Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0335

 

2018 оны 06 сарын 12 өдөр             Дугаар 221/МА2018/0335            Улаанбаатар хот

 

Малайз Улсын иргэн Ч Т Л-ний

итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Т-ы давж заалдах гомдлоор, Малайз Улсын иргэн Ч Т Л-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар 12.16, 12.17, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан Энхтэмүүлэнг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны Булган сумын төрөлтийн 165 дугаарт бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энхтэмүүлэн хүүг Монгол Улсын иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд Булган аймгийн Булган сумын улсын бүртгэгч 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянаж хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 болон 48.3-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан цаг хугацаанаас тооцсон нь үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх харин хэтрүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал 2017 оны 08 дугаар сарын 15-нд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа тасралтгүй гэх, 2017 оны 09 дүгээр сарын 07-нд гардаж авсан захирамжийн дагуу нэхэмжлэл гаргах хугацаа 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан байхад 10 дугаар сарын 10-ны өдөр шүүх хүлээн авсан үйл баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баталгаат шууданд 10 дугаар сарын 09-нд хийсэн гэж шүүх хийсвэрээр үйл баримтыг тогтоож шуудангаар хүлээн авсан гэж үзсэн байна. Нэхэмжлэл шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн захиргааны байгууллагын захиргааны акт гаргах хугацааны асуудлыг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдсөнгүйд гомдолтой байна.

Гэрлэгчид хэдийгээр Малайз Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн боловч энэхүү гадаад улсад бүртгэгдсэн гэрлэлтийг Монгол Улсын гэр бүлийн бүртгэлд бүртгүүлээгүй нь Захиргааны байгууллагын буюу хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа огт биш байхад Б.М-ийн гэрлэлтийн байдлыг шалгаж шаардах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрлэгчид гадаад улсад гэрлэсний бүртгэлийг Монгол Улсын гэр бүлийн байдалд бүртгүүлээгүй нь Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд Б.М хүүхдийн гадаад улсад авсан эрүүл мэндийн бичгийг үндэслэн хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлсэнд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн зүйл огт байхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч Т Л-ийг өвлөх эд хөрөнгөө хүүдээ өгч чадахгүйд хүрэх байдлаар төлөөлүүлэгчийнх нь эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэх үндэслэлгүй худал тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байсан мэтээр дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч Т Л Б.М нарын гэрлэлт цуцалсан Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр гарчихсан давж заалдах журмаар хянах хурлын тов гарсан байхад гуравдагч этгээдийг гэрлэлтийн баталгаатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00670 дугаар шийдвэрээр хүү Энхтэмүүлэнг эх Б.М-ийн асрамжид үлдээж гэрлэлтийг цуцалсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг хэвээр баталсан тул хүүхэд эхийн асрамжид үлдсэн болно.

Иймд хүүхэд Монгол Улсад эхийн хамт байнга оршин суух болсон нөхцөл байдлыг тайлбарлаж хэрэгт энэ талаар нотлох баримтыг гарган өгч гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоосон иргэний шүүхийн шийдвэрийг харгалзан үзэлгүй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүүхдийн төрсний бүртгэлийг бүр мөсөн хүчингүйд тооцсон нь хүү Э-ийн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа боломж нөхцөлийг тасалдуулсан, хязгаарласан, хүүхдийн дээд эрх ашгийг хүндэтгэн үзээгүй илт хохироосон хууль бус шийдвэр боллоо.

Шүүх шийдвэртээ Энхтэмүүлэн хүүгийн төрсний бүртгэлд эцгийн талын мэдээлэл байхгүй хохироосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг гол үндэслэл болгосон нь тухайн хэрэг маргааныг илүү нарийн зохицуулсан Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж халин шийдэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нөгөө талаар хүүхдийн тэтгэмж болон хүүхдийн Монгол улсын төрсний бүртгэлд Ч Т Л-ээр овоглох асуудлаар талууд өмгөөлөгч нарын хамт биечлэн уулзалт хийж хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тохиолдолд хүүхэд хятад гаралтай овогтой байх эсэх асуудлаар харилцан тохиролцохоор гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж нотариатаар батлагдсан бөгөөд Баянгол дүүргийн шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэмжид эцэг нь сар бүр 300 ам.доллартай тэнцэх төгрөг өгч бодит байдлаар хэрэгжиж байгаа болно.

Анхан шатны шүүх Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлтэй хамааралгүй асуудлаар тухайлбал хүүхдийн иргэншил харъяатын асуулдаар дүгнэлт хийхдээ эцэг Ч Т Л төрсний гэрчилгээ авахад зөвшөөрөл өгөөгүй мэтээр дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ийнхүү тодорхойлсон гэж нэхэмжлэл, түүний шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Малайз улсын иргэн Ч Т Л-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүү Э нь Малайз улсын иргэний бүртгэлд бүртгүүлж, тус улсын харъяат хүүхдийн иргэний үнэмлэх авсан байхад Булган аймгийн бүртгэлийн хэлтэс хүүгийн ээжийн хүсэлтээр бүртгэл хийсэн нь Харъяатын тухай хууль болон Иргэний бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Улсын бүртгэгч нь анх бүртгэл хийхдээ шаардлагатай баримт бичгийг шаардаагүй, бодит байдалд тулгуурлалгүй бүртгэл хийсэн...” хэмээн маргажээ.

Хариуцагчаас “...Б.М нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т заасан гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл байхгүй байсан бөгөөд тухайн төрсний бүртгэлийг бүртгэхэд Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлгүй учир гэрлэлтийн гэрчилгээ шаардаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд Малайз улсын иргэн Ч Т Л-д мэдэгдэх шаардлагагүй болно...” гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Малайз улсын иргэн Ч Т Л, Монгол Улсын иргэн Б.М нар 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Малайз улсын хуулийн дагуу тус улсын Путражай хотод гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү Ч З Ч Э төрснийг 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Малайз улсын Төрсний нас барсны газрын ерөнхий бүртгэгч бүртгэж, төрсний гэрчилгээ хүүхдийн иргэний үнэмлэх олгосон болох нь тогтоогдож байна.

Улмаар хүүгийн эх Б.М хүү Э-г Булган аймгийн Бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хүсэлт гаргаснаар 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М овогтой Э-г /ГЮ08262139/ тус аймгийн Булган сумын төрсний бүртгэлийн 165 дугаарт бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Нэгээс дээш настай хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүүхдийн эцэг, эхийн, эсхүл хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:”, 12.12.1-д “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа;”, 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ”, 12.17-д “Эцэг, эх нь хоёулаа, эсхүл тэдний хэн нэг нь Монгол Улсын харьяат бол тэдгээрийн гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн тухайн оронд олгосон төрсний гэрчилгээг үндэслэн түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн, гадаад оронд олгосон төрсний гэрчилгээн дээр тэмдэглэл хийж гэрчилгээг сольж олгоно” гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч хүү Энхтэмүүлэнг төрснийг бүртгэхдээ дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь бүртгүүлэх хүсэлт, түүнд хавсаргаж өгсөн нотлох баримт байхгүй талаарх шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан улсын бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэж, улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө гэж заасныг болон мөн хуулийн 12 дугаар 12.4-т “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно”, 12.5-д “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна” гэж заасныг тус тус зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно” гэж заасан бөгөөд Малайз улсын хуулийн дагуу бүртгэсэн гэрлэлтийн бүртгэл хүүг Э-г Булган аймгийн Бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үед хүчинтэй байсан байх ба харин нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг талууд тайлбарлаж байна.

Иймд Иргэний бүртгэлийн хуульд заасан гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн тухайн оронд олгосон төрсний гэрчилгээг үндэслэн түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн, гадаад оронд олгосон төрсний гэрчилгээн дээр тэмдэглэл хийж гэрчилгээг сольж олгохоор заасныг болон хүүхдийг эцэг эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ гэж заасныг тус тус зөрчсөн бүртгэл хийгдсэний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэж маргаж буй бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ