Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 79

 

2018 оны 5 сарын 01 өдөр                       2018/ШЦТ/79                             Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0096/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                Д.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт Дамдингийн Бд холбогдох 18390018600100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1967 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 50 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ногооны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг Хийдийн 28-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Орлой овогт Дамдингийн Б /РД: /  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 28-3 тоотод эхнэр Д.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Үүрцайх над руу утсаар яриад хөдөө мал төллөөд хэцүү байна та ирж хүүхэд харж өгөх үү гэж хэлсэн. Би хамтран амьдрагч Бд хандан хөдөө мал төллөөд хэцүү байна бид хоёрыг хүүхэд хараад өгөх үү гэж асууж байна гэхэд Б тэгүүл явах уу гэсэн. Тэгээд би Бы хажууд охин руугаа яриад очих уу гэж асуусан чинь манай охин Үүрцайх надад хандан хэрэггүй аав Ганболд ирсэн гэж хэлсэн. Тэгсэн манай хамтран амьдрагч Б охины ярьсныг сонсоод танай охин Ганболд та хоёрыг нийлүүлж эргүүлж суулгах гэж байна гэж уурлаад намайг баруун гараараа миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд миний нүд хамар хэсгээр хөхөрсөн юм. Би урьд нь Ганболд гэдэг хүнтэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөөд одооноос 15 жилийн өмнө салсан. Тэгээд Б салсан нөхөртэй маань хардаад миний нүүр хэсэгт цохисон.......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 10-ны №150 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд 

Д.Нарангэрэлийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.... /ХХ-23 хуудас/

Сэжигтэн Д.Бы мөрдөн байцаалтан өгсөн: “...би согтоод Нарангэрэлийг цохисон юм шиг байна лээ. Би сайн санахгүй байгаа юм. Манай эхнэр болох өмнөх нөхөр Ганболдоосоо 10 гаран жил болж байгаа. ...араас нь очино гэхээр нь аминдаа хардаад цохичихсон юм шиг байна лээ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 28-3 тоотод эхнэр Д.Нарангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Бы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны №150 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нарангэрэлийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Орлой овогт Дамдингийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ