| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05945/И |
| Дугаар | 192/ШШ2025/08299 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/08299
2025 10 15 192/ШШ2025/08299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байрлах, У /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, Д ХХК /РД:5**/-д холбогдох,
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 34014100 дугаар гэрээний үүргийн дагуу 46 753 093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. Д ХХК нь манай байгууллагатай "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах" 34014100 дугаартай гэрээ байгуулан ажилладаг ба 2020 оны 03 дугаар сараас үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, тохиролцсон графикийг мөрдөж ажиллаагүйгээс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 46 753 093.04 (дөчин зургаан сая долоон зуун тавин гурван мянга ерэн гурван төгрөг дөчин мөнгө) төгрөгийн өр төлбөртэй болоод байна. Тухайн компанид төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч усны үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулахгүй гэрээний үүргийг зөрчиж байна. Иймд гэрээний үүргийн дагуу Д ХХК-аас Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр болох 46 753 093.04 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ** ОНӨААТҮГ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад манай компаниас 34014100 тоот гэрээний үүргийн дагуу 46 753 093.40 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжилжээ. Уг нэхэмжлэлд манай компанийг 2020 оны 03 дугаар сараас 34014100 дугаартай гэрээ байгуулан үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэж бичиж дээрх төлбөрийг нэхэмжилсэн байна энэ хугацаанд манай компани дээрх гэрээг байгуулаагүй тухайн гэрээний байруудыг Ц ХХК хариуцан гэрээтэй ажилладаг байсан. Манай компанид 2022 оны 11 дүгээр сард дээрх гэрээний байрууд Ц ХХК-аас шилжин ирж 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УСУГ-тай 34014100 дугаартай гэрээг байгуулан ажиллаж байгаа. Иймд 34014100 гэрээний өмнөх хариуцан ажиллаж байсан Ц ХХК-ийн нэр дээр үүссэн хэдэн жил хуримтлагдсан дээрх төлбөрийг манай компани төлөх боломжгүй тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар Маргаан урьдчилан шийдвэрлэх боломжгүй тухай тогтоол, итгэмжлэл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар тогтоол, Ц ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр хариуцах тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Г/2 дугаар Хамтран ажиллах гэрээ, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/158 дугаар албан бичиг, Ц ХХК-ийн 2022 онд үүсгэсэн өр төлбөрийг Д ХХК барагдуулах график, Тооцооны хуудас зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариу тайлбар, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/1347 дугаар Тусгай зөвшөөрлийн тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч У ОНӨААТҮГазар нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 34014100 дугаартай гэрээний үүрэгт 46 753 093 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч нь Ц ХХК-аас хариуцан ажиллаж байсан байрыг шилжүүлэн авсан бөгөөд манайх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УСУГ-тай 34014100 дугаартай гэрээг байгуулан ажиллаж байгаа. Ц ХХК-ийн нэр дээр үүссэн өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Гэрээ байгуулсан үеэс хойш үүссэн өр төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч Д ХХК нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д зааснаар цэвэр ус дамжуулан түгээх, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь зохигчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна.
4.2. Зохигчдын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 34014100 дугаартай гэрээг байгуулагдсан байна. Уг гэрээгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэсэн цэвэр ус болон хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан усны тоолуураар хэмжиж, тоолуурын заалтаар гарсан хэрэглэсэн цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн баталсан усны үйлчилгээний тарифыг мөрдлөг болгон сар бүрийн 28-ны дотор усны төлбөрөө бүрэн төлөхөөр тохиролцсон байна.
4.3. Дээрх гэрээний зорилго, зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
4.4. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.5. Хариуцагч Д ХХК нь гэрээ байгуулснаас хойш хугацааны төлбөр төлөх үүргийн талаар маргаагүй. Харин Ц ХХК-ийн үүсгэсэн өр төлбөрийг хариуцах үндэслэл байгаа эсэх нь маргааны зүйл болсон.
4.6. Хэрэгт Ц ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Г/2 дугаартай, хамтран ажиллах гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр Цэ ХХК нь өөрийн үйлчлэх хүрээн хариуцаж буй орон сууцны байруудын ОСНАА-н конторын ашиглалт үйлчилгээ болон халаалт, халуун хүйтэн цэвэр ус, бохирын шугам болон цахилгааны шугам сүлжээ, узелийн тоног төхөөрөмжүүдийг Д ХХК-д хүлээлгэн өгөх, Д ХХК нь 34014100 кодны үлдэгдэл төлбөр 31 357 000 төгрөгийг хариуцан төлөхөөр тохиролцжээ.
4.7. Хариуцагч Д ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/158 дугаартай албан бичгээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд “...Ц ХХК-ийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй СБД-ийн 11-р хороо 11-1, 11-2, БЗД-ийн 2, 16-р хороо 10-1, 10-2, 10-3, 34, 35, 41, 60 дугаартай орон сууцны барилгын ашиглалт үйлчилгээг манай компани гэрээний дагуу хүлээн авч байгаа бөгөөд тус компани дээр УСУГазрын 34014100 кодны усны төлбөр 31 357 000 төгрөгийг манай компани хариуцан цаашид төлбөр тооцоог барагдуулах болно...” гэх хүсэлтийг хүргүүлсэн байна.
4.8. Улмаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор, Ц ХХК-ийн хариуцаж буй орон сууцны 484 айл өрх, 4 аж ахуйн нэгж байгууллагын ашиглалт, үйлчилгээг Д ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
4.9. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар хариуцагч Д ХХК нь Ц ХХК-ийн УСУГазарт төлөх 31 357 000 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
4.10. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан.
4.11. Ц ХХК-аас шилжүүлэн авсан өр төлбөрийн хамаарах хугацаа нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн үүссэн байх хэдий ч хариуцагч Д ХХК нь Ус сувгийн удирдах газартай 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өр төлбөр барагдуулах график байгуулсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
4.12. Тайлбарлавал, үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог.
4.13. Иймд нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзэх тул хариуцагч Д ХХК-аас 46 753 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт олгох үндэслэлтэй байна.
4.14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-аас 46 753 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 391 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 391 715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ