Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02414

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02414

 

 

М.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-гийн хариуцагч С.Т-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 480 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагч С.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Т-тай өөрийн найзаар дамжуулан танилцсан учир түүнд итгэж зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр бага хэмжээний мөнгө өгч, авдаг байсан. Сүүлд зээлээр авсан мөнгөө төлөхгүй удсан болохоор 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.Т-тай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 9 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөх нөхцөл тохирсон. Гэхдээ 9 000 000 төгрөг биш 7 656 000 төгрөгийг бодитоор өгсөн нь үнэн. Үлдэх хэсэг нь өмнө өгсөн зээлийн мөнгөтэй холбоотой байсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 9 000 000 төгрөг, үндсэн зээлийн 6 сарын хүү 2 700 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги болох 3 780 000 төгрөг, нийт 15 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага болох 15 480 000 төгрөгийг нэхэмжлэгчээс огт аваагүй. Ийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь нэхэмжлэгчээс 2 000 000-3 000 000 төгрөг аваад буцаагаад төлсөн байсан. Сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад би учрыг нь сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Би шүүгчээс айгаад шүүх хуралдаанд зээлийн хүү, алдангийг нь төлөхгүй гэж хэлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Т-аас 10 452 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 027 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас 182 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т- давж заалдах гомдолдоо: М.М- нь бусдын ломбардад ажиллахдаа өөрийн мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдүүлдэг байсан тул баримт үлдээхгүй гээд анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгуулдаггүй байсан. Түүнээс зээлсэн мөнгийг хэд дахин өсгөж өгсөн тул тэрээр надад итгэж, барьцаагүйгээр, 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг болсон ба сүүлд зээлж авсан 3 000 000 төгрөг дээр хүү, алданги нэмсээр 7 600 000 төгрөг болгож нэхэж байна. Гэхдээ миний бие тодорхой хэсгийг нь эгүүлэн төлсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан ч түүнийг үнэлээгүй. 7 656 000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч анхнаасаа маргаагүй тул түүнийг үгүйсгэсэн тайлбар болон баримтыг шүүхэд гаргаагүй ба анхнаасаа маргаагүй, өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй мөнгийг төл гэж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. 7 656 000 төгрөг зээлдүүлсэн гэх М.М-гийн тайлбар өөр бусад баримтаар нотлогдох ёстой.

Утсаар ярьсан ярианы бичлэгийг би найрнаас гараад явж байхдаа ярьсан яриа байна, яг ингэж ярьснаа бол сайн санахгүй байна, тухайн үед хэлж байсан тоог бол зөвшөөрөхгүй, уг бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй зэрэг тайлбарыг шүүхэд гаргаж байсан. Зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй тул хүү, алданги төл гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч С.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 480 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэлээ болгожээ.

Хариуцагч С.Т- гэрээ байгуулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг, харин гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар М.М-, С.Т- нарын хооронд мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх, зээлдэх, буцаан төлөх үүргийн харилцаа аман хэлбэрээр хийгддэг байсан болох нь тогтоогдсон гэж үзнэ. Тодруулбал, хариуцагч С.Т- нэхэмжлэгч М.М-гаас мөнгө зээлж, буцаан төлж байсан агуулгатай тайлбар гаргаснаас гадна гэрч Ж.Баяржаргалын ... тухайн өдөр С.Т- эгчээс та мөнгийг бэлнээр аваад одоо гэрээ байгуулж байгаа юм уу гэж асуухад тийм гэсэн хариу өгсөн, ... М.М-гаас С.Т- нь байнгын мөнгө зээлж авдаг, буцаан төлдөг харилцаатай байсан, ... М.М-г найзууд нь Мөки гэж дууддаг ... гэх мэдүүлгийг үгүйсгэж, мэтгэлцээгүй. /хх-41,42/ Мөн үзлэг хийж бэхжүүлсэн нотлох баримтаар хариуцагч С.Т- гэрч Ж.Баяржаргал нарын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн утсаар ярьсан бичлэгт Мөкийд 9 сая төгрөг төлөх агуулга тусгагдсан, зохигчдын 2020 оны 8 дугаар сарын 10, 17, 11 дүгээр сарын 07, 12, 21, 23, 27, 2020 оны 8 дугаар сарын 10, 17-ны өдрүүдэд гар утсаар харилцсан захианы агуулга нь мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй холбоотой гэж үзэхээр байна. /хх-31-37 /

Талууд аман хэлцлээр хийсэн зээлийн гэрээний харилцаагаа бичгийн хэлбэрт оруулан, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн дүнг 9 000 000 төгрөгөөр тооцож, улмаар буцаан төлөх хугацаа, хүүгийн хэмжээ, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар тохиролцжээ. /хх-3/ Ингэснээр хариуцагч С.Т-т Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-д мөнгөн төлбөр төлөх үүрэг үүссэн байна.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зээлийн үүргийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн тодорхойлсон дүнгээс ногдох хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч тал зээлийн үүргээ биелүүлсэн гэж маргах боловч энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн түүний шүүхэд гаргаж өгсөн ХААН банк ХХК-д эзэмшдэг дансны хуулгын баримтаар 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгчийн 5003858652 тоот данс руу 1 110 120 төгрөг шилжүүлсэн байгаа боловч уг мөнгө нь зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт хамааралтай гэж үзэхгүй. /хх24/ Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ...хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж.. гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, алдангийн хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасанд нийцээгүй байна. Гэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн нийт 182 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД