| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 161/2019/0130/Э/ |
| Дугаар | 156 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 156
Б.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 140 дугаартай цагаатгах тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0021 дугаар магадлалтай, Б.Ж-т холбогдох 1913000150040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, У овгийн Б-н Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Ж-г цагаатгаж” шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нар хамтран гаргасан гомдолдоо “Магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Монгол хэл, бичиг, үсэг мэддэггүй хохирогч Ж.С, гэрч М.Т нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй, эргэлзээтэй байсан бөгөөд шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүхээс Б.Ж-г өөрөө очиж 380.000 төгрөг шаардсан болох нь тогтоогдсон гэж дүгнэлт хийхдээ ямар ч нотлох баримтгүй, хийсвэр дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ж нь Ж.С-г группт гаргаж өгнө гэж, 380.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч эсхүл зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С-г группт гаргаж өгнө гэж 380.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон боловч хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь уг мөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд сэдэлт зорилгоор үгээр, үйлдлээр хуурч ашиглаж авсан, залилсан гэж үзэхээргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд нотолбол зохих байдлуудын нэг болгон хуульчилсан. Хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үед Б.Ж нь 380.000 төгрөгийг авч байсан маань үнэн гэж бичиг бичиж өгсөн болохоос биш тухайн мөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан гэж үзэж, тус гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй. Б.Ж нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд хэргийн үйлдэл ба үр дагаврын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Төрийн албан хаагч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Анхнаасаа гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдалд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн. Хохирогч анхнаасаа цагдаагийн байгууллагад худал, зөрүүтэй мэдүүлэг өгч Б.Ж-г гүтгэсэн. Тухайн үед Б.Ж-н машин нь эвдэрсэн байсан учраас гэрт нь очих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Ж-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, С.Нургайып нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж-т холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу шүүгдэгч Б.Ж, хохирогч Ж.С нарын өөр хооронд хийгдсэн тохироо, мөнгө шилжүүлсэн зорилго, санаа нэгдсэн үйл ажиллагааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, хүсэл зоригийн нэгдэл, оролцоо, гэм буруу бий эсэх, түүний хэлбэрийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна эдгээрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг болно.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-г хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох эрх бүхий албан тушаалтан биш учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэх дээр хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь зүйтэй байх боловч “цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй” гэх үндэслэлийг магадлалдаа дурдсан нь оновчгүй болжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ж.С-с 380.000 төгрөгийг түүний группийн хугацааг сунгаж өгөхөөр авсан, хохирогч Ж.Сайрангүл нь өөрийн группийн хугацаагаа сунгуулахаар шүүгдэгч Б.Ж-т 380.000 төгрөгийг өгсөн гэх үйлдлүүд нь бодитой нотлогдсон байх тул Б.Ж, Ж.С нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог тус бүрт нь нарийвчлан шалгаж, тогтоох шаардлагатай байна.
Тухайлбал, Б.Ж нь албан тушаалын байдлаа ашиглаж, Ж.С-д давуу байдал бий болгох зорилгоор тэтгэмжийн асуудал хариуцсан хяналтын улсын байцаагч Н.С-д нөлөөлсөн эсвэл завдсан, Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Ж-н эрх мэдэл, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 380.000 төгрөг өөрт нь өгсөн, эсвэл дамжуулсан эсэх зэрэг үйлдлүүдийг нягтлан шалгаж, эргэлзээгүйгээр тогтоосны эцэст эрх зүйн зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх учиртай.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Ж-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0021 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай” гэснийг “...прокурорт буцаасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...анхан шатны шүүхэд очтол” гэснийг “...прокурорт очтол” гэж тус тус өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР