| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413000800305 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
Х.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/106 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Б-, Т.З- нарт холбогдох эрүүгийн 2413000800305 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч Х.Б-ын өмгөөлөгч Х.Бакен, яллагдагч Т.З-ын өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл **хүнтэй, **** хамт ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Х.Б-, РД:**********.
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл ** хүнтэй, ******* хамт ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Т.З-, РД: ************.
3.Холбогдсон хэргийн талаар:
3.1. Яллагдагч Т.З- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байхдаа тус аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Б-тай бүлэглэн хамтран оролцож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.12.07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, 2019.10.28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багт иргэн 3.Е-ад 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхдээ дээрх захирамжийн төслийг боловсруулан санаатай дэмжлэг үзүүлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад буюу иргэн З.Е-ад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт,
3.2. Яллагдагч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.З-тай бүлэглэн хамтран оролцож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.12.07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, 2019.10.28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар тус сумын 5 дугаар /Ховд гол/ багт иргэн З.Е-ад 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад буюу иргэн З.Е-ад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэм хэрэгт,
3.3. Мөн тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан Т.В, М.Ч, Д.С, Х.М, Т.К, И.М, М.Г, М.Б, Д.Б, А.С, А.Б, Х.А, А.Б, С.Ж, Т.С, С.А, Х.К, А.Х, Х.К нарын 19 иргэний 43,218,298 төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлэн, улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018, 2019 онуудад “...иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүсье” гэсэн утга бүхий нийт 19 албан бичгийг хүргүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн нэр бүхий 19 төлбөр төлөгчийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож хаалгаснаар тэдэнд төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 246/а дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Х.Б-, Т.З- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/106 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Х.Б- нарт холбогдох эрүүгийн 2413003040410 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
5.1. ...Хохирогчоор Өлгий сумын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг, хууль ёсны төлөөлөгчөөр тухайн “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал”-ыг төлөөлөх албан тушаалтныг тогтоох ажиллагааг нэмэлт ажиллагаагаар гүйцэтгүүлэх,
5.2. ...Нэмэлт ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан гэх Б.А-ээс мэдүүлэг авч, гэмт хэрэг гарсан байдлыг болон Эрүүгийн хуульд заасан бусад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, мөн иргэн З.Е-ад хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх үйлдэлд газрын даамлаар ажиллаж байсан Б.А-ийн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэх,
5.3. ... Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газрын Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр Ц.О- гэх хүн ажиллаж байсан нь тогтоогдож, яллагдагч Х.Б- нь мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж байгаа тул түүний мэдүүлэгт үндэслэн, Ц.О-ээс мэдүүлэг авч прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тодруулах, нэр бүхий 19 иргэнд давуу байдал бий болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэх хэрэгт Ц.О-ийн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоох,
6. Прокурорын эсэргүүцэлд:
6.1...Хэрэгт авагдсан иргэний хариуцагч нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар Ц.О- нь 2019 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Өлгий сумын Сум хөгжүүлэх зээл авсан нэр бүхий 16 хохирогчийг “чанаргүй зээл рүү оруулж өгнө, зээлээс чөлөөлж өгнө” хэмээн хуурч, нийт 25,815,000 төгрөгийг залилж авсан үйлдэлд шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогддог.
Тодруулбал дээрх хэргийн нэр бүхий хохирогч нарын хувьд Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг зөвхөн Ц.О-д өгч тэрээр өөрөө хувьдаа захиран зарцуулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг, харин Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий 19 иргэний 43,218,298 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Х.Б- нь Өлгий сумын Засаг даргын хувьд зөвхөн төлбөр авагчаар оролцох эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх хуудсыг хаах албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус бие даан үйлдсэн гэж дүгнэхээр байна.
6.2. Түүнчлэн Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд Ц.О-д холбогдох эрүүгийн 2013003750076 дугаартай хэрэгт хохирогчоор, харин яллагдагч Х.Б-т холбогдох тус хэрэгт иргэний хариуцагчаар тус тус мэдүүлэг өгөхдөө Ц.О-тэй зээл төлөх талаар иргэдтэй харилцан тохиролцож хуваарь гаргаж байсан талаар огт дурдагдаагүй байна. Иймд иргэний шийдвэр гүйцэтгэх харилцаанд Ц.О- нь оролцогч биш тул түүнийг дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм.
6.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн дагуу иргэн З.Е-ад газар эзэмшүүлэх үйл явцыг цаг хугацааны он сарын дарааллаар сэргээн дүрсэлбэл 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн З.Е-ад 428 м.кв газрыг эзэмшүүлэх тухай А/312 дугаар захирамжийн төслийг Т.З- боловсруулж, Засаг дарга Х.Б- баталж гаргасан бөгөөд уг захирамжийн 3 дахь заалтад “Эзэмшүүлсэн газрын холбогдох материалыг бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгэж авахыг газрын даамал Т.З-, Б.А- нарт даалгасугай" гэж дурджээ. Дээрх захирамжийн дагуу газрын даамал Б.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээрх газрыг иргэн З.Е-ын нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэн, газрын хэмжээг кадастрын мэдээллийн санд оруулж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн З.Е-ын нэр дээр бүртгэлийн 0000***** дугаартай газар эзэмших гэрчилгээг гаргаж олгосон үйл баримт тогтоогддог.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Б.А-ийн хувьд Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн төслийг боловсруулах, батлах үйл явцад оролцоогүй, харин тухайн захирамжид даалгасан үүргийн хүрээнд газрын даамлын ажил үүргээ хэрэгжүүлсэн төдий тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэх боломжгүй.
6.4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжаар иргэн З.Е-ад олгосон газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэрэгт хохирогчоор Өлгий сумын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг, хууль ёсны төлөөлөгчөөр тухайн “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал”-ыг төлөөлөх албан тушаалтныг тогтоох нь зүйтэй байсан гэж үзэж байна.
Учир нь шүүгчийн захирамжид дурдсан хуулийн зохицуулалтууд нь өмчлэлтэй холбоотой байх бөгөөд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлууд нь өөр өөр эрх зүйн үр дагавартай, зохицуулагдах хууль тогтоомжтой юм. Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал хүсэлт”-ийг хэрэглэхгүй орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
6.5. Иймд яллагдагч Т.З-, Х.Б- нарыг гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
7. Яллагдагч Х.Б-ын өмгөөлөгч Х.Бакены давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. О-ийн асуудалтай холбоотой тайлбар хэлье. О- 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын Жижиг дунд үйлдвэр хоршоо хариуцсан мэргэжилтнээр томилогдоод, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Т.Б- өөрийн санаачилгаар албан тоот төлөвлөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох албан тоотыг явуулаагүй. Бүх асуудал О-ээр дамжиж байсан. О- нь тухайн үед холбогдох хүмүүсийн өргөдөл, материалыг аваад, эдгээр хүмүүстэй дараа нь төлөхөөр харилцан тохирсон гээд, тэр хүрээнд гэрээ байгуулсан. Түүнээс биш Х.Б- өөрөө санаачилж хэн гэдэг хүнд хэдэн төгрөгийн үлдэгдлийн мөнгө байгаа эсэхийг мэдэх боломж байхгүй. Иймд О-ийг гэрчээр асуух шаардлагатай. Хоёрдугаарт, дараа нь төлөхөөр харилцан тохиролцон гэрээ хийсэн гээд байна. Тухайн гэрээ нь байвал түүнийг О-ээс гаргуулж, хэрэгт хавсаргах шаардлагатай. Гуравдугаарт, Х.Б-т албан тоотыг оруулж, шийдвэрийг гаргуулсан бол О-ийг хамтран оролцогчоор хэрэгт татах тухай саналыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол дээр нэр бүхий 15 хүний мөнгийг хувьдаа аваад, завшсан. О- нь эдгээр хүмүүстэй харилцан тохиролцсон. Шийдвэр гүйцэтгэх газарт албан тоот явуулж, зээлийг хаагаад, дараа нь төлж өгье гэж тохиролцсон” гээд Х.Б- нь гарын үсэг зурсан байгаа.
8. Яллагдагч Т.З-ын өмгөөлөгч Х.Зулхашийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгч Х.Бакены гаргаж байгаа тайлбартай санал нийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. М.Саулеш нь тухайн үед Засаг дарга Х.Б-ыг төлөөлөн, тухайн давуу байдал бий болгосон гэх захирамжийг хамгаалан оролцуулж байсан. Гэтэл Х.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа нь зохимжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хохирогчийг тогтоох асуудал дээр хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
8.2. Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан А-тэй холбоотой асуудлыг шалгахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нэг үндэслэл болсон. Прокурорын эсэргүүцэл дээр А- нь шийдвэр гарсны дараа гэрчилгээ бичиж олгосон, гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар А- газрын даамлаар ажиллаж байхад Е-ын өргөдлийг хүлээн авч, батлагдсан заавар, журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, судалж Засаг даргад санал оруулсан. Уг саналыг А- оруулж ирснээр Т.З- захирамжийг төлөвлөөд, Засаг дарга захирамжийг гаргасан үйл баримт нотлогдон тогтоогддог. Газрын тухай хуульд газар эзэмших асуудлын талаар тодорхой дурдсан. Засаг даргын захирамж гарснаар газар эзэмших эрх үүсэхгүй, газар эзэмших эрх нь газар эзэмшүүлэх эрх олгосноор эрх үүснэ. Иймд Е-ад газар эзэмших эрх үүсэх процесс А-ийн үйлдлээр явагдсан тул А- энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байна.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.К-ны давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт бүртгэгдсэн зээлдэгчид энд ороогүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
10. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.
11. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Б-, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Өлгий сум хариуцсан газрын даамал Т.З- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
12. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Б-, Т.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
13. Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд, нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл, шүүгчийн захирамжид заасанчлан хохирогчоор Өлгий сумын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг, хууль ёсны төлөөлөгчөөр тухайн “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал”-ыг төлөөлөх албан тушаалтныг тогтоох ажиллагааг нэмэлт ажиллагаагаар гүйцэтгүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан гэх Б.А-ээс мэдүүлэг авч, гэмт хэрэг гарсан байдлыг болон Эрүүгийн хуульд заасан бусад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, түүнчлэн иргэн З.Е-ад хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх үйлдэлд газрын даамлаар ажиллаж байсан Б.А-ийн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэх, ...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр Ц.О- гэх хүн ажиллаж байсан нь тогтоогдож, яллагдагч Х.Б- нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа тул түүний мэдүүлэгт үндэслэн, Ц.О-ээс мэдүүлэг авч прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тодруулах, нэр бүхий 19 иргэнд давуу байдал бий болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэх хэрэгт Ц.О-ийн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн байна.
14. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг доор тэмдэглэх нь зүйтэй.
14.1. Шүүгчийн захирамжид, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан эхний үндэслэлд Х.Б-, Т.З- нарын бүлэглэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад эзэмшүүлсэн гэх хэрэгт хохирогчоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн холбогдох заалтад нийцээгүй, харин хохирогчоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг тогтоох, түүний холбогдох албан тушаалтныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь хуульд нийцнэ гэсэн дүгнэлт үндэслэлтэй болсон боловч шүүх гэмт хэргийн хохирогчийг тогтоох эрхтэй атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох эрхгүй, түүнийг гагцхүү мөрдөгч, прокурор тогтооно гэж мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хүмүүсийн талаарх мөрдөгч, прокурорын эрх хэмжээг тодорхойлсон бөгөөд энэ нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай шүүхийн эрх хэмжээг үгүйсгэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирогчоор тогтоох тухай шийдвэрийг шүүх гаргах эрхтэй гэж, түүнчлэн мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.2 дахь заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр хуульчилсан зэргийг системчилж нэгтгэн тайлбарлавал, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх гэмт хэргийн хохирогчийг тогтоох, шаардлагатай бол хуульд заасан хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүрэн эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
14.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019.10.28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн дагуу иргэн З.Е-ад газар эзэмшүүлсэн гэх үйл баримтад Өлгий сумын газрын даамал Б.А- оролцож, З.Е-ын газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмшүүлсэн газрын хэмжээг кадастрын мэдээллийн санд оруулж, З.Е-ад 0000***** дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлууд хэргийн 1 дэх хавтас хэргийн 90-99 дэх талд авагдсан нотлох баримтуудад тусгагджээ.
Яллагдагч Х.Б- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай “Ажилд томилох тухай”, мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2020.07.27-ны өдрийн Б/24 дугаартай “Ц.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар түүнд холбогдох хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр Ц.О- ажиллаж байсан нь тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь, эргэлзээгүй тогтоохоор заасан тул Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.А-, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.О- нараас мэдүүлэг авч, холбогдох бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Х.Б-, Т.З- нарт холбогдох хэрэгт Б.А-ийн, Х.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт Ц.О-ийн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг тус тус нарийвчлан шалгаж, тодруулаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан бөгөөд нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой учраас энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
15. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын “захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим, оролцогчийн эрхийг хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/106 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ