Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 69

 

  2018 оны 04 сарын 18 өдөр                       2018/ШЦТ/69                             Хэрлэн сум

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0086/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                О.Ө нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоон овогт Оюунбатын Өд холбогдох 1839000850064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Долоон овогт Оюунбатын Ө /РД:/  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч О.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 418 тоотод эхнэр Д.Энхпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.Энхпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Ө нь машины хаалгаа янзлах гээд байна хүүхдийн хадгаламжны мөнгийг аваад ир гээд Хаан банк руу явах гэж байхад цаашаа далийгаад явчив гэж хэлээд 2-3 удаа өшиглөсөн. Манай нөхөр ер нь эрүүл байхдаа хардаж намайг зоддог тэгээд өчигдөр орой тэр мөнгөөрөө архи аваад уучихсан байхаар нь намайг орой зодно гэж бодоод цагдаад болон 107 тусгай дугаарт мэдэгдсэн юм. Би ер нь сүүлийн 2 жил байнга 107 дугаарт дуудлага өгч холбоотой байдаг шийддэг арга хэмжээ авч өгдөггүй. ...2017 оны эхээр Мөрөн суманд байхдаа мөн байнга зоддог байсан бөгөөд хэсгийн төлөөлөгч баривчилгаанд явуулсан боловч баривчилгаанаас ирээд бүр дордсон эрүүл согтуугүй зоддог. Тэгээд 107 утсаар дахин холбогдож зөвөлгөө авахад ажилд орчих тэгвэл нөхөр чинь хүүхдийг чинь авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Баян-Овоо суманд сургуулийн багшаар ажилд орсон. Тэнд байхад 2017 оны 12 сарын 27-ны орчим манай нөхөр намайг зодоод хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч явуулсан боловч хонуулах газар байхгүй гээд шөнө явуулсан байсан. шөнө ирээд намайг дахин зодсон.......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/

Гэрч Х.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....нодлин цагаан сарын шинийн нэгэнд зодсон байсан. Энхпүрэвийн нүүр нь хөх няц болсон байсан. дараахан нь билүү бас зодоод зугатаагаад айлд очсон асуудал гарч байсан. Тэгээд Баян-Адрага суманд ажиллахаар яваад 2018 оны 01 сарын 20-ны орчим хүрээд ирсэн. Яагаад хүрээд ирснийг асуухад Ө зодоод гээд биеэ харуулсан. Тэгэхэд бие нь хөх няц болсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10 хуудас/

2018 оны 02 дугаар сарын 13-ны №67 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд 

Д.Энхпүрэвийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.... /ХХ-38 хуудас/

Сэжигтэн О.Өы мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр хүүхдээ сайн харж байна гэж хэлээд надаа архи авч өгсөн. Тэр архиа бид 2 хувааж уугаад хүүхдэдээ бантан хийж өгч байсанаа гэнэт уурлаад асгаад байна гээд харааж эхлэсэн. Би тэгэхээр нь юу сүртэй юм бэ асгаж л байдаг шүүдээ гэхэд эргэж хараад 3 литрийн бетанаар миний толгой руу цохьсон. Би гараараа хаахад ойгоод нүдийг нь онсон. Тэгээд гараад тамхи татаж байхад цагдаа ирсэн. Согтоогүй байна одоо аятайхан унтаж амар гээд явсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-57 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 418 тоотод эхнэр Д.Энхпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Өы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны №67 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхпүрэвийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Долоон овогт Оюунбатын Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О. Өыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ