Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 

Б.Нд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Б.Н,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Нд холбогдох 2208018520258 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж овогт Бийн Н, 00 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Х сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Толгойтын 00 дугаар гудамжны 000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 000 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогоос 10,221,750 төгрөгийг хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Толгойтын 00 дугаар гудамжны 00 тоот гэртээ байхдаа 000 оны 11 дүгээр сард “А” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, “годон гутал зээлээр өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, годон гутлын урьдчилгаа нэрээр төлбөр авч, нэр бүхий 35 хохирогчид 6,258,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ж овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгийн цагдан хоригдсон 508 (таван зуун найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Нгийн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.А, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Н.А нарт асран хамгаалагч тогтоохыг Архангай аймгийн Х сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл Н.А, Н.А нарыг шүүгдэгч Б.Нгийн эх Н.Пын асрамжинд түр байлгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт “Х” ХХК-д 4,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Нгээс 6.221.750 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д, 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Уд, 144,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мд, 104,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ад, 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мг, 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эт, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дт, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бод, 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бд, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бд, 245,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бид, 160,000 төгрөг гаргуулж хохирогч С.Бд, 60,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ат, 210,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт, 75,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эд, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Нд, 140,000 төгрөгийг хохирогч Ц.От, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч гаргуулж М.Сод, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Год, 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ад, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мд, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Өт, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад, 80,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 215,000 төгрөгийг хохирогч Э.Эт, 115,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од, 140,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дт, 160.000 гаргуулж хохирогч Ө.Ад, 150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цд, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Хт, 320,000 төгрөгийг гаргуулж хохирогч М. т тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.От даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: ...1.Завших хэргийн хохирол болох 10,221,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг шалгахдаа дутуу шалгасан. Надад мөнгө өгсөн гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй. “Х” ХХК тэдгээр хүн болон байгууллагыг төлөөлж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй, миний өөрийн данс болон ээжийн данснаас шилжүүлсэн мөнгийг хохирлоос хасаагүй. 2. Ц ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг компани нь “Х” ХХК-ийн хамаарал бүхий компани юм. 3. “Х” ХХК-аас Б.Н надад тоолж хүлээлгэж өгсөн бараа материалаас гурил огт байхгүй. 4. Шүүх тодорхойлох хэсэгтээ “N” ХХК, “А” ХХК, “А” цех, “Г” цех, “Д” цех, “Х” ХХК, “Б” цех, “Ш” зоог, “Ү” цех зэрэг байгууллагад гурил борлуулна гэж гурил авсан мөртлөө тухайн байгууллагуудад гурил борлуулаагүй” гэдэг нь үндэслэлгүй, би “Х” ХХК-аас гурил аваагүй. 5. Би мөнгө авсан хүмүүсээс хувийн тохиролцоо хийж мөнгө зээлж авсан. 6. Хэргийг шалгахдаа намайг баривчилсан өдрийг хавтаст хэрэгт тусгаагүй, мөрдөгч С нь өөрийн гэртээ олон хоног хорьсон, хамгийн сүүлд хохирсон Н.М намайг хоригдсон өдрөөс хойш хохирсон байна. 7. Шүүх дүгнэлтдээ Хаан банкны ...000 эдгээр дансуудыг огт мэдэхгүй, мөнгө шилжүүлж аваагүй тул энэ дансуудын эзэмшигч, эздийг тогтоож шалгаж өгнө үү 8. “А”, “7” гэх фейсбүүк хаягийг би нээгээгүй, ашиглаагүй, минийх биш, хэн гэдэг хүн эзэмшдэг гэдгийг шалгаж тодруулж өгнө үү. 9. Шүүх дүгнэлтдээ гар утас нотлох баримтаар хураагдсан гэсэн байна. Уг утсыг хэдэн сарын хэдний өдөр, хаанаас, хэн гэдэг мөрдөгч хураан авсныг тогтоож өгнө үү. 10. Гар утас, фейсбүүкүүдэд үзлэг хийхэд хамт байлцсан хөндлөнгийн гэрч байвал, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж өгнө үү. 11. Хэрэгт болон шүүхийн тодорхойлох хэсэгт гэрч Б.С гэсэн байна. Энэ мөрдөгч намайг анх баривчилж, мэдүүлэг авч байсан бөгөөд тэр мэдүүлгээ хэрэгт тусгаагүй, намайг хотод машиндаа хонуулсан, бас Увс аймагт гэртээ хууль бусаар олон хоног саатуулсан ийм хүн миний эсрэг гэрчээр мэдүүлэг өгч болдог юм уу. 12. Надаас мэдүүлэг авсан гэх нотлох баримт нь хууль бус гэж үзэж байна. Олон хоног гэртээ хоол ундгүй хорьж байгаад мэдүүлэг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Нгийн зүгээс анхан шаны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байна. Учир нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаж байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ял хохирол, хор уршиг тооцсон байдал нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н гэм буруугийн талаар маргадаг. Дээрх хоёр үйлдэлдээ буюу эд хөрөнгө завшсан, бусдын эд хөрөнгө залилж, байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогддог. Мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу энэ гэмт хэргийг үйлдэж олсон орлогоо өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийхээ амьжиргааг залгуулах эх үүсвэр болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай яриад байх шиг байна. Увс аймагт намайг ингэж хорьж цагдаж мэдүүлэг авсан гэх зүйлийг ярьдаг. Шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тухайн нэр дурдагдаж байгаа мөрдөгчийг эрүүдэн шүүсэн гэх гомдлын талаар тусдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шалгасан нөхцөл байдал байдаг. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж прокурорын зүгээс харж байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулах, хохирлоос тооцоогүй байна гэдэг гомдол нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч гаргасан. -А ХХКийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргаж хангалттай нотлон тогтоосон. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээрзүйлийн 10 дахь хэсгийн 1-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй учраас шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Н би давж заалдах гомдол гаргасан. Гомдол гаргасан учир нь “Ө ХХК”-ийн хохирол дээр маргаантай байгаа. Өмнө нь өгч байсан давж заалдах гомдол дээр хэлж байсан. Ээж н.Пын дансны хуулга, өөрийнхөө дансны хуулгаар мөнгө шилжүүлсэн баримтад байгаа мөнгийг хасаж хохиролд тооцоогүй. Тэрийг хасуулмаар байна. Тухайн өдрийн өглөө, өдөр, орой нь шилжүүлсэн 9,000,000 гаруй төгрөгийг яагаад хасахгүй байгаа юм бол. “Ө ХХК” нь намайг гурил авч яваад нөгөө газраа хүргэж өгөөгүй гэсэн байсан. Би гурил авч явдаггүй. Өөр хүмүүс авч яваад хүргэж өгдөг байсан. Яагаад ингэж худлаа ярьсан бэ гэдэг талаар тодруулмаар байна. Мөн цагдаа нар шалгахдаа надад мөнгө өгсөн гээд байгаа хүмүүсийг асууж болохгүй юу? Тэр хүмүүсийг яагаад ганцхан “Ө ХХК” төлөөлөөд байгааг би ойлгохгүй байна. Тэгээд өөрсдийнхөө хамаарал бүхий аудитын компаниар дүгнэлт гаргуулчихаад 10,200,000 төгрөгийн баримт гаргуулсан байсан. Ийм, ийм байгаа гэдгээ би захиралд хэлсэн. Гэтэл захирал тэрийг чинь цагдаа шалгаад шийднэ л гэсэн. Цагдаа энэ талаар надаас байцаалт аваагүй. Увс аймагт цагдан хоригдож байхад байцаалт авсан мэтээр хэрэгт хавсаргасан байна лээ. Тэр цагдаа хэлэхдээ чамайг хот руу шилжүүлэх гэж байна. Энэ дээр гарын үсэг зураадах гэсэн. Тухайн үед би анх удаа цагдан хоригдож байсан. Ухаан санаа манарчихсан байсан. ... “ Ө ХХК”-ийн хохирол дээр би зөвхөн учруулсан хохирлоо төлнө гэж ойлгож байгаа. Би 2, 3 жил цагдаагаар явж байна. Сонгинохайрхан дүүргийн байцаагч н.Улсболд “Ө ХХК”-ийн хэргийг шалгаж байхад би өөрөө явж очиж байсан. Гэтэл сүүлд шүүхийн дүгнэлтийг үзэхэд оргодол зугтаасан гэсэн байсан. Үүнийг би ойлгохгүй байна. Олон хоног гэртээ хорьсон асуудалд хэдий намайг зодож нүдээгүй ч гэсэн хүний эрхийн газарт гомдол гаргаж, өлсгөлөн зарлаад чадахаараа тэмцсэн. Зодож нүдээгүй гэдгийг би үнэнээр нь мэдүүлсэн. Эцэстээ 2 удаа давж заалдах шатны шүүх хурлаар ороод байж байна. Миний завших гэх хэргийг хэн шалгасан юм бэ? Мөрдөгч шалгасан уу? “Ө ХХК” өөрөө шалгасан юм уу? Энэ үнэхээр ойлгомжгүй байна. Мөрдөгч шалгасан бол би хэлж байсан. “А” гээд байгаа та залгаад асуу. Би “Ө ХХК”- ийн мөнгийг аваагүй гэдгээ хэлсэн. Тэгтэл за наадах чинь учир нь олдоно. Чи харин төлбөрөө төлж чадна биз дээ гэсэн. Би төлнө.Миний машиныг аваад үлдсэн гэсэн чинь тэгвэл машинаа зараад хохирлоосоо төлүүлчих гэж хэлсэн. Тэгээд би машинаа авах гэхээр өгөхгүй байсан юм. Машиныг унаж байгаад эвдчихсэн байсныг сүүлд би мэдсэн. Би прокурорт хэлж байсан. Хохирогч нар байгаа юм чинь миний царайг харуулаад, дуу дүрсийг үзүүлээд өгөөч гээд. Утсаар ярьсан баримт байгаа шүү дээ. Намайг харуулаад өгөөч намайг хараад мөн бол танина шүү дээ. Утсаар ярьж байсан хүмүүс мэднэ. Би чинь багаасаа жоохон хэл муутай байсан. Цэргийн он жавууд, ангийхан гээд бүгд мэднэ. Одоо сайжирсан уу гэдгээ мэдэхгүй байна. Надтай яриулаад өгөөч, намайг танина гэж зөндөө гуйж байсан. Хамгийн гол нь урьд мөрдөн байцаагдаж байхад хамаг юм болсон. Түүнээс хойш дараа дараагийн хүмүүс тийм баримт гараад ирэхээр итгээд явчихсан. Дахин шалгах боломж байна уу? гэж бодож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. Прокуророос Б.Нгийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нгийн гэм бурууг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлж эхэлдэг нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Б.Нгийн тухайд бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгон нэр бүхий 35 иргэнийг залилж нийт 6,258,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний бусдыг залилсан нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдолтой байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсныг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1- д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байна. Тодруулбал, шүүгдэгч Б.Н нь 000 оны 11 дүгээр 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 35 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн тоглоом тоглох хэрэгцээндээ зарцуулсан буюу тоглоом тоглож байнга уг үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгожээ. Иймд Б.Нг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Нгийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ний Улаанбаатар салбар, Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр 000 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 000 оны 04 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж байхдаа 000 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд борлуулалтын орлогоос 10.221.750 төгрөгийг дутааж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, тэдний цахим сүлжээнд хоорондоо харилцсан баримт, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогдсон байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Б.Нг “...хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй, түүнчлэн санхүүгийн баримтанд 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй ажилтныг тухайн аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулан үзэх боломжгүй. Тиймээс дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй буюу иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль тогтоомж, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх тул хэргийг дутуу шалгасан дахин шалгуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б.Нгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2- т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮ