Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

Х.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Цогтмагнай /цахим/,

Яллагдагч Х.******* /цахим/,

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Амархүү /цахим/,

Хохирогч О.*******,

Хохирогч Д.*******ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан /цахим/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.*******т холбогдох 2329000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч Х.******* үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.*******ээс зээл авах гэж байгаа хүмүүсийн зээл гарахаар мөнгийг чинь хүүтэй нь буцааж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21 удаагийн гүйлгээгээр нийт 71,350,000 төгрөгийг,

          Иргэн Б.*******ыг “...банкнаас зээл авах гэж байгаа хүний зээлийг хаагаад тэр хүний зээл нь бүтсэний дараа буцаагаад мөнгөө хүүтэй нь хамт өгье...” гэж хуурч 2022 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 50,000,000 төгрөгийг Эрдэнэбаатарын *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар дамжуулан авч,

          2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Б.*******, Б.******* нараас хүүхдээ Солонгос улс явуулах гэж байгаа юм дансанд нь барьцаа мөнгө хийх шаардлага гараад байна. Мөнгөө байршуулчхаад буцаагаад өгнө гэж хуурч Б.*******аас 8 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөг, Б.*******оос 1 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөгийг,

          2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц.*******гээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж хуурч 5 удаагийн гүйлгээгээр нийт 35,000,000 төгрөгийг,

          2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.*******гаас хүүхдээ Солонгос улс руу явуулах гэсэн юм. Мөнгө байршуулах шаардлагатай байна. 15 хоногийн дараа буцааж өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг,

          2022 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд Э.*******ээс мөнгө зээлээч хүний зээл хаачхаад ипотекийн зээл гарахаар буцаагаад өгнө гэж хуурч 3 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийг,

          2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.аас мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5093033939 данс руу 4 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг,

          2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр "мөнгө зээлээч хүү төлнө" гэж хуурч Д.*******аас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 37 тоот гэртээ байхад нь 5 удаагийн гүйлгээгээр 25,500,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч, бусдад нийт 256,900,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.*******т холбогдох эрүүгийн 2329000000113 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  

Яллагдагч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, 2024/ШЗ/281 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэнээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж, 2024/ДШМ/58 дугаар магадлал гаргасан ба тус шатны шүүх шийдвэртээ: “...Анхан шатны шүүх Х.*******т холбогдох 2329000000133 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн талаар тэмдэглэж, улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй болохыг дүгнэсэн байхад Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, “...хэрэгт нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй...” гэх, давж заалдах шатны шүүхээс зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

2. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-уудыг бүрэн нотолж тогтоосон.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч Х.******* нь үргэлжилсэн үйлдлээр, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан, нэр бүхий иргэдийг залилан мэхэлсэн үйл баримт хангалттай, хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ, хангалттай байдал бүрэн хангагдсан гэж дүгнэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Дээрхээс нэгтгэн дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй байна.” гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх нь хэргийг прокурорт буцаасан өмнөх шийдвэрийг дахин хуулбарлаж хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.

3. Шүүгчийн 2025/ШЗ/ЭЗ дугаартай захирамжийн “үндэслэх” хэсгийн эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ/ дахь заалтуудад заасныг нотолж чадаагүй мэтээр дүгнэсэн атлаа дараагийн хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан нөхцөлүүдийг шалгаагүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй бөгөөд мөрдөн шалгах ямар ажиллагааг хийж гүйцэтгэх нь тухайн хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой гэж үзсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

4. Шүүх шийдвэртээ хэргийн дугаарыг “2329000000113” гэж буруу бичсэн, шийдвэрийн захирамжлах хэсэгт буюу шийдвэрт удирдлага болгосон хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон...” гэж бичсэн нь хуулиар зохицуулагдаагүй, ойлгомжгүй заалт болсон, мөн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын “Гурав”-ын 3.5- д: “Шүүхийн шийдвэрт хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэхдээ ...зүйл, хэсэг, заалтыг дэлгэрэнгүй бичих...” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх дахин хэлэлцээд хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд буцааснаас хойш хэрэгт огт юм нэмэгдээгүй байхад буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж дүгнэж байгаа учир хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь тодорхойгүй учир  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Яллагдагч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс гаргасан шийдвэрийг би маш шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогч гээд байгаа Э.*******ийн хувьд анхнаасаа буруу мэдүүлэг өгч эхэлсэн. Өөрөө ч гэсэн шалгуулъя. Би нэг ч төгрөг аваагүй гэж хэлж байсан боловч сая хурлаар би 27,000,000 төгрөг авсан байна гэж хэлдэг. Тэгээд энэ бүхнийг бодитой хуулийн хүрээнд шалгуулах хүсэлтэй байна. Намайг цагдаа дээр байгаа шүү гэж хэлээд манай гэрээс миний аавын цагийг охин нь ирээд авч байсан. Энэ хүртэл яагаад дурдагдаагүй юм. Миний төлсөн төлбөр байдаг. Үүнийг яагаад мөрдөн байцаагч шалгаагүй юм бэ? Ханбогд сум дахь сум дундын шүүхээс гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа учраас прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Амархүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад энэ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байгаатай санал нэг байна. Яагаад гэвэл бид нар анхнаасаа мэдүүлж, тайлбараа өгөхдөө энэ үйл баримтыг тогтоолгох сонирхолтой, хүсэлтэй талаараа шүүх, цагдаад хэлдэг. Энэ мэдүүлгийг заавал хэргийн материалтай нь харьцуулж үзэж байж шийдвэрийг гаргах нь зөв. Тэгэхгүй бол зөвхөн нэг талын мэдүүлэг дээр үндэслэсэн мөрдөн шалгах ажиллагаа дутагдалтай байдаг учраас бичмэл нотлох баримттай харьцуулж үзэх нь зөв гэж зөвлөмж өгсөн байдаг. Хоёр хүн байгаад нэг нь нөгөөгөө мэдүүлээд байхад үүнийг тогтоогоогүй нь учир битүүлэг байна. Энэ хэргийг бүрэн дүүрэн шалгуулж, тогтоолгох хүсэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ж.Баяржавхлан өмгөөлөгчтэй санал нэг байна. Энэ хэргээс би ямар нэгэн ашиг хүртээгүй. Э.*******, Х.******* нартай ямар нэгэн өгөө, аваа, хүү гэхгүйгээр цэвэр урьдын тогтоосон харилцаан дээрээ залилуулсан. Энэ дээр бусад хүмүүсийн хэргийн асуудлаас болоод хэрэг удааширч байна. Миний хувьд Ж.Баяржавхлан өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

Хохирогч Д.*******ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээс буцаах шийдвэр гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн материал болон гэмт хэргийн сэдэлтийн санаа зорилго нь юу байна вэ? гэдэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд бүгд бүрэн тогтоогдсоор байтал дахиад хэргийг прокурорт буцаах гэдэг үндэслэлийг гаргаж тавиад хэргийг удаашруулаад байгааг би ойлгохгүй байна. Нотлогдвол зохих, тогтоогдвол зохих нөхцөл байдлууд бүгд тогтоогдсон байхад энэ зүйл нотлогдохгүй байна гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлээд байгаа нь хохирогчдын хууль ёсны эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх шүүгдэгч хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

   Яллагдагч Х.*******ийг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан бусдад нийт 256,900,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь яллагдагч Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн,1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон яллагдагч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг хяналтын прокурор Г.Цогтмагнай эс зөвшөөрч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулгаар эсэргүүцэл бичжээ.

Хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлэх хуулийн шаардлагыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх зөрчсөн. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийн үндэслэл, тайлбарыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэж хангаж шийдвэрлэв. Учир нь:

Яллагдагч Х.*******т холбогдох 5 хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй байна.” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Тус захирамжид прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг яллагдагчийн гомдлоор Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон яллагдагч Х.*******ийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрхээс дүгнэхэд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/58 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүхээс хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх “яллагдагч Х.******* нь хохирогч Э.*******тэй тохиролцсоны дагуу мөнгө авсан талаар мэдүүлсэн ба хохирогч Э.******* нь “...Би 47 сая төгрөг аваагүй. Хүү гэдэг утгаар 26 сая төгрөг авсан байна. Би байраа банканд тавьж байгаад зээлүүлсэн мөнгө. Шалгуулахад бэлэн байна” гэсэн байхад яллагдагч Х.*******, хохирогч Э.******* нарын хооронд ямар харилцаа болж мөнгө өгч, авалцсан талаарх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ур уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Яллагдагч Х.*******, хохирогч Э.******* нарын хооронд ямар харилцаа болсныг нарийвчлан тогтоосноор яллагдагч Х.*******ийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго, хохирлыг нарийвчлан тогтоох болон бусад ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн шийдвэрлэлтэд онцгой ач холбогдолтой байх тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн байх боловч энэхүү ажиллагааг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцогчдын мэдүүлэг тайлбар, талуудын тэгш эрхийн мэтгэлцээнд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх боломжтой бөгөөд хуулиар анхан шатны шүүхэд энэхүү эрхийг олгосон байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ/ дахь заалтуудад заасныг нотолж чадаагүй мэтээр дүгнэсэн нь 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхээс гадна яллагдагч, хохирогч нараас гэм буруу, хэргийн үйл баримттай холбоотой тайлбар мэдүүлэг авсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны үед хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах эрх хуулиар олгогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, яллагдагч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Х.*******т холбогдох 2329000000133 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Яллагдагч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                            Т.ДЭЛГЭРМАА