2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09271

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 11 192/ШШ2025/09271

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байрлах Р ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт орших суух Б овгийн Тийн Б /РД:******9/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт орших суух Г овгийн Бын Ц /РД:******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 453,692,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хн, хариуцагч Т.Б ын өмгөөлөгч Д.Э, хариуцагч Б.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Т.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 453,692,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай "Р ББСБ нь зээлдэгч Т.Б ой 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдөр 09/08-02 тоот "Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээл олгосны шимтгэл 0.3 хувь зэрэг нөхцөлтэйгөөр зээл олгосон бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 09/08-02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ээр ****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ****** байрны хаягт байршилтай 402.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулсан байдаг. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй буюу гэрээнд заасан үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь нийт 20,000,000 төгрөгийн төлөлт хийсэн буюу зээлдэгч нь дээрх 09/08-02 тоот зээлийн гэрээний 4.1 дахь хэсэгт заасан зээлийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаанд нь үл маргах журмаар төлөх гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Энэ тухай зээлдэгч буюу хариуцагчид удаа дараа мэдэгдэж сануулахад янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй явсаар байна. Дээрх 09/08-02 тоот Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2025 оны 07 сарын 28- ны өдөр нэмэгдүүлсэн ба хүү 63,379,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,675,945 төгрөг нийт 76,055,672 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 604,999,151 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж тооцсон 604,999,151 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэв.

 

2.1 Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.Б миний бие "Р " ББСБ-тай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09/08-02 дугаартай Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан 350,000,000 төгрөгийн зээлийг гаргуулсан. Энэхүү Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулах хүсэл сонирхол нь шууд миний хүсэл сонирхол, миний хэрэгцээ шаардлага байгаагүй бөгөөд энэ нь дараах учир шалтгаантай болно. Би бол хувийн бизнес эрхлэгч иргэн бөгөөд ойролцоогоор 2023 оны 04 дүгээр сараас эхлэн "А " ХХК-ийн захирал Ц.Ц манай хүүгийн бизнест тусалж өгөөч, дэмжээд тодорхой санхүүжилт хийгээд өгвөл ашиг хуваалцах боломжтой гэж ярихад нь би тухайн үед тэдний хүсч буй хэмжээний мөнгө байгаагүй тул түүнийгээ хэлсэн. Гэтэл над руу удаа дараа хүсэлт гаргаж Өвөр монголын "И"  ХХК-тай гэрээ байгуулсан, сарын хугацаанд 1,0 /нэг сая юань өгөхөөр тохиролцсон гээд баталгааны бичиг харуулж ганцхан сарын хугацаатай хагас тэрбум төгрөг зээлүүлэхийг хүсэхэд мөнгө алга байна гэхэд Ц.Цын хүү Б.А манай аавын маш сайн таньдаг хүн 350,000,000 төгрөгийн зээл олгоё гэсэн та нэг сарын хугацаатай л надад мөнгө аваад өгөөч, би бүх эрсдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг хариуцна гэж намайг өдөр шөнөгүй гуйж байсан тул би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. За ингээд би нэгэнт зээл гаргаж өгч байгаа тул компанийн үйл ажиллагааг үнэхээр хагас тэрбум төгрөгийн санхүүжилт оруулахад сайжирч эдийн засгийн хувьд хэвийн болох бол нэг мөр асуудлыг шийдье гэж үзсэний үндсэн дээр нийт 528,200,000 төгрөгийг зээлүүлэхээр шийдэж Аын аав Б ийн холбож өгсөн ББСБ болох "Р "-тай гэрээ хийснээс гадна мөн дараах байдлаар санхүүжилт гаргасан. Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр С.Батжаргалтай Зээлийн гэрээ байгуулж 103,200,000 төгрөгийн санхүүжилт 2 сарын хугацаагаар авсан. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлдүүлсэн 75,000,000 өөрийн эх үүсвэрээр. Эдгээр эх үүсвэрийг бүрдүүлэхэд надаар зээл авахуулсан "А " ХХК -ийн гүйцэтгэх удирдлага болох Ц.Цм түүний хүү Б.А нар нь хувьцаа эзэмшигдчийнхээ хувьд хүлээн зөвшөөрч, бүрдүүлсэн санхүүжилтийн бүх эрсдэл, хүү, алданги, үндсэн төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн тул тэдний хүсэлтээр энэхүү зээлийг авч бүхэлд нь шилжүүлж өгсөн. Мөн энэхүү зээлийг авахад "Р " ББСБ-ын захирал Э үүнийг би өөрөө захиран зарцуулахаар авч байгаа биш, цаана нь А, Цм, түүний нөхөр Б нарын хүсэлтээр авч байгаа гэдгийг анхнаасаа бүрэн мэдэж байсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, өөрийгөө хариуцагч гэж үзэхгүй байна. гэв.

2.2 Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бямбабаатар овогтой Ц намайг тус дүүргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 192/Ш32025/32148 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хамтран хариуцагчаар оролцуулах тухай шүүгчийн захирамжаар "Р " ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн. Миний бие хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцуулахаар 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрсүрэн овогтой Энхбаярт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон болно. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: "Р " ББСБ нь миний нөхөр Т.Б од холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 17- ны өдөр тус дүүргийн шүүхэд хандан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09/08-02 тоот "Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ"-ний дагуу 453,692,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Миний хувьд нөхрийн надад ойлгуулснаар Б.А гэх залуу болон түүний аав, ээж нарт хууран мэхлэгдсэний улмаас Аын аавынх нь шавь гэх нэхэмжлэл гаргаад буй банк бус санхүүгийн байгууллагын захирал Т.Э дээр дагаж очиж тэдгээрийн урьд нь ярьж тохирсон байсан зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөн Т.Эынх нь хэлж өгснөөр гэрээ байгуулах тухай хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Тухайн үед миний хувьд төрөөд удаагүй нялх биетэй байсан тул надтай энэ талаар яриагүй болохыг сүүлд буюу намайг хариуцагчаар оролцох болсонтой холбогдуулан мэдсэн. Дээр нэр нь дурдагдаад буй Б.А болон түүний эх Цм, эцэг Б нар нь маш олон хүнийг энэ мэтээр залилж мөнгө болон эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан гэх бөгөөд одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон хоёрдугаар хэлтсээс Б.Аыг эрэн сурвалжилж байгааг холбогдох хүмүүстэй нь очиж уулзсанаар мэдээлэл олж авсан төдийгүй түүний нэг нь өөрийн нөхөр Т.Б болохыг мэдээд асууж шалгааж байж учир явдлыг нь ойлгосон. "Р " ББСБ захирал гэх Т.Э нь дээрх бүх нөхцөл байдлыг мэдэхийн ихээр мэдэж байж өнөөдөр миний нөхрөөс болон надаас өөрөө л хохиролгүй үлдэж байвал болно гэсэн шиг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Аын хаана байгаа газрыг олж тогтоож, түүнд холбогдох хэргийг эцэслэн шалгах хүртэл хэн хэн нь хохирсон гэдэг үүднээс хандах ёстой байсан гэж бодож байна. Нэхэмжлэгч "Р " ББСБ-ын захирал Т.Эын тус шүүхэд гаргасан 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/28 дугаартай "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нэмж оролцуулах тухай" хүсэлтэд дурдсанаар Давж заалдах шатны шүүхийн магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 09/08-02 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан Хан-уул дүүргийн ******байрны хаягт байршилтай 402.77 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Т.Б болон Б.Ц нар /барьцаалагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан/ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүрээнд хөрөнгийн өмчлөгч Б.Ц г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тодруулах байсан гэх үндэслэлээр ийнхүү анхан шатны шүүхэд буцаагдаж дахин хэлэлцэгдэж байгаа талаар дурьдаж, улмаар Б.Ц намайг дээрх иргэний хэрэгт татан оролцуулах болсон байна. Гэтэл миний бие анхнаасаа уг зээл болон барьцааны гэрээг байгуулахад байгаагүй бөгөөд энэ ч шалтгаанаар намайг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдаагүй байх гэж бодож байна. Мөн хариуцагчаар оролцуулах албан бичиг дурдсанаас үзэхэд барьцаалагчийг төлөөлж гэсэн нь хэн хэнийг төлөөлсөн болох нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. Би хэн нэгэнд өөрийгөө төлөөлж өөрийн өмч хөрөнгийг барьцаанд тавих ямар ч эрх олгоогүй болохыг энэхүү тайлбартаа дурдаж байна. Иймд анхнаасаа хууль зөрчиж хийсэн зээл болон барьцааны гэрээ байх тул зээлийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 09/08-02 зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн тооцоолол, төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000910105 дугаартай гэрчилгээний хуулбар, зээлийн хүсэлт, итгэмжлэл.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Т.Б , Б.Ц нарт холбогдуулан 604,999,151 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Т.Б , Б.Ц нарт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Р ББСБ ХХК-тай 09/08-02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 350 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олголтын шимтгэл 0,3 хувь байхаар тохирч зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081919 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, 607 байр хаягт байршилтай 402,77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 340 000 000 төгрөг, хүү 223,526,575.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,422,575.34 төгрөг, зээл олгосны шимтгэл 1 050 000 төгрөг, нийт 604,999,151 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тодорхойлж байна.

 

3.1. Хариуцагч Т.Б , Б.Ц нар нь зээл болон барьцааны гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин бусдын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд биш гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлжээ...гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-аас хариуцагч Т.Б ой 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-6-8х/.

 

4.2. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-аас хариуцагч Т.Б , Б.Ц нартай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-9-10х

 

4.3. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК, хариуцагч Т.Б нар нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09/08-02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 350 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээл олгосны шимтгэл 0,3 хувь байхаар, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Т.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12  дугаар сарын 08-ны өдөр дууссан байна.

 

4.4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, талууд мөн өдөр 09/08-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан Т.Б , Б.Ц нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******9 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ****** байр хаягт байршилтай 402,77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч нарын 2 хүний өмч болох нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-19х/

 

4.5. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн болох нь хэргийн 16-18 дугаар талд авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх-16-18х/

Мөн хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 10 000 000 төгрөг, зээлийн хүү 10 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хүү тооцооллын хүснэгт гэх баримтаар тогтоогдож байна. /хх-14х, 34х, 70х, 114х/

 

4.6. Хариуцагч Т.Б , Б.Ц нар нь гэрлэгчид, гэр бүлийн эхнэ, нөхөр гэдгийг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тэдгээний төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа дурьдсан байна.

 

5. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан анх шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 340,000,000 төгрөг, хүүний төлбөрт 97,437,808 төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 15,204,822 төгрөг, зээл олголтын шимтгэл 1,050,000 төгрөг нийт 453,692,630 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүүний төлбөрт 125,271,233 төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 20,771,507 төгрөг, 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр хүүний төлбөрт 160,146,849 төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 27,746,630.14 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүүний төлбөрт 223,526,575.34 төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 40,422,575.34 төгрөг болгон нэмэгдүүлж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 340,000,000 төгрөг, хүүний төлбөрт 223,526,575.34 төгрөг төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 40,422,575.34 төгрөг, зээл олголтын шимтгэл 1,050,000 төгрөг нийт 604,999,151 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагч нарт гардуулсан байна.

 

6. Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай зохигч нарын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/08-02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нийцсэн тул нэхэмжлэгч Р ББСБ ХХК-аас иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

8. Хариуцагч нар нь Р ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж, 222.1.2 дахь хэсэг үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, хариуцагч үүргээ биелүүлээгүй талаар өөр тайлбар өгдөг зэргээр тогтоогдсон тул хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлэн хүүг шаардаж байгааг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн  09/08-02 дугаартай зээлийн  гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг, гэрээгээр тохирсон шимтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй. Зээлийн тооцоолол үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд биш гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Р ББСБ ХХК-аас нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөрт 340,000,000 төгрөг, хүүний төлбөрт 223,526,575.34 төгрөг төгрөг, нэмэгдүүсэн хүүний төлбөрт 40,422,575.34 төгрөг, зээл олголтын шимтгэл 1,050,000 төгрөг нийт 604,999,151 төгрөгийг хариуцагч Т.Б , Б.Ц нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Т.Б , Б.Ц нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Р ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,726,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б , Б.Ц нараас 3,726,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.       Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т

заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б , Б.Ц нараас 604,999,151 /зургаан зуун дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Б , Б.Ц нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******байр хаягт байршилтай 402,77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Р ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,726,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б , Б.Ц нараас 3,726,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.А