Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

өсвөр насны шүүгдэгч А.А хууль ёсны төлөөлөгч Ч.Ариунтуяа,

өсвөр насны шүүгдэгч Х.Т хууль ёсны төлөөлөгч Б.Жаргал, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А Т  нарт холбогдох эрүүгийн 1806 0249 41060 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй. А РД:

Монгол Улсын иргэн, Т РД:

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Б эзэмшлийн хүнсний мухлагийн вакум цонхыг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлан авч 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн хуучин эцэст байрлах иргэн Б.Н эзэмшлийн Дэлгэрхаан нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан 21 хайрцаг тамхи, кофе зэрэг эд зүйл хулгайлан авч 114.900 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Т эзэмшлийн Дэлгэрхаан хүнсний мухлагийн цонхыг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлан авч 466.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Х.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ээлжийн ажилд орсноос хойш хүүхэддээ тавих хараа хяналт суларсан. Намайг ажилдаа явсан хойгуур гэрт Тэмүүжин ирж хонодог талаар охиноосоо сонсож байсан. Цаашид хараа хяналтаа сайтар тавьж, хүүхдээ харна. Нийт хохирол 930.000 төгрөг болсон бөгөөд Х.Т А.А Б.С нарт хувааж, нэг айлаас 310.000 төгрөг төлөхөөр болсон ба би дүүтэйгээ нийлж байгаад хохирлыг Ц.Баярсайханыд төлж барагдуулсан гэв.

Хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхэд айлд хонож тоглоно гэж хэлээд гэрэээсээ гардаг, хааяа ээждээ худлаа яриад гараад явсан байдаг. Одоогоор ажилгүй болохоор хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Цаашид төлж барагдуулна гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай ээж ажилтай байсан ба тэр өдөр манайд Тэмүүжин ганцаараа ирж хоносон. Тэгээд бид хоёр юм яриад л сууж байхад Тэмүүжин хоёулаа гарч хулгай хийе гэхээр нь “би яах юм бэ, одоо болоо юм бишүү” гэсэн чинь Тэмүүжин “одоо энэ яг сүүлийн  удаа” гээд байхаар нь за тэгье тэгье гээд бид хоёр Улиастайн хуучин эцэс дээр очоод Тэмүүжин чулуугаар цонхыг нь хагалаад дахиад би гараа оруулаад дотроос нь тамхи, бохь, сникерс шоколад зэрэг зүйлүүдийг аваад цүнхэнд хийж аваад гэртээ харьсан. Тэмүүжин бид хоёр хулгайлсан зүйлүүдээ хувааж аваад унтаад, өглөө хичээлдээ явсан. Би өөрт байсан тамхинаасаа хүмүүст өгч байгаад нэг мэдсэн чинь 3 хайрцаг тамхитай үлдсэн байсан. Түүнийгээ өөрөө татаад дуусгасан.  Мөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  Х.Т Сэргэлэн бид Улиастайн хуучин эцэс дээр байдаг Дэлгэрхаан хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлсан, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Х.Т Сэргэлэн бид  гурав хамт дахиад ТҮЦ-нээс эд зүйл хулгайлсан. Өөр гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 180-181 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би найз Амгалангийнд ээжийг нь байхгүй болохоор хонохоор очсон юм. Тэгээд Амгалан бид хоёр зурагт үзэж сууж байгаад Амгалан намайг хоёулаа гарчихаад ирье гээд байхаар нь бид Амгалангийнхаас  гараад шууд Улиастайн эцэс дээр очоод урьд өмнө хулгай хийж байсан Дэлгэрхаан дэлгүүрийн гадаа очоод би чулуугаар цонхыг нь хагалаад Амгалан өндөр учраас хагалсан цонхоор гараа оруулаад нилээн их тамхи, бохь аваад Амгалангийнд очсон. Биднийг гарахад болон буцаад орж ирэхэд Амгалангийн дүү унтаж байсан. Амгалан бид хоёр хулгайлсан тамхи бохио хувааж авчихаад унтсан. Өглөө босоод хичээлдээ явсан. Хулгайлсан зүйлүүдээ заримыг нь зараад тамхийг нь татаад дуусгасан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  А.А Сэргэлэн бид Улиастайн хуучин эцэс дээр байдаг Дэлгэрхаан хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлсан, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр А.А Сэргэлэн бид  гурав хамт дахиад ТҮЦ-нээс эд зүйл хулгайлсан. Өөр гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 184-185 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим өөрийн ажиллуулдаг хүнсний мухлагаа хаагаад маргааш нь 10 цагт ирэхэд хаалганы цоожийг эвдээд  буцаагаад зүүчихсэн байсан цоож нь зүүлттэй байхаар нь дотор ороод харахад хүнсний эд зүйлс эмх замбараагүй болсон хулгай орсон байхаар нь цагдаа дуудсан. Лангуун доор байсан 120.000 төгрөг, еэеэ кофе 5 ширхэг, 2 кг  чихэр, ноншин нэртэй бэлэн хоол 10 ширхэг, альфан голд нэртэй шоколад 5 ширхэг, асаагуур 50 ширхэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний ажиллуулдаг Дэлгэр хаан хүнсний дэлгүүртээ ирсэн чинь дэлгүүрийн цонхыг хагалсан байхаар нь манай охин Н.Алтансарнай хаалгыг түлхүүрдээд ороход цонх нь гаднаасаа хагалсан байдалтай лангууны урд хэсэг болох тамхины хэсэгт байсан тамхинууд байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 21 хайрцаг тамхи, 75 ширхэг нэг удаагийн кофе алдагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 121-126 дугаар хуудас/

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний  орой 23 цаг 45 минутын үед дэлгүүрээ хаагаад явсан. Маргааш өглөө нь 7 цаг 10 минутын орчим дэлгүүр дээрээ ирэхэд хаалганы хажуу талын вакум цонхны шилийг хагалсан  байдалтай хулгай орсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс ЛД, Жеди, цэнхэр вест, саарал ЛД, Винстон, Даьидоф, цагаан вест зэрэг тамхинууд, бохь, шоклад зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 158-162 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Амгалан дүүтэйгээ хоёулаа байсан ба ээж нь ажилдаа явсан байсан. Би ангийн найз Х.Т хамт очсон. 03 цаг өнгөрч байхад бид 3 гарч Улиастайн хуучин эцэс дээр байдаг Дэлгэрхаан хүнсний дэлгүүрийн зүүн талд байдаг ТҮЦ-ний хаалгыг Амгалан, Тэмүүжин хоёр эвдэх гээд чадахгүй болохоор нь би автёркаар цоожийг нь хөшиж онгойлгоход Х.Т ганцаараа ороод цүнхэндээ юм хийгээд  үүрч гарч ирсэн. Амгалангийнд очиж цүнхэн дэх юмаа  гаргаж үзэхэд чихэр, бэлэн гоймон, кофе, шоколад, хөзөр, асаагуур, бэлэн мөнгө зэрэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн үед Амгалан, Тэмүүжин хоёртой хамт гарч Улиастайн хуучин эцэст байдаг Дэлгэрхаан хүнсний мухлаг дээр очоод намайг тойрог дээр хүн хараад байж бай гээд Х.Т А.А 2 Дэлгэрхаан хүнсний мухлагийн цонхыг хагалаад цонхоор гараад оруулаад юм аваад байсан. Тэгээд Амгалангийнд очоод үзэхэд задгай кофенууд хайрцагтай тамхинууд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 76 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9, 116-120, 154-157 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 63-70 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т Б.С нарын нас тоолсон тэмдэглэл /хэргийн 98, 100, 102 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээний тайлангууд /хэргийн 78-80, 136-138, 171-173 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 37, 40, 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36, 39, 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь бүлэглэн 2018 оны 03 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Б эзэмшлийн хүнсний мухлагийн вакум цонхыг хагалан нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн хуучин эцэст байрлах иргэн Б.Н эзэмшлийн Дэлгэр хаан нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан 21 хайрцаг тамхи, кофе зэрэг эд зүйл хулгайлан авч 114.900 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Т эзэмшлийн Дэлгэрхаан хүнсний мухлагийн цонхыг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлан авч 466.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өсвөр насны шүүгдэгч нар, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь насанд хүрээгүй тул тэдгээрт оногдуулах хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч А.А хууль ёсны төлөөлөгч Ч.А нь бусдад учруулсан хохиролд 310.000 төгрөгийг Ц.Б төлсөн, хохирогч Баярсайхан нь нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байна. Харин өсвөр насны шүүгдэгч Х.Т хууль ёсны төлөөлөгчөөс хохирлыг барагдаалаагүй байгаа ба дээрхи 3 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 2 удаагийн үйлдэлд нь Б.Сэргэлэн оролцсон боловч Б.Сэргэлэн нь хэдийгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй буюу 13 нас 5 сар 24 хоногтой боловч прокуророос Сэргэлэнгийн үйлдэлд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр А.А Х.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх тул хохирогч Б.Т  учруулсан 466.900 төгрөгийн, Б.Нэргүйд учруулсан 114.900 төгрөгийн хохирлыг А.А Х.Т нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Ингэж хохирлыг тооцохдоо А.А хууль ёсны төлөөлөгчөөс Ц.Б төлсөн 310.000 төгрөгийн хохирлыг тооцож хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Иймд шүүгдэгч Х.Т хууль ёсны төлөөлөгчөөс 445.900 төгрөгийг гаргуулж Б.Т , шүүгдэгч А.А хууль ёсны төлөөлөгчөөс 114.900 төгрөг гаргуулж хохирогч Б.Нэргүйд, 21.000 төгрөгийг гаргуулж Б.Т  тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.А Х.Т нар нь 2018 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Ц.Б хүнсний мухлагаас эд зүйл хулгайлсан болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ц.Б Цагдаагийн газар гаргасан өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байхад яллах дүгнэлтэд Ц.Баярсайханыхаас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичсэн, Х.Т регистрийн дугаарыг алдаатай бичсэн зэрэг алдаатай байгааг дурдах нь зүйтэй байна.