| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0088/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 81
2018 оны 5 сарын 02 өдөр 2018/ШЦТ/81 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Б.Б, В.Й нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болоожийн Б, Боржигон овогт Волоожийн Й нарт холбогдох 1839000250030 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1981 оны 04 дүгээр сарын 03-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр ээж нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр эрүүгийн хуулийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн торох ялаар, 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт Волоожийн Й /РД: /
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Цагаан суврага овогт Болоожийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б, В.Й нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-14 тоотод оршин суух иргэн Ц.Баянмөнхийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн борцолсон мах, цахилгааны утас, хайлш төмөр зэргийг хулгайлж 182.000 төгрөгийн хохирол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-15 тоотод оршин суух иргэн А.Отгонбаатарын чингэлэгнээс хурганы арьс 13 ширхэг, сэгсүүргэ 13 ширхэгийг тус тус хулгайж 780.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Миний бие эхнэр болох Буянхишигийн хамт 2018 оны 01 сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Хийдийн суурингийн 24-15 тоотод байрлах гэртээ ирээд охин болох Энхжингийн куртик гутлыг аваад эмээ болох Цэцэгмаагийнд аваачиж өгсөн юм. Тэгээд оройноо Тахилт тосгоны Жамц овоо гэх хөдөө гэртээ эхнэрийн хамт харьсан юм. 2018 оны 01 сарын 15-ны өдөр 17 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Хийдийн суурингийн гэртээ ирэхэд цонх хагалсан байсан гадаа нь гэрт байдаг суурин компьютер хагархай цонхны дор гаргаад хаясан, хувцас хадгалаастай чингэлэгийг ухаад хувцас гаргаад хаяса байдалтай байсан. Дотор нь ишиний 10 арьс, хурганы сэгсүүрэг нь 2 дээл гараад илүү гарахаар сэгсүүрэг байсан ....” гэсэн мэдүүлэг. /ХХ-24-26 хуудас/
Хохирогч Ц.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би 2018 оны 01 сарын 16-ны өдөр хөдөө гэр буюу Хэнтий аймгийн Баян-Адрага суманд байж байхад манай эхнэрийн эгч Оюунбилэг байшингийн цонхыг хагалж хулгай орсон байна гэж хэлсэн. 2018 оны 01 сарын 23-ны өглөө гэртээ очиж юу алга болсныг бүртгэж үзэхэд байшин дотроос юм алга болоогүй таампарын цонх хагалсан байсан. Харин хашаан дотор байх эд зүйл хадгалах амбаарын цоожийг цүүтэй нь сугалж амбаар дотроос үхрийн борцолсон гуяны мах болон 100 метр 2 паазын цахилгааны зэс утас байхгүй байсан. Хашаан дотор байсан 20 гаран кг хайлш төмөр байсан тэр бас байхгүй байсан ....” гэсэн мэдүүлэг. /ХХ-31-32 хуудас/
Гэрч Ж.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....би хашааны хаалгаа нээгээд ортол чингэлэг маань онгорхой дотор нь байсан эд зүйлийг газар аваад хаясан байдалтай манай байшингийн нэг цонх хагархай байшингийн гадаа гэрт байсан хар өнгийн dell маркийн компьютерийг гаргаад хаясан байдалтай байхаар нь нөхөр дүү хоёроо дуудаж харуулсан. Чингэлэг дотроос шуудайтай элдсэн хонины арьс /сэгсүүргэ/ 10 гаруй ширхэг, давуунд боосон байсан ишгэний арьс мөн 10 гаруй ширхэг, улаан өнгийн цахилгаантай давуун уутан дотор байсан хонь, хурганы арьс дотор нь яг хэдэн ширхэг байсныг санахгүй байна алга болсон байсан .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 хуудас/
Гэрч Э.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....“...Би 2018 оны 01 сарын 16-ны өдөр 3-р багт байрлах “Бөөний баазын хашааа” гэх газар байрладаг хоёрдогч түүхий эд авах цэгт үйл ажиллагаа эрхэлж байна. ...зэс нь 3 кг орчим, хайлш нь 25 кг орчим болж байсан .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41 хуудас/
Яллагдагч В.Йгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Бгийнд ороход эхнэр хүүхэдтэйгээ сууж байсан. Тэднийд сууж байгаад 10 цагийн үед Хийдийн 24-р эгнээгээр явж байгаад нэг алын хашааны завсраар харахад хашаан дотор цойжтой байшин байхаар нь бид хоёр хулгай хийхээр ярилцаад хүн харж байя чи ор гээд Б хашааныхан урд талаар авираад хашаан дотор явж орсон. Тэгээд хашаан дотор нь баруун талд нь цойжтой байсан амбаарыг Б цойжийг нь хөшиж онгойлгоод чадахгүй болохоор нь би араас нь хашааг нь давж ороод хашаан дотор нь зүүн талд нь байсан төмөрийн хогон дээрээс нарийн гол төмөр олж аваад амбаарынхан цойжийг хөшихөд цойжны цүү нь мултраад гараад ирсэн. Тэгээд онгойлгоод ороход хэцэн дээр өлгөөтэй байсан үхрийн хавирга нарийн жоохон борцнууд байхаар нь амбаарт байсан шуудайнд хийсэн. Тэгээд мөн амбаарт байсан хуулиастай байсан гэрлийн утсыг мөн шуудайнд хийсэн. Тэгээд мөн амбаарт байсан хуулиастай байсан гэрлийн утсыг мөн шуудайнд хийгээд амбаараас гарч яваад төмөрийн хогон дээр очоод харахад зургаа долоон ширхэг машины хайлшин наклад байхаар нь тэрийг нь аваад хойд хашааныхан нь жижиг хаалгыг онгойлгоод гарсан. Тэгээд тэндээсээ шууд Бгийнд очоод хулгайлсан зэс утасныхаа гадна талыг шатаагаад доторх зэс утсыг нь аваад түүхий эд авдаг газар ирж 18000 төгрөгөөр өгсөн. Мөн хайшан наклаадыг өгөхөд 430000 төгрөг болсон тэндээсээ яваад 99 дэлгүүр орж 0.75 граммын сүлд нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад орой 18 цагийн үед хоёулаа дахиж нөгөө айл руугаа оръё гээ манайхаас гарч хуучин орсон айлынхаа хойд талын хаалгаар явж ороод байшингийнхаа таампарын урд талын жижиг цонхыг Б хагалж ороод авсан юмгүй гарч ирсэн. Тэгээд бид хоёр баруун талын хашаагаар даваад баруун талын хашаанд явж орсон. Тэгээд би баруун талд байсан цойжтой чингэлэгнийхэн хаалгыг чингэлэгнийхэн хаалгыг хөшиж онгойлгож байх хооронд Б байшингийнхан урд талын цонхыг хагалж ороод байшин дотроос суурин компьютер гаргаад шидэж байсан. Тэгээд би чингэлэгнийхэн хаалгыг онгойлгоод харахад цагаан шуудайнд хийчихсэн хурганы арьснууд байхаар нь тэрийг аваад Б бид хоёр урд талынхан хашааг даваад бид хоёр шууд манайх руу явсан .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 73-74 хуудас/
Яллагдагч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Тэгээд Хийдийн 24-р эгнээгээр орсон чинь Й ах энд эзэнгүй айл байна гээд 24-р эгнээний урдуур орсон юм. Тэгсэн нөгөө айлын хашаан дотор төмөрийн хог байхаар нь Й ах төмөрийн хогон дээгүүр нь авчих юм байна уу? хараадах би хүн харж байя гээд намайг эхлээд хашаа давуулаад оруулсан юм. Тэгээд би төмрийн хогон дээгүүр нь авчих юм байхгүй байна гэсэн чинь Й ах чи зүүн талын амбаарын хаалганы цойжийг төмрөөр хөшөөд онгойлгоодох гэхээр нь би чадахгүй өдрийн цагаан гэгээнээр хүн харчивал яах юм гэсэн чинь Й ах хашаа давж орж ирсэнээ чи зүрх муутай юм гээд төмөрийн хогон дээр нь очоод амартизаторын гол төмөр олсоноо амбаарынхаа цойжны цүүг хөшиж онгойлгоод орсон. Тэгээд амбаар дотор ороход өлгөөтэй борцолсон үхрийн хавирга байхаар нь тэрийг нь шуудайнд хийсэн. Тэгээд хуйлаастай байсан цахилгааны утсыг мөн аваад шуудайнд хийсэн. Тэгээд хойд талын хаалгаар гарч яваад манайд очсон. Тэгээд авсан цахилгааны утсаа хайлуулаад зэсийг нь аваад өгөхөөр гарсан юм. Тэгсэн Й ах цасанд булагдсан байсан машины хайлшан наклаадууд байсан тэрийг авъя гээд зэс өгөхөөр явахдаа замаараа хашаа руу орж хайлшан накладуудыг аваад дунд захын хойно байдаг газар аваачиж өгсөн юм. Тэгээд хайлш зэсээ 43000 төгрөгөөр өгчихөөд замаараа 999 гэсэн хүнсний дэлгүүр орж нэг шил архи аваад манай орж уусан юм. Тэгээд архи уугаад дуусахад гадаа харуй бүрий болсон би нилээн согтсон байсан, Тэгсэн Й нөгөө айл руугаа дахиж явъя гэхээр нь одоо болъё манай эхнэр Халиунаа мэдвэл бөөн юм болно гэсэн чинь Й ах ямар зүрх муутай юм чи чадахгүй бол хүн хараад өгчих архи уухаараа зүрх чангардаг юм. Би чамд вакум цонх хаглахгүйгээр яаж онгойлогдогийг харуулъя гээд намайг дагуулаад нөгөө айл руу очсон юм. Тэгсэн нөгөө эхэлж ордог айлын хашаа руу орчихсон чинь намайг чингэлэгний цойжийг хөшүүлэхээр нь би баруун талын айлын хашаа руу орчихсон. Намайг чингэлэгний цойжийг хөшүүлэхээр нь би онгойлгож чадахгүй байсан. Тэгсэн алив би онгойлгоё гээд Й ах өөрөө чингэлэгний цойжийг хөшөөд онгойлгож байсан. Тэгсэнээ дараах нь чи байшин руу ороод цахилгаан бараануудыг нь бүгдийг нь аваад цонхоор гаргачих гээд намайг цонхоор оруулсан. Тэр үед цонх онгорхой байсан. Тэгээд би цонхоор ороод баруун талд нь байсан суурин компьютер байхаар нь тэрийг нь аваад цонхоор гаргасан юм. Тэгээд чингэлэгнээс нь Й ах шуудайтай хурганы арьс авчихсан наад компьютероо үлдээчих гээд авалгүй шууд манайх руу явсан байх. Й ах энд эзэнгүй айл байна эндээс хулгай хийе гээд намайг уруу татсан .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 78-79 хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-16 хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 18 хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 19 хуудас/ гэх зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б, В.Й нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-14 тоотод оршин суух иргэн Ц.Баянмөнхийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн борцолсон мах, цахилгааны утас, хайлш төмөр зэргийг хулгайлж 182.000 төгрөгийн хохирол, мөн өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-15 тоотод оршин суух иргэн А.Отгонбаатарын чингэлэгт хууль бусаар нэвтэрч хурганы арьс 13 ширхэг, сэгсүүргэ 13 ширхэгийг тус тус хулгайж 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Б, В.Й нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Отгонбаатар, Ц.Баянмөнх, гэрч Э.Ууганбаатар, Ж.Буянхишиг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэдний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Отгонбаатарт 182.000 төгрөгийн хохирол, Ц.Баянмөнх 780.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь алдсан эд зүйлүүдээ буцаан авсан ба шүүгдэгч нараас эвдэлсэн цонхны үнэ 28000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баянмөнхөд, олгож хохирогч А.Отгонбаатар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь давтан үйлдээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдлуудыг харгалзан ял оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Болоожийн Б, Боржигон овогт Волоожийн Й нарыг хамтран, давтан үйлдэлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бг 2 жил, В.Йг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил, В.Йд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 5 хонгийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгаас 14.000 төгрөг, В.Йгаас 14.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баянмөнхөд, олгож хохирогч А.Отгонбаатар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсаугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40 размерийн шар өнгийн богино түрийтэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч В.Й нь цагдан хоригдоогүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, В.Йд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ