2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/08918

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 04 192/ШШ2025/08918

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  *****Гандангийн баруун талд байрлах П ХХК /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаягт байрлах, З ХХК /РД: *****/-д холбогдох,

32,713,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарь, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч З ХХК -д холбогдуулан 32,713,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: П " ХХК нь "З " ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "Бараа Зээлээр Худалдах-Худалдах авах гэрээ" байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь манай компаниас сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авч гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж тус тус заасан. Гэрээний хугацаанд хариуцагч нь 21,809,2007-ний сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үнийг төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөр 21,809,200+алданги 10,904,600=32,713,800-ийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь төлж барагдуулаагүй байна. Иймд "Сэлбэг зээлээр худалдах-худалдан авах гэрээ"-ний үүрэгт хариуцагч "З " ХХК-иас нийлүүлсэн сэлбэг, тос тосолгооны төлбөрт 32,713,800-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч З ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Алданги 10,000,000 төгрөгийг 50 хувиар багасгаад 5,000,000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хийхдээ өгөөд үлдсэн төлбөрөө 2 сарын дотор багтаан төлөх хүсэлтэй байна. Би эвлэрлийн гэрээг бэлтгээд аваад ирсэн боловч яг одоо надад гарын үсэг зурах эрх олгогдоогүй учир итгэмжлэл авсан үедээ эвлэрлийн гэрээндээ гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 24/36 Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, зарлагын баримтуудын хуулбарууд.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй

байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч П ХХК-аас хариуцагч З ХХК-нд холбогдуулан 32,713,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Шүүхээс хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гд 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хариу тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу ирүүлээгүй байна. /хх-61х/

 

Шүүхээс шүүх хуралдааныг хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэж, шүүх хуралдаанд хариуцагчийн сонгон авсан өмгөөлөгч Н.М оролцдог бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс удаа дараа шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлт байгаа талаар хүсэлт гаргадаг ба шүүхээс нэг удаа эвлэрэн хэлэлцэх асуудлаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хурлыг хойшлуулж байсан.

 

Тодруулбал: 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяагаас...хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г нь худалдан авсан барааны төлбөр болох 21,809,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин гэрээний алдангид нэхэмжилсэн 10,904,600 төгрөгийг багасгаж, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломж олгохоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...гэсэн хүсэлт гаргаж, шүүхээс зохигчдын эвлэрэн хэлэлцэх хугацаа олгохоор хойшилж байсан байна.

 

Харин 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энэхүү шүүх хуралдаанд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч өмнөх байр сууриа дэмжиж оролцсон байна.

 

3. Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчаас сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авсан боловч гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулаагүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө гэж заасан байдаг. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар барааны төлбөр 21,809,200 төгрөг дээр гэрээний алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувийн 10,904,600 төгрөгийг нэмж нийт 32,713,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

 

3.1. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй, харин хариуцагчийн өмгөөлөгч Н.Мнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г нь худалдан авсан барааны төлбөр болох 21,809,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин гэрээний алдангид нэхэмжилсэн 10,904,600 төгрөгийг багасгаж, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарын итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийг татгалзаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч З ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2024-02 дугаартай Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2024-02 дугаартай Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-5-9х/

 

4.2. Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2024-02 дугаартай Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5. П ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №24/36 дугаартай албан бичгээр....зээлээр авсан барааны төлбөр 21,809,200 төгрөг, алданги 10,904,600 төгрөг нийт 32,713,800 төгрөгийг 2024.12.15-ны өдрийн дотор төлнө үү...гэсэн мэдэгдэл хүргүүлж байсан байна. /хх-10/ Уг мэдэгдэл хуулбар хувь боловч хариуцагчийн өмгөөлөгч үндсэн төлбөр 21,809,200 төгрөг дээр маргадаггүй тул мэдэгдэл хүлээн авсан гэдэгт маргаагүй гэж үзэхээр байна.

 

6. Нэхэмжлэгч П ХХК-ийн зарлагын баримтаар хариуцагч З ХХК-нд сэлбэг, тос тосолгооны бүтээгдэхүүн зээлээр худалдсан гэх баримт хэрэгт авагдсан байна. Уг зарлагын баримтаар П ХХК-аас хариуцагч З ХХК-нд сэлбэг, тос тосолгооны бүтээгдэхүүний нийт 21,809,200 төгрөгийн бараа нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-13-52х/

 

Уг зарлагын баримтыг хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, 21,809,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар зохигчид 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2024-02 дугаартай Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.6-т зааснаар худалдан авагч тал төлбөрийг 2.5-т заасны дагуу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж тооцно гэж заасан байгаа нь хуулийн дээрх заалттай нийцсэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан нөхцлөөр алданги шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагчаас зарлагийн баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл бараа худалдан авсан нийт төлбөр 21,809,200 төгрөгийг нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь хоногт тутам 0.5 хувиар тооцоход үндсэн төлбөр болох 21,809,200 төгрөгийн 50 хувиас хэтэрч гарсан байх тул нэхэмжлэлд заасан алдангийн төлбөрт 10,904,600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 10,904,600 төгрөг нийцсэн, нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчөөс итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн тайлбарыг шүүхэд нэмж гаргасан байдаг.

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25/03 дугаартай албан бичгээр В.Цд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх олгосон итгэмжлэлийг гаргасан.

 

Уг итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон бөгөөд ...нэхэмжлэлийг гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах....гэх мэт бүхий л эрхийг олгосон байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү итгэмжлэлээр олгосон гэж үзэхээр байна, учир нь ...нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах ...гэж нэг бүрчлэн бичээгүй ч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг гардан авах эрх олгож байгаа нь нэхэмжлэл гаргах эрх олгосонтой адилтган үзэх боломжтой бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх олгох боломжгүй юм. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгосон гэж бичээгүй нь итгэмжлэлийг үгүйсгэх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

9. Шүүхээс хариуцагч З ХХК-аас сэлбэг, тос тосолгооны бүтээгдэхүүнийн худалдах-худалдан авах төлбөрт 21,809,200 төгрөгийн төгрөгийг, алдангид 10,904,600 төгрөг нийт 32,713,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 321,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан З ХХК-аас 32,713,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-аас 321,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД