2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08368

 

 2025              10             16                                                 192/ШШ2025/08368                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоотод оршин суху, С ургийн овогтой С.А /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоотод байрлах, А ХХК /РД:**/-д холбогдох,

 

Өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С овогтой А нь 2021 оны 1 сард фэйсбүүкт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн аманд байгалийн цогцолбор газарт хаус захиалгаар барьж өгнө гэсэн зарыг харж утсаар нь холбогдож төслийн талаар мэдээлэл авч очиж үзсэн. Төсөл таалагдсан тул төслийг гүйцэтгэж байсан А ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээг иж бүрэн түлхүүр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардуулан өгөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний нийт төлбөр 209 000 000 төгрөг. Төлбөрийг 50-100 хувь төлсөн тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн тул тохиролцсоны дагуу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 110 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний нийт үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлт гэж 11 000 000 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тусгаж гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 110 000 000 төгрөг2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4000 ам.доллар х 2 850-11 400 000 төгрөг бэлнээр, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 40 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг тус тус шилжүүлж төлбөрийг 100 хувь төлсөн. Анх Бугат вилла хотхон төслөө танилцуулахдаа бүх зүйл нь шийдэгдсэн цогц, сайхан хотхон болно. Юунд ч санаа зовох хэрэггүй. Айл бүхэн тусдаа ээзмшил газартай, дулаан гражтай, цэвэр бохир, цахилгаан нь бүрэн шийдэгдсэн цогцолбор хотхон болох юм. Барилгын баг маань туршлагатай найдвартай хүмүүс байгаа, дор нь 3 сарын дотор бариад түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй өгнө гэж ёстой сайхан ярьж байсан тул тус хаусыг захиалахыг зөвшөөрч гэрээг байгуулан төлбөрийг 100 хувь төлсөн. Уг хаусыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан ч уг барилгыг дуусгаагүй барилгын ажлыг зогсоосон. Барилгын ажил дэндүү удаашралтай явагдсан мөн зогсонги байдалд орсон тул үлдсэн засварын бүхий л ажил руу өөрөө орж өөрөөсөө маш их зардал гаргасан. Гэтэл одоог хүртэл уг хаусын барилгыг актаар хүлээлгэж өгөхгүй, огт уулзахгүй зугтааж, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Энэ хугацаанд А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж нь бичиг баримт хөөцөлдөж байгаа та түр хүлээж бай, санаа зоволтгүй удахгүй, нийслэл дээр бараг боллоо гэж хуурч явсаар гэрээний үүргийг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Яг ийм байдлаар тус хотхоны С эгнээний бүхий л айлыг хуурсан байгаа юм. Иймд А ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Амины орон сууц захиалан бариулах №02/21 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу ** тоотод байрлалтай 110 м.кв 4 өрөө Амины орон сууцны өмчлөгчөөр С.А намайг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар өгөөгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ, С.А-ийн Г-ны дансны хуулга, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ** тоотод байрлалтай 110 м.кв 4 өрөө амины орон сууц нь бусдын өмчлөл, эзэмшил, барьцаалбарт бүртгэлтэй эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ** тоотод байрлалтай, 110 м.кв, 4 өрөө амны сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч А ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Амны орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Барилгын 2021 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр заасан ч барилгын ажил удааширсантай холбоотой өөрсдөө их зардал гаргаж дотор заслаа хийж орсон. Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. А ХХК болон С.А нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 02/21 дугаар амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь ** тоот, 4 өрөө, 110 м.кв талбайтай, төмөр бетон каркас хийцлэлтэй амины орон сууцыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусгах, улсын комисст 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр, захиалагч С.А нь гэрээний үнэ 209 000 000 төгрөгөөс 5 хувийн хөнгөлөлт 11 000 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 198 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

 

5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.А нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний зүйл болох амины орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан болох нь түүний нэхэмжлэлийн үндэслэлээр тогтоогдож байна.

 

5.4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх лавлагааг баримтаар гаргуулсан бөгөөд тухайн хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10-6/2010 дугаар албан бичгээр хариу ирүүлжээ.

 

5.5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.А нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул түүнийг ** тоотод байрлалтай, 110 м.кв, 4 өрөө амны сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

5.6. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах шаардлага нь бие даасан шаардлага гэхээс илүүтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

5.7. Учир нь шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй.

 

5.8. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

7. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг төлөөлөгч Ч.Ж-ийн ** дугаарт 2025.10.06-ны мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ** тоотод байрлалтай, 110 м.кв, 4 өрөө амны сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.А-ийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.А-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ