2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08097

 

2025              10             08                                                 192/ШШ2025/08097                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, У ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** байрлах, У ХХК /РД:**/-д холбогдох,

 

Гэрээний үүрэг 52 042 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч У ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ОТ-ЭНКА ХХК-ний түр оффис, агуулахын барилга барих төсөлд Барилга угсралтын ажилд мэргэшсэн, ажиллах хүч нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр нийлүүлэгч буюу Урбан инженеринг спэйшилистс ХХК нь гэрээнд заасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд шаардлагатай ажиллах хүч нийлүүлэх харин захиалагч буюу Улаанбаатар хөгжил трейд ХХК нь гэрээний хавсралт 1-т заасан нэгж үнэлгээг нийлүүлсэн ажиллах хүчний тоонд үндэслэн гэрээний үнийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэрээний дагуу нийлүүлэгч нь ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд ажиллах хүчийг нийлүүлж ажилласан бөгөөд захиалагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 34 694 733 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Үлдэгдэл төлбөрийг талууд өөрсдийн байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, бидний зүгээс Ажиллах хүч нийлүүлэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т "...тухайн сарын 12-ны өдрөөс хойш барагдуулж чадаагүй үнийн дүнд санхүүжилтийн зардал болгож сарын 5 хувь хүү тооцно" гэснийг бууруулж 3 хувь хүүг тооцож талууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байдаг. Гэвч захиалагч талаас төлбөрийг ямар нэг байдлаар төлөөгүй. Иймд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээг байгуулж төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон хэдий ч мөн л төлбөрийг барагдуулаагүй. Төлбөрийг хэрхэн барагдуулах талаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захиралтай нь холбогдох гэж оролдсон боловч утас нь байнга ярих, дуудсан ч хариу байхгүй, утас нь холбогдохгүй гэх мэт нааштай үр дүн гараагүй юм. Харин компанийн Санхүүгийн менежер болох Г.Э-тай холбогдоход хэрхэн төлөлт хийх талаар, яагаад төлөлт хийхгүй байгаа талаар лавлахад захиралтай ярь, мэдэхгүй байна гэх мэт баттай хариуг өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Тийм учраас бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу өөрийн оршин суугаа газрын буюу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтийг гаргасан хэдий ч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32024/** дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэсэн ба бид энэхүү шаардлагыг хангахын тулд хариуцагчийн оршин суугаа газрын буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд манай хаягт оршин суудаггүй гэсэн бичиг авах гэсэн боловч байгууллагын тухай мэдээлэл болон байдаг үгүйг бид шалгаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгч бидэнд бичгийг гаргаж өгөөгүй. Ийнхүү бид хариуцагч талтай холбогдон эвлэрлийн гэрээ байгуулах үүднээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан байдаг. Гэвч мөн хариуцагч тал утсаа авахгүй, мессеж явуулсан ч хариу өгөөгүй, өөр холбогдох дугаарыг олж өгсөн ч авсан хүн нь энэ талаар мэдэхгүй гэх мэт шалтаг шалтгаануудыг хэлсэн. Мөн тус компанийн бүртгэлтэй хаягаар очиход эзэнгүй, мэдэгдэлд хариу өгөөгүй гэх шууданчийн магадлагаа мөн ирсэн байдаг. Үүнээс үүдэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломжгүй болж 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №33 тоот Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл гарсан байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул бидний зүгээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт өгч 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 191/2025/0** тоот шүүхийн шийдвэр гарч хүсэлтийг хангасан. Тус шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30д2-2/7213 тоот албан бичгээр хариуцагчийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй хаягийг тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ захих ёсоор гүйцэтгэсэн. Гэрээний Ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1-д Гэрээний нийт үнэ нь Гэрээний Хавсралт 1-д заасан хэмжээгээр байна буюу хавсралтад заасан төлбөр, 8 дугаар зүйлийн 8.1-д Захиалагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэгчид төлнө, 8.8-д Захиалагч ГТН-д заасан төлбөр төлөх хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд тухайн хугацаанаас эхлэн хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлнө, 10 дугаар зүйлийн 10.1-д нийлүүлэгч нь захиалагчаас гэрээний хуваарийн дагуу тохирсон төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй, 17 дугаар зүйлийн 17.3-т Талууд тохиролцоонд хүрэхгүй маргааныг Монгол улсын харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасныг тус тус үндэслэн үндэслэн маргаан бүхий асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж үзлээ. Иймд хариуцагч У ХХК -аас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Өр төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйл энэхүү гэрээний дагуу төлбөр төлөгч нь гэрээний 1-д заасан төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0.5 хувийн алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж зааснаар нийт төлбөл зохих 34 694 733 төгрөг, түүний алданги 58 981 046 төгрөг, нийт 93 675 779 төгрөгийг төлөх ёстой. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан байх бөгөөд Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 17 347 367 төгрөг нийт 52 042 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У ХХК-ийн нэхэмжлэлтэй У ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. У ХХК болон У ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компани тус гэрээний төлбөрийг заасан хугацааны дагуу төлж чадаагүй бөгөөд төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон. Учир нь манай компани нэгдмэл байсан компаниас 2024 оны сүүлээр салан тусгаарлагдаж, хоорондын харилцаа таагүй нөхцөлд шилжсэн бөгөөд энэ нь компанийн санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд ороход хүргэсэн. Үүний улмаас гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон болно. Тооцоо нийлсэн акт ямар баримтад үндэслэснийг нь шалгах боломжгүй, үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Мөн гэрээний үлдэгдэл төлбөр болох 34 694 733 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдахдаа өөрсдийн байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж гаргасан гэсэн хэдий ч тухайн үед ажиллаж байсан санхүүгийн менежер одоо ажиллахгүй байгаа бөгөөд холбогдохыг хичээсэн боловч компани салан тусгаарлагдсанаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүссэн тул холбогдож чадаагүй. Компани салан тусгаарлагдах үед баримт материалуудаа салгаж авч чадаагүй бөгөөд манай компанид огт байхгүй тус үндэслээд байгаа анхан шатны баримт болоод, санхүүгийн тооцоо нийлсэн актууд манай компанийн архивд байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд Барилга угсралтын ажилд мэргэшсэн, ажиллах хүч нийлүүлэх гэрээ, Ажиллах хүч нийлүүлэх гэрээний тусгай нөхцөл болон ерөнхий нөхцөл, тооцоо нийлсэн акт, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/0** дүгээр шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээний алданги тооцов гэх баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Э.У-н тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Х.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажиллах хүч нийлүүлэх гэрээний төлбөрт 34 694 733 төгрөг, алданги 17 347 367 төгрөг, нийт 52 042 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч У ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралтын ажилд мэргэшсэн ажиллах хүч нийлүүлэг гэрээг байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахыг барилга барих төсөлд шаардлагатай ажиллах хүчийг нийлүүлж ажилласан бөгөөд хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 34 694 733 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Улмаар өр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохисон боловч мөн үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан алдангийн хамт шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй. Харин компани тусгаарлагдах үед баримт материалуудаа салгаж авч чадаагүй, анхан шатны баримт, санхүүгийн тооцоо нийлсэн акт манай компанийн архивд байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

5. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөл” барилга угсралтын ажилд мэргэшсэн ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч Урбан инженеринг спэйшилистс ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших ОТ-ЭНКА ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд шаардлагатай ажиллах хүч нийлүүлэх, захиалагч Улаанбаатар хөгжил трейд ХХК нь нэгж үнэлгээг нийлүүлсэн ажиллах хүчний тоонд үндэслэн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гэрээний хавсралт 2-т “ажилтан ростерын 14/14 буюу ажлын 14 өдөр, амралтын 14 өдрийн зохицуулалттай ажиллана. Ажилтын ажлын өдрийн үндсэн цаг 8, илүү цаг 3 цагаас илүүгүй байна.” гэжээ.

 

6. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

8. Гэрээний талууд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба ажиллуулагч У ХХК нь 34 694 733 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэйг баталгаажуулж, 2 компанийн нягтлан бодогч болон гүйцэтгэх захирлууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулжээ.

 

9. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ гэх баримтыг талууд үйлдэж, дээрх тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 34 694 733 төгрөгийг 3 хувааж буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 796 209 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 449 262 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 449 262 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон байх ба төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэжээ.

 

10. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул хариуцагч У ХХК төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

11. Талуудын хооронд хийгдсэн алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан зохицуулалтад нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 17 347 367 төгрөгийн алданги нь мөн хуулийн 232.4-т заасантай нийцнэ.

 

12. Иймд хариуцагч У ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт  52 042 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч У ХХК-аас 52 042 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 418 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 418 161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ