Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00186

 

“Топуна” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05823 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1978 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Топуна” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хороонд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээнээс татгалзаж, хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 01 тоот дугаартай Үл хөдлөх хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээ-г тухайн үед Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо, “Топуна” ХХК-ийг төлөөлж захирал Г.Чинзориг нар байгуулсан.Уг гэрээг байгуулахад МАН-ын хороо нь талуудын эвлэрэн хэлэлцэхэд чиглэсэн үйл явцын санамж бичиг гэгчийг мөн 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, энэ гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт 0,085 га газрыг Монгол ардын намын хороо нь “Топуна” ХХК-нд эзэмшүүлэх үүргийг хүлээсэн.Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахгүй бусдад түрээслэн ашиг олж, мөн санамж бичигт тусгасан газрыг шилжүүлж өгөхгүй бэлэглэгчийг удаа дараа гомдоосон үйлдэл хийж байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээнээс татгалзах, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Талууд 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот үл хөдлөх хөрөнгийг зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээг “Топуна” ХХК-ийн 2006 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн байгуулсан бөгөөд энэ эвлэрлийн гэрээг 1120 тоот захирамжаар баталж, шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.“Топуна” ХХК нь 2013 онд Баянзүрх дүүргийн шүүхэд энэ гэрээний талаар дахин нэхэмжлэл гаргаж байсныг тус шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3135 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.Иймд уг гэрээний талаар “Топуна” ХХК-ийн удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасныг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Газар шилжүүлж өгөх гэрээ байгуулсан гэж ярьж байна. Намын хороо нь газар олгодог эрх бүхий этгээд биш тул энэ үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05823 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг тус тус баримтлан Үл хөдлөх хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээнээс татгалзаж, хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Топуна” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1978 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээ” байгуулахын өмнө 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Санамж бичиг” гэсэн баримт бичиг үйлдэн, энэ тохиролцоонд үндэслэн талууд эвлэрэн, шүүгч эвлэрлийг баталсан 1120 тоот захирамж гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Топуна” ХХК Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээ”, “Талууд эвлэрэн хэлэлцэхэд чиглэсэн үйл ажиллагааны санамж бичиг” зэргийг өөр өөрөөр тайлбарлан, дүгнэсэн боловч, гэрээ, иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан, хэрэг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж чадаагүй, бэлэглэгчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн шийдвэр, магадлал гаргасан юм.Нэхэмжлэгч “Топуна” ХХК нь өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг ажлын байрны зориулалтаар ашиглах болзол заан, МАН-ын хороо Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулан тодорхой байршилд, хэмжээ зааж газар эзэмшүүлэх эрх олгуулах үүрэг хүлээн эвлэрлийн гэрээ болон санамж бичиг зэргийг байгуулсан бөгөөд энэхүү гэрээ болон санамж бичгээр хүлээсэн үүргээ бэлэг хүлээн авагч тал биелүүлээгүй явдал нь бэлэглэгчийг гомдоосон төдийгүй, хууран мэхэлсэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан “ноцтой үйлдэл” тул тэрээр Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-т заасан эрхийн дагуу гэрээнээс татгалзах эрхтэй ба шүүхүүд түүний энэ эрхийг үгүйсгэн, хязгаарлаж, зөвхөн шаардах эрхтэй гэж дүгнэн үзэж байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.Дээрхи гэрээ болон санамж бичгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ үүрэг биелэгдэх боломжгүйг удаа дараагийн уулзалтууд болон шаардах хуудас, мэдэгдлийн хариуг авсны эцэст бэлэглэгч мэдэж, жил дотроо нэхэмжлэл гаргасан бөгөөд бэлэг хүлээн  авагч  гэрээ болон  санамж бичгээр  хүлээсэн үүргээ  зөрчин  байрыг бусдад түрээслэн ашиг, орлого олж байгаа болон газар олгуулах үүргээ биелүүлэхгүй хууран мэхэлсэн ноцтой үйлдэл хийснийг олж харахгүй, тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн шаардлагын дагуу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар гэрээ болон санамж бичгийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлан дүгнэж, тодорхой болзолтой, эвлэрэн хэлэлцэж болохыг, мөн уг болзолоо үүрэг хүлээгч биелүүлээгүй, бэлэглэгч гэрээнээс татгалзаж байгааг дүгнэн үзнэ гэдэгт бид итгэж байна гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Топуна” ХХК нь МАН-ын Баянзүрх дүүргийн хороонд холбогдуулан  бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба уг шаардлагаа “хандивын хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа”, эд хөрөнгө бэлэглэсний төлөө  “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт 0,085 га газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүйгээр ноцтой гомдоосон” гэх хоёр үндэслэлийг нэхэмжлэлдээ заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Топуна” ХХК нь Баянзүрх дүүргийн МАХН-ын \хуучин нэрээр\ хороотой 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Баянзүрх дүүргийн МАХН-ын хороо, үйлчилгээний төвийн барилгыг барих тухай” гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр дүүргийн намын хороо нь захиалагч, харин “Топуна” ХХК нь гүйцэтгэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан байх ба 12х24 м хэмжээтэй барилга баригдсаны дараа 12х12 м хэмжээ бүхий зүүн хэсгийг намын хороо ашиглалтад авахаар гэрээнд заасан боловч үлдэх баруун хэсгийг “Топуна” ХХК эзэмших талаар заагаагүй байна. Харин гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш гүйцэтгэгч барилгыг дүүргийн намын хороонд албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Барилгын үндсэн хөрөнгийг хоёр байгууллага тус тусын тайлан балансад тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах талаар мөн гэрээнд дурджээ \хх-ийн 8 дугаар тал\.

Нэхэмжлэгч “Топуна” ХХК нь хариуцагч Баянзүрх дүүргийн МАХН-ын хороонд холбогдуулан барилгын баруун жигүүрийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардаж, 2007 онд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “Топуна” ХХК барилгын өөрт ногдох хэсгийг дүүргийн намын хороонд хандивлах, эвлэрлийн гэрээнээс өмнө байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд талуудын хэн алин нь хүлээсэн үүргээ биелүүлэх, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхгүй байхаар харилцан тохиролцсоныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Эвлэрлийн гэрээнд агуулгыг нь дэлгэрэнгүй тусгаагүй боловч талуудын ийнхүү эвлэрэхийн үндэслэл болсон  “Санамж бичиг” нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байх ба энэхүү хэлцлээр Баянзүрх дүүргийн МАХН-ын хороо нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,085 \0,045\ га газрыг “Топуна” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах үүрэг хүлээсэн бол “Топуна” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр барилгын хэсгийг намын хороонд “хандивын гэрээ”-гээр шилжүүлэх үүрэг хүлээжээ \хх-ийн 9, 10, 14 дүгээр тал\.

“Топуна” ХХК 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг зориулалт зааж бэлэглэх буюу хандивын гэрээ” байгуулж, бэлэг хүлээн авагчид өөрийн өмчлөлийн 140 000 000 төгрөгийн өртөг бүхий барилгын өөрт ногдох 70 000 000 төгрөгийн хөрөнгийг Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны ажлын байрны зориулалтаар хариу төлбөргүйгээр бэлэглэжээ \хх-ийн 11 дүгээр тал\. 

“Топуна” ХХК нь Баянзүрх дүүргийн МАН-ын \шинэ нэрээр\ хороо үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлаар Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан байх ба прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ \хх-ийн 16, 17, 18 дугаар тал\.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5., 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276..5., 276.6.-д зааснаар тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болдог бөгөөд хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.

Баянзүрх дүүргийн МАН-ын хороо өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж байгаа ба уг барилгыг бусдад түрээслэн ашиглаж байгаа явдлыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Харин хандивын гэрээний 7 дахь заалт, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.6.-д зааснаар “Топуна” ХХК нь хандивлагчийн хувьд барилгын өөрийн бэлэглэсэн хэсгийг зориулалтын дагуу буюу намын хорооны ажлын байрны зориулалтаар ашиглахыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй. Мөн зүйлийн 280.3.-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05823 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1978 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                           Ц.АМАРСАЙХАН