Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч О.Багшбаяр,

өсвөр насны шүүгдэгч А.Д , түүний хууль ёсны төлөөлөгч А.Оксана, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д холбогдох эрүүгийн 1806 0298 41199 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, А.Д /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч А.Д нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг 31 байрны ойролцоо насанд хүрээгүй иргэн А.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч А.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүдрээ Батболд нар хоорондоо зодолдоно гэж бараг ноцолдож, барилдаад нэг нэгнийгээ унагааж байгаад больсон. Дахин ноцолдож байгаад болиод тараад явах гэж байсан чинь Амараа гэх хүүхэд чамайг Б дуудаж байна очоод уулз даа гэсэн. Очиход Б шууд нүүр үү хоёр удаа цохиж, хүзүү рүү мөн хоёр удаа гараараа цохисон. Би тухайн үед Б зодолдмооргүй байсан ба түүнээс салаад холдоё гэхэд тэр намайг зуураад тавихгүй байсан болохоор халааснаасаа цахилгаан бороохойгоо гаргаж ирээд түүний нүүр рүү нэг удаа цохиод би холдоод явсан. Б зүүн хацарт няцарсан шарх, зулгаралт гэсэн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг мэдэхгүй байна. Б намайг цохиж байгаад өөрөө гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-42 дугаар хуудас/,

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Батболд, Хүдэрээ гэх хүүхэдтэй зодолдож байсан. Хүдэрээ нь Батболдыг хоолойноос нь боосон байдалтай байсан ба түнхийг нь чихэх гээд байгаа юм шиг болохоор нь би тэр хоёрыг салгах гэж оролдсон. Гэтэл тухайн үед хараад зогсож байсан зүс таних Данила гэх хүүхэд надад хандаж зодоон болж байхад чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, хүүхэд үхэх гэж байна гэж хэлсэн чинь Данила намайг нүүр рүү гараараа нэг удаа цохисон,тэгэхээр нь би зөрүүлээд түүнийг нэг удаа цохиод бид хоёр ноцолдсон. Тэтэл Данила куртикнийхээ халааснаас цахилгаан бороохой гаргаж ирээд дуугаргаж байгаад миний зүүн талын хацар рүү цохисон. Хацарнаас цус гарч шалбарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹4361 дүгнэлтэд “А.Б биед зүүн хацарт няцарсан шарх, зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг 31 байрны ойролцоо насанд хүрээгүй иргэн А.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч А.Бат-оргил нь хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр үгүй гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.