2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/08301

 

2025              10             15                                                 192/ШШ2025/08301                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** байрлах, Х ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, М овогт Д.М /РД:**/,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, М овогт Ц.Д /РД:**/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 635 539 774 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, Х.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Д, Д.Мнар нь Х-ны Оргил тооцооны төвтэй 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ/13/76 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 380 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч эхэлсэн байна. Зээлийн барьцаанд Ц.Д, Д.М нарын өмчлөлийн ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаартай, 290 м.кв талбайтай, амины орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 136 955 776.32 төгрөг, зээлийн хүү 205 741 823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 032.03 нийт 342 730 632.03 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн байна. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/13/76 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөр 243 044 223.68 төгрөг, зээлийн хүү 358 981 073.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 514 477.23 төгрөг, нийт 635 539 774.52 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаартай, 290 м.кв талбайтай, амины орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Г би Х-ны нэхэмжлэлтэй Ц.Д, Д.М нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 635 539 774.52 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ удаа зөрчсөн тул гэж тодорхойлсон байна. Хариуцагч нар Х-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 136 955 776.32 төгрөг, хүүгийн төлбөрт 205 741 823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33 032.03 төгрөг, нийт 342 730 632.03 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Х 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 337 778 680 төгрөг гаргуулж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцална гэж заасан байх тул хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл төлөгдөөгүй тул нэхэмжлэгч талаас гэрээнээс хугацааны өмнө шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 183/ШШ2019/** дугаартай шийдвэр гаргасан. Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гааргаснаас хойш зээлийн хүү төлөх үүргийн харилцаа дуусгавар болж, банкнаас зээлийн хүү төлөхийг шаардахаа зогсоосон болно, нэхэмжлэгчээс зээлийн гэрээ цуцалснаас хойш зээлийг гэрээг үргэлжлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/13/76 дугаар орон сууцны зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн БГҮ/13/76 дугаар Барьцааны гэрээ, Х-ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/** дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/0** дугаар шийдвэр, Зээлийн бүртгэлийн карт, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаартай, 290 м.кв талбайтай, амины орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Х-ны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл, шуудангийн магадлагаа, Х-ны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийг төлөх тухай мэдэгдэл, Х-ны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээл төлөх мэдэгдэл, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2019/0** дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2019/0** дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/0** дугаар тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШТ2022/0** дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, итгэмжлэл, хариу тайлбар, зэргийг нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээч М.Э-ын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.М, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 635 539 774 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч нар 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 380 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. 2016 оны 09 дүгээр сараас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй тул 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 243 044 223.68 төгрөг, зээлийн хүүд 358 981 073.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33 514 477.23 төгрөг, нийт 635 539 774 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй...” гэж тодорхойлов.

 

4. Хариуцагч нар энэ удаад зээл болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/0** дугаартай шүүхийн шийдвэрээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй талаар дүгнэсэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

5. Талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ЗГ/13/76 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч Ц.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нарт 380 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаартай, ** тоот хаягт бүртгэлтэй, 290 м.кв амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.  

 

8. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ц.Д-ын дансанд шилжүүлсэн болох нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

10. Зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 136 955 776 төгрөг, зээлийн хүүд 205 741 823 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33 032 төгрөг, нийт 342 730 632 төгрөгийг төлсөн, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон зээлийн бүртгэлийн карт гэх баримтаар тогтоогдож байна.

 

11. Зохигчийн тайлбар хэргийн баримтаар зээлдэгч Ц.Д, Д.М нар зээл, хүүг буцаан төлөх хуваарь зөрчигдөн, гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр маргааны эрх зүйн баримт бичиг болох 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ЗГ/13/76 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг шаардаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/** дугаар шийдвэрээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 337 766 480 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

12. Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч Д.М давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/0** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

 

13. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/** дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч Д.М нь 2013.04.11-ний өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсний дараа зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

14. Хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ тохиолдолд маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа бөгөөд гэрээг цуцалсан талаар шүүхийн шийдвэртэй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

15. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ/2023/0** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.М-ий хариуцагч П.Ц-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.Д, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргээ шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ дахин хэрэгжүүлсэн байна.

 

16. Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 04 дүгээр сарын  11-ний өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй болно. 

 

17. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 8.2.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гаргасан зээл, хүүгийн тооцооллоор хариуцагч нараас үндсэн зээлд 243 044 223,68 төгрөг, зээлийн хүүд 358 981 073,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33 514 477,23 төгрөг, нийт 635 539 774 төгрөгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасанд нийцнэ. Зээлийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

18. Хариуцагч Ц.Д, Д.М нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээл болон барьцааны гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

19. Иймд хариуцагч Ц.Д, Д.М нараас 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ЗГ/13/76 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 635 539 774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь үндэслэлтэй байна.

 

20. Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаартай, ** тоот хаягт бүртгэлтэй, 290 м.кв амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

21. Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Д, Д.М нараас 635 539 774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Д, Д.М нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаартай, ** тоот хаягт бүртгэлтэй, 290 м.кв амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3 405 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д, Д.М нараас улсын тэмдгийн хураамжид 3 405 848 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ