| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/06710/И |
| Дугаар | 192/ШШ2025/09588 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09588
2025 11 18 192/ШШ2025/09588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт оршин суух Х овогт Бийн Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоот хаягт оршин суух Б овогт Дын Б /РД:/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Д нь анх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Б т Nissan Navara маркийн *** улсын дугаартай 2015 онд үйлдвэрлэгдэж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр импортлогдсон автомашиныг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах тухай Хэлцэл-ийг байгуулсан байна. Уг хэлцэлд автомашиныг Ш.Өын нэр дээр шилжүүлсэн, үнийн дүн болох 40 сая төгрөгийг 2020 оны 1-р улираалд багтаан төлөх, Төв аймагт баригдаж буй орон сууцны барилгаа дуусгахын тулд санхүүгийн байдлаас шалтгаалан урьдчилан зээл байдлаар шилжүүлсэн, тохиролцсон хугацааг хэтрүүлбэл эв зүйгээр зохицох эсхүл хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай агуулгыг тодорхой заасан байна. Гэвч хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд шаардуулж нэхүүлэн байж 20 сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл 20 сая төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг шаардахад удахгүй төлнө гэдэг боловч тохиролцсон хугацаанаас олон жилээр хэтэрч, итгэлийг эвдэж, нэхэмжлэгчийг илтэд хохироож байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Иймд Д.Б аас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах тухайд байгуулсан хэлцлийн төлбөрийн үлдэгдэл болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:. Хариуцагч Г.Б шүүхэд гасану тайлб2. Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Д гийн нэхэмжлэлтэй Д.Б надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид хоорондоо хэлцэл байгуулсан ч автомашиныг хүлээж аваагүй, Ш.Ө ад машиныг шилжүүлнэ гэж ярьсан ч дараа нь асуухад өгөөгүй байсан. Тиймээс хүлээж аваагүй эд хөрөнгөнд төлбөр төлөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаарлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэлцэл, дансны дэлгэрэнгүй хуулга.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийн хуулбарууд.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Б т холбогдуулан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Б тай Nissan Navara маркийн **** улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу автомашиныг Ш.Ө ын нэр дээр шилжүүлсэн, хариуцагчаас 20,000,000 төгрөгийг төлөөд үлдсэн 20,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа, түүний өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.Д тэй хэлцэл байгуулсан боловч автомашиныг хүлээж аваагүй, Ш.Ө ын нэр дээр шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй байсан, хүлээж аваагүй эд хөрөнгөд төлбөр төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Б тай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэлцэл нэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэлцэл нэртэй худалдах-худалдан авах гэрээний хуулбар хэрэг авагдсан байна. /хх-8х/
Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Д гийн өмчлөлийн Nissan Navara маркийн **** улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар, уг автомашиныг нэхэмжлэгчээс Ш.Ө ын нэр дээр шилжүүлэх, хариуцагч 40,000,000 төгрөгийг 2020 оны 1-р улиралд багтаан төлөхөөр гэж тус тус гэрээнд заажээ. /хх-101-103х/
Уг гэрээний хуулбар эх гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд эх хувийг нь гаргаж өгсөн байна. /хх-63х/
Хариуцагчаас энэхүү худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсантай маргаагүй.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэлцэл нэртэй худалдах-худалдан авах гэрээ нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Нэхэмжлэгч Б.Д гаас хариуцагч Д.Б тай худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Nissan Navara маркийн **** улсын дугаартай автомашиныг гэрээнд зааснаар Ш.Ө ад шилжүүлэх өгөх үүрэгтэй ба Ш.Ө ад Nissan Navara маркийн **** улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн эсэх нь энэхүү хэргийн маргаан болоод байна.
7. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №102 дугаартай албан бичгээр **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашиныг өмчлөгчийн түүхчилсэн лавлагааг баримтын хамт ирүүлсэн байна. /хх-28-62х/
8. **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашин нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Д гийн өмчлөлд байсан, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Т ХХК-ийн өмчлөлд байсан, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл Ц.Очирбатын өмчлөлд байгаа талаар лавлагаа мэдээллээр тогтоогдож байна.
Энэхүү автомашины лавлагаанаас үзэхэд иргэн Ш.Ө ын өмчлөлд уг автомашин шилжиж ирээгүй байгаа нь тогтоогдож байна.
Баримтаас үзэхэд Т ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №19/4-24559 дугаартай албан бичгээр тус компанийн Сайн барьцаалан зээлдүүлэх газраас зээл хүсэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд ирүүлж байжээ.
Автотээврийн газраас ирүүлсэн баримт бичигт нэхэмжлэгч Б.Д нь Ш.Ө тай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээний 3.2, 3.3, 3.4-т зааснаар төлбөрийг 2019.10.10 өдөр гэж, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд бүртгүүлнэ гэж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацааг 2019.10.10 өдөр гэж тус тус гэрээнд заажээ.
Т ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/4-29553 дугаартай албан бичгээр **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашиныг Ш.Ө ын нэр дээр шилжүүлж өгөхийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст хүссэн боловч өмчлөгчөөр Ц.Оын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
9. Нэхэмжлэгч Б.Д гийн ХААН банкны **** тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.Б ын ХААН банкны 5030626060 тоот данснаас 20,000,000 төгрөг орлогоор шилжиж орж ирсэн байна. /хх-64-66х/
10. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Б тай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэлцэл нэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.Б ын ХААН банкны **** тоот данснаас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д д шилжүүлсэн нь зохигчдын хооронд байгуулсан **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашины төлбөр эсэх нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Д нь Ш.Ө тай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр **** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. Эндээс үзэхэд маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэг автомашиныг 2 өөр хүнтэй нэг өдөр хоёр өөр үнийн дүнгээр гэрээ байгуулсан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Б.Д гийн өмнө Д.Б , Ш.Ө хоёрын хэн нь жинхэнэ хариуцагчаар тодорхойлогдож автомашины үнийг төлөх этгээд гэдэг нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч нь Д.Б ын мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээтэй байна.
11. Хариуцагч Д.Б ын шүүхэд гаргасан тайлбараар**** улсын дугаартай Nissan Navara маркийн автомашиныг гэрээнд зааснаар Ш.Ө ын өмчлөлд нэхэмжлэгчээс шилжүүлээгүй тул хүлээн аваагүй эд хөрөнгөд төлбөр төлөх боломжгүй .гэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
12. Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б т холбогдуулан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б т холбогдуулан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД