| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2503000120164 |
| Дугаар | 2025/ДШМ/551 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/551
2025 05 13 2025/ДШМ/551
Б.Ж-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч А.Б,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ж-д холбогдох 2503000120164 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... овгийн ..........-ийн Ж, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, 33 настай, э..эгтэй, .. боловсролтой, ............ ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... тоотод оршин суух, /РД: ..................../;
Шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Вива сити автобусны буудлын явган хүний гарцан дээр “Тоёота Приус” маркийн ..-.. ...улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 8.9-т заасны дагуу “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалт, мөн дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Б, Я.Н, Н.Э нарыг мөргөж, Я.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Б-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, Б.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ж-аас 1.379.727 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгож, хохирогч А.Б, иргэний нэхэмжлэгч Я.Н нар нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт хохрогч А.Б миний
эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэвч 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 1.200.000 төгрөгийг эмчилгээний зардал өгсөн боловч албан ёсоор уучлалт гуйгаагүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр хохирол учирсан. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу миний бие хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн дагуу 9-15 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний хохирол гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж, миний эрүүл мэнд болон ажилгүй байсан хугацааны цалин сэтгэцийн хохирлыг анхан шатны шүүхээс гаргуулж шийдээгүйд маш их гомдолтой байна.
Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ хугацаанд эмнэлгийн байгууллагаар удаа дараа тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн улмаас өөрөө ч алхаж явж чадахгүй хөдөлмөр эрх ноцтой зөрчигдсөн.
Мөн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн боловч дахин иргэний шүүхэд хандаж цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хүндрэл учрах тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч А.Б-ий сэтгэцэд учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш, гэм хорын хохирол гэж үзэж байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны зардал болон бусад зардлыг нэг мөр болгож иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Б-ий гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Вива сити автобусны буудлын явган хүний гарцан дээр “Тоёота Приус” маркийн ..-.. ...улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 8.9-т заасны дагуу “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалт, мөн дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Б, Я.Н, Н.Э нарыг мөргөж, Я.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Б-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч А.Б-ий “...Би эхнэр хүүхдийн хамтаар гэрээсээ гараад шөнө 3 цагийн үед эгчийндээ очих гээд ертөнцийн зүгээр урд талаасаа хойшоо чиглэлтэй явган хүн гарцаар гарах гээд ногоон гэрэл асахад нь гарцаар явж байхад баруун гар талаас машин ирээд миний баруун талын өвдөг рүү машины урд талын хэсгээрээ ирээд мөргөсөн. Би тухайн үед охиноо тэврээд явж байсан учраас охин маань миний дээр унасан. Манай эхнэр ард талд явж байсан. Би явган хүний гарцаар зам гарч байсан. Би тухайн үед ногоон өнгийн гэрлэн дохиог хүлээж байгаад зам гарсан. Миний баруун хөлийн өвдөгний шилбэний яс цуурсан гэж хэлсэн. Надад одоогоор 1.000.000 гаран төгрөгийн хохирол байгаа. Би баримтаар гаргаж өгнө. ...” /хх 12/,
иргэний нэхэмжлэгч Я.Н-ын “...Би нөхөр охины хамт 2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 10 минутын үед гэрээсээ гараад “Вива Сити”-ийн автобусны буудлын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарах гээд явж байхад явган хүний гарцаар гарах гэтэл улаан ассан байхаар нь ногоон гэрэл асахыг хүлээж байгаад ногоон гэрлэн дохио асаад бид 3 ногоон гэрлээр зам хөндлөн гараад эхний чиглэлийн замаар гараад сүүлийн чиглэлийн замаар явж байхад баруун талаас машин ирээд миний баруун хөлийг урд дугуй хэсгээрээ мөргөж газар шидэгдэж унасан. Намайг босоод ирэхэд манай нөхөр босчихсон хүүхэд газар хэвтэж байсан. Тэгээд л түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Бид 3 замын явган хүний гарцаар явж байсан. Ногоон өнгийн гэрлээр зам хөндлөн гарч байсан. Миний баруун хөлийн дээд талд хөхөрсөн байсан. Эрхий хурууны гар нь дээр 2 удаа шалбарсан байсан. Тухайн үедээ толгой өвдөж байсан. Би эрүүл мэнд болон сэтгэл санаа, эдийн засгийн хохиролтой байна. Тиймээс хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн манай охин машинд суухаараа маш их айдастай болоод байгаа. Гадаад руу явах гэж байсан боловч энэ асуудлаас болоод хойшилсон. ...” /хх 25/,
иргэний хариуцагч Х.П-гийн “...Б.Ж нь манай хүү П.О-тай хамт ажилладаг найз нь гэж байсан, өөрөөр сайн мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч 2019 онд манай хүү О найз Ж гэх залууд 9.500.000 төгрөгөөр зарсан бөгөөд нэрээ шилжүүлж чадаагүй байсан. Түүнээс одоо машин надад ямар ч хамааралгүй. Би хуулийн заалтыг ойлголоо жолооч Б.Ж бусдад учирсан хохирол хор уршгийг арилгана. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаар “...1. А.Б-ий баруун шаант ясны дээд булуу, дунд чөмөг ясны доод булууны хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн гарын алга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжгой. 4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” /хх 34-35/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 629 дугаар “...Н.Э-ний биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх 42-43/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 625 дугаар “...1. Я.Н-ын биед тархи доргилт, баруун сарвуу, тавхайд цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй. ...” /хх 46-47/ гэсэн дүгнэлтүүд,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Автомашин техникийн 303 дугаартай үнэлгээний тайлан /хх 60-61/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 70-71/,
Зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 74/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар мөрдөгчийн магадалгаа /хх 78/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ж-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хохирогч А.Б-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.Ж-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 8.9-т заасны дагуу “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч нарыг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Ж-гийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь цагдаагийн байгууллага болон түргэн тусламж руу мэдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.
Хохирогч А.Б-ээс “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг), ... 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч А.Б-ий сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 106/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР