| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2405004060067 |
| Дугаар | 2025/ДШМ/550 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/550
2025 05 13 2025/ДШМ/550
О.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Л-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405004060067 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
........ овгийн ....-ын Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, . настай, э..эгтэй, ........... боловсолтой, ...... мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл .., ... хамт ... тоотод оршин суух, /РД:..................../,
Цэргийн тусгай шүүхийн 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 92 дугаар
таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн
2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугээр зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4
сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар
сарын 01-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч О.Л нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 цаг 47
минутын орчимд ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г п хотхон”-ы.. дугаар байрны .. тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалгыг онгорхой байхад бусдын эд хөрөнгийг авахын тулд нэвтэрч хохирогч Д.Б-ийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Л-гийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: О.Л-г “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Л-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ялын нийт хугацааг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч О.Л-д оногдуулсан 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Л-д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-гээс 720.000 төгрөг гаргуулж хохирогч Д-ийн Б /РД:................../-т олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1959 онд Дархан хотод төрж, сургууль, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр ажиллаж байгаад 2004 онд хүн нөхцөлөөр тэтгэвэрт гарч, 2005 онд хоёр охин дээрээ шилжиж ирсэн. Одоо ганц бие 25 дугаар хороололд амьдардаг.
Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогч эмэгтэйг хохиролгүй болгож 720.000 төгрөгийг өгсөн. Миний эрүүл мэндийн байдал муу бөгөөд сүрьеэ өвчнөөр эмчийн хяналтанд тогтмол үзүүлж, эмчилгээ хийлгэдэг байсан. Хорих ангид ирээд биеийн байдал муудаж хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэж байхдаа цээжний зураг, рентгенд харуулж уушги цоорсон, сүртеэ өвчтэй элэг бага зэрэг томорсон байна гэсэн онош гарсан. Миний эрүүл мэндийн болон насныг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Л нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй байдлыг зөрчиж, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр ... дүүргийн .. дугаар хороо, “Г п” хотхоны .. дугаар байрны .. дугаар тоотод хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хохирогчийн цаа бугын арьсан гутлыг хууль бус аргаар авсан. Шүүгдэгч О.Л-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хамгийн багаар буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэл 3 сар 11 хоногийн нэмж нэгтгэн нийт хугацааг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч О.Л анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчид учруулсан 720.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, мөн өмнөх хулгайлах гэмт хэргийг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд урьд хийсэн үйлдэлдээ гэмшээгүй, засарч хүмүүжээгүй зэрэг байдлыг харгалзан үзсэн. Гэвч түүний биеийн эрүүл мэндийн байдал, насны байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Л нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 цаг 47
минутын орчимд ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г п хотхон”-ы.. дугаар байрны ..тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалгыг онгорхой байхад бусдын эд хөрөнгийг авахын тулд нэвтэрч хохирогч Д.Б-ийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Б-ийн “... 2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн орчимд Архангай аймаг руу явах гээд гэрээсээ эд зүйлээ гаргаж байсан. Манай хүү ... гэрийн хаалгаа онгорхой орхисон байсан. Гэрийн үүдэнд байсан цаа бугын гутал алга болсон байсан. ...” /хх 8-9/,
гэрч Д.Н-гийн “... хяналтын камерт бичигдсэн цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй хүнийг мэднэ. .. дугаар байрны .. давхрын .. тоотод охинтойгоо хамт амьдардаг хүн байна. Охин нь ажил хийдэг. Харин энэ хүн ажил хийдэггүй, архи уугаад орцоор яваад байдаг юм. Би .. дугаар байранд 2015 оноос жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байна. Байрны оршин суугчдаа ихэнхийг нь танина. ...” /хх 12-14/ гэсэн мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-20/,
Баянгол дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 55/,
Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Л-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч О.Л-г хохирогч Д.Б-ийн эзэмшлийн ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г п хотхон”-ы.. дугаар байрны ..тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 720.000 төгрөгийн үнэлгээ бүхий цаа бугын арьсан гутлыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...орон байранд нэвтэрч...” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Л “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн болон насныг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, цонх хагалж орох зэргээс гадна эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад бүх тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч О.Л-д хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч О.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж дурьдсан боловч хавтаст хэрэгт энэ талаар баримтгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Л-г 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-гийн цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР