Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

*******од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2422000000150 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн яамны хүндэт жуух, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан,

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан (РД: );

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөлөг” дэлгүүрийн орчимд хохирогч ын эзэмшлийн “Самсунг галакси Ж4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоол дээр хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А35” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.229.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 50,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч т олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг 2422000000150 дугаартай *******од холбогдох эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Тулган шийдвэрлэсэн явдлыг эсэргүүцэж байна. Намайг хийгээгүй хэрэгт хэлмэгдүүлэн 1 жил 6 сараар хорьж хэлмэгдүүлэн сэтгэл санааны гүн хямралд оруулсан хорьсон, Сүрьеэ өвчтэй болгосон болно. Мөн миний том эгчийн охин нас барахад надад мэдэгдээгүй өнгөрч асар их хэмжээний дарамтад оруулсан. Би группт орсон боловч бүх группийн мөнгийг ШШГГазар хураан авдаг болно. Би татах тамхи байтугай эм авах ч мөнгөгүй туйлын их ядарч гүн дарамтад орж амьдарч явна. Монгол Улсын иргэн би яаж амьдрах ёстойг минь ойлгуулж миний энэ хэргийг үзэн зөвөөр шийдэж өгнө үү. Энэхүү хэргийг шийдвэрлэх хугацаанд надад ямар нэгэн асуудал гарвал буруу шийдвэр гаргасан байцаагч, прокурор шүүгч нар хариуцлагаа хүлээнэ гэдэгт иргэн би итгэж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д ямар үндэслэлээр ял өгч байгааг юм. Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж өгөхийг би туйлын их хүсэж байна гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 болон 17.2-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж нийт 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. ******* нь дээрх гэмт хэрэг үйлдсэн талаараа маргах зүйл байхгүй, тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хувьд 2 хөлдөө хагалгаа хийлгээд 70-аас 80% ийн хөдөлмөрийн чадамж алдалттай, хөлдөө төмөр үе солиулах хагалгаа хийлгэсэн гэж хэлсэн. Биеийн эрүүл мэндийн хувьд хорих ял эдлэх хүнд байна. Мөн хагалгаа хийлгэсэн тал нь өвдөөд байна, ялаа солиулмаар байна гэсэн. Дундговь аймгийн ******* сумын 6-р багын нутаг дэвсгэрт аав ээжээс нь өвлөгдөж ирсэн өөрийн гэсэн гэр оронтой гэсэн. Энэ гэртэй байнга байдаг. Дундговь аймагт биеийн эрүүл мэндийн байдлаас болж байнга ирдэг хагалгаа хийлгэж байх хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн надад бусдад төлөх төлбөр байхгүй миний эрүүл мэндийн байдлыг харж үзэж хорих ялыг өөрчилж өгнө үү ахиж гэмт хэрэг үйлдэхгүй төлөвшиж хүмүүжиж чадна гэж өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлүүлж байгаа. Эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг өглөө авах гээд авч ирж чадсангүй. Тахир дутуугийн грүүпийн бичиг баримт нь Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмчид байгаа гэж хэлсэн. Тухайн хэрэг үйлдэх болсон гол шалтгаан бол би үнэхээр тамхины ч мөнгө байхгүй амьдралын шаардлагын улмаас үйлдсэн гэж хэлсэн. Тухайн грүүпт ороод халамжийн сангаас 380 орчим мянган төгрөг авдаг байсан тэр мөнгийг өмнөх шүүхийн шийдвэрээс бусдад төлөх төлбөртэй болоод шүүхийн шийдвэр шууд бариад авч, ямар нэгэн эмчилгээ тамхи тарианы мөнгө өгөхгүй барьцаалаад авдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 нь сонгомол ялтай торгох, эрх хязгаарлах, хорих ялтай. Харин 17.2-1 нь хорих ял болон зорчих эрх хязгаарлах ялтай байдаг. Ийм учраас 17.1-т зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж мөн 17.2-1-т зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж 2 ялыг нэгтгээд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар хорих ялыг сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

5. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаар бусдын эд зүйлийг хулгайлсан мөн дээрэмдсэн нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхээс *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 болон 17.2-1-т заасан гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаанд хорих ял ногдуулж шийдсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон гэм бурууд тохирсон байна. Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн байна. ******* нь өмнө яг ийм гэмт хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгэл эдэлж байсан. Улмаар засарч хүмүүжлийг бол олоогүй байна. Бусдын өмчлөх эрхэд удаа дараа халдаж байгаа нь цаашдаа энэ хүн аюултай байна гэж үзэж байгаа. Тийм учраас нийгмээс тусгаарлах зайлшгүй шаардлагатай буюу хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөлөг” дэлгүүрийн орчимд хохирогч ын эзэмшлийн “Самсунг галакси Ж4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 325,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоол дээр хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А35” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,229,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

           Тухайлбал: хохирогч ын эзэмшлийн “Самсунг галакси Ж4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 325,000 төгрөгийн хохирол учруулсан талаар хохирогч мэдүүлэхдээ:

 “2024 оны 08 дугаар сарын 02-ны өглөө ...машин дотроо утсаа үлдээгээд дэлгүүр орсон байсан. Тэгэхдээ машинаа түгжээгүй орхисон байсан. Тэгээд 10 минут орчим болоод гараад иртэл машин дотор байсан утас алга болсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн камерыг үзтэл аймгийн таньдаг хүн болох ******* овогтой ******* нь миний машиныг онгойлгоод гар утас аваад гараад явж байгаа нь харагдсан. Тэгээд гадуур *******ыг хайж яваад олтол миний гар утас байхгүй, Эмгээ гэх хүнд өгчихсөн гэж байсан. Тэгээд би *******ыг цагдаад аваачиж өгсөн. Эмгээ гэх хүний дугаарыг нь олоод ярьтал “******* ах надад утсыг чинь 40,000 төгрөгөөр зарсан. Таны утас надад байна. Утасны чинь хавтсанд таны бичиг баримт байна” гэж ярьсан. Миний гар утас Самсунг Галакси Ж4 маркийн утасны ар тал нь бор шаргал өнгөтэй утас байсан ба хар өнгийн хавтастай утас байсан. Хавтсанд нь иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйл байсан. Алдсан эд зүйлээ авсан, бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. Гар утсаа 2 жилийн өмнө 700,000 төгрөгөөр авч байсан. Одоо 600,000 төгрөгөөр үнэлнэ. Иргэний үнэмлэх 15,000 төгрөгөөр үнэлнэ. Виза карт 10,000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин утсыг минь хулгайлсанд гомдолтой байна... гэсэн.  /хх-ийн 8-9-р хуудас/

 Энэ үйл явдлын талаар гэрч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Сайнцагаан сумын төвд захад явж байтал *******той таарсан. Группт орсон, дүү охин надад нэг утас өгсөн юм, цэнэггүй болчихсон. 40,000 төгрөгийн барьцаанд тавьчихъя, хоёулаа хамт архи ууя гэсэн. Тэгэхээр нь би 40,000 төгрөг өгөөд тэр утсыг нь аваад явсан. Би тэр үед ажилтай байсан болохоор *******той хамт архи уугаагүй. Тэгээд тэр өдөр би хүнсний 48 дугаар байранд найзындаа байж байтал нэг эрэгтэй хүн утсаар залгаад “******* чамд утас зарсан уу” гэхээр нь “үгүй ээ, барьцаанд тавьсан юм” гэтэл “миний утас байгаа юм, очиж авъя” гэхээр нь би “40,000 төгрөгөө хэнээс авах юм бэ” гэтэл “ах нь 40,000 төгрөгийг нь өгөөд авна” гэсэн. Тэгээд Мандал худалдааны төвийн үүдэнд уулзахаар болсон. Би тэр газар нь яваад очтол зүс таних Чулуунбаатар гэх ах байсан. Тэгээд би тэр утсыг нь өгөөд 40,000 төгрөг авсан. Тэгтэл Чулуунбаатар гуай тэр дороо тухайн утасны кейсийг нь онгойлгож үзтэл өөрийнх нь иргэний үнэмлэх, банкны виза карт зэрэг нь кейсэнд нь байсан. Тухайн утас Чулуунбаатар ахын утас байсан юм билээ. Би тэрийг нь онгойлгож үзээгүй байсан юм. Гадна талын кейс нь хар өнгөтэй байсан. Кейсийг нь задалж үзээгүй Samsung гэсэн бичигтэй утас байсан. Маркийг нь мэдэхгүй, *******оос авахад унтраастай байсан. Би асааж үзээгүй, ажилладаг эсэхийг мэдэхгүй. Манай дүү надад утас өгсөн гэж хэлж байсан. Тухайн утаснаас өөр зүйл надад өгөөгүй...” гэжээ.  /хх-ийн 15-16-р хуудас/,

2. Хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А35” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,229,000 төгрөгийн хохирол учруулсан талаар  хохирогч мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд 66-71 ДУА улсын дугаартай цагаан өнгийн “филдер” машинтай 4 настай хүү Мөнх-Очирын хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна зогсоол дээр очоод, хүүгээ машинд утастайгаа үлдээгээд эмнэлэг рүү орсон. Машины урд талын 2 цонх хагас онгорхой, машин цоожлоогүй онгорхой үлдээсэн. Тэгээд 09 цаг 58 минутын үед эмнэлгээс гарч ирээд машинд суугаад хүүхдээс утсаа авах гэсэн чинь, утас байхгүй болохоор нь асуусан чинь хүн аваад явсан гэж хэлсэн. Ямар хүн бэ? гэж 4 настай хүүгээсээ асуусан чинь хар саравчтай малгайтай, манай өвөө шиг хүн машины арын суудал дээр суугаад утас аваад явсан гэсэн. Тэр хүн барьж явсан хүүхдийн хар өнгийн хос гутлыг манай хүүхдэд “энийг чамд бэлэглэж байна” гэж өгөөд “одоо утсаа өг” гэж хэлээд шууд аваад явсан гэсэн. Сайн танихгүй, нэрийг нь сонсож байхад *******ын ******* гэдэг ******* сумын хүн гэсэн. Миний алдсан утас “Самсунг А-35” загварын, ардаа 3 цувраа том камертай, усан ягаан өнгийн тод кисттэй. Ягаан өнгийн утас байгаа. Тухайн утсаа шинээр аваад код хийж амжаагүй учир кодгүй шууд асна. Би гар утсаа 2024 оны 08 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын төв Мобикомын салбараас 1,299,000 төгрөгөөр худалдан авсан. 352923544265801, 354676174265800 гэсэн имей кодтой 2 сим ордог утас байгаа. Гомдолтой байна, алдсан утсаа олж авмаар байна.” гэжээ. /хх-ийн 43-44/

Тухайн үйл баримтуудын талаар хохирогч нар ийнхүү мэдүүлснээс гадна хулгайн эд зүйлийг хэрхсэн талаар хэрэгт иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг авагдсан байна. Тус мэдүүлэгт:  “Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгчхөөд “Цоглог” дэлгүүрийн хажууд байх “Dooner kebab” нэртэй хоолны газар орж хоол идээд сууж байтал шар өнгийн фудболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн малгайтай настайвтар эрэгтэй хүн орж ирээд “гар утас худалдаж авах уу” гэхээр нь “хэдээр зарах вэ” гэтэл “70,000 төгрөгөөр зарна” гэхээр нь “надад 70,000 төгрөг алга 50,000 төгрөг л байна” гэтэл “тэгье” гэж хэлээд би өөрийнхөө симийг хийгээд шалгаж үзтэл хэвийн утас байхаар нь худалдаж авахаар болоод данс руу чинь хийчихье гэтэл “надад данс байхгүй, бэлнээр өгчих, би унаанд суугаад зардал хийгээд явах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би гараад “Цоглог” дэлгүүр дотор байх АТМ-ээс мөнгө аваад тэр хүнд өгсөн. Тухайн үед би өөрийнхөө картыг гэртээ үлдээсэн байсан учраас “Цоглог” дэлгүүрт худалдан авалт хийж байсан нэг настай эмэгтэйг гуйж данс руу нь шилжүүлээд бэлнээр гаргуулж авсан. Тэгээд би тухайн гар утсыг худалдаж авсан. Би тэр хүнийг танихгүй. Дараа нь хүнээс сонсож байхад *******ын ******* гэх хулгай хийдэг хүн гэж байсан. Надад хэлэхдээ “миний өөрийн утас байгаа юм, зараад замын зардал хийх гэсэн юм” гэж хэлж байсан. Ягаан өнгийн тунгалаг кейстэй, Самсунг А35 маркийн ард тал нь ягаан өнгөтэй, ар талын доод хэсэгтээ цагаан өнгөөр Samsung гэж бичсэн гар утас байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй шинэ утас байсан. Цоожгүй дотор нь дугаар хадгалсан, өөр ямар нэгэн зураг болон бичлэг байгаагүй. Тухайн утсан дотор байх Gmail-ыг нь харахад Пүрэвийн Отгонцэцэг гэх хүний нэр гарч ирж байсан. Тэр хүнийх байх гэж бодож байна. Фейсбүүк нь бас Пүрэвийн Отгонцэцэг гэх фейсбүүк байсан.Тэгээд би фэйсбүүкийг нь гаргаад өөрийнхөө фэйсбүүкийг оруулсан. Би өгсөн 50,000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэснээс /хх-ийн 48-49/ гадна хэрэгт гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тус мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан байна.  

Гэрч мэдүүлэхдээ: “ Би Dooner kebab-д кассчин ажилтай. ******* овогтой ******* гэх хүнийг танина. Аймгийн төвд архи уугаад яваад байдаг настайвтар эрэгтэй хүн байдаг. Тухайн өдөр ******* нь өглөө 09 цаг өнгөрч байхад шар өнгийн фудболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн малгайтай орж ирсэн. Утас зарна гээд яваад байсан. Тэгээд нэг цагаан цамцтай жирэмсэн эмэгтэйд тухайн гар утсыг зарахаар болоод хамт манай ажлаас гарсан. Эхлээд 70,000 төгрөгөөр зарна гэж ярьж байгаад сүүлдээ 50,000 төгрөгөөр зарахаар болоод гараад явцгаасан. Тэр эмэгтэй симээ хийгээд ярьж үзээд байсан. Ягаан өнгийн кейстэй, утасных нь ар тал нь бас ягаан өнгөтэй Самсунг маркийн гар утас байсан. Шинэвтэр утас харагдаж байсан. Хэний эзэмшлийнх гэдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ *******ын утас биш байх. Манай байгууллага дотроо хяналтын камертай. Гадна талын камер ажиллахгүй байгаа. Дотор талын камер тухайн үед ажиллаж байсан.” гэж мэдүүлжээ. /хх-ийн 55- 56/

Ийнхүү *******од  Прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэрэгт цугларсан гэрч хохирогчийн мэдүүлгээс гадна дараах бичгийн баримтууд хэрэгт цугларсан  байна. Тухайлбал:

           “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДГ/17 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайланд “...Самсунг Галакси Ж4 маркийн гар утас 300.000 төгрөг, иргэний үнэмлэх 15.000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг, нийт 325.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-21-р хуудас/,

“Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДГ1/17 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт тайланд “...Самсунг А35 маркийн гар утас шинэ, 1 ширхэг 1.229.000 төгрөг” гэжээ /хх-ийн 68-69/

Иргэний нэхэмжлэгч өөс Самсунг А35 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 57, 59-62/

Самсунг А-35 маркийн гар утсыг хохирогч т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-74/ зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол төлбөрийг тооцсон нь үндэслэлтэй байна. Үүнээс гадна хэрэгт цугларсан дараах бичгийн баримтууд болох Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-25,75/ зэрэг баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэн судалсан байна.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөл өвддөг, 2 сүүж цоорсон, хэвтэж болохгүй байгаа. Би грүүпт орсон. Нэг хөлийнхөө бүх үеийг солиулсан. Хөдөлмөрийн чадвар алдалт 80-аас дээш хувь. Одоо нөгөө талыг нь бас солиулна. Нэгийг нь 1998 онд түнхний хугарал гэж мэдсэн. Одоо бол цоороод гоожоод байгаа гэв.

           Шүүгдэгч *******ын гэм буруутайд тооцогдсон зүйл ангиуд нь хорих болон хорихоос өөр төрлийн ялуудтай бөгөөд Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, хохирогч нарт төлөх төлбөр байхгүй зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өөрчлөх боломжтой гэж үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын

2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар...” гэсний дараа “...хорих ял...” гэснийг “...зорчих эрх хязгаарлах ял” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар 1 жилийн хугацаагаар...” гэсний дараа “...хорих ял...” гэснийг “...зорчих эрх хязгаарлах ял...” гэж,

шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын “...17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гэсний дараах 1 жилийн хорих ял...” гэснийг “1 жилийн зорчих эрх хязгаарлах ял” гэж, “17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гэсний дараах “...1 жилийн хорих ялуудыг...” гэснийг “...1 жилийн зорчих эрх хязгаарлах ялуудыг...” гэж, “...2 жилийн хугацаагаар хорих...” гэснийг “...2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах...” гэж,

шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан 2 жилийн хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж,

шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч *******ыг нэн даруй суллахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих захиргаанд даалгаж, шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өнөөдрийг хүртэл 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ