Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.А хариуцагч Б.Д , Л.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 122 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунболд, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Л.Оюунцэцэг, хариуцагч Б.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 12 сарын 06-ны өдөр Л.Оюунцэцэг, Д.Даваажаргал нартай зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 4 хоногийн хугацаатай, өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг гэрээний барьцаанд Б.Д ын эзэмшлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75-А дугаар байрны 801 тоот хаягт байрлах 112.09 метр квадрат талбайтай, 000470694 дугаарын гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө байрыг барьцаалсан. Гэрээ байгуулсан өдөр Л.Оюунцэцэгийн Төрийн банк ХХК дахь 310000165329 дугаартай дансанд мөнгийг шилжүүлсэн боловч Б.Д тай барьцааны гэрээ байгуулж чадаагүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүү 4 800 000 төгрөг, алданги 42 400 000 төгрөг нийт 122 400 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.О тайлбартаа: Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу 4 хоногийн хүү төлөх ёстой байтал хэт өндөр буюу 22 400 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д мөнгө аваагүй. Л.О эргэн төлөлтөд нийт 5 050 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Хариуцагч Б.Д ын тал тайлбартаа: Б.Д нь нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй тул зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Оюунцэцэг, Б.Д нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 119 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Д ын Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75-А байрны 801 тоот, 112.09 метр квадрат талбайтай, 4 өрөө, Эрхийн улсын Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 756 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Энэхүү иргэний хэрэгт Б.Д огт хамааралгүй, зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг хүлээн аваагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хангалттай нотлогдож байхад зээлийн гэрээний үүрэгт 119 700 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Мөн хариуцагч Л.О дангаараа зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, зээлээ өөрөө төлж байгаа, Б.Д огт аваагүй талаар тайлбарлаад байхад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар нэхэмжлэгчид мөнгө төлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ариунболд хариуцагч Л.Оюунцэцэг, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 122 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг Л.О эс зөвшөөрч гэрээний дагуу 4 хоногоос илүү хүү төлөхгүй гэж, хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй гэж тус тус маргажээ. /хх 1-2, 28-29, 18, 19/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хууль хэрэглээ болон тооцооллын хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухай, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд хамаарах хүүг, мөн хууль болон гэрээнд заасан алданги шаардах эрхтэй, харин хуульд заасан шаардлагыг хангаагүй учир үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу Л.Оюунцэцэгийн эзэмшдэг дансанд 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ-ний Зээлдэгч гэсний доор Б.Д , Л.О нар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр гэрээ байгуулсан гэж тооцно. /хх 4/ Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Д , Л.О нар нэхэмжлэгч С.А хувьд зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг хамтран гүйцэтгэгчид болно. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ариунболд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Д , Л.О нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн зээлдэгч тус бүрээс, эсхүл хамтад нь шаардах эсэхээ өөрөө тодорхойлох эрхтэй. Иймд зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг хүлээн аваагүй, Л.О дангаараа зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн хариуцагч Б.Д ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүү хоногийн 1.5 хувь байхаар заасан буюу сард 45 хувь, жилд 540 хувь байгаа нь хэт өндөр байх тул шүүхийн зүгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг хоногийн 1.5 хувь : 10 = 0.15 хувь байх нь хэвийн хэмжээ гэж үзэв.

 

Иймд зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар 80 000 000 х 0.15 хувь х 4 хоног = 480 000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү 80 480 000 төгрөгөөс Л.Оюунцэцэгээс төлсөн гэх талуудын маргаагүй дүн 5 000 000 төгрөгийг хасахад хариуцагч нар 75 480 000 төгрөг төлөх тооцоолол гарч байна.

 

Талууд зээлийн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд хариуцагч нар нь /74 480 000 х 0.5 хувь = 377 400 х 62 хоног/ 23 398 800 төгрөгийн алданги төлөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх алданги тооцохдоо шууд үндсэн үүргийн 50 хувиар тооцсон нь буруу, зээлдэгч нарт хохиролтой болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 157 950 төгрөгийг илүү төлсөн байхад буцаан олгоогүй байгааг залруулах, үүнтэй холбоотой хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Оюунцэцэг, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 98 878 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ариунболдод олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулж, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан өөрчлөлтийг тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулж, эдгээр заалтуудад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/01393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...119.700.000... гэснийг ...98 878 800... гэж, ...2.700.000... гэснийг ...23 521 200... гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 998 100 төгрөгөөс 840 150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлөгдсөн 157 950 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжид 652 344 төгрөгийг хариуцагч Л.Оюунцэцэг, Б.Д нараас гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Ариунболдод буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511087078 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР