баг  Хар толгой гэх газар  эзэнгүй үхэр байгаа гэж хэлсэн. .... Н. 23 цагийн орчим  манайд ирсэн.... Би Н.ийн машинд суугаад манайхаас зүүн хойд зүгт 7 км орчим  газарт байх Цогнэмэхийн  саравчин дээр очсон.Цогнэмэхийн саравчны  хойд талд олон тооны үхэр  байсан тэр үхрэн дотроос улаан халзан зүсмийн босоо эвэртэй эр шүдлэн үхэр саравчин дотор  хашиж байгаад мяндасаар бугуйлдаж бариж аваад Н.ийн машин дээр ачсан.... гэх мэдүүлэг /1хх-ийн 107 тал/,

Гэрчээр Ж.Н.ийн “....2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б. ахтай сонин сайхан юу байна гэж утсаар ярихад Ц.Б. ах оройхон хүрээд ир ээ, хоёулаа нэг үхэр хувааж идье, чамд өгөөд явуулъя гэж хэлсэн учир би орой 21 цагийн орчимд тэдний гэрт өөрийнхөө Портер маркийн машинтайгаа ганцаараа очиход Ц.Б. ах гэрээсээ гараад намайг амдаж ирээд миний машинд сууж хоёулаа хөдлөе гэж хэлэхээр нь би, үхэр чинь хаана байгаа юм гэж асуухад энүүхэн зүүнтэй ойрхон байгаа гэж хэлээд бид хоёр машинтайгаа тэдний гэрээс зүүн зүгрүү явахад гэрээс нь 7-8 километрийн орчим зайд эзэнгүй малын саравчин дээрээ хэвтэж байсан Цогнэмэхийн үхрийг хашихад хашаанд орж өгөхгүй байж байгаад цөөхөн тооны үхэр хашаанд орохоор нь тэр үхэр дотроос дээшээ шоргор эвэртэй, баруун талын чих цуулбар имтэй улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхрийг бид хоёр барьж аваад  баруун талдаа хаалгатай малын хашааны хаалгаруу ухарч зогсож байгаад нөгөө үхрээ машиндаа ачиж Ц.Б. ахыг гэрийнх нь гадаа хонины хашааных нь захад буулгачихаад  би гэртээ шөнө ирж унтчихаад маргааш өдөр нь нөгөө үхрээ гэрийнхээ гадаа нядалж идшэнд хэрэглэсэн.... гэх мэдүүлэг /1хх-ийн 100 тал/,

Яллагдагч Ц.Б.гийн “....2018   оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би Н. руу утсаар залгаад  хоёулаа нэг үхэр хулгайлж хүнсэндээ хувааж хэрэглье гэж хэлсэн.  Н. зөвшөөрсөн. Н. өөрийнхөө хөх өнгийн портер маркийн машинтай   2018 оны 01 дүгээр  сарын 10-ны орой манайд ирсэн гадаа харанхуй болсон байсан. Би Н.ийн машинд суугаад манай гэрээс зүүн хойд зүгт хар толгой гэх газраас Цогнэмэхийн нэг тооны үхрийг  Цогнэмэхийн саравчинд хашиж байгаад бариж авсан. Н. бид хоёр хулгайлсан үхрээ машинд ачиж өгөөд би гэртэй бууж үлдсэн. Н.  гэрлүүгээ явсан. Би Н.оос  үхрийн тал махныхаа оронд 300000 төгрөг авсан...  гэх мэдүүлэг /2хх-ийн 11  тал/,

Яллагдагч Ж.Н.ийн “...2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр  Ц.Б. надруу гар утсаар  залгаад нэг тооны үхэр хувааж хүнсэнд хэрэглье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой Ц.Б.гийн гэрт очсон. Ц.Б.гийн гэрийн гадаа очиход гадаа харанхуй  болчихсон байсан.  Ц.Б.гийн гэр Батноров сумын 4 дүгээр баг Хар толгой гэх газар байсан. Ц.Б.гийн гэрээс зүүн зүгт ойрхон 40-50 тооны үхэр байсан энэ үхэр дотороос  улаан халзан зүсмийн эр шүдлэн насны үхэр Цогнэмэхийн саравчинд хашиж   хулгайлж бариж авсан.  Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэг тооны улаан халзан зүсмийн  шүдлэн үхрийг ганцаараа  нядалсан. Махыг хоёр хувааж тавьсан. Ц.Б. үхрийн тал махаа сүүлд нь авна гэж байсан. Дараа нь Ц.Б. нь  мөнгө хэрэгтэй байна  чи махаа ав надад 300000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би бэлнээр Ц.Б.д 300000 төгрөг өгсөн. Хохиролыг 800000  төгрөгөнд бодож   Цогнэмэхд мал  өгсөн.... гэх мэдүүлэг /2хх-ийн 15 тал/,

Малын үнэлгээ /1хх-ийн 180 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

7. Шүүгдэгч Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Салхитын ар” гэх газраас иргэн Н.Алтанхуягийн шарга зүсмийн гүү, халиун зүсмийн даагыг хулгайлж 1400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Н.Алтанхуягийн “....2017 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр  манай адуу зүүн салхит гэх газар уруудаад ирсэн байсан. Хээр зүсмийн байлуу халзан азаргатай адуун дотроос шарга гүү, халиун даага хоёр  алга байсан. Шарга гүү, халиун  даага хоёр эх үр хоёр байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 20- ны өдөр манай адуу Магнай гэх газар  байсан шарга гүү, халиун даага хоёр адуундаа байсан. Шарга гүү халиун  даага хоёрыг хайгаад олоогүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 61 тал/,

Гэрч П.Т.ын “....Ц.Б. ахын утас нь дуугарч тэр өөрөө утсаа авч ярьсныхаа дараа намайг сумын төв явъя гэж хэлсэн. Мөн эхнэрийгээ сум явах уу гэж асуухад Цэрэн эгч явъя гэж хэлээд Ц.Б. ах, Цэрэн эгч, бид гурав түүний амжиргаа цагаан гэх бага оворын ачааны авто машинд нь сууж Батноров сумын төврүү явсан. Сумын төв дээр орой 20 цагийн орчимд ирээд Ц.Б. ах та хоёр буугаад үлдчих, би гялс айлруу оччихоод ирье гэж хэлэж Цэрэн эгч бид хоёрыг Батноров сумын төвд хүргэн Улаанаагынхаа гэрт нь буулгачихаад өөрөө машинтайгаа яваад шөнө 00 цагийн орчимд эргэж ирж бид хоёрыг аваад хөдөө гэрлүүгээ эргэж буцаж явсан. Хөдөөх гэрлүүгээ явж байх замдаа сумын төвийн зүүн урд талын хогийн цэг дээр очиж хашааруу нь орж машинаа зогсоогоод миний дүү машины тэвшин дээр байгаа адууны арьс, толгойнуудыг буулгачих гэж надад хэлэхээр нь би машинаас нь бууж дэвшин дээр нь гарахад унжмал дэлтэй улаан шарга зүсмийн адууны арьс, толгой, унжмал дэлтэй халиун зүсмийн адууны арьс, толгой, унжмал дэлтэй хамар цагаан сартай зээрд зүсмийн адууны толгой зэргийг хогийн цэгийн хашаан дотор зүүн хойд талд нь байдаг нүхэнд баруун урд талаас нь шидэж хийсэн юм. Мөн адууны 12 ширхэг шийрийг хаясан. Энэ үед эдгээр адуунуудын арьс, толгой, шийрнүүд нь хөлдөөгүй нойтон байсан.....” гэх  мэдүүлэг /1хх-ийн 117 тал/

Гэрч Ж.Н.ийн “.... Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад Ц.Б. ах надруу утасдаад, чи надад идшэнд хэрэглэчихээр даага, юм уу аль эсвэл байдас бүтээж өг, даага өгвөл хусран даага байвал сайн шүү гэж хэлсэн юм. Би Ц.Б. ахыг ингэж хэлсний дараа буюу тэр өдөртөө 16 цагийн орчимд малдаа өөрийнхөө саарал алаг зүсмийн, тамгагүй, шүдлэн насны үрээг унаж явахад манай гэрийн хойд талын “Баруун салхит” уулын ард бэлчээрт байсан манай шарга зүсмийн азаргатай адуунд баруун талын чих цуулбар имтэй, зүүн гуяндаа хүрээтэй чойнжин тамгатай, зүүн талын ташаандаа дармал У үсгэн хайчтай, улаан шарга зүсмийн гүү, зүүн талын ташаандаа дармал У үсгэн хайчтай, Монгол бичгийн БИ үсгэн тамгатай, халиун зүсмийн эр даага гэсэн хоёр тооны адуу нийлчихсэн манай шарга зүсмийн азарга хураагаад  байж байхыг би хараад халиун зүсмийн даагыг нь Ц.Б. ахад өгье гэж бодоод тэр даагатай гүүг адуутайгаа хамт гэрийнхээ гадаа хөөж ирээд адуугаа хашиж нөгөө халиун зүсмийн эр даагыг нь барьж аваад адуугаа хашаанаас гаргаж явуулахад дааганы эх шарга гүү янцгаагаад адуунаас салж эргэж хашаанд уяатай байсан дааган дээрээ гүүж ирэхээр нь би хашааныхаа амыг онгойлгоход гүү даагаруугаа ороод очихоор нь бас барьж авч гүүг, даага хоёрыг хашаанд хамт уясан. Тэгээд Ц.Б. ахыг хүрээд ирэхээр  нь  нөгөө адуугаа ав гэж хэлсэн чинь Ц.Б. ах орой 21 цагийн орчимд манай гэрт ганцаараа өөрийнхөө цагаан өнгийн амжиргаа цагаан гэх машинтайгаа ирж бид хоёр миний хулгайлсан хоёр тооны адууг манай гэрийн гадаа нядлаад шарга зүсмийн гүүнийх нь махыг би өөрөө идшэндээ хэрэглэх гэж авч үлдээд, арьс, толгойг нь халиун зүсмийн дааганых нь мах, арьс, толгой, гэдэстэй нь хамт Ц.Б. ахад өгч явуулсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 94  тал/, 

Гэрч Ц.Б.гийн “....Н. миний гар утасруу залгаад  адуу нядлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа Н.ийн гэрт очсон.Н.ийн саравчин дотор шарга гүү, халиун даага хоёр байсан. Н.ийн гадаа хоёланг нь нядалсан. Халиун даагны махыг намайг аваад яв гэж хэлсэн. Шарга гүү халиун даагны арьс толгойг нь  хая гэж хэлсэн. ...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  А.Э. надруу залгаад даагны хэрэг байна гэж хэлсэн. ...Тэгээд халиун даагны махыг А.Э.т өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 113 тал/,

Гэрч А.Э.ын “... Би Ц.Б. гэж хүнд 2017 оны 06 дугаар сарын сүүлээр зээрд зүсмийн охин даага өгсөн юм. Ц.Б.   ах  хэрэгтэй үедээ аваарай гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр Батмөнх гэдэг хүний  дүү гээд танихгүй залуу идэшний  даага авна гэж байсан надад мөнгөний хэрэг  байсан учир Ц.Б. ахаас  зун өгсөн даагаа авахаар  залгасан. ...Ц.Б. ах өвлийн хүнсэндээ хэрэглэх гэж  байгаа бүтэн даагны мах байна  авах уу гэж байсан би зөвшөөрсөн. Би Ц.Б. ахыгы ачаад Батноров сумын төв дээр хүргээд ирээч гэж хэлсэн. ...Би Батмөнх ахын гэрт очоод буулгачих гэж хэлсэн.Би даагны махыг 230000 төгрөгөө зарсан.. гэх мэдүүлэг /1хх-ийн  125 тал/,

Гэрч Д.Батмөнхийн “...2017 оны 12 дугаар сард манай адуучин А.Э. идэшний даага зарна гэж ярьж байсан учир миний хүргэн дүү Т.Тайвансайхан Хэнтий аймгийн төвөөс Батноров суманд манай гэрт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шиг санаж байна ирж надаас бэлэгнийхээ адууг авч идшэнд хэрэглэнэ гэж ирсэн учраас тухайн үед А.Э. манай гэрт байсан тул чи адуу зарах чинь хэвээрээ юу, зарах бол худалдаж авъя гэж хэлэхэд А.Э. даага зарна гэж хэлээд би түүнээс даагыг нь 230,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Тэгээд би тэр өдөртөө хөдөө явж айлаас идэшнийхээ адуу нядалж орой гэртээ ирэхэд А.Э. манай гэрт толгой, арьсгүй, тарга хүчээр дундын 1 тооны дааганы махыг Батноров сумын 4 дүгээр багт байдаг малчин Ц.Б. гэдэг хүний амжиргаа цагаан гэх бага оворын ачааны автомашинд ачиж авчирч буулгаж орхисон байсан.... гэх мэдүүлэг /1хх-ийн 152 тал/  

Яллагдагч Ж.Н.ийн “...2017 оны 12 дугаар сард  Ц.Б. надад  адуу  бүтээж өг гэж хэлсэн.  2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчим адуундаа явж байхад манай адуу салхитын ард байсан.  Манай адуунд Алтанхуягийн шарга зүсмийн гүү, халиун даага хоёр нийлсэн байсан. Би  адуугаа  гэрийнхээ  гадаа авчирж хонины хашаанд хашиж байгаад халиун даагыг бариж аваад хонины хашаан дотор уясан. Адуугаа хашаанаас гаргасан  чинь   шарга гүү хашаан дээгүүр харайгаад хонины хашаанд өөрөө ороод ирсэн. Шарга гүү халиун даага хоёр  эх үр хоёр байсан юм байна лээ. Би тэгэхээр нь шарга гүүг бариад авсан. Тэгээд Ц.Б.г дуудсан Ц.Б.  нэг цаг  гарны дараа өөрийн машинтайгаа ирсэн. Ц.Б. бид хоёр шарга гүү, халиун  даага хоёрыг манай гэрийн гадаа нядалж Ц.Б.д халиун даагны махыг арьс шир толгойтой нь мөн шарга гүүний толгой арьсийг урд хулгайлсан байсан хамар цагаан хүрэн гүүний толгойн хамт хаячихаарай гэж хэлээд өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 20 тал/,

Яллагдагч Ц.Б.гийн “....2017 оны 12 дугаар сарын 22-шөнө Н. намайг гар утсаар дуудсан. Би Хэнтий аймгийн Батноров  сумын төв дээр өөрийн эзэмшлийн машинтай явж байсан. Н.ийн гэр  Батноров сумын 2 дугаар баг Салхит гэх газар байдаг. Н.ийн гэрт очиход 2 адуу хулгайлаад саравчинд хийсэн байсан. Н. намайг адуугаа ав гэж дуудсан юм. Би Н.ид нэг адуу олоод хэлээрээ гэж хэлсэн байсан . Би очоод  2 адууг нядалсан. Шарга зүсмийн гүү, халиун даага хоёр байсан. Тэгээд би халиун даагны арьс махыг аваад Батноров сумаар дамжаад хөдөө гэртэй харьсан. Н. намайг явахад  3  адууны толгойг  өөрөө мэдээд хаячихаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24 тал/,

Малын үнэлгээ /1хх-ийн 177 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

8. Шүүгдэгч Ж.Н., Ц.Б. нар нь хамтран 2017 оны 08 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Бага сүүл” гэх газраас улаан эрээн зүсмийн нэг тооны эр бяруу хулгайлж иргэн Т.Цоггэрэлд 450000 төгрөгний хохирол учруулсан болох нь 

 

Хохирогч Т.Цоггэрэлийн “...Би Батноров сумын 4 дүгээр багийн иргэн П.Ариунбаатар гэх хүнээр өөрийн үхрийг харуулдаг юм. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр өдрийг яг тодорхой санахгүй байна. Манай үхрийг хардаг Ариунбаатар улаан алаг зүсмийн нэг  тооны бяруу олдохгүй байна гэж хэлсэн. Надад хэлэхдээ урд өдөр нь  байсан гэж байсан...“ гэх мэдүүлэг /1хх-ийн 80 тал/,

Гэрч П.Ариунбаатарын “...Цоггэрэлийн  1 тооны үхэр 2017 оны 08 дүгээр сарын 29 –ны шөнө алдагдсан. 2017 оны 08 дугаар сарын 29 -ны өглөө бүртгэхэд Цоггэрэлийн үхэр бүрэн байсан. Тухайн үед манайх Батноров сумын 4 дүгээр баг Хар толгой гэх газар намаржиж байсан. 2017 оны 08 дугаар сарын 29-ны орой үхрээ мэхээрчийн голоос усалж гаргаад орхисон. Үхэр хээр хонодог байсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө үхэр дээрээ очиход Хар толгой гэх газар байсан бүртгэхэд нэг тооны улаан эрээн зүсмийн эр бяруу алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134 тал/,

Гэрч Ц.Б.гийн “...Н. надад нэг тооны үхэр хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирсэн. Би гэрээс зүүн зүгт бага сүүл гэх газар  Н.ийн машинтай очсон. Тухайн үед 23 цаг  болж байсан байх гадаа харанхуй байсан. Тэнд байсан бүх үхрийг  босгож тууж яваад Баянмөнх гэдэг хүний саравчинд 10 гаран тооны үхэр хашиж байгаад дотроос нь нэг тооны бяруу бугуйлдаж Н. барисан. Би хашааны аман дээр зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109 тал/,

Гэрч Ж.Н.ийн “...2017 оны 08 дугаар сард шиг санаж байна Ц.Б. ахтай сумын төв дээр тааралдаад дүүд нь банкны зээл төлөх дөхчихсөн учир мөнгөний хэрэг байна гэж хэлэхэд Ц.Б. ах, ахад нь бэлэн мөнгө юу байхав дээ, харин манайруу очиж ганц бяруу авахгүй юу гэж хэлсэн учир 2-3 хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн 68-67 ХЭА улсын дугаартай, хөх өнгийн, Портер маркийн машинтайгаа 17-18 цагийн орчимд  Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн хадтай” гэх газрын ард нутаглаж байсан Ц.Б. ахын гэрт нь очсон юм. Намайг гэрт нь очиход Ц.Б. ах ганцаараа байсан. Тэгээд намайг очиход нар шингэчихсэн байсан учир Ц.Б. ах үхэр зүүн тийш бэлчиж явсан учир үхрийн бэлчээр дээр очиж нэг бяруу барьж өгье, номхон үхэр байгаа гэж хэлээд миний машинтай бид хоёр явж гэрээс нь зүүн зүгт 2-3 километр зайд бэлчээрт байсан үхэр дээр очиход гэгээ тасарч байсан. Багцаагаар 40-50 орчим тооны үхэр дээр очиж үхрээс зүүн хойд зүгт 700-800 метрийн зайд байсан Батмөнхийн Баянмөнхийн хаваржааны саравчин дээр тууж аваачиж тэр хашаанд хашиж байгаад дотроос нь улаан эрээн зүсмийн, эвэртай, баруун талын чих цуулбар имтай, дундаж биетэй эр бярууг гэрээсээ авч явсан богино уурагаар уураглан барьж өгч бид хоёр хамжиж миний машины тэвшин дээр гаргаж ачсаны дараа нь Цоггэрэлийн үхэр байгаа юм гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /1хх-ийн  91 тал/,

Гэрч Т.Жаргалцэцэгийн “...2017 оны 08 дугаар сард Батноров сумын багийн Засаг дарга нар бүгд ээлжийн амралттай байсан учраас 2017 оны 08 дугаар сарын 30-ны  өглөө 08 цаг өнгөрч байх үед намайг ажил дээрээ байж байхад Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн малчин Ж.Н. нь өөрийн эзэмшилд байдаг цагаан өнгийн, 64-84 ХЭҮ улсын дугаартай, Sugsid маркийн автомашиндаа арьс, толгойтой 1 тооны үхрийн махыг авчирч Хэнтий аймгийн төвд аваачиж зах зээлд борлуулна гэж хэлээд мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авч явсан. Би Ж.Н.ид 1708170 дугаартай гэрчилгээг бичиж олгосон. Гарал үүслийн гэрчилгээ авах гэж ирэхдээ уг үхрийг нядалсныхаа дараа авахуулсан гэрэл зураг нь байсан учраас би гадаа гарч гэрэл зургийг нь нядалсан 1 тооны үхэртэй нь тулгалт хийж нүдээр үзсэнийхээ дараа гарал үүслийн гэрчилгээг бичиж олгосон юм. Энэ үед Ж.Н. нь ганцаараа ирсэн байсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 155 тал/,

Яллагдагч Ц.Б.гийн “...2017  оны 08 дугаар сарын 29-ны өдөр  Н. надруу залгаад банкны зээл дарах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэж утсаар ярьсан. Би Н.ид бэлэн мөнгө байхгүй чи нэг үхэр ирж ав гэж хэлсэн. Н. өөрийн эзэмшлийн машинтайгаа манай гэрт ирсэн би  Н.ийн машинд суугаад манай гэрээс зүүн зүгт хулгай хийх үхэр хайгаад явсан  2-3 км газар явахад Цоггэрэлийн үхэр хээр хэвтэж байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд Цоггэрэлийн үхрийг  хойд зүгт машинтай тууж яваад бага сүүл гэх газар байх Баянмөнх гэдэг айлын саравчинд цөөхөн тооны үхэр хашиж  байгаад  Н.   мяндсан бугуйлаар  улаан эрээн зүсмийн  нэг тооны бяруу бугуйлдаж барьж авсан. Би Н.ийн машин дээр хулгайлсан бярууг ачиж өгсөн. Би Н.ид улаан эрээн зүсмийн бярууг барь гэж хэлээгүй цөөхөн үхэр хашаанд орсон Н. өөрөө мэдээд нэг тооны үхэр барьсан. Би хохирогч Т.Цоггэрэлд 500000 бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 44 тал/,

Яллагдагч Ж.Н.ийн “... 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ц.Б.  намайг хүрээд ир гэж хэлсэн би 18 цагийн орчим Ц.Б.гийн гэрт очсон. Би өөрийн эзэмшлийн 68-67 ХЭА улсын дугаартай автомашинтайгаа  ганцаараа явж байсан. Ц.Б. миний машинд суугаад Ц.Б.гийн гэрээс зүүн зүгт 2-3 км газар   явсан. Ц.Б.  үхэр   ойрхон байгаа гэж хэлсэн. Тухайн үед нар жаргаж харанхуй болж байсан. 40 гаран тооны үхэр байсан   саривчинд   5-6 тооны үхэр Ц.Б. бид хоёр хашиж  сэрвээ цагаан улаан эрээн зүсмийн эр бяруу би бугуйлдаж барьсан. Тэгээд  миний машинд ачсан. Би Ц.Б.г гэрийнх  нь гадаа буулгаж өгөөд гэртэй харьсан. Би нэг тооны бяруугаа 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө нядалж Хэнтий аймагт  зарж борлуулсан. Ц.Б. 2-3 хоногийн дараа Цоггэрэлийн бяруу  шүү гэж хэлсэн. ....Би бусдын малыг хулгайлж  хохирол учруулсандаа гэмшиж байна. хохирогч Т.Цогэрэлд хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 40 тал/,

Малын үнэлгээ /1хх-ийн 173 тал/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна. 

Шүүгдэгч Ж.Н.,  П.Т., Ц.Б., А.Эрдэнэбаатар нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Н.,  П.Т., Ц.Б., А.Эрдэнэбаатар нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Г.Ганбаяр, Т.Цоггэрэл, Б.Баянмөнх, Т.Цогнэмэх, Л.Ваанжилсүрэн, Н.Алтанхуяг, Б.Баянбат нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бэлэн мөнгөөр болон малаар барагдуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 198-211 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр нэмж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, тусгайлан бэлтгэсэн эд зүйл зэргийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хувийн байдал зэрэг байдлыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Н., Жанчив овогт Ц.Б., Гонжив овогт П.Т., Тайж овогт А.Э. нарыг хамтран бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н.д 500 /таван зуу/ цаг, шүүгдэгч Ц.Б.д 500 /таван зуу/ цаг, шүүгдэгч П. П.Т.т 300 /гурван зуу/ цаг, шүүгдэгч А.Э.т 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүүн гуяндаа эрхийтэй онги тамгатай, зүүн ташаан толгой дээр дэгээтэй А үсгэн хайчин тэмдэгтэй хонгор зүсмийн 8 настай морь, им тамгагүй, соёолон насны хар зүсмийн морь, зүүн гуянд галтай онги тамгатай, зүүн ташаан дээр ширээтэй чойжин хайчин тэмдэгтэй сартай хонгор зүсмийн 11 настай морь болон “kmfxks7bpwu217167” арлын дугаартай, 68-67 ХЭА улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар А.Э.аас хураагдсан хөх ширэн гөлөмтэй, улаан даавуугаар бүрсэн эсгий тохомтой улаан хүрэн өнгийн эмээл 1 ширхэг, ногоон өнгийн мяндсан жолоотой суран хазаар 1 ширхэг, П.Т.аас хураагдсан хос дөрөөтэй, хар хөх өнгийн хаймар гөлөмтэй, эсгий тохомтой хул шар өнгийн будагтай эмээл 1 ширхэг, сүлжмэл суран жолоотой давхар суран хазаар 1 ширхэг, Ц.Б.гээс хураагдсан хос хавирган дөрөөтэй ногоон өнгийн ширэм гөлөмтэй эсгий тохомтой шар өнгийн будагтай эмээл 1 ширхэг, суран жолоотой хар өнгийн мяндсан толгой хазаар 1 ширхэг, Ж.Н.оос хураагдсан хос тавган дөрөөтэй ногоон өнгийн эмжээртэй даавуун гөлөмтэй улаан эмжээртэй эсгий тохомтой хул шар өнгийн эмээл 1 ширхэг, шар өнгийн дээсэн жолоотой цагаан өнгийн мяндсан толгойтой хазаар 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичгүүд шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА