| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2508000390052 |
| Дугаар | 2025/ДШМ/570 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/570
2025 05 14 2025/ДШМ/570
Н.З-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
шүүгдэгч Н.З,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2508000390052 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... овгийн ....-ийн З, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, /РД: .................../;
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Н.З нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн .. дүгээр хороо, .... дугаар гудамж, ... тоотод хохирогч О.П-ийг “пиво нуулаа” гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж, цээжний зүүн ар доод хэсгээс цээжний хөндийд нэвтэрч уушги, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З-аас 4.004.428 төгрөгийг гаргуулж хохирогч О.П-ид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.П нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах гомдлоо хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцүүлж өөрчилж байна. Би хэрэг гарсан орой О овогтой П-д гар хүрээгүй бөгөөд заналхийлээгүй болно. Хоорондоо муудалцаж байхад П гэнэт үсдэж дараад цээж рүү өшиглөөд байсан. Энэ нь 10-20 минут болсон, болиулах гэж зөндөө оролдсон боловч болихгүй болохоор нь аргаа бараад ширээн дээрээс юм аваад цохисон. Би хутга гэж бодоогүй, хутгалсан болохоо мэдээд шууд түргэн дуудсан. Алах санаа зорилго байгаагүй. П-ийг гомдол гаргахгүй гэдэгт итгээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би тэр үед П-д үсдүүлж даруулсан болохоо элчилнэ. Би хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед байцаагчийнхаа үгэнд орж бүх танилцуулга дээр гарын үсэг зурсан. ...” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч 2 дахь гомдолдоо гэмт хэргийг үйлдээгүй мэтээр гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчтой маргалдсан, зууралдсан талаараа мэдүүлсэн байдаг. Хохирогч үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд байгаа. Хохирогч П мэдүүлэхдээ “...гал тогооны өрөөнөөс том өрөөнд орж ирээд миний дал руу цохих шиг болсон. Нэг мэдэхэд цус гарч байсан” гэдэг. Хэрэг болох үед байсан шүүгдэгчийн хамтран амьдрагч мэдүүлэхдээ “Би П-ийг хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн байдаг. Тухайн үед шүүгдэгчийн хамтран амьдрагч, шүүгдэгч өөрөө, хохирогч энэ гурав л байсан. Гурвуулаа нийлж согтууруулах ундааны зүйл буюу пиво хэрэглэсэн. Пиво нуулаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан. Хохирогч орон дээрээ хэвтэж байхад нь араас нь хутга барьж хохирогчийн дал руу нь хутгалсан байдаг. Хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцсон. Мөрдөгч гарын үсэг зур гэхээр зурсан гэх асуудлыг ярьж байна, тийм асуудал байхгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Шүүгдэгч Н.З нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн .. дүгээр хороо, .... дугаар гудамж, ... тоотод хохирогч О.П-ийг “пиво нуулаа” гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж “цээжний зүүн ар доод хэсгээс цээжний хөндийд нэвтэрч уушги, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Цуг архи ууж байсан найз О.П нуруундаа хутгалуулсан” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-13/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20/,
хохирогч О.П-ийн “...Би Зтай найзлаад 2, 3 жил болж байна. 2024 оны хавраас хойш би Зын гэрт амьдарч байсан. Бид хоёр хувиараа барилгын карказ угсралтын ажил хийдэг байсан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмнө нь ууж байгаад үлдсэн нэг савтай пивыг З, түүний эхнэр О бид гурав хувааж уусан. Дахиад нэмж пиво авч уугаад эхнэр нь том өрөөний орон дээр унтаад өгсөн. З бид хоёр уугаад сууж байгаад шөнийн 01 цагийн үед би өрөө рүүгээ ороод унтах гээд хүнтэй утсаар яриад хэвтэж байсан чинь З орж ирээд нэг пиво байх ёстой хаана байна, чи аваад нуучихсан юм уу гэж асуухаар нь үгүй гэсэн чинь З хөргөгчийн араас нэг пивоо олж аваад намайг нуулаа гэж уурласан. Би пивыг нь нуугаагүй бөгөөд эхнэр нь унтахаасаа өмнө нуусан байх. Үлдсэн нэг пивыг нь Зтай хувааж уугаад сууж байсан чинь З эхнэртээ болон надад агсам тавиад пиво нуулаа гэж уурласан. Ер нь З согтохоороо агсан зантай. Эхнэртээ уурлаад байхаар нь болиулах гэсэн чинь надад уурлаад бид хоёр хоорондоо нэг барьцалдаж аваад З намайг ална гээд байсан. Тэгээд З том өрөөнөөс гал тогооны өрөө рүү ороод буцаж том өрөөнд орж ирээд миний нуруу руу цохих шиг болсон чинь амьсгаа авахад сонин болоод нуруугаа үзсэн чинь цус болсон байсан. Заа чи намайг шаачихсан байна, чи дуудлага дуудаад өгөөч, би одоо ингээд үхэх юм уу гэсэн чинь З утсаараа дуудлага өгсөн. З нь намайг хутгалсан гэж битгий хэлээрэй, гаднаас өөр хүн орж ирээд хутгалчхаад гараад явчихсан гэж хэлээрэй гээд байсан. Миний бие өвдөөд жижиг өрөөний орон дээр гарч хэвтсэн бөгөөд үүнээс хойш ухаан санаа орж гараад юу ч санахгүй нэг мэдсэн эмнэлэгт байсан. Хэрэг болох үед би саарал өнгийн фудволктой, дотуур өмсдөг ноосон өмдтэй байсан. Миний биеийн нуруу орчим газарт нэг удаа саарал өнгөтэй урт хутгаар хутгалсан. З бид хоёрын хооронд өс хонзонгийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй. З согтохоороо агсам зантай бөгөөд өмнө нь бид хоёр 2, 3 удаа зодолдож байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтыг хэрэгт тусгуулахаар гаргаж өгнө. 2024 оны 04 дүгээр сараас хойш Яармаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Эрдэнэт хотуудад Зтай хамт барилга угсралтын ажил хийсэн боловч миний авах ёстой цалинг З надад өгөөгүй. З нь бригадын дарга гэдэг утгаараа өөрийнхөө дансанд цалингаа авчихдаг байсан. Тэгээд надад өгөх ёстой цалинг маань өгдөггүй байсан. Дараагийн цалин орохоор өгье, машин лизингээр авч өгье гэх зэргээр худлаа ярьдаг байсан. Ойролцоогоор 30.000.000 орчим төгрөгийн цалин би Заас авах ёстой байгаа болохоор нэхэмжилж авах хүсэлтэй байна. ...” /хх 26/,
гэрч Н.О-ы “...Би З гэх залуутай хамтран амьдраад 6 жил болж байна. З бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Би 7 настай охинтой, охин маань манай ээж дээр байдаг. 2024 оны 03 дугаар сараас хойш Зтай нэг газар ажилладаг Пүүжээ буюу П манай жижиг өрөөнд амьдарч байгаа. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой П өрөөнөөсөө 1 том савтай пиво гаргаж өгөөд нөхөр бид гурав хувааж уусан. Нэг пиво ууж дууссаны дараа П дэлгүүр явж дахиад 1 том савтай пиво авч ирсэн. 22 цаг өнгөрч П бид хоёр хамт гэрийн хойно байрлах “Тасаг” нэрт хүнсний дэлгүүр орж 2л савлагаатай пивоноос 4 савыг авч бид гурав хувааж уусан. З болон П хоёр пиво уух зуураа гар утасны Mobile legends тоглоом тоглож, би зурагтаар дуу сонсож байсан. Би 2 сартай жирэмсэн бөгөөд 3 дахь пиво задлахад огиж бөөлжих гээд ууж чадахгүй байсан болохоор том өрөөний орон дээр хэвтэж байгаад унтсан. Тэгсэн З намайг сэрээгээд би П-ийг хутгалчихлаа гэж хэлсэн. Би хэсэг зуур нойрмоглоод юу яриад байгаа юм бэ гээд хэвтэж байгаад боссон чинь том өрөөний хана цус болсон байхаар нь гайхаад жижиг өрөө рүү яваад орсон чинь П хөнжил дотор хэвтсэн байдалтай царай нь цус болчихсон хөнжлийг нь сөхөх гэхээр уурлаад унтмаар байна цаашаа гар гэж намайг хэлсэн. Ингээд З том өрөөнд түргэн тусламж руу залгаад түргэн шуурхай ирэх хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар манай гэрт ороод ирсэн. З бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэс Зыг авч үлдээд намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд П--ийг эмнэлэг аваад явчихсан. Цагдаа нар манай гэрт үзлэг хийж байсан бөгөөд П-ийг нуруундаа хутганы шархтай 103-аар явсан талаар хэлсэн. З, П нар хоорондоо гар нийлж ажилладаг хүмүүс байгаа юм. П нь барилгын мужаан, З нь инженер хийдэг. Заримдаа согтуу үедээ З, П нар хэрэлдэж байгаа харагддаг. Тэрнээс биш хоорондоо зодоон хийж байгаагүй. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар “...О.Пийн биед цээжний зүүн ар доод хэсгээс цээжний хөндийд нэвтэрч уушги, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой . ...” /хх 33-35/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний
шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2025 оны 01 дүгээр
сарын 21-ний өдрийн №184 дүгээр “...Хохирогч О.П-ид сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогч О.П-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын эсэх нь гэр бүлийн дэмжлэгт орчин хувь хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаална. ...” /хх 49-51/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №365 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон гэх хутга, цагаан өнгийн футболк, саарал өнгийн футболк, мааралд шингээж авсан гэх дээжнээс цус илэрсэн. Илэрсэн цусны дээжнүүд нь хүний цус мөн. Мааралд шингээсэн гэх дээж нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Хөх өнгийн өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон гэх хутга, цагаан болон саарал өнгийн футболкнаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. ...”/хх 52-53/ гэсэн дүгнэлтүүд,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 166-167/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.З-ын хохирогч О.П-ийн эрүүл мэндэд “...цээжний зүүн ар доод хэсгээс цээжний хөндийд нэвтэрч уушги, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.З-т 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Н.З-аас “...Би хэрэг гарсан орой О.П-ид гар хүрээгүй бөгөөд заналхийлээгүй, хоорондоо муудаж байхад О.П гэнэт үсдэж дараад цээж рүү өшиглөсөн. ... Би хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед байцаагчийнхаа үгэнд орж бүх танилцуулга дээр гарын үсэг зурсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч О.П-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шүүгдэгч Н.З-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Н.З-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учир Н.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч, гэрч нарт эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэг авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэрч Н.О-ы мэдүүлэг, мөн хохирогч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин анхан шатны шүүх Н.З-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний урьд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, уг ял нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20/103 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон гэж дүгнэлт хэсэгтээ бичсэн атлаа дуусгавар болсон ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодлоо гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Хууль тогтоогч ял хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан хуульчилахдаа ялын бодлогыг хуульд заасан тодорхой нөхцөл байдлууд бүрдсэн тохиолдолд чангатгах зорилгыг агуулсан байдаг. Ял хүндрүүлэх нөхцөл байдал гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль хүндийг сонгон авч хэрэглэхэд удирдлага болгодог тайлбарлаж буй зүйлийн 1 дэх хэсгийн 1-12 дугаарт нэрлэж заасан тохиолдлуудын цогц бүрдэл юм.
“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан 2 гэмт хэрэг үйлдсэн байх боловч тухайн гэмт хэргүүд нь өөр, өөр цаг хугацаанд үйлдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 онд үйлдсэн ба уг үйлдэлд нь гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж ял нь дуусгавар болсон байна.
Харин сүүлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2024 онд үйлдсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Хэдийгээр анхан шатны шүүх Н.З-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх хэдий ч шүүгдэгчид урьд оногдуулсан ял шийтгэл дуусгавар болсон байхад сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь хамаатуулан ялыг хүндрүүлж байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэдий ч энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.З-ын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР