Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 80

 

  2018 оны 05 сарын 02 өдөр                       2018/ШЦТ/80                                 Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0094/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                Н.Б нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Толгойт овогт Нарангэрэлийн Бд холбогдох 1839001570076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманын Бэрх тосгонд  1989 оны 07 дугаар сарын 06-нд төрсөн, 28 настай,  эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Батноров сумын Хөдөө хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, Толгойт овогт Нарангэрэлийн Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг “Наймаа толгой” гэх газар оршин суух Ж.Эрдэнэчимэгийн цоожтой амбаарт хууль бусаар нэвтэрч 24.9 килограмм ямааны ноолуурыг хулгайлж 2.564.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Хохирогч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 18 цагийн орчим 2 ширхэг шуудайнд ноолуур чихэж хийсэн. Би өөрөө Батноров сум 7 дугаар баг “Наймаа толгой” гэх газар өвөлжиж байгаа. Ноолуураа амбаарт хийчихээд амбаараа түгжиж түлхүүрээ өөрөө авсан. Би 20 цагийн орчимд Бэрх тосгон явсан. 22 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ ирсэн.... би хүү Батсүмбэрийн гэрийн гадаа амбаарт хийсэн 2 шуудай ноолуураа зарахаар болж буцаж хүү Батсүмбэрийн гэрт ирсэн. Жамсранжаваар амбаараа онгойлуулж амбаарт ороход ноолуур байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 хуудас/

Гэрч Г.Батсүмбэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...урьд орой амбаарт хийсэн 2 шуудайтай ноолуураа ченжид зарах гэтэл нэг шуудайтай ноолуур нь алга болсон байсан. Ээжийг амбаар онгойлгоход хаалга нь даруулга төмрөөр даруулж цоожилсон хэвээрээ... дотор нь байсан 2 шуудайтай ноолуурын 1 шуудайтай ноолуур нь алга болсон байсан. Ээж хэлэхдээ амбаар дотор хойд талд нь байдаг орон дээр 2 шуудайтай ноолуураа зэрэгцүүлж тавиад эрээн даавуугаар дээрээс нь хучсан байсан чинь илүү жинтэй шуудайтай ноолуур алга болсон байна гэсэн. Б манайд урьд өмнө нь ямаа самнаж байсан учраас манайхыг гэрийнхээ хойд амбаар дотор самнасан ноолуураа хийдэг гэж сайн мэдэж байгаа....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 хуудас/

 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 12 хуудас/

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 16 хуудас/

Яллагдагч Н.Бгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Жамсранжавыг сэрээгээд зурагтаа унтраах уу гэж хэлж унтраачихаад гэрээс гарч малын хашаанаас уяатай байсан зүүн гуяндаа эвэртэй задгай онгин тамгатай, шарга зүсмийн морь луу очиж уяаг нь тайлах үед гэрийн хойд талд байгаа амбаар дотроос шуудайтай ноолуур хулгайлах бодол төрж мориндоо мордож гэрийн хойд талд байсан амбаарын гадна талд очиж мориноосоо буугаад морио цулбуураас нь хөтөлж байгаад даруулга төмөр цүүнд нь хийж цоожилсон байсан хаалганы завсраар нь гараа оруулахад учиргүй том зай гарч байсан учраас хаалгыг татахад цоожны даруулга төмрөөсөө мултарч хаалга онгойсон тул амбаар дотор ороход сарны бүдэг гэрэлд хойд талын орон дээр эрээн даавуугаар хучаатай байсан зүйлийн хучлагыг нь хуулж үзэхэд зэрэгцүүлээд тавьсан цагаан өнгийн мяндсан 2 шуудайтай ямааны ноолуур байсан. Тэгээд би баруун талд байсан шуудайтай ноолуурыг нь авч амбаараас гаргаж газар тавьж байгаад амбаарын хаалганы цоожтой даруулга төмрийг нь хажуу тийш нь түлхэж байгаад хаалгыг наанаас нь хүчтэй түлхэж хааж хуучин хэвэнд нь оруулсан......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-44 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг “Наймаа толгой” гэх газар оршин суух Ж.Эрдэнэчимэгийн цоожтой амбаарт хууль бусаар нэвтэрч 24.9 килограмм ямааны ноолуурыг хулгайлж 2.564.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Эрдэнэчимэг, гэрч Г.Батсүмбэр нарын мэдүүлэг, яллагдагч Н.Бгийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эрдэнэчимэгт 2.564.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Толгойт овогт Нарангэрэлийн Бг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

 

.    

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ